Д.ОЮУНЧИМЭГ

Шинээр баригдах тавдугаар цахилгаан станцын талаар Эрчим хүчний яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Товуудоржтой ярилцлаа.

-Тавдугаар цахилгаан станц хэзээ баригдаж эхлэх вэ. Хөрөнгө оруу­лалт нь шийдэгдсэн үү?

-Энэ цахилгаан станц концессийн хуулиар явж байна. Тиймээс хөрөнгө оруулалтын хувьд 1.3 тэрбум ам.доллар шаард­лагатай. Үүнийг тендерт оролцогч компани 100 хувь хариуцна. Гэрээ, хэлэлцээр хийгдэж байна.

-Шинэ баригдах стан­цын тухайд маш олон жил ярьсан. Нийс­лэлийн хэм­жээнд эрчим хүч дутагдаж байгаа энэ үед даруйхан шийдвэрлэх боломж бий юу?

-Үнэхээр бүх хүчин чадлаа ашиглаж байгаа ч 500 мегаваттын эх үүсвэр дутагдаж байгаа. Тиймээс энэ төслийг аль болох хур­дан эхлүүлэхээр ажиллаж байна. Өмнө нь 2008 онд  тендер зарласан боловч сонирхох компани бай­гаа­гүй. Азийн хөгж­лийн банктай гэрээний үндэс­лэлээ шинэчлээд ТЭЗҮ-г нь дахин шинэч­лэн бо­ловс­руулаад 2011 онд тен­дер зарлаж дүгнэ­сэн. Энэ хэлцэл явагдаж байгаа.

-Агаарын бохирдлын тухай ярьж байгаа энэ үед шинэ станц ямар төвшинд баригдах вэ?

-Өмнөх станцуудын яндан 50 метр өндөр байсан бол шинэ станцын яндан 250 метр өндөр байна. Тиймээс нийслэлд тоос үлдэхгүй. Мөн одоо ажил­лаж байгаа станцуудын технологийг шинэчлэх шаардлага. Мөн эрчим хүчний найд­вартай ажил­лагаа чухал. Техно­логийн шинэчлэ­лийг байгаль орчинд ээлтэй байхаар шийдэх хэрэгтэй.

-Цахилгаан станцаас гарах үнсийг яах вэ?

-Шатаж буй нүүрснээс 10-15 хувь нь үнс болно. Үүнийг барилгын мате­риалд ашиглах боломжтой. Тиймээс олон улсад зөвшөөрөгдсөн лаборато­риор шинжлүүлэх хэрэг­тэй.

-Цахилгаан станцаас гарч байгаа үнсийг барил­гын материалд ашиглах боломж бий гэлээ. Энэ ажлыг хэдийгээр эхлэх боломжтой вэ. Тавдугаар цахилгаан станцыг үнсийг тээвэрлэхэд гарах зардал?

-Ойрын 1-2 жилд ашиг­лах боломж бүрдэх­гүй. Энэ хугацаанд гарч байгаа үнсийг шинжил­гээнд оруулан ямар барил­гын материалд ашиглах боломжтойг нь тодор­хойлс­ны дараагаар ашиг­лана. Эхний жилүү­дэд үнсийг зайлшгүй тээвэр­лэж зайлуулах аргыг хэ­рэг­лэнэ. Тавду­гаар цахил­гаан станцын хувьд газ­рын байршил өөрчлөгдөн зүүн тийшээ барихаар болж байгаа учраас харин ч тээврийн зардал багасна. Өмнө нь ТЭЗ-III хажууд барина гэж төлөвлөж байхад үнсийг Налайхын цаана хаяхаар төлөвлөж байсан тиймээс зардал нэмэгдэхгүй.