Ж.ЦОГЗОЛМАА

Швейцарийн Давос хотноо болдог Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт энэ онд анх удаа Монгол Улсад зохион байгуулагдлаа. Уулзалтын хүрээнд зарим асуудлаар Уул уурхайн яамны Стратеги, төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуутай ярилцлаа.

 

-Дэлхийн эдийн засгийн форумд оролцогчид энэ удаагийн уулзалтыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Уул уурхайн яам болон Дэлхийн эдийн засгийн форум хамтраад Хариуцлагатай уул уурхай сэдэвт уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Гадаад дотоодын хөрөнгө оруулагч, судлаачид, Монголын төр, засгийн нэлээд өндөр хэмжээний төлөөллүүд оролцлоо. Монголын уул уурхай ирээдүйд чухам ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг ярилцлаа. Тэрхүү нөлөөг эерэг байлгахын тулд Монгол Улсын хөгжлийг хурдтай байлгахын тулд монголчууд юу хийх вэ гэдгийг бас ярилцлаа. Монгол Улс өөрсдийгөө дэлхийд сайн таниулж, сурталчилж чадахгүй байна, хууль эрх зүйн орчноо зөв тайлбарлаж чадахгүй байгаагаас хөрөнгө оруулалтын орчин тогтворгүй юм шиг ойлгогдож байна гэж оролцогчид хэлж байна. Хоёрдугаарт, дэд бүтцээ яаралтай арга хэмжээ авч, зардлаа бууруулахгүй бол Монгол Улсын өрсөлдөх чадварт муугаар нөлөөлж байна гэдгийг хэллээ. Цаашид хариуцлагатай уул уурхайн зарчмыг төрийн бодлогод оруулах, хэрэгжүүлэхэд анхаарна. Ирэх нэгдүгээр сард энэ уулзалт Швейцарийн Давос хотноо болно. Тэр үед онцлох улс нь Монгол байх юм. Ялангуяа, өмнө тулгарч байгаа бэрхшээл, Монгол Улсын уул уурхайн салбар ямар замаар хэрхэн хөгжих гэж буйг таниулсан арга хэмжээ болно. Энэ уулзалт Монголыг дэлхийд сурталчилж, хөрөнгө оруулагчдад боломж олгох юм. Бэлтгэл нь өнөөдрийн чуулга уулзалт боллоо. Цаашдаа энэ мэт уулзалтыг байнга хийе гэж байгаа.

-Парламент ээлжит бусаар хуралдан Хөрөнгө оруулалтын хуулийг хэлэлцэж байна. Үүнд хөрөнгө оруулагчид хэрхэн хандаж байна вэ. Цаашдаа эрх зүйн хүрээнд өөрчлөлт хийх ёстой гэж үзэж байна уу?

-Хөрөнгө оруулагчид УИХ-ын ээлжит бус чуулганыг талархан хүлээн авч байна. Ялангуяа, хөрөнгө оруулалтын орчныг тодорхойгүй байдалд хүргэж байгаа хуулиудад өөрчлөлт оруулж байгаад баяртай байгаагаа илэрхийлж байсан. Гэхдээ хууль сайн эсвэл муугаасаа үл хамаараад гол нь тогтвортой байгаасай, сонгууль бүрээр өөрчлөгддөг чиг хандлагыг өөрчлөхийг тэд хүсч байна. Хууль төгс төгөлдөр байх албагүй. Гэхдээ тогтвортой, 10-20 жил ажлаа төлөвлөхөд өөрчлөгдөхгүй байгаасай гэсэн санал, дүгнэлт гарч байна.

-Дэд бүтцээ яаралтай шийдэхийг эдийн засагчид сануулсан байна. Гэвч үүнийг шийдэхийн тулд юу хийх ёстой юм бэ. Бид олон жил энэ талаар яриад шийдэж чадахгүй байна шүү дээ?

-Дэд бүтэцдээ монголчууд цаг их алдлаа гэж дэлхийн эдийн засагчид үзэж байна. Нүүрсний үнэ өндөр байсан алтан үеийг монголчууд алдчихсан шүү дээ. Алдаагаа цаашид битгий давтаасай гэж тэд зөвлөж байна. Зөвхөн нүүрсээр жишээ авахад, борлуулалтын орлогын 50-70 хувь нь үнээсээ хамаараад тээврийн зардалд явчихаад байна, автомашинаар зөөдөг учраас. Илүү хямд үнээр тээвэрлээд, хэмнэсэн мөнгөө эрүүл мэндийн эсвэл боловсролын салбартаа шингээх боломжтой. Байгаль орчинд хамгийн их хор хохиролтой зүйл нь авто замын тээвэр.

-Тэгвэл энэ бүхнийг хэзээ шийдэж, бид үр дүнг нь үзэх бол?

-2040 онд Монгол Улс ямар байх вэ гэсэн алсыг харсан зүйлийг бид ярилаа. Үр дүн өнөө маргаашгүй гарна гэж байхгүй. Монголчууд ирээдүйгээ сайн харж, эрсдэлээс хэр сайн сэргийлж чадаж байна гэдгийн үр дүн урт хугацаандаа гарна.

-Хөрөнгө оруулалтын орчинд хоёр тусдаа эрх зүйн орчин үүсчихээд байна гэж хүмүүс яриад байна. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?

