Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас жил бүр зохион байгуулдаг “Ази, Номхон далайн бүсийн Иргэний нисэхийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны хөтөлбөр (CASP-AP)-ийн гишүүн орнуудын техник, үйл ажиллагааны 11 дүгээр (11th ATOM) ээлжит хурал”-ыг 2025 оны 02 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. 

Энэ удаагийн хуралд дээрх хөтөлбөрийн гишүүн 10 гаруй орны зочид, төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд төлөөлөгчид иргэний нисэхийн аюулгүйн хамгаалалтын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, гишүүн орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо. Тус хурлаар Сингапур, Тайланд, Филиппин зэрэг улсуудын аюулгүйн хамгаалалт, агаарын тээврийг хялбаршуулах болон аюулгүйн хамгаалалтын соёлыг сайжруулах чиглэлээр туршлага судлах танилцуулга хийгдсэн бол тус хурлыг зохион байгуулагч CASP-AP болон Нисэх буудлуудын холбооноос танилцуулсан нисэх буудлын нийтийн эзэмшлийн бүсэд үйлдэгдэж болох халдлага, хүнгүй нисэх төхөөрөмжийн халдлагаас сэргийлэх чиглэлээр хийгдсэн танилцуулгууд хуралд оролцогчдын сонирхлыг ихээхэн татсан байна.

Хурлыг Монгол Улсад зохион байгуулснаар  Ази, Номхон далайн бүсийн Иргэний нисэхийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны хөтөлбөрийн талаарх сургалтад аюулгүйн хамгаалалтын ажилтнуудыг түлхүү оролцуулж, олон улсын туршлага судлах боломж олгохоос гадна оролцогч төлөөлөгчидтэй санал солилцож, иргэний нисэхийн аюулгүйн хамгаалалтын чиглэлээрх Монгол Улсын өнөөгийн түвшнийг тодорхойлох, олон улсын мэргэжилтнүүдээс холбогдох заавар, зөвлөмж авах боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой юм гэж Иргэний нисэхийн Ерөнхий газрын хэвлэлийн албанаас мэдээлэв.