Ч.ГАНТУЛГА

“Утасны анд” энэ удаад гавьяат жүжигчин, балетчин Д.Алтанхуягтай холбогдлоо. Тэрээр “Цөмөөхэй” балетыг тавихаар эх орондоо ирээд байна.

12-2-6-Сайн байна уу. Сайн явж ирэв үү?

-Сайн явж ирлээ. Шинэ жилийн өмнө эх орондоо ирсэндээ баяртай байна.

-Таныг уран бүтээлийн олз омог дүүрэн ирсэн гэж сонссон?

-Хүүхэд бүхэн шинэ жилийн баярт дуртай. Харин гадаадын оронд энэ баярыг “Цөмөөхэй” балетгүйгээр төсөөлдөггүй. Арванхоёрдугаар сар гараагүй байхад бүх билет зарагдчихдаг юм. Тиймээс дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн энэ бүтээлийг хоёр дахь жилдээ эх орныхоо багачуудад үзүүлэхээр яарч ирлээ.

-Хүүхдүүд шуугилдах чимээ сонсогдож байна. Бэлтгэлтэй байгаа юм уу?

-Бид өдөр бүр бэлтгэлтэй байна.

-Өнгөрсөн жил гадаадын уран бүтээлчидтэй хамтарч тоглосон. Харин энэ удаад...?

-Манай уран бүтээлчид өөрсдөө тоглох болно. Энэ бүтээлийг тавихын төлөө 500 гаруй хүн хөдөлмөрлөж байна. Тиймээс илүү шинэлэг, содон болно.

-Эх орон руугаа яарсан сэтгэлээ яаж тайтгаруулдаг вэ?

-Онгоцноос буугаад сэтгэл тэнэгэр амьсгалах сайхан шүү. Хүнд эх орноос илүү эрхэм зүйл байхгүй. Үүнийг алс хол ажиллаж, амьдарч байгаа хүн илүү их ойлгодог юм байна.

-Гэхдээ та үргэлж эх орондоо ирдэг шүү дээ?

-Боломж олдвол үргэлж эх орондоо ирэхийг хүсдэг. Ирэхдээ уран бүтээлийн олз омог дүүрэн ирэхсэн гэж их хичээдэг шүү. Ялангуяа дэлхийн алдартай уран бүтээлчдийг урьж, туршлага солилцох, хамтарч ажиллах боломж бүрдүүлэхийг хүсдэг.

-Хамгийн эхэнд мэдээж театраараа ордог байх даа?

-Монголынхоо театрт үзвэр үзэх дуртай. Манайхан дэлхийн уран бүтээлчидтэй тэнцэхүйц ур чадвартай. Тиймээс ч дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж, гадаадын алдартай театр, компаниудад гэрээгээр ажиллаж байна. Бидний тавьж буй “Цөмөөхэй” балетад ч манай театрын залуу уран бүтээлчид оролцон тоглож байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин