Э.СОЛОНГО
Энэ жил бэлдсэн 16 мянган тонн нөөцийн махыг “Жаст агро” компани дангаараа хариуцахаар болсон юм. Төр тэдэнд чанартай махыг хангалттай нөөцлөөрэй гэж 87 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. “Жаст агро”-ийнхан нийслэлчүүдийг наадам хүртэл хямд, чанартай махаар хангана гэдгээ амласан юм. Мөн хямд махыг хүн бүрт хүргэхийн тулд олон цэг ажиллуулахаа мэдэгдээд нийслэлд 370 гаруй цэгээр дамжуулж нөөцийн мах борлуулна гэсэн билээ. Гэвч тэдний хүнсний томоохон захуудад ажиллуулж буй цэгүүдээр очиход тэр бүр нээлттэй байдаггүй аж. Биднийг зарим захаар явж нөөцийн махтай танилцах замд цоожтой цэг ч таарлаа.
НӨӨЦИЙН МАХЫГ ДАМЛАВ
“Баянзүрх” худалдааны төв даваа гаригт амардаггүй. Харин тус төвд нөөцийн мах борлуулдаг цэг энэ өдөр амардаг. Арай хямд гэж тэндхийг зорьсон хөгшчүүд бухимдуу байх юм. Тэд “Зурагтаар гэртээ хамгийн ойрхон захаас нөөцийн мах аваарай гээд байсан. Ирэхээр цоожтой хаалга байна шүү дээ” хэмээн уцаарлав. Эрснээ сурагласан тэдэнд зэргэлдээх лангууны худалдагч мэдээ дамжуулав. Тэр “Эднийх долоо хоног бүрийн даваа гаригт амардаг юм. Гэхдээ 17-18 цагийн үед нөөцийн гулууз ирдэг. Гулуузыг зөвхөн амралтын өдрүүдээр зарна гэж байсан. Ойрын үед өдөр бүр оройхон захын гадна машинтай ирээд буцдаг болсон” гэлээ. Ингэхдээ борлуулах цэгтээ биш харин төвийнхөө гадна махны ченжүүд, тэдний төлөөллүүдэд очдог гэв. Тус төвийн нэгдүгээр давхарт байрлах махны лангууны худалдагч нар “Намар нядалсан мах хямдхан зарна” хэмээнэ. Үнэ ханш, үзэмжийг нь сонирхвол лангууныхаа цаагуур хурааж наагуур нь цаас, шуудайгаар бүтээсэн гулуузыг ил гаргаж харууллаа. Ченжүүдийн тайлбартайгаар нэг кг-ыг нь 5200-5900 төгрөгөөр зарж байв. Тэд “Яг нөөцийн мах биш. Гэхдээ нэлээд эрт нядалсан мах” гэж тодорхойлох юм. “Баянзүрх” худалдааны төвд хонь, ямааны шинэ мах кг нь 6500-7800 төгрөгийн үнэтэй байна.
“ЖАСТ АГРО”-ЫН МАХАНД ЧЕНЖҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛ ДАРААЛЛАА
“Хүчит шонхор” захад өчигдөр өглөө хоёр машин нөөцийн гулууз иржээ. Дугаарлах хүмүүс өнгөрсөн жилийг бодоход харьцангуй бага. Тэд кг-ыг нь 4600-5100 төгрөгөөр авч байлаа. Тэдний олонхи нь махны ченжүүдийн төлөөллүүд гэж харагдахаар. Нэг нь 4-6 гулууз авч байгаа нь тэр байв. Авсан гулуузаа үүрээд захын зүг рүү алхчихна. Биднийг дотогш нь ороход нөөцийн гулуузтай өнгө зүсээрээ адилхан, үнэ ханш нь зөрүүтэй мах лангууны араар овоолоостой. Түүнийгээ зах зээлийн ханшаас хямдхан үнээр зарна. Гэхдээ нөөцийн гулууз ченжийн лангуун дээр 20-30 хувиар нэмэгдэж “төрөл арилжих” аж. Өнгөрсөн сарын 6-нд эхэлсэн нөөцийн махны борлуулалт иймэрхүү үргэлжилж байна. Энэ хугацаанд “Жаст агро” компани 1300 гаруй тонн махыг зах зээлд нийлүүлжээ. Уг нь тус компанийн гүйцэтгэх захирал Ш.Батхишиг хэлэхдээ “Томоохон захуудад нөөцийн махыг арай их нийлүүлж байна. Нийслэлийн хүн амын 60-70 хувь нь очиж үйлчлүүлдэг “Хархорин”, “Нарантуул-2”, “Хүчит шонхор” захын хангамжийг онцлон ярихгүй бол махны үнийг дээш нь алдах талтай. Тиймээс эдгээр захад гулуузын борлуулалтыг хийж байгаа” хэмээсэн. Гэтэл газар дээрээ ченжүүд махны үнийг барих гэсэн төрийн бодлого, төлөөлүүлсэн компанийнхан араар нь бизнес хийж суугаа ажээ.