-Хөрөнгө оруулалтын орчинд хоёр тусдаа хууль эрх зүйн орчин үүсчихээд байгаа нь үнэн. Нэгдүгээрт, ерөнхий хөрөнгө оруулалтын орчин байна. Хоёрдугаарт, стратегийн гэдэг утгаараа манай эрдэс баялгийн салбар орчихсон байгаа. Гадаадын хөрөнгө оруулагчид 100-гаад сая ам.доллараас дээш хөрөнгө оруулалт хийхээр заавал Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлэх ёстой юм уу гэж их шүүмжилдэг байсан. Үүнийг өөрчилсөн. Гэхдээ л ойлголт нь сул байгаад байна. Үүнийг нэг хэвийн болгохын тулд, гадаад дотоод гэж ангилахгүйгээр жигд боломж өгнө. Гэхдээ оруулсан хөрөнгийнх нь хэмжээнээс шалтгаалан их хэмжээний хөрөнгө оруулвал тогтвортой байдал өгч байна. Хуулийнхаа хүрээнд бүгд тэгш эрхтэй байхаар тогтвортой орчин бий болгож байгаа юм.

-Тэгвэл энэ удаагийн чуулганаар хөрөнгө оруулагчдад манай хууль эх зүйн орчин илүү тодорхой болж байна гэж ойлгож болох уу?

-Хөрөнгө оруулагчдын зүгээс бодлогын орчноо тодорхой болгож, тогтвортой байлгахыг хүсч байна. Монголын хувьд нээлттэй, ардчилсан орон. Иймээс уул уурхайн баялгаа ашиглаад аль болохоор хурдан хугацаанд хөгжилд хүрэх эрмэлзэлтэй байгаа. Хоёрдугаарт, Монгол Улсыг дэлхийн төвшинд зөвөөр таниулж өгөөч гэсэн хүсэлттэй байгаа.

-Дэд бүтцийн тухайд төмөр зам баривал Оюутолгой, Тавантолгойд ямар ашигтай вэ. Тоон дүнгээр нь гаргасан судалгаа байна уу?

-Төмөр зам барьвал 10 сая тонн тутамд 100 сая ам.долларын хэмнэлт гарахаар байгаа юм. Энэ бол Монголын иргэдэд баялгаа зөв ашиглахад ихээхэн дэмтэй. Дээр нь төмөр зам барьчихвал нүүрсээ зарсны дараах зардлаа бууруулахад чухал ач холбогдолтой.

-Түгээмэл тархацтай ашигт малтмалын хуулийн төсөлд зөвшөөрөл авахын тулд компаниуд хүнд суртал нэмэгдүүлээд байна гэх юм. Хөрөнгө оруулалтын хуулийн төсөлд ч ийм асуудал яригдаад байна?

-Бидний өргөн барьсан хуулиудад зарчмын маш том өөрчлөлт байгаа нь өмнө нь зөвшөөрлийн тогтолцоог бүртгэлийн тогтолцоо болгосон. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд жишээ аваад ярья гэвэл, Орон нутагт эрх мэдлийг нь өгчихвөл өөрөө хаанаас элс хайрга олборлолтоо өгөхөө орон нутаг нь өөрөө шийдэх юм. Мөн орон нутаг нь зөвшөөрөл өгөхөөсөө өмнө лавладаг тогтолцоотой болно. Ингэхдээ иргэдэд аль болохоор хялбар байлгахын тулд цахим шуудангаар хүсэлт хүлээж авдаг тогтолцоотой болох гэж байгаа.

-Урт нэртэй хуулийг хүчингүй болгох гэж байгаа гэж зарим хүн яриад байна. Энэ үнэн үү?

-Урт нэртэй хууль өөрчлөгдөхгүй, бас хүчингүй болохгүй. Хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь л өөрчлөгдөж байгаа. Товч тайлбарлавал, олон сая ам.долларын хөрөнгө оруулалт хийчихсэн компаниуд бий. Гэтэл үнэхээр орон нутагт ч, яаманд ч тэр тухайн үед онцын шаардлагагүй газрыг гол мөрөн, ой гэж оруулчихсан байгаа. 1900 орчим лиценз бий. Мэргэжлийн бус хүмүүс энэ ажлыг хийсэн учраас зарим нь хилийн гадна байгаа. Тиймээс үнэхээр хөрөнгө оруулалт хийчихээд гацчихсан байгаа зарим компанид байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр олборлолтыг нь бага хэмжээнд явуулъя гэсэн санаа байгаа юм. Компаниудын нэхэж буй нөхөн төлбөрийн хэмжээ манай улсын төсвөөс даваад гарчихсан байгаа шүү дээ. Гэхдээ мэдээж, эцсийн шийдвэрийг УИХ гаргана.

-Энэ хууль батлагдсанаар Засгийн газар хэчнээн хэмжээний нөхөн төлбөрөөс чөлөөлөгдөх бол?

-Бидний тооцоогоор 300 саяас нэг тэрбум ам.доллар хүртэлх хэмжээний тоо яригдаж байна. Жишээлбэл, 70 сая ам.долларын нэхэмжлэх бариад явж байгаа компани ч байна. Үүний цаана олон зуун компанийн асуудал яригдаж байна.