Лхагва гариг бүр болдог “Шийдлийн цаг” уулзалт өчигдөр Засгийн газрын иргэдийн санал хүсэлтийг хүлээж авдаг “11-11” төвд боллоо. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шийдлийн цаг” ээлжит уулзалтдаа Уул уурхайн сайд Р.Жигжид, Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Г.Өлзийбүрэн нарыг урьжээ.
Засгийн газар байгуулагдсан өнгөрсөн нэг жилийн хугацаанд “11-11” төвд 25 мянган иргэн санал хүсэлт ирүүлсний 500 орчмыг нь Ерөнхий сайдад хаягласан байгаа юм. Өдөрт дунджаар 230-250 иргэн ханддаг бөгөөд тэдний саналын нэлээд хувь нь үнийн өсөлт, шатахууны үнэтэй холбоотой асуулт, санал байдаг байна.
Үнэ харилцан адилгүй байдагт хязгаар нутагт хүргэх тээврийн зардал өндөр гэсэн ганц шалтгаан хэлдэг. Чөлөөт зах зээлд шууд үнэ тогтоодоггүй, тийм нийгэм, цаг үе биш боловч Засгийн газар оновчтой бодлого, шийдэл, уян хатан татвар, санхүүгийн хөшүүргээр зохицуулах учиртай. Энэ хүрээнд Засгийн газраас арга хэмжээ авч байгааг Ерөнхий сайд тэмдэглээд УИХ-аас олгосон эрхийн дагуу өнгөрөгч даваа гаригт хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар манай улсад нийлүүлэгдэж байгаа нефть, нефтийн бүтээгдэхүүний онцгой албан татварыг бүсийн ялгавартайгаар тогтоохоор шийдвэрлэж, хилийн боомтуудад онцгой албан татварын хэмжээг харилцан адилгүй тогтоосон гэлээ.
Тухайлбал, Ховд аймагт нэг литр шатахууны үнэ 2100 төгрөг байгаа нь хамгийн өндөр байна. Баруун бүсэд шатахууны үнэ төвийн бүсийнхээс 250-400, зүүн бүсэд 120-160 төгрөгөөр илүү байна. Энэ зөрүүг ойртуулах, орон нутагт шатахууны үнийг бууруулах боломжийг бүрдүүлсэн татварын зохицуулалтыг Засгийн газар гаргалаа гэдгийг Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Г.Өлзийбүрэн хэллээ.
Шатахууны үнэ сүүлийн гурван жилд тогтвортой байсан, цаашид ч тогтвортой байлгахын төлөө Засгийн газар татварын уян хатан бодлого барьж ажиллана. Энэ нь хөдөөгийн ард иргэдийг түлш шатахууны илүү үнээс чөлөөлж, эрх тэгш байх эрхийг нь хангах юм. Энэ үр дүн бусад хүнс, өргөн хэрэглээний барааны үнэ ханшид ч эергээр нөлөөлнө гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.
Нефтийн үнэ дэлхийн зах зээлд буусан энэ үед нөөц, хуримтлалын сан бий болгох чиглэлд Уул уурхайн яам, Газрын тосны хэрэг эрхлэх газар хамтарч ажиллах, хязгаар нутгуудад шатахууны үнийг төвийн бүсийнхтэй ойролцоо түвшинд хүргэх ажлыг энэ онд багтаан зохион байгуулахыг Ерөнхий сайд “Шийдлийн цаг”-аар үүрэг болголоо.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин