Базарбямбын НЯМСҮРЭН

 

Та бүхний харж байгаа энэ хуудас бол гадаадын аль нэг эмнэлэг болон улсын байгууллагаар үйлчлүүлэхдээ гарын үсгээ зурж хувийн мэдээллээ ашиглахыг зөвшөөрсөн гарын үсгийн баталгаа. Энгийнээр харахад гарын үсэг бүхий ганц цаас мэт боловч үйлчлүүлэгч энэ маягтыг бөглөөгүй нөхцөлд эмнэлэг үйлчилгээний байгууллагууд хувийн мэдээллийг дур мэдэн “онгичих” эрх байхгүй. Хэрэв ямар нэг байдлаар мэдээлэл нь алдагдсан байлаа гэхэд асар их төлбөрийн нэхэмжлэлд орох учир ийм баталгаа авалгүйгээр үйлчлэх боломжгүй, бүх л эмнэлэгт яг ижил ийм зарчим үйлчилдэг.

Харин Монголд. Өрхийн, дүүргийн, улсын гээд бүх шатны эмнэлэгт регистрийн дугаараар цаг авч баталгаажуулдаг, үйлчилгээ үзүүлдэг. Гэвч хүүхдүүдээ үзүүлэх гэж эмнэлэг орохдоо ийм төрлийн хуудас бөглөж байсан түүх алга. Гадаадын оронд хувийн мэдээлэл авч байгааг баталгаажуулж заавал албан ёсны цаасан дээр гарын үсэг зуруулдаг бол Монголд тэгж асуувал тэнэг мангараараа дуудуулаад чичлүүлээд дуусах шинжтэй.

Уг нь манай улс Хувь хүний бүх мэдээллийг хамгаалсан хуультай. Найман бүлэг, 32 зүйл бүхий энэ хуульд хувийн мэдээллийг хэрхэн ашиглах, буруугаар ашиглахгүй байх, бусдад дамжууулахгүй байх тухай тодорхой заалтