Ц.МЯГМАРБАЯР
“Гео-Инфо” компанийн захирал, ШУТИС-ийн докторант, геологич С.Оюунбаттай Ашигт малтмалын шинэ хуулийн төслийн талаар ярилцлаа.
-Ашигт малтмалын шинэчилсэн хуулийн төсөл ямар болсон гэж та үзэж байна вэ?
-Хууль боловсруулагчидтай саналаа хуваалцаж байсан. Уг хуулийг хөндөхөд газрын хэвлийн тухай хууль, газрын төлбөр, татварын багц хууль, дэд бүтэц гээд нийгмийн бүхий л салбарт хамаатай. Төрийн оролцоо их, өмнөх хуулиас чанга хууль болсон. Шинэ хуулийн төсөлд сайн зүйл ч бий, засч залруулах ч шаардлагагүй. Манайд уул уурхай дөнгөж хөгжлийнхөө залуу үед байна. Ганц удаагийн яаруу сандруу, судалгаа муу хуулиар бүх зүйл өргөс авсан юм шиг сайжрахгүй. Манай хууль эрх зүйн орчин тогтворгүй, УИХ солигдоход л хууль шинэчлэгдэж дагаад бусад хуулиуд нь өөрчлөгддөг.
-Хуульд эрэл, хайгуул, олборлолт боловсруулалт гэж заажээ. Ер нь эрж хайхад хэдэн жил шаарддаг вэ. Сансараас хайгуул хийдэг болсон үед урт хугацаа орохгүй гэж эрдэмтэд ярих юм?
-Одоо хайгуулын лицензийг есөн жилээр өгч байгаа. Үүнийг л хоёр хуваасан. Эрэл нь тойм, хайгуул нь нарийн судалгаа хийх гэсэн утгатай. Одоо мөрдөгдөж буй хуулиар ашиглалтын өмнөх хоёр жил гэж сунгаад нийтдээ 12 жил. Энэ хугацаа боломжийн. Хуучин хуульд тусгасан болохгүй байгаа зүйлийг засч сайжруулаад мөрдөхөд болохгүй зүйл үгүй. Эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалт гэж тасалсан. Боловсруулалт нь сонгон шалгаруулалтаар гэж тусгасан байгаа нь нээж олсон орддоо олборлолт болон боловсруулалт хийж болохгүй гэсэн үг. Сансараас гурван метрээс 60 см-ийн нарийвчлалтай зураг хийж байна. 20 дугаар зууны механик кроптой машин автомат рулетэй болсон нь техникийн дэвшил. Тэгэхэд 1960 оны юм яриад байгааг ойлгохгүй байна. Хувийн хөрөнгөөр геологи хийж байхдаа бид эрэл нь дөрвөн жил, хайгуул нь тав гэж жил хороож суудаггүй. Улсын хайгуул хийх төсөв дөрвөн тэрбумаас арван тэрбум болж өссөн. Тэгэхээр улс гаргаж чадахгүй мөнгөө биднийг дарамталж гаргуулах гэж байна. Гэтэл улсын төсвөөр хийсэн хайгуул газар нутгийн 30 хувийг хамарч байна. Харин гадны болоод дотоодын хувийн компаниудын хийсэн геологи хайгуулын мэдээллийг нэгтгэвэл 500000 машстабаас илүү мэдээллийг гаргаж ашиглах боломжтой. Гэтэл Үйлдвэрлэлийн геологийн холбооны тэргүүн геологич Д.Бат-Эрдэнэ хайгуулын компаниуд худлаа мэдээлэл гаргадаг гэсэн байсан. Хэрэв бид худал мэдээлэл гаргасан бол хуулийн байгууллагад хандаж баримттай ярих хэрэгтэй. Хайгуулын компаниуд лиценз наймаалцдаг гэдэг. Мэдээж сайн юмны хажуугаар ганц хоёр муу зүйл бий. Эмх замбараагүй тараагдсан лиценз эзэмшигч дотор мэргэжлийн бус хүн ч байна. Гэхдээ мэргэжлийнхээс илүү хийдэг хүмүүс ч бий.
-Хуулийн бас нэг заалт нь хайгуул хийж буй талбай зарлагдсан талбайтай давхцвал улс хурааж авах энэ талаар?
-Бүх талбайг зарлах нь зөв боловч нөгөө талаас бантан хутгаж байгаа юм. Өөрөөр хэлбэл миний хайгуул хийж буй талбайг улс булааж аваад зарлана гэсэн үг. Мөн орон нутгийн засаг захиргааны байгууллага болон нутгийн иргэдтэй сум багийг хөгжүүлэх гэрээ байгуулах шаардлагатай гэж заасан. Гэтэл тухайн газар доор ямар нэгэн ашигт малтмал байгаа эсэх нь мэдэгдээгүй байхад бид дэд бүтэц хөгжүүлэх гэрээ байгуулна гэдэг байж болохгүй заалт. Хэрэв тэр гэрээг биелүүлж хэлсэн амандаа хүрч чадахгүй бол яах вэ гэх мэт амьдралд нийцэхгүй хоорондоо уялдаагүй зүйл олон байна.
-Хуульд лиценз болон газрын төлбөрийн хэмжээ хэрхэн туссан бэ?
-Шинэчилсэн найруулагад нэг га талбайд заавал гүйцэтгэх хайгуулын ажлын доод хэмжээг хоёр дахин өсгөж талбайг хямгадсан. Нэг га талбайд хийх хайгуулын ажлын зардлын доод хэмжээ, нэг га талбайд төлөх лицензийн төлбөр гэсэн хоёр том төлбөрийг төлдөг. Үүнийг улс тогтоож өгдөг. Шинэчилсэн хуульд хайгуулын ажлын доод хэмжээг заасан хэрнээ улсын төсөвт ордог лицензийн төлбөрийг газрын хуулиар зохицуулна гэж заасан. Гэтэл газрын төлбөрийн хуульд Монголыг дөрвөн бүсэд хувааж нэг га талбайд ногдох хэмжээг дөрвөн өөр төлбөрөөр тогтоосон байдаг юм. Үүнийг одоо мөрдөгдөж буй суурь үнэлгээг хамгийн бага үнэлгээтэй Алтайн уулархаг нутагт мөрдөж буй тухайлбал нэг хонин толгойд ногдох бэлчээрийн га талбайтай харьцуулахад нэг га-д 202900 төгрөг. Үүнийг газрын хуулиар хоёроос гурав дахин өсгөнө гэж тусгасан. Өсгөснөөр нь бодоход нэг га талбайд 405800 төгрөг. Одоогийн хуулиар газрын болон лицензийн төлбөрт га талбайн хэмжээ хамаарахгүй ердөө 1.5 ам.доллар төлдөг. Тэгэхээр шинэ хуулиар нэг га талбайн газрын төлбөр эхний гурван жилд тус бүр 150 мянган төгрөг, сүүлийн 4-5 жилд тус бүр 300 мянган төгрөг төлнө. Харин лицензийн төлбөрт 1000 га талбайд долоогоос есөн жилд 405 сая төгрөг төлөхөөр болж байна. Хамгийн бага 25 га талбайтай компани жилд зөвхөн лицензийн төлбөрт арван сая төгрөг төлнө. Үүнийг улсын геологи хайгуулд зарцуулах 14 тэрбумтай харьцуулахад эргэлзээ төрүүлж байна. Зарлах гээд байгаа 50000 масштабтай талбай нь хэчнээн хэмжээтэй талбайд сонгон шалгаруулалт зарлаж буйг хэлж мэдэхгүй. Гэтэл 1000 га талбайтай компани газрын төлбөрт таван саяыг төлж болно. Харин лицензийн төлбөрийг төлж дийлэхгүй. Энэ төлбөр улсын төсөвт орж байгаа ч мөнгө оруулсан этгээд эрхээ эдэлж чадахгүй байгаа юм. Лиценз зүгээр л цаас. Банкинд тавих боломжгүй. Яагаад гэвэл бид газаргүй. Төр газраа буцаагаад авах эрхээ хадгалж үлдсэн. Орд олохын тулд есөн жил газар ухаж байна. Орд олдохгүй тохиолдолд хөрөнгө оруулсан талбайгаа буцаагаад өгдөг. Ингэхдээ 50 мянган төгрөг төлдөг. Төр биднээр мөнгө хийчихээд эргээд бүх юмыг авч байна. Одоо талбайдаа ажлаа хийе гэхэд орон нутаг оруулахгүй. Эрж хайж буй үед орон нутагт дэмжлэг үзүүлэхэд хүнд. Харин орд нээгээд олборлолт хийх болсон үед боломжтой. Гэхдээ тухайн аймагт зуд болон байгалийн гамшиг тохиолдоход сум хөгжүүлэх санд мөнгө хандивладаг.
-Эрж хайх нэрээр байгалиа сүйтгээд байдаг юм биш үү. Өрөмдөхөд ус асар их ордог гэдэг?
-Өрөмдөнө гэдэг хүдэржилтийнхээ төрлөөс шалтгаалж өрөмдөнө. Орд олоогүй байхад нүх ухдаггүй. “Нинжа” нарын ухаад гаргасан хэмжээний нүх хэзээ ч гардаггүй. Эрлийн шатанд суваг шуудуу ухдаг. Гэтэл хуулиар үүнийг хориглосон.
-Жижиг компаниуд уул уурхай руу гишгэх эрхгүй болж байгаа талаар шүүмжлэл байна?
-Уул уурхайн салбарт геологи хайгуул хийж буй компанийг жижиг гэж үздэггүй. Эргэлдэж буй мөнгө нь жижигхэн байж болно. Хамгийн гол нь эрсдэл даах чадвартай хүн л хийнэ. Том жижиг гэж ялгаварлах хэрэггүй. Жижигхэн ч гэсэн төрд татвараа төлдөг, хүмүүсийнхээ нийгмийн амьдралыг шийдэж чаддаг. Манайх жижигхэн компани. Гэтэл байгуулагдаад өдий хүрэхэд зургаан хүнийг байртай болгосон.
-Та хэдэн жил геологич хийж байна вэ?
-Би 26 жил геологич хийж байна. 2003 онд компаниа байгуулсан. Манайд байнгын ажилтай 15, улирлын чанартай 50-аад хүн жилийн дөрвөн улиралд цалинтай ажиллаж байна. Гэтэл арваад жил болоход орд олоогүй. Монголын бүх л нутаг дэвсгэрээр явж хайгуул хийсэн. Гэхдээ улсаас хайгуул хийх мөнгө нэхээгүй. Гэтэл энэхүү шинэчилсэн хуулиар банктай харьцах эрхийг нээлттэй болгоогүй зөвхөн эсэргүүцэх эрхтэй гэсэн заалт тусгажээ. Ер нь өмнөх хуулиудад ашигт малтмалын лиценз эзэмшигчийн эрхийг дандаа орхигдуулсаар ирсэн. Нэг талбайд нэг геологи нэг сар ажилладаггүй. Сурч боловсорч, мэргэших, арга техникт дадалгажих гэсээр байтал нэг хоёр жил өнгөрдөг. Энэ хугацаанд компани бүрэн цалинжуулснаар хоёр сарын ажлын үр дүнг хардаг. Гэтэл уг талбайд хайгуул хийхэд гарсан зардлыг татвараас хасдаггүй. Урьдчилж гарах зардалд тусгасан ч орд олсон ч, олоогүй ч буцааж авах эрх байдаггүй. Бид цаасны төлөө өчнөөн мөнгө төлж байна. Дээрээс нь энэ хууль дарамталж эхэллээ.
-Танай компани улсын төсвөөр хийх хайгуулын ажил хийж байсан уу?
-Манай компани сонгон шалгаруулалтад орж үзээгүй.
-Яагаад?
-Төсөв нь бага байдаг. Сонгон шалгаруулалтаар хийсэн ажлыг үзэж байсан. Маш төвөгтэй бичиг цаастай их зууралддаг. Төрийн ажил удаан, залхаадаг учраас манайх оролцдоггүй. Надад хийх ажил их, зав байхгүй. Зөвхөн 12 сар цалинтай байх гэсэн компани ордог байж магад түүнээс ашиг бага. Ядаж нэг жил хээр явсан машиныхаа дугуйг сольчих хэмжээний ашигтай бол орно. Төр 14 тэрбум төгрөгийг хэдэн ч тендерт өгч буйг мэдэхгүй. Геологи бол маш их хөрөнгө эргэлддэг нөгөө талаас мөн маш их хугацаа шаарддаг ажил. Эмч хүнд өвчин туссан хүнийг оношилж тодорхой хугацаанд эмчилж байгаад үхэх үү, сэхэх үү гэдгийг хэлдэгтэй адил геологи арав, хорин жил судалгаа хайгуул хийснээр эдийн засгийн ач холбогдолтой байж чадах уу, үгүй юу гэдгийг хэлдэг. Гэтэл бид судалгааны ажлыг хийж байтал цаг хугацаа биднийг хүлээхгүйгээр дэлхийн эдийн засгийн байдал өөрчлөгддөг. Гэтэл 2050 он гэхэд Герман улс нүүрсний хэрэглээнээс гарна гэж байна. Нүүрсний оронд ямар нэг баялаг бүтээхийг зорьж байна. Тэгвэл бид нүүрсээ дараад байх хэрэг байна уу. Оюутолгойг гадныханд өгчихлөө. Манай газар нутагт харийнхан эзэн суулаа гэж эх орончид цээжээ дэлддэг. Гэтэл тэнд дэлхийд аравт орох том бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна.
-Үнэхээр тэнд бүтээн байгуулалт хийгдэж байна уу. Хэдэн сэндвичин барилга баригдсан гэдэг?
-Сэндвичин барилга угаасаа байдаг зүйл. Би Оюутолгойд хайгуулын менежер хийж байсан. “Айвенхоу” 1997 оноос геологи хайгуулын судалгаа хийсэн. Олон ч талбайд очиж үзсэн. Гадаадын компанитай нийлээд 60 орчим геологи хайгуулын анги байсан. Энэхүү мэдээлэл манай улсад маш үнэ цэнэтэй. Хэдийгээр тэрхүү мэдээллийг ашиглаж чадахгүй байгаа ч хайгуул хийсэн асар их хөрөнгө манай улсын төсөвт орсон. Манайд геологийн шинжлэх ухаан 1939 оноос хөгжсөн гэдэг ч зуун жил болоогүй байна. Тэгэхээр судалгааны төвшин манай улсын хувьд залуу байна. Газар нутгийн дөнгөж 30 хувь нь судалгаанд хамрагдсан. Улсын төсвийн хөрөнгөөр өнгөрсөн жил дөрвөн тэрбумын ажил хийгдсэн бол энэ жил арав орчим тэрбум болж өссөн.