Д.МЯГМАР
Газрын тос нь өдгөө хамгийн чухал түүхий эд билээ. Дэлхийн зах зээл дээрх газрын тосны эрэлт, нийлүүлэлтэд олон төрлийн хүчин зүйлс нөлөөлдөг ба газрын тосны үнийн эдийн засагт үзүүлэх нөлөө ч дэлхий нийтийн анхаарлын төвд байсаар байна. Монгол Улс шатахууны хувьд зөвхөн нэг улсаас шууд хамаарч байгаа нь эдийн засгийн тогтвортой байдалд нөлөөлөөд байгаа томоохон эрсдэл юм. Сүүлийн үед манай улс нефть олборлогч, экспортлогч улс болсноо зарласантай холбоотой энэ салбарт ажиллаж буй компаниудын үйл ажиллагааг судалж, мэдээллийг үнэн зөв, бодитой тэнцвэртэй хүргэхийн тулд Монгол Улсад газрын тосны хайгуул, олборлолтын ажлаараа тэргүүлж буй “ПетроЧайна Дачин Тамсаг” компанийн гүйцэтгэх захирал С.Мэргэнсодтой ярилцлаа.
-Манай Улс газрын тосны олборлогч орон болсноо зарласнаар дотооддоо түүхий тосоо боловсруулж хэрэгцээгээ хангах бодлогоор эхний ээлжид Дархан-Уулд жилдээ хоёр сая тонн газрын тос боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэр барих гэж байна. Танайх энэ үйлдвэрийг түүхий эдээр нь хангаж чадах уу?
-Манайх 2005-2011 онд 886 490 тонн тос олборлосон бол өнгөрсөн онд л гэхэд үүний бараг тал нь буюу 410 000 тонн тос олборлоод байна. Хэдийгээр цаашид олборлолтын хэмжээ нэмэгдэх хэдий ч Дарханы үйлдвэрийн хэрэгцээг дангаараа хангаж чадахгүй л болов уу. Ер нь Монгол Улсын хэмжээнд газрын тосны хайгуулыг бүрэн дүүрэн явуулж нөөцийг нь тогтоосноор үйлдвэрлэлийн олборлолт явуулбал боловсруулах түүхий эдээр байнга, тасралтгүй хангах боломж бүрдэх байх.
-Тамсагийн газрын тосны олборлолт нь Өвөрмонголын Хөлөнбуйр аймгийн сав газартай нэг бассейнд оршдог тул хилийн наана, цаана л хийж байна гэсэн үг. Гэтэл газрын тосны баялгаа Хөлөнбуйр хүртэж хөгжиж байхад Дорнод аймаг бахь байдгаараа, Матад сум юу ч хүртээгүй байна гэж хүмүүс ярьцгаадагт ямар хариулт өгөх вэ?
-Тамсагийн сав газраас олборлосон тосны борлуулалтаас БХГ-нд заасны дагуу зохих хувийг Газрын тосны газраар дамжуулан Монгол Улсад тушаадаг л даа. Гэрээндээ тэгж заасан байдаг. Нэг үгээр орон нутагт шууд орлого болгож өгөх бус холбогдох төрийн байгууллагаар дамжуулж улсын төсөвт өгнө гэсэн үг. Одоогийн байдлаар 198 сая ам.долларыг Монголын Засгийн газарт тушаасан байгаа. Дачингийн орд газраас олборлосон тосны орлогыг ч мөн л шууд харъяа мужид бус холбогдох төрийн байгууллагуудаар дамжуулан Хятад Улсын төсөвт оруулдаг. Тухай муж нь байгалийн баялагаас их ашиг олж улсад тушаасан эсэхээс шууд хамаарахгүйгээр төр нь төсвөөсөө орон нутгийг ямар хэмжээгээр хэрхэн хөгжүүлэх талаар бодлого, төлөвлөгөө гаргаж тухайн мужуудад санхүүжилт олгодог.
Манай компанийн хувьд нийгмийн хариуцлагаа биелүүлж ирсэн бөгөөд нийт 1.85 сая ам.долларын хандив тусламж үзүүлснээс орон нутгийн хөгжилд зориулж 1.6 сая ам.доллар зарцуулаад байгаа.
-Танай компанийг Монгол Улсад их хэмжээний хөрөнгө оруулалт хийлээ гэдэг. Орон нутагт үүний үр нөлөө тусдаггүй гэж гомдоллох хүн олон бий. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Хөрөнгө оруулалт нь хувьцаа эзэмших эсвэл тухайн төслийг санхүүжүүлэх гэх мэт хэлбэрээр явагддаг л даа. Манай компанийн хувьд Тамсагийн төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг гаргаж байгаагаараа Монгол Улсын газрын тосны салбарт л хийж буй хөрөнгө оруулалт юм. Манай компани нь Тамсагийн сав газарт 2005 оноос хойш нийт 1.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан. Энэ нь үндсэндээ газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд холбогдон гарах зардал л даа. Гэхдээ манай компани нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж орон нутгийн хөгжилд нэмэр болох үүднээс өнгөрсөн хугацаанд аймгийн болон сумдын ЗДТГ-тай хамтран ажиллаж ирсэн. Энэ ажлынхаа хүрээнд аймагт 70 мянган ам.доллар, Матад суманд 30 мянган ам.доллар хандивлах, тухайн үед сум орон нутгийн захиргаанаас тавьсан хүсэлтийн дагуу хэрэгжүүлж буй тодорхой төсөл, учирсан байгалийн гамшгийг арилгах, ойн арга хэмжээг зохион байгуулах гэх мэт олон төрлийн үйл ажиллагаанд шаардагдах мөнгөн тусламжийг үзүүлж ирсэн. Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн нөхцлийг сайжруулах, хүнд өвчтэй хүүхдүүдэд эмчилгээний зардал нэмэрлэх, орон нутгийн иргэдийн ундны цэвэр усны асуудлыг шийдвэрлэх гэх мэт олон төрлийн сайн санааны үйлсийг хэрэгжүүлж ирснийг нутгийн олон хэлүүлэлтгүй мэдэх байх. Энэ бүхэн маань орон нутгийн хөгжилд оруулсан нэг хэлбэрийн хөрөнгө оруулалт гэж хэлж болно. Мөн орон нутгийн ажилгүйдлийг бууруулах хүрээнд аймаг, сумдын иргэдийг ажилд авч, мэргэжил олгох сургалт зохион байгуулдаг. 2006 онд манай компани орон нутгаас 155 хүн авч ажиллуулж байсан бол энэ тоо жилээс жилд өсөн нэмэгдэж ирсэн. Оргил үедээ 900 хүрч байсан л даа. Монгол Улсад газрын тосны мэргэжлийн ажилчин бэлтгэдэггүй тул манай компани санаачлагаараа газрын тосны чиглэлээр мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх зорилгоор 2006 оноос Дорнод аймгийн МСҮТ-тэй хамтран ажиллаж ирсэн. Эхлээд тус сургуулийн багш нарыг Дачин хотноо газрын тосны чиглэлийн сургалтад хамруулах, дадлагажуулах, хичээл, сургалтын хөтөлбөрийг хамтран боловсруулах, дадлагын баазыг бэлтгэх зэргээр ажлаа эхлүүлсэн. 2009 оноос тус сургууль нь газрын тосны ангийг нээж элсэлт авч хүмүүсийг сургаж эхэлсэн. Энэ нь орон нутагт болон Монгол Улсын боловсролын болон газрын тосны салбарт хийсэн оюуны том хөрөнгө оруулалт болно. Мөн сая гаруй ам.долларын тоног төхөөрөмж суурилуулах, 20 гаруй мянган ам.долларын тусламж үзүүлэх зэргээр тус сургуулийн сургалтын материал, техникийн баазыг хөгжүүлэхэд туслалцаа үзүүлж ирсэн л дээ. Төгсөгчдийн ихэнх нь манай компанид ажилладаг. Ер нь манай компанийн нийт ажиллагсдын 80 гаруй хувь нь орон нутгийн иргэд байдаг. Түүнчлэн нутгийн иргэд, аж ахуйн нэгжүүдээс бараа худалдан авах, ажил гүйцэтгүүлэх гэх мэтээр орон нутгийн эдийн засаг, зах зээлийг дэмжиж ажилладаг л даа.
