Э.ӨНӨР
Нийслэлийн 479 мянган өрхийн дөнгөж 30 хувь нь оронд сууцанд амьдардаг. Гэр хорооллынхныг байртай болгох төрийн бодлого хэд хэдэн янзаар хэрэгжиж байгаа ч үр дүнд хүрсэн нь ховор. Засгийн газар орон сууцжуулах шинэ хөтөлбөрийг үргэлжлүүлэхээ мэдэгдсэн. Гэвч хөнгөлөлттэй зээлийн журам одоо болтол хүмүүсийн гарт хүрээгүй байна.
ЖУРМЫГ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ БАТАЛНА
Жилийн найман хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай орон сууцны зээлийн багц удахгүй хэрэгжих нь. Засгийн газраас зарласан энэ зээлийн журамд УИХ-ын гишүүдийн саналыг авч дуусчээ. Зээлийн хүү нь найман хувиас нэмэх, хасах нэг хувь байх орон сууцны хөнгөлөлттэй зээлийн журмыг энэ долоо хоногт батлахаар төлөвлөж байгааг Барилга, хот байгуулалтын яамнаас дуулгалаа. Журам тодорхой болсноор энэхүү зээлийн нөхцлүүд ил болох аж. Одоогоор орон сууцны хөнгөлөлттэй зээлийг бүх банкаар олгоно гэдгийг салбарын сайд мэдэгдсэн. Ингэснээр 100 мянган айлын орон сууцны хөтөлбөр шиг хүлээлт үүсэхгүй гэж тэд тооцоолжээ.
САЯ ТӨГРӨГИЙН ОРЛОГОТОЙ ӨРХҮҮД УРЬДЧИЛГААГАА БЭЛДЭЭРЭЙ
Урьдчилсан тооцоогоор найман хувийн хүүтэй энэ зээлд орлоготой хүн бүр хамрагдах боломжтойг Монголбанкнаас онцолсон. Сарын нэг сая төгрөгийн орлоготой хэнд ч энэ хөтөлбөрийн үүд нээлттэй аж. Танил тал, элдэв бичиг баримт, нөхцөл шалгуурууд энэ удаагийн хөнгөлөлттэй зээлд хамаагүй. Харин ажилтай, орлоготой хэн нэгэнд ипотекийн зээл ойрхон байдгийг Төвбанкныхан хэлж байна. Гол нь худалдаж авах орон сууцныхаа 30 хувийг та төлсөн байх нь. Ингэхдээ заавал 30 хувийг бүрдүүлэх гэж бэлэн мөнгө цуглуулах шаардлагагүй юм байна. Өөрийн болон аав, ээжийнхээ газар, үл хөдлөх хөрөнгө, орон сууцыг барьцаалж 30 хувиа гүйцээх боломжтой аж. Жилийн найман хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй буюу ипотекийн зээлийг эрсдэл багатай, сайн нөхцөлтэй, баталгаатай, урт настай гэж Засгийн газар, Төвбанк тооцоолж хэрэгжүүлэхээр зэхэж байгаа нь энэ.