Б.СОЛОНГО
Манай улсад олон улсын банкны салбар анх удаа нээлтээ хийлээ. Эдийн засгийн хурдацтай өсөлт, өрсөлдөөнт зах зээлд олон улсын банк зайлшгүй хэрэгтэйг эдийн засагчид хэлдэг. Олон улсын банк санхүүгийн байгууллага манай улсад салбараа нээх хүсэлтийг цөөнгүй ирүүлдэг юм. Түүнээс анхных нь Хятадын төрийн дөрвөн банкны нэг “Bank of China” болж таарлаа. Тус банк нь салбар нээх хүсэлтээ жилийн өмнө Монголбанкинд гаргасан бөгөөд албан ёсны эрхээ авчээ. “Bank of China”-г дэлхийн шилдэг 21 банкийн нэг гэж тодорхойлдог. Нийт актив хөрөнгө нь 540 тэрбум ам.доллар гэнэ. Тус банкны төлөөлөгчийн газрын нээлт ноён У Бангуогийн айлчлалтай зэрэгцсэн юм. Нээлтийн үйл ажиллагааг сурвалжлах эрхийг цөөн хэвлэлд өгсөн нь У Бангуогийн айлчлалтай холбоотой бололтой. “Bank of China”-гийн Монгол дахь төлөөлөгчийн газар цаашид үйл ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэх, ямар бодлого, чиглэлийг баримтлах талаар одоохондоо мэдээлэл тодорхой бус байна. “Хятадын банк” нь дэлхийн 29 оронд, мөн Хятадын 32 мужид салбар бүхий банк юм. 2009 оны эцсээр тус банкны нийт салбарын тоо 10961-д хүрч, үүнээс 9988 нь Хятад улсад байна. Харин нийт ажиллагсдынх нь тоо 262566-д хүрчээ. “Хятадын банк” нь Хятад улсын ууган банкуудын нэг. 1912 оны хоёрдугаар сард байгуулагдаж байсан. 1912-1949 оны хооронд нэрээ гурван удаа сольжээ.