Г.ГАНЧИМЭГ

Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод “Зүүн бүсийн өрсөлдөх чадварын чуулган”-ыг анх удаа зохион байгууллаа. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв /ЭЗБӨЧСТ/ ХБНГУ-ын Конрад Аденауэрын сан, МҮХАҮТ, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газар хамтран энэхүү чуулганыг зохион байгуулсан юм. Зүүн бүсийн гурван аймаг өрсөлдөх чадварын давуу талаа ашиглан хөгжлийн тулгуур салбараа хэрхэн хөгжүүлэх, жишиг бүс байгуулах асуудлыг хөдөө аж ахуй, уул уурхай, дэд бүтэц, үйлдвэрлэл гэсэн дөрвөн үндсэн салбар тус бүрээр хэлэлцэв.

Өрсөлдөх чадвар гэдэг үг сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд эдийн засгийн ухаанд өргөн хэрэглэгдэх болсон билээ. Энэ нь тухайн улсын хүн ардын хөгжил дэвшил, хувийн хэвшил, бизнесийн орчныг таатай болгох, улмаар өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилготой олон талт, цогц ойлголт юм. Анх 21 аймгийн өрсөлдөх чадварын тайланг гаргаж байх үед хамгийн сүүлд орсон аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга хоёр нь “Бид төсвөөс их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байхад ажил муу байх ёсгүй” хэмээн зарга хийн ирж байжээ. Харин одоо өөрсдийнхөө давуу болон сул талаа хэмжиж, хаана яваагаа харж чаддаг болсон учраас аймгуудын өрсөлдөх чадвар сайжирч буй юм байна.

ЭЗБӨЧСТ-ийн Удирдах зөвлөлийн тэргүүн П.Цагаан “Анх удаа “Өрсөлдөх чадварын чуулган”-ыг орон нутагт буюу Улаанбаатараас 600 орчим км-ийн алсад хийж байна. Өнгөрсөн онд энэ чуулганыг нийслэлд хийж байхад Сүхбаатар аймгийн удирдлагууд “Дараагийн чуулганыг манай аймагт хийгээрэй” гэж урьсан юм. Бид аливаа зүйлийг хэмжиж сурах хэрэгтэй. Хэмжиж чадахгүй бол хянаж чадахгүй. Хянаж чадахгүй бол удирдаж, сайжруулж чадахгүй. Орчин үед хэмжиж болохгүй зүйл байхгүй болчихсон. Аймаг, улсын хөгжлийг бүгдийг нь хэмжиж байж дэлхийд өрсөлдөх тухай ярина. Тиймээс бид 21 аймгийнхаа өрсөлдөх чадварыг бодитой, шалгарсан 180 үзүүлэлтээр хэмжиж байгаа юм. Засаглал, захиргааны зохицуулалтаараа Сүхбаатар аймаг тэргүүлж байгаа нь өрсөлдөх чадвараар улсын хэмжээнд дөрөвдүгээрт эрэмбэлэгдэхэд хүргэсэн болов уу. Нөгөөтэйгүүр, аймаг ч бай, улс ч бай хөгжие гэвэл бизнесийг сайн дэмжих хэрэгтэй. Тэгээд төлөвлөлт, хамтын хүч, алсын хараа сайн байх хэрэгтэй” хэмээн ярьж байна.

Өнгөрсөн онд зүүн гурван аймаг Монгол Улсын эдийн засгийн 3.2 хувийг бүрдүүлжээ. Зүүн аймгуудын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр Сүхбаатар аймаг эдийн засгийн хөгжлийн төвшингөөр улсдаа тэргүүлж байгаа аж. Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга П.Мөнхжаргал “Манай аймаг сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж, хот байгуулалт, дэд бүтцээ сайжруулан хүн амаа орон сууцжуулах чиглэлээр улсдаа жишиг болсон олон ажлыг санаачлан хэрэгжүүлж байна. Иймээс сүүлийн гурван жилийн ажил, бүтээн байгуулалтаараа Монгол Улсын шилдэг аймаг боллоо. Мөн аймгуудын өрсөлдөх чадварын 2014 оны ерөнхий үнэлгээгээр Сүхбаатар аймаг дөрөвт эрэмбэлэгдсэн. Энэ нь бидэнд урам зориг өгч байгаагийн зэрэгцээ алдаа, оноогоо дэнслэх боломжийг олгож байна” гэсэн үгээр тус чуулган эхэлсэн юм.

Хувийн хэвшлийн дэмжлэг, бизнес үгүйгээр аль ч аймаг, цаашлаад улс орон хөгжихгүй. Тиймээс тоглоомын дүрэм буюу хууль тодорхой байх хэрэгтэй. МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав “Би байнга ярьдаг хоёр хуулиа батлуулчихаад наран ургах зүгт ирлээ. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих  болон Өршөөлийн хууль нь монголчуудыг шинэ өрсөлдөөнд бэлдэж байгаа юм шүү. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиар 95 мянган компанийн бүх тайлан шинээр хийгдэнэ. Ингэж байж зах зээл дахин хөдлөх гээд байгаа юм. Тиймээс үүнд зүүн аймгийн бизнес эрхлэгчид бэлтгэлтэй оролцох хэрэгтэй. Өрсөлдөөний үндсэн суурь нь бүгдэд тэгш боломж олгох ёстой. Бид ийм боломжийг өмнө нь малчдадаа олгож үзсэн. Одоо түрүүчээс нь 6000 гаруй малтай хүн төрж, их хэмжээний баялгийг бүтээж чадаж байна. Бид эдийн засгийн хямралуудыг хувийн хэвшлийнхнийхээ хүчээр хялбархан давж гардаг. Өнөөдрийн энэ хямралыг давж гарах хамгийн шилдэг арга нь ил тод байдал, эдийн засгийн өршөөл хоёр юм” хэмээн онцлов.

