С.УРТНАСАН

Морин тойруулга, ойрын зайн уралдаан уяачдын холбоо ТББ-аас “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.

“Монголын морин тойруулга богино зайн уралдаан уяачдын холбооноос Монгол Улсын нутаг дэвсгэрт импортоор орж ирсэн цэвэр цусны адуу, түүний төлийг бүртгэж гэрчилгээ олгох ажлыг санаачилсан. Энэ нь Монгол Улсад морин тойруулга ойрын зайн уралдааныг хөгжүүлэх суурийг тавьж мэргэжлийн унаач буюу “Жокей” бэлтгэх зорилготой” гэж Монголын морин тойруулга, ойрын зайн уралдаан уяачдын холбооны тэргүүн Нийслэлийн алдарт уяач Р. Гантулга тус мэдээллийн үеэр ярилаа.

Тухайлбал, Энэ нь нийгэмд яригдаад байгаа эрлийз цэвэр цусны адууг зөв үржүүлж, Монголд ирээд үржилд орсон төлүүдийг бүртгэлжүүлж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бичиг баримттай болгох жишгийг монголд хэрэгжүүлэх санаачилга юм. Нөгөөтээгүүр насанд хүрэгчдийн ойрын зайн уралдааны унаач буюу “Жокей” нарыг бэлтгэж биеийн жин, өндөр нь тохирох их сургуульд суралцах боломжгүй хөдөө орон нутгийн залууст ажлын байр гаргах зорилготой байгаа талаар энэ хурлаар ярилцав. Одоогийн байдлаар энэ чиглэлийн уралдаанд оролцох +18 насны 20 “Жокей” бэлтгэгдсэн байгаа юм байна. Цаашлаад хоёрдугаар сарын 22-ны өдөр ойрын зайн морин тойруулгын нэг километр долоон зуун метрийн анхны уралдааныг  Хүй долоон худагт зохион байгуулахаар болжээ.

 Мөн ойрын зайн морин тойруулгыг хэрэгжүүлэхээр Солонгос улсаас энэ төрлийн мэргэжлийн багшийг авч ирэн уналгын техникийг заалгасан бөгөөд 2022 оны анхны төгсөгч нь эмэгтэй жокей Б.Түмэннаст байлаа. Тэрээр дотоодын  “Сүрэгчин хурд” брэндийн нэг килограмм 850 граммын буюу олон улсын жишигт нийцсэн эмээлийг уналгын мориндоо ашиглаж уралддаг байна. Морин уралдааны хууль эрх зүйн орчинг бүрдүүлснээр гадаадын хөрөнгө оруулалтыг улс даа татах, цаашлаад аялал жуулчлал эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх боломжтой тул энэ чиглэлийн хуулийг батлуулахаар  хүсэлт хүргүүлсэн хариугаа хүлээж байгаа тухай Монголын морин тойруулга, ойрын зайн уралдаан уяачдын холбооны ажлын албаны дарга Г.Дөлбадрах дурдлаа.

Эх сурвалж: zms.mn