-Матад сумын хөгжилд нэмэр болчихоор ямар ажил хийв. Байгалийн баялгаа ашиглуулаад нутгийн иргэдийн амьдрал дордож байгаа талаар олон нийт шүүмжлэлтэй ханддаг шүү дээ?
-Матад сумын хөгжлийг дэмжих зорилгоор 2010 онд “Хамтын ажиллагааны санамж бичиг” үйлдэж 30 мянган ам.доллар, сумын зочид буудлыг сэргээн засварлахад 23 сая төгрөг хандивласан. Баяр, наадмын арга хэмжээг ивээн тэтгэх, байгалийн бэрхшээл тохиолдсон үед техник, хүн хүчээр туслах зэргээр ажиллаж ирсэн. Мөн сумын иргэдийн ундны цэвэр усны асуудлыг шийдвэрлэсэн. Ногоон байгууламж бий болгоход 300 ширхэг чацарганы мод суулгах, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд жил бүр 6-7 сая төгрөгийн бэлэг өгсөн гэх мэт сайн санааны ажил хийсэн шүү. Матад сумыг эрчим хүчинд холбогдоход манай компани онцлох үүрэг гүйцэтгэсэн. Монгол Улсад ногдох тосны орлого, газар ашигласны, байгалийн баялгийг ашигласны төлбөрийг Газрын тосны газарт тушаахаар нэгэнт БХГ-нд заасан тул бид гэрээгээ л хэрэгжүүлдэг. Хэрэв эдгээр төлбөрөөс тодорхой хувийг сум, орон нутаг хүртэж байхаар зохицуулалттай бол орон нутаг тодорхой хэмжээний байнгын орлогыг газрын тосноосоо хүртэж болохоор л доо. Одоо хэлэлцэж буй газрын тосны тухай хуульд ийм заалт суух юм шиг байна билээ. Харин ус ашигласны төлбөрийг тухайн суманд нь төлдөг. Өнгөрсөн хугацаанд зөвхөн усны төлбөрт 329.9 сая төгрөг төлснөөс зөвхөн Матад суманд л гэхэд 315,6 сая төгрөгийг тушаасан.
-Сүүлийн үед сонин хэвлэлээр “ПетроЧайна Дачин Тамсаг” компанийн талаар элдвийн мэдээлэл гарч байна. Жишээлбэл, саяхны нэг хэвлэлд танай компанийг БХГ-ээр хаацайлаад Монголд ямар ч татвар төлдөггүй гэж бичсэн байсан. Энэ үнэн үү?
-Газрын тосны салбар хөгжөөгүй, дэд бүтэц дорой, эдийн засгийн чадамж муу орнууд хууль эрхзүйн талдаа татварын хөнгөлөлт үзүүлэх бодлого баримталж хөрөнгө оруулагчийнхаа эдийн засгийн эрсдэлийг нь бууруулж өгдөг жишээ байдаг л даа. Ингэж БХГ-ний дагуу Гэрээлэгчийн хөрөнгөөр, эрсдэлийг нь үүрүүлээд газрын тосны хайгуул олборлолтыг явуулж эзэн орон гэрээлэгч хоёр харилцан ашигтайгаар ашгаа хүртдэг. Мэдээж татвар, хураамж өндөр бол ашиг байхгүйтэй адил болох тул хөрөнгө оруулах сонирхол хэнд төрөх вэ. Тийээс Монгол Улс 1990-д онд газрын тосны салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд хуулийн таатай орчин бүрдүүлэх үүднээс татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг холбогдох хуулиуддаа тусгасан. Энэ нь гаднын хөрөнгө оруулалт орж ирэх хөшүүрэг болж хайгуул судалгааны ажлууд өрнөсөн. Жишээ нь, манай компани Тамсагийн сав газрын гэрээт хоёр талбайнхаа нөөцийг нь тогтоож олборлолтод шилжүүлээд байна. Энэ ажлыг хийхэд их ч эрсдэл хүлээсэн. Их ч хөрөнгө зарцуулсан.
-Тэгвэл татвараас чөлөөлөгдөж ирсэн байх нь ээ?
