С.УРТНАСАН
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Их Британийн “Skyral” компанитай хамтран их өгөгдөлд суурилсан загварчлалуудыг бий болгохоор уулзалт зохион байгуулжээ. Эхний уулзалт 2025 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр болсон юм.
Уулзалтад нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжилд, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай, “Skyral” компанийн захирал Николас Жон Блэр болон холбогдох албаныхан оролцжээ.
“Skyral” нь хиймэл ухааны тусламжтайгаар хамгийн сүүлийн үеийн загварчлалыг бий болгон засгийн газар болон бизнесүүдэд практик, уян хатан, үр ашигтай шийдлүүдийг нэвтрүүлдэг технологийн компани юм.
Тодруулбал, Туулын хурдны зам, тойрогт хурдны зам, трамвайны хоёр шугам, метроны шугам гэх мэт томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэхээр олон улсын нээлттэй тендерийг үе шаттай зарлажээ. Эдгээр, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд хиймэл оюун ухааны их өгөгдөлд суурилсан загварчлал дээр инженерчлэлийн бүхий л төлөвлөлтүүдээ хийх юм.
Их өгөгдөлд суурилсан загварчлал трамвайны нэгдүгээр шугамын өртөөнүүд хаана байрлавал тухайн орчмоос хамгийн их хүн зорчих, тойрогт хурдны замын трассыг хаагуур татвал түгжрэлийг бууруулахад нөлөөлөл нь өндөр байх зэргийг хүн бүрийн гар утасны хөдөлгөөн, явж байгаа маршрутад хиймэл оюун ухаан дүгнэлт хийж, хамгийн боломжит загварчлалууд дээр инженерчлэлийн болон нийтийн тээврийн төлөвлөлтийг хийх хамтын ажиллагааг ийнхүү эхлүүлжээ.
Мөн уулзалтын үеэр хотын дарга Х.Нямбаатар “Энэ онд нийслэл хот авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн олон төрөлт хэлбэрийг хөгжүүлэх, агаарын бохирдлыг бууруулах төслүүдийг хэрэгжүүлнэ” гэжээ.
Эх сурвалж: zms.mn