Украйны Алушта хотноо энэ сарын 13-22-ны өдрүүдэд шатрын Өсвөрийн олон улсын нээлттэй тэмцээн болж өндөрлөсөн билээ. Есөн өдөр үргэлжилсэн тэмцээнд шатрын спорт өндөр хөгжсөн зургаан орноос шигшигдсэн 30 орчим өсвөрийн шатарчин гурван төрөлд өрсөлдөж аваргуудаа тодруулсан байна. Гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэнгээр ахлуулсан Монголын өсвөрийн шигшээ баг энэ удаагийн тэмцээнд хоёр төлөөлөлтэй оролцсон билээ. Тэд гурван төрлийн нийлбэр дүнгээр үнэмлэхүй амжилттайгаар эх орондоо ирээд байна. Тухайлбал, тэмцээний Блиц төрлийн 16 хүртлэх насны ангилалд Г.В.Плехановын нэрэмжит Эдийн засгийн их сургуулийн дэргэдэх лицей сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч “Зууны шатар” клубын тамирчин Ц.Ашид багийн хамтран тоглогч Э.Энхнарны хамт энэ төрөлд өрсөлдөж авах ёстой долоо онооноос 6.5 баллын үнэлгээгээр тэргүүн байрт шалгарчээ. Нээлттэй тэмцээний салхийг хагалсан энэ төрөлд 14 багийн 20 гаруй шатарчин оюун ухаанаа уралдуулсан аж. Харин удаах тоглолт буюу рапидын төрөлд Ц.Ашид тэргүүн байрт мөн л шалгарч үлджээ. Тэрээр нийт долоон өрөг тоглохоос 6.5 оноо буюу нэг ч хожигдолгүйгээр өмнөх блицын амжилтаа батлав. Энэ тоглолтонд түүний хамгийн хүчтэй өрсөлдөгч нь Эстоны шатарчин Дэвид байжээ. Манай тамирчин тэргүүн байранд шалгарахад нэг бүхэл оноо дутсан байна. Есөн өдөр үргэлжилсэн тус тэмцээнийг отголох стандарт тоглолтод манай шатарчин Ц.Ашид дэд байраар шалгарчээ. Харин энэ төрлийн аваргын алтан цомыг Украйны өсвөрийн шатарчин В.Александр 7.5 оноогоор авчээ. Ийнхүү Монголын шатарчдын залуу халааг бэлтгэн гаргаж буй “Зууны шатар” клубын тамирчин Ц.Ашид олон улсын нээлттэй тэмцээнээс медалийн арвин ургацтай ирсэн нь энэ байв. Түүний хувьд шатрын спортоор хичээллээд таван жил болж байгаа хэдий ч дотоодын сорил тэмцээнүүдэд өндөр амжилт гаргасаар байгаа юм. Тэрээр мөн өөрийн багш П.Жигжидсүрэнгийн нэрэмжит тэмцээнээс анхны гараагаа эхлүүлж байсан бөгөөд тус тэмцээний мөнгөн медалийг 2011 онд авч байсан билээ.