Бүрэн утгаараа бишээ. 2007 оноос эхлээд гаалийн тарифын, НӨТ, албан татварын хуульд удаа дараа өөрчлөлт оруулж татвар ногдуулах болсон л доо. Нэг үгээр татварын хөнгөлөлт эдлэхээр больсон. 2005-2012 онд нийтдээ 7,3 тэрбум төгрөгийг гааль, НӨТ, онцгой болон албан татварт төлсөн байдаг. Үүнээс гадна хүн амын орлогын албан татвар, эрүүл мэнд, нийгмийн даатгалийн шимтгэл, үйлчилгээний бүхий л төрлийн хураамж гээд аж ахуйн нэгжүүдийн төлвөл зохих бүхий л татвар, хураамжийг холбогдох хууль дүрмийн дагуу төлдөг л дөө. Дашрамд дурьдахад БХГ-ний хэрэгжилтийг хянах үүднээс жил бүр Сангийн яам, Татварын ерөнхий газар, Газрын тосны газар, Уул уурхайн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас томилогдсон ажлын хэсгийнхэн шалгалт хийдэг. Түүнчлэн, Уул уурхайн ил тод байдлын санаачлагад улирал бүр зардлын тайлан гаргаж өгдөг. Санаачлагын зорилго нь нэг талаас буюу аж ахуйн нэгжүүдээс өгсөнийг, нөгөө талаас буюу Засгийн газрын авсан мөнгийг ил тодоор нийтлэх юм шүү дээ. Ингэж уул, уурхайн аж ахуйн нэгжүүдээс ирсэн тайлан, төрийн байгууллагуудаас ирсэн тайлан тус бүрийг нягтлаж хөндлөнгийн аудит хийдэг юм. Иймд манай компанийн Монгол Улсад төлсөн татвар, төлбөр, хураамжинд төлсөн мөнгөн дүн задаргаагаараа, эл татвар болон хураамжийг хүлээн авсан төрийн холбогдох байгууллагуудын тайланд мөн туссан байдаг. Харин олборлосон газрын тосыг экспортлоход орлогын албан татвараас чөлөөлөгдөхөөр холбогдох хуульд заасан байдаг.
-Тамсагийн газрын тосыг өдөр, шөнөгүй ямар ч хараа хяналтгүйгээр гадагш нь тээвэрлэж байдаг тухай мэдээллийн хувьд ямар тайлбар хэлэх вэ?
-Ийм ташаа мэдээлэллийг олонтаа түгээдэгт харамсдаг. Олборлосон бүтээгдэхүүнээ борлуулж байж орлого олно биз дээ. Тэгэхээр түүхий газрын тосыг Монголд өнөөдөр худалдаж авах нөхцөл алга байна. Иймээс Хятадын Үндэсний газрын тосны нэгдсэн корпорацтай худалдааны гэрээ байгуулж борлуулж байгаа. Борлуулсан тосноос БХГ-нд заасан зохих хувийг нь Монгол Улсын Засгийн газарт өгдөг. Одоогийн байдлаар нийтдээ 198 сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газарт газрын тосны борлуулалтаас ногдох орлого болгон тушаагаад байна. Хил дамнасан тээвэрлэлтийн хувьд яаж ч бодлоо гэсэн 20 тонын автоцистернийн цувааг хил дээр ажиллаж буй холбогдох байгууллагын ажилтнууд өдөр, шөнөгүй зүгээр л нэг өнгөрүүлээд байж таарахгүй биз дээ. Хил дээр ажиллаж байгаа төрийн байгууллагын ажилтнууд өөр өөрсдийн чиг үүргийг биелүүлэхээр ажиллаж байгаа биз дээ. Тэгэхээр тээвэрлэлтийн хувьд ийм журмаар явагддаг юм л даа: Бааз дээр ачилт хийх бүрийд Газрын тосны газрын төлөөлөгч хяналт тавьдаг ба ачилтын хэмжээ, тээвэрлэж буй машины дугаар бүхий тэмдэглэлийг хийж бүртгэл хөтлөнө. Тосны хэмжилтийг мөн давхар хянах үүднээс хөндлөнгийн “Амбер” компани бас гүйцэтгэнэ. Тосны чанарыг тодорхойлсон үйлдвэрлэлийн баазын лабораторийн шинжилгээний бичиг бас дагалдана. Ингээд хил дээр ГЕГ, ХЦУГ, МХЕГ зэрэг байгууллага холбогдох бичиг баримт, дагалдах хуудас зэргийг үндэслэж өөр өөрсдийн чиглэлийн хяналт, шалгалтыг хийж бүртгэл хөтлөнө. Үйлдвэрлэлийн бааз дээр хөтлөсөн мэдээ нь хил, гаалийн газруудын хяналт шалтгалтын мэдээ баримтаар давхар шалгагдан батлагддаг. Ингэж байж л хил гарна шүү дээ. Ингэхээр Монгол Улс экспортож буй тосныхоо хэмжээнээс хамаарч ашигаа хүртэх тул хяналтаа л сайн тавинаа даа, тийм биз дээ. Экспотын тээвэрлэлтийг боомтын ажлын цагийн хуваарийн дагуу л гүйцэтгэнэ. Ажлын найман цагт л хилээр орж, гарна.
