Б.ЗАЯА

Эдийн засаг Х.Батсуурьтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд та ямар байр суурь илэрхийлмээр байна?

-Одоогийн байдлаар аль, аль талынх нь хувьд хүндрэлтэй байгааг хүн бүхэн мэдэж байгаа. Хүндрэлүүдийн талаар чухам “Яагаад” гэсэн асуулт гарч ирнэ. Үүн дээр хүмүүс янз бүрээр тайлбарлаж байгаа. Шийдлийг ч ярьж байна. Миний хувьд ямар ч шийдэл өнөөдөр түр зуурынх. Магадгүй хагас жилдээ гал унтраах маягаар явах болов уу. Энэ нь угжирсан асуудал. Үндсэн суурь тогтолцоонд асуудал байгаа. Суурь тогтолцооны гажгийг засах үйл ажиллагаа явуулахгүй бол цаашид байсаар байна. Энэ хамгийн анхаарууштай асуудал болоод байна.

-Төр засгаас таны хэлснээр гал унтраах аргууд хэрэглэсээр байгаа. Эдийн засгийг тогтворжуулах аргыг та юу гэж харж байна вэ?

-Үнэхээр тийм. Жишээ нь, одоогийн Засгийн газар, сүүлийн гурван жилийн засаг барьсан хүмүүсийн хийж, хэлдэг зүйл нь зээл авагч байгууллага боллоо. Бүх зүйл нь зээлтэй холбоотой. Парламентын сүүлчийн чуулган дээр тодорхой хэлсэн. 800 сая ам.долларын зээл авахаар хөөцөлдөж байна тухай. Энэ нь мэдээж маш ноцтой асуудал. Манай улсад ийм хэмжээний зээл авах боломж байхгүй. Олон улсын зах зээл дээрээс босгоно гэж ярьж байгаа. Манай зээлжих зэрэглэл аль хэдийнэ –В руу орчихсон байгаа. Хэрэв зээл авъя гэж үзэхэд арилжааны нөхцөл дотроо хамгийн өндөр хүүтэй зээл байх болно. 10-аас дээш хувийн хүүтэй байх нөхцөл харагдаж байна. Бусад улс орнуудтай харьцуулбал 10-аас дээш хувийн хүүтэй зээл аваад ашиг гаргаад эдийн засгаа тохинуулахад хэрэглээд амжилт олсон түүх байдаггүй. Тэр байтугай Чингис бондыг бид 4.7-5.1 хувийн хүүтэй авсан. Үүнийгээ төлөхөд хэцүү байгаа. Ийм үед тэр хүүг 2-3 дахин нугалсан өндөр хүүтэй зээл авна гэдэг эдийн засгийг мөлхүүлнэ гэсэн үг.

Ер нь сүүлийн үед төр барьж байгаа нөхөд хоноцын сэтгэлээр хандах болсон. “Бид байгаа хугацаандаа аргалаад өнгөрч байна. Сонгууль өнгөрчихвөл бусад нь хамаагүй” гэсэн байдлаар хандаж байна. Энэ арга хэмжээний хор уршиг нь нэг, хоёр, гурван жилийн дараа гарна.

-Өмнөх Засгийн газрын үеийн зээлийг одоогийн Засгийн газар төлөөд эдийн засаг мөлхөөд байна гэж гишүүд ярьж байгаа. Бид дотооддоо баялаг бүтээж эдийн засгаа аврах боломжтой гэж удаан ярьж ирлээ?

-Мэдээж боломжтой. Гэхдээ анхнаасаа тогтолцоо, бүтцээ зөв байгуулаад явсан бол хамгийн амар бүтэх байсан. Хэдийгээр тогтолцоо нь гажуудалтай ч арга хэмжээ авах оролдлогууд гарч байна гэдгийг хэлэх хэрэгтэй. Тухайлбал, дотоодын үйлдвэрлэлийг бодлогоор төрөөс дэмжих тухай би ярьж байсан. Ялангуяа, гадаад худалдаан дээр татвар, тарифаа зохицуулах ёстой. Энэ ажил 25 жилийн турш огт хэрэгжээгүй. Харин өнгөрсөн долдугаар сард Үйлдвэрлэлийг дэмжих хууль батлагдсан. Үүн дээр дотоодод үйлдвэрлэж байгаа цөөн нэр төрлийн цемент, мөхөөлдөс, өндөг гэх мэт гурав, дөрвөн нэр төрлийн барааны татварыг өндөр тавьсан. Манайх дэлхийн хулдалдааны байгууллагын гишүүн шүү дээ. Тэр хүрээнд бид бараааны татварыг 20 хүртэл хувиар өсгөж болох боломж байгаа. Гэвч тэр орон зайг ерөөс ашиглаж байгаагүй. Харин энэ жилээс эхлэн дээрх нэр төрлийн бараан дээр татвар тавьсан.

-Монгол Улсын гадаад өрийн асуудлаар та ямар байр суурьтай байна вэ?

-Сүүлийн таван жилийн дотор эдийн засаг маш хурдтайгаар өссөн гэж ярьж байгаа. 2011 онд гэхэд дэлхийд байхгүй хурдаар 17.5 хувиар эдийн засгийн өсөлттэй байсан гэж ярьдаг. Эдийн засагчийн үүднээс харахад бодит байдал дээр энэ нь бодит өсөлт байгаагүй. Гадаад өр дээр тулгуурласан өсөлт байсан.

2010-2015 оны хооронд Монгол Улсын нийт гадаад өр долоо дахин өссөн. 2.9 тэрбум ам.доллароос 22 тэрбум ам.доллар болж долоо дахин өссөн. 19 тэрбумаар нэмэгдсэн гэсэн үг. Гэтэл сүүлийн таван жилийн дунджаар харахад эдийн засгийн өсөлт 11 хувь байсан. Үүнээс үзэхэд эдийн засгийн нэг хувийн өсөлт тутам гадаад өр 1.7 тэрбум ам.доллароор нэмэгдсэн байгаа юм.

Эх сурвалж: www.polit.mn