С.Уртнасан
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Шинэ Зеланд Улсын Шадар Сайд бөгөөд Гадаад Хэргийн Сайд Уинстон Питерс 2025 оны хоёрдугаар сарын 27-28-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлалаа хийж байна. Энэхүү айлчлал нь Шинэ Зеланд Улсаас Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайдын түвшинд хэрэгжиж буй анхны айлчлал юм. Монгол Улс, Шинэ Зеланд Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буй айчлал гэдгээрээ мөн онцлогтой байлаа. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Шинэ Зеландын шадар сайд, гадаад хэргийн сайд У.Питерс нар ийнхүү албан ёсны хэлэлцээ хийв.
Тэрээр Парламентад Үндэсний намаас дөрвөн удаа, Шинэ Зеланд Анхдагч намаас 10 удаа нийт 14 удаа гишүүнээр сонгогдож, Гадаад хэргийн сайдаар гурав дахь удаагаа томилогдон ажиллаж буй туршлагатай улс төрч юм. Хэлэлцээний үеэр манай улсын гадаад харилцааны сайд Б.Батцэцэг " Уинстон Питерсийн айлчлал нь хагас зууны түүхтэй найрамдал, нөхөрлөлийн бодит нотолгоо юм. Бидний ардчилал хөгжлийг тууштай дэмжигч “гуравдагч хөрш” - Шинэ Зеланд Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө бид ажиллаж байна.
Мөн Шинэ Зеланд Улстай урт удаан хугацааны түншлэлийн харилцаа тогтоож хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг цаашид зорино. Шинэ Зеланд улсын сайн засаглал, чөлөөт зах зээлийн тогтолцоо нь манай улсын хувьд үлгэр жишээ болж урт хугацааны түншлэлийн чухал хөшүүрэг болж байна" гэсэн юм. Манай хоёр орны хувьд хөдөө аж ахуй нь чухал салбар бөгөөд хамтын ажиллагааны боломж их байгааг талууд харилцан тэмдэглэж, хоёр талын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, ингэхдээ мал аж ахуйн салбарт туршлага солилцох, гар ажиллагааг халж, хөдөлмөр хөнгөвчилсөн техник, технологийг нэвтрүүлэх, бэлчээрийн даац, хадлан тэжээлийн чанарыг нэмэгдүүлэх, малын ашиг шимийг сайжруулах, чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар ярилцаж байлаа.