-Үүнээс улбаалаад тээвэрлэлт хийж буй замын тухай сэдэв хөндөгдөх нь, Мэнэнгийн тал там болж байгаа талаар мэдээлэл цацагддаг. Тэнд тоо томшгүй донки буюу морин толгой шахуурга суурилуулсан, олон салаа зам үүсч тоос босч, зүлэг ногоогүй болсон тухай бичигддэг шүү дээ?
-Барилга байшин олноороо сүндэрлээд байвал барилгын салбар хөгжиж байна, бүтээн байгуулалт өрнөж байна гэж дүгнэдгийн нэгэн адил тэр морин толгой буюу шахуургын тоо өсөн нэмэгдэх нь газрын тосны салбарын хөгжил, бүтээн байгуулалтыг л илтгэж байгаа хэрэг л дээ. Товчхондоо олборлолт нэмэгдэж байна гэсэн үг. Байгалийн аливаа баялгийг ашиглахад байгаль орчинд тодорхой хэмжээгээр сөрөг нөлөө үзүүлдэг. Гэхдээ баялгийг ашиглахдаа нөхөн сэргээлтийн ажлыг давхар хийх учиртай. Газрын тосны үйл ажиллагаа нь ашигт малтмалтай харьцуулахад байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл харьцангуй бага байдаг л даа, гэхдээ энэ нь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн ажлыг орхигдуулахаас зайлсхийж байгаа хэрэг биш. Манай компани байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх тал дээр жил бүр төлөвлөгөө гаргаж шат дараалсан ажил гүйцэтгэж ирсэн. Том талбайд цооногуудын байршил тархай бутархай байх тул тэдгээрийн хооронд тээвэрлэлт хийхэд зам гардаг. Иймээс Монгол орны хуурай цаг уурт олон салаа замаас үүдэн тоосжилт үүддэг. Гэвч аливаа ажилд цаг хугацаа хэрэгтэй байдаг. Хайгуулын үед дэд бүтцийн ажлыг юу юугүй эхлүүлэх боломжгүй байсан. 2012 онд 19 дүгээр талбай дээр газрын тосыг цооногуудаас цуглуулж ачдаг иж бүрэн тоноглол бүхий ус тос хий ялгах нэгдсэн байгууламж барьж байгуулж ашиглалтанд өгсөн. Ингэснээр газар доогуурхи хоолойгоор цооногууд ил байгууламжтай холбогдож цооног хооронд үүссэн замыг ашиглахаа больсон. 21 дүгээр талбай дээр ийм нэгдсэн байгууламж барина. Ингэснээр салаа зам, тоосжилтын асуудлыг зохих хэмжээгээр шийдвэрлэх юм. Өнгөрсөн онуудад ашиглахаа больсон замыг хааж замын 2000 орчим тэмдэг хийж байршуулсан. Замыг хааснаар 1-2 жилийн дараа тухайн газарт урьдын адил өвс ургамал ургаж, унаган төрхөндаа ордог.
Хатуу хучилттай зам тавихыг гэрээлэгчид үүрэгдсэн заалт БХГ-нд байдаггүй л дээ. Бид үйлдвэрлэлийн баазаас Бичигтийн боомт хүртэлх 134 км замыг сайжруулж засах ажлыг 2011 онд “Ялгуулсан” компаниар гүйцэтгүүлж улсын коммист хүлээлгэж өгсөн. Мөн баазаас Баянхошуу боомт хүртэл 210 км хатуу хучилттай зам тавих ажлыг удахгүй эхлүүлнэ.
-21 дүгээр талбайд нэгдсэн байгууламж барина гэснээс танайх нэмж лицензийн талбай авах гэж байгаа гэсэн сураг дуулсан. Гайхаад л лиценз гэхээр нь?
-Хүмүүсийн дунд газрын тосны салбарыг ашигт малтмалтай хольж ойлгох нь их түгээмэл байдаг. Ашигт малтмалын талбай лицензээр баталгаажиж, Ашигт малтмалын хуулиар зохицуулагддаг бол газрын тосны салбарын үйл ажиллагаа болон талбай ашиглах нөхцөл нь БХГ-ний зарчим, газрын тосны тухай хууль түүнийг хэрэгжүүлэх журмаар зохицуулагддаг. Таны асуусан мэдээлэл нэг сонин дээр гарсан байна лээ. Учрыг нь гүйцэд судлалгүйгээр буруу, ташаа мэдээлэл цацагддагт харамсдаг л даа. Газрын тосны хайгуулын гэрээт нэг талбай дунджаар 5-7 мянган км2 байдаг бол ашигт малтмалын лицензийн талбай хэдэн зуун л км2 байдаг. Нүүрс олборлоход газрын гадаргууны хөрсийг хэдэн арван км-ээр хэдэн арван км-н гүнтэйгээр хуулан авдаг. Гэтэл газрын тосны өрөмдлөг хийхэд 30 диаметрийн өргөнтэй 1500-2500 метрт бүхий цооног гаргадаг байх жишээтэй. Ашигт малтмалын хайгуулыг богино хугацаанд хийж олборлолтыг тухайн талбайн дийлэнх газарт нь хийдэг. Харин газрын тосны хувьд хайгуулын хугацаа урт, үйлдвэрлэлийн олборлолтод шилжихэд бэлтгэл ажилд их цаг хугацаа зарна. Газрын тосны гэрээт нийт талбайд хайгуулын ажил хийж дуусаад олборлолт явуулж болохуйц талбайг ялгаж үйлдвэрлэлийн олборлолтод шилждэг. Нэг үгээр гэрээт талбайгаас олборлолтын гэж ялгаж авсан тодорхой хэсэг газраас бусдыг нь эргүүлээд Монгол Улсын Засгийн газарт БХГ, Газрын тосны тухай хуулийн зүйл заалтын дагуу буцааж өгсөн хэрэг. Тэгэхээр БХГ-нд зааж, Засгийн газрын тогтоолоор баталгаажуулсан талбайн хэмжээнд өөрчлөлт оруулж, хэмжээг багасгах буюу олборлолтын талбайг ялгаж авахад мөн л холбогдох агентлаг, яамнаас зөвшөөрлийг нь авдаг. Мөн Засгийн газрын тогтоол гарах учиртай. Эл асуудлаар хүсэлтээ гаргаж холбогдох газруудад хандсаныг л нэмж талбай авах гэж байна хэмээн андуурч бичсэн байна лээ.
-Сүүлчийн асуултыг танд үлдээвэл та юу хэлэхсэн бол?
-Одоо газрын тухай багц хууль болон газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байгаа. Эдгээр хуулийн төсөлд төлбөр, хураамжийг өндрөөр тусгасан байгаа. Тамсагийн сав газрын төвөгтэй тогтцоос хамаараад хайгуул олборлолтын зардал өндөр байдаг. Иймд татвар хураамжийг өндрөөр тогтоосноор угаас өндөр өртгөөр явуулдаг хайгуул, олборлолтын ажлын зардал улам нэмэгдэж төслийн эдийн засаг өгөөжгүй болохуйц эрсдэл гарч болохоор байгааэ Үүнд санаа зовж байна даа.