С.САРУУЛ
Энэ оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд 713200 автомашин замын хөдөлгөөнд оролцож байгаа. Мөн хилээр сард дунджаар 2900 орчим суудлын, 650 орчим ачааны машин орж ирдэг гэхээр жилээс жилд өсөн нэмэгдэж буй автомашины тоо тэдгээрийн засвар үйлчилгээ гээд томоохон зэх зээл бий болж байна. Тэгвэл манай улс автомашины кузов засварын асар том зах зээлийг дотооддоо бүрэн дүүрэн ашиглах эхлэлийг тавьж энэ салбарт анх удаа Монгол мэргэжилтнүүдийг бэлтгэж эхэллээ. Тодруулбал, Монгол-Солонгосын политехник коллежийнхон кузов засварын 25 суралцагчтай анхны ангийг нээлээ. онхыг нь цохьсон юм. Энэхүү ажлыг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан санаачилж, ийнхүү ажил хэрэг болгожээ. Тэрээр Монгол-Солонгосын политехник коллежид болсон шинэ ангийн нээлтэд оролцох үеэрээ “Монгол авто кузов засварын чиглэлээр шинэ мэргэжил нээж хөгжлийн түүчээг бид алхам алхмаар урагшлуулж байна. Улаанбаатарт 440000 орчим машин замын хөдөлгөөнд оролцож, автомашины 700 орчим засвар үйлчилгээний цаг ажиллаж байна. Хөдөлмөрийн яамнаас монгол ажилтан залуус бүхий “Монгол авто кузов засвар”-ын газрыг бодлогоор дэмжиж энэ чиглэлээр Аж үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийн газар, дүүргийн хөдөлмөрийн хэлтэстэй хамтран ажиллахаар төлөвлөөд байна. Цаашид ч ажил олгогчдын эрэлт хэрэгцээний дагуу шинэ мэргэжлээр мэргэжилтэй ажилтан бэлтгэж хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэхийг улс орны эдийн засаг-үйлдвэржилтийн хөгжил биднээс шаардаж байна” гэдгийг онцоллоо.
Шинэ ангид элсэгчдийг дүүргийн хөдөлмөрийн хэлтсээр дамжуулан шалгаруулж авсан бөгөөд 18-40 насныхан байгаа аж. Энэ үеэр суралцагчдыг эргээд ажлын байртай болгох үүднээс ажил олгогч, сургалтын байгууллага, хөдөлмөрийн хэлтэс хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан юм.
Эх сурвалж: www.polit.mn