 Харин ЭЗБӨЧСТ-ийнхөнтэй төр засаг хэрхэн хамтран ажиллаж, дэмждэг талаар ЗГХЭГ-ын Хяналт, шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Х.Оюунцэцэг “Засгийн газраас эдийн засгийг хөгжүүлэх, орон нутгийн засаглал, өрсөлдөх чадварыг сайжруулахаар аймаг, нийслэлийн удирдлагуудад жил бүр зөвөлгөө өгдөг. Мөн эдийн засгийн хямралаас гаргахын тулд томоохон бүтээн байгуулалтуудыг урагшлуулахыг хичээж, төрийн байгууллагуудын төсвийг хэмнэлтийн горимт шилжүүлэн ажиллаж байна” гэлээ.

ЭЗБӨЧСТ-ийн ерөнхий захирал Б.Лакшми “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлангаар тус бүрийнх нь газар зүй, эдийн засгийн онцлогт тохирсон давуу болон сул талыг тодорхойлох боломжтой. Тухайлбал, Сүхбаатар аймгийн давуу тал нь шилжих хөдөлгөөнгүй болсон, банк, санхүү, эрчим хүчний хангамж сайн байна. Нөгөөтэйгүүр, зүүн бүсэд цахилгаан эрчим хүчний үнэ харьцангуй өндөр. Мөн хүн амын тоо бага байгаа нь мэргэшсэн ажиллах хүчний нөөцийг бүрдүүлэхэд бэрхшээлтэй. Халдварт өвчний тархалт өндөр байгаа зэрэг нь сул тал болж байна” гэв.

Энэхүү тайланг жил бүр гаргадаг бөгөөд цаашид аймаг тус бүр дээр бие даасан тайлан гаргах, хөгжлийн зураглал, зөвлөмж боловсруулах, орон нутагт цуврал хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг санаачлагыг оролцогчид гаргаад байгаа юм.

Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь “Бид сул тал дээрээ илүү анхаарч тэрхүү үзүүлэлтүүдээ сайжруулахаар ажиллаж байгаа нь статистик мэдээлэлдээ нөлөөлж байгаа тал бий. Тухайлбал, эрүүл мэндийн үзлэг, оношлогоог тогтмол хийхэд халдварт өвчний тархалт өссөн мэт харагдаж байна. Гэхдээ бид хаана яваагаа энэхүү тайлангаар баримжаалдаг болсон тул эл судалгааг хийж өгдөг ЭЗБӨЧСТ-ийнхөндөө талархаж байна. Тайлан дээр үндэслээд аймгийнхаа эдийн засгийг ерөнхий эзлэхүүнээр нь томруулж харвал Бичигт-Зүүнхатавчийн боомтоор дамжин БНХАУ-ын Жинжөү боомтоор Монгол Улсын далайд гарах хамгийн дөт зам бий. Тиймээс бид одоо хөгжүүлж байгаа хатуу болон зөөлөн дэд бүтцээ уламж сайжруулах шаардлагатай байна. Тухайлбал, транзит авто зам, төмөр зам, агаарын зам бий болговол худалдаа, үйлдвэр, үйлчилгээ хөгжих, хөрөнгө оруулалт татах өргөн боломжтой. Мөн хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд харьцангуй таатай газар зүйн байрлалтай нутаг” гэдгийг ярилаа.

Зөвхөн Сүхбаатар аймагт ч биш зүүн бүс тэр чигээрээ аялал жуулчлал хөгжүүлэхэд таатай нутаг юм. Дорнод аймагт гэхэд дэлхийд байхгүй гайхамшигтай тэгш Мэнэнгийн тал бий. Нэгэн судалгаагаар далайтай орны иргэд тэгш талд л очиж үзэхийг хүсдэг, боломж олдвол хэд хоног амрахыг зорьдог гэдэг нь тодорхой болжээ. Тиймээс энэ мэтийн боломжийг монголчууд алдалгүй ашиглах хэрэгтэй гэдгийг судлаачид хэлж байна. Сүхбаатар аймагт Дарьгангын өвөрмөц соёл бий. Хэнтийд бол хэн ч атаархахаар түүхэн дурсгалт газрууд олон. Зарим улсын хаан хамгийн ойр дотны хүмүүстэйгээ жил бүр Монголд ирж амрахдаа Чингис хааны төрсөн тоонотыг л зорьдог болжээ. Тэгвэл маршал Х.Чойбалсан Дорнод аймагт, жанжин Д.Сүхбаатар Сүхбаатар аймагт мэндэлсэн гээд энэ бүс нутаг төр, нийгмийн зүтгэлтнүүдийнхээ үүх түүх, газар зүйн байршил, нутаг орныхоо онцлогт тохируулан аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой аж.

Аялал жуулчлалын нөөц барагдахгүй, харин ч нөхөн сэргээгддэг ногоон эдийн засаг. Орлого нь жигд хуваарилагддагаараа давуу талтай. Хамгийн гол нь тал бүрийн оролцоог дэмжсэн шийдвэр гаргаж байж амжилтад хүрнэ гэдгийг чуулганд оролцогчид сануулж байна. Тэгээд ч манай улсын дорнод хилийн цаахна талд Зүүн хойд Азийн эдийн засгийн хөгжил, дэвшил төвлөрч байгаа гэхэд хилсдэхгүй. Яг энэ цаг үетэй давхцаад Монгол Улсын өрсөлдөх чадварын наран дорно зүгээс мандаж байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин