П.АМГАЛАНБАЯР

 

Монгол хэмээх ондоошлыг тодотгох бидний эрхэмлэж явах үнэт зүйл бол  дахин давтагдашгүй  өв соёл, ёс заншил юм.   Тиймээс “Зууны мэдээ” сонин энэ удаагийн  “Өв соёл” буландаа өв соёлоо уламжлан тээж яваа залуу үеийн төлөөлөл Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат сур суран эдлэл урлаач М.Сумъяабазарыг онцолж байна.

 

-Морины эдлэл, хэрэглэл хийх урыг  анх хэнээс суралцаж байв?

-Ах маань сур суран эдлэл хийдэг. 2020 оноос хойш ахаасаа суралцаад  сур, суран эдлэл хийж эхэлсэн. Хамгийн анх бие даагаад найман нуруутай сүлжиж, хазаар зангидсан.  Би чадаж байна шүү дээ гэж бодож , тэр үеэс их урам авсан даа. Харин энэ жилээс өөрөө бие даагаад  энэ чиглэлээр  эдлэл хэрэглэл хийж байна.  Ер нь эмээлийн модноос бусдыг хийдэг.

-Өөрийнх нь хийдэг эдлэл хэрэглэлүүдийг харахад олон төрлийн сүлжээс ашигладаг юм шиг харагдсан. Ер нь хэдэн төрлийн сүлжээсээр эдлэл, хэрэглэлээ гоёдог вэ?

-Сүлжмэл эдлэл хийхэд их ур шаарддаг.  Сүүлийн үед нуруутай сүлжээс, хоёроор гүрж сүлжих сүлжээс дэлгэрч байгаа. Би одоогоор арав хүртэлх сүлжээсээр сүлжиж  эдлэл, хэрэглэлээ гоёдог. Одоо  32 сүлжээсийг сурч эхэлж байгаа. Нэг бүс эхлүүлээд явж байна.  Ер нь гар элдүүрийн зүйл бат бөх эдэлгээ удаантай болдог.

Сүлжээсээ сошиалаас бичлэг харж байгаад сурсан. Утас, даавуугаар сүлжиж байгааг хараад суран дээр буулгасан.

-Нэг хазаар  хийхэд хэр их түүхий эд шаардагдах вэ?

- Ер нь  суран суран эдлэлээ хийхдээ үхрийн шир, хонины  нэхийгээр хийж болдог. Үхрийн насны онцлогоос шалтгаална.  Алд хэмжээсээр хэмждэг. Жишээлбэл, сүлжмэл хазаарын тархинд л гэхэд сайн алд сур ордог. Харин жолоонд нь  гурван алд,  цулбуурд  5-6 алд  сур орно. Тэгээд сүлжээсэндээ багасдаг гэсэн үг.

-Өдөрт хэчнээн морины эд эдлэл хийдэг вэ?

-Яг  суугаад гардаад хийвэл өдөрт 2-3 сүлжмэл хазаар хийчихдэг.  Хөдөө  ажлынхаа хажуугаар хийдэг болохоор одоохондоо өдөрт нэгийг л хийж байна.  Орой ихэвчлэн сууна. Захиалагчдынхаа хүсэлтийн дагуу эдлэл хэрэглэлээ хийдэг дээ. Захиалагчдаасаа “гоё болжээ, баярлалаа” гэсэн урмын үг сонсох хамгийн гоё байдаг.

Сур суран эдлэлээ хийж байхдаа ч гэсэн  “за  энэ гоё болчихлоо. Авсан хүн нь баярлах байх” гэж боддог. Унтах гээд хэвтэж байхдаа хүртэл заримдаа  тэрийг тэгж  хийвэл, чимэглэвэл илүү гоё болох юм байна гэж боддог.

Ер нь урмын үг сонсох хамгийн гоё  байдаг даа.  Бас морины эдлэл хэрэглэлээ худалдаж авахгүй өөрөө хийгээд хэрэглээд явна гэдэг  сайхан. Морины эдлэл хэрэглэлээ хэрэгтэй хүмүүст нь хүргээд явах юм сан гэж боддог.

-Монголчууд мориндоо хайртай, морио дээ­дэл­дэг ард түмэн. Өөрийнх нь хувьд ч гэсэн адууныхаа нэгэн өв соёлыг тээж яваа залуу үеийн төлөөллийн хувьд морио хайрлах ухааны юу гэж боддог вэ?

-Монгол адуу эзнийхээ итгэлийг даадаг, хийморьлог амьтан шүү дээ. Машин, мотоциклтой холын замд гарахад  саатах зүйл  байна.  Харин адуунд бол  тийм зүйл байхгүй. Эзнээ хүрэх газар нь хүргэдэг, их ухаантай амьтан.

-Төв аймгийн Дэлгэрхаан сумандаа  мал ажуйгаа эрхэлдэг гэлээ. Хөдөө нутагт амьдрахын сайхан зүйл нь гэвэл?

-Хөгжлөө дагаад хөдөө бүхий л зүйл байдаг болсон.  Цэвэр агаартай. Амар тайван үгээр хэлэхийн  аргагүй сайхан.  Хэдий зах зээлээс хол байгаа ч гэсэн сур суран эдлэлээ бөөнд нь хийчхээд захиалагчиддаа  хүргэж өгдөг.

-Таны тээж яваа бас нэгэн өв соёлын нэг бол үндэсний бөх.  Хэзээнээс барилдаж эхэлсэн бэ?

-Багадаа хурдан морь унадаг байсан. Нэг насанд морь унаад барианд ороод ирсэн чинь  “Өсвөрийн бөх барилдаж байна” гэж зарлаж байсан.  Тэгсэн ах маань энэ барилдаанд бүртгүүлээд барилдаарай гэсэн.  Тухайн үед ч би барилдахгүй ээ гээд л орхичихлоо. Тэгээд  наадам үзээд сууж байсан чинь “Өсвөрийн барилдаанд барилдах  М.Сумъяабазар гараарай” гэж байна.  Ах маань очоод бүртгүүлчихсэн байсан юм билээ. Одоо баларсан гэж бодоод л гарсан.  Тэгээд ах нартайгаа барилдаж хүрэл медаль авсан даа. Тэр үед би 6-7 настай байсан. Тэрнээс хойш  бөх  сонирхож эхэлсэн. Гэхдээ барилдаандаа зориулж бэлтгэл сургуулилт бол  хийдэггүй.

-Өнгөрсөн жил нутгийнх нь “Дуутын хадны бичээс”-ийн 400 жилийн ой болсон. Энэ наадамдаа барилдсан уу?

-Тийм ээ.  Төв аймгийнхаа наадамд түрүүлсэн аймгийн арслан Н.Баярбаатар ахтайгаа таарч шөвгөрсөн. Их урам авсан даа. Хоёр жилийн өмнөөс  нутгийнхаа  наадамд барилдаж байгаа.   Цаашид барилдана гэж бодож байна.  Барилдааны үед Мягмарын Сумъяабазар гэж дуудуулах гоё санагддаг. Тэнгэрлэг аавынхаа үргэлжлэл болж, нэрийг нь зөвөөр  мандуулж явахыг хичээдэг.

-Урамтай сайхан барилдахад нь гэр бүлийнхэн, нутгийнхан нь юу гэж байна?

 -Ах дүү, хамаатан садан, нутгийнхан маань миний дүүд ирээдүй байна шүү нас нь залуу байна гэхэд нь их урам авсан. Яваандаа  сумын цолтой болох зорилготой.

Олон сайхан бөхчүүдээс уран мэхтэй дайчин хурц барилдаантай дархан аварга А.Сүхбат, улсын аварга Д. Сумъяабазар, Р.Пүрэвдагва арслангийн барилдааныг шимтэж үзэх дуртай, уран мэхтэй дайчин хурц барилдаантай санагддаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 27. ПҮРЭВ ГАРАГ. № 40, 41 (7536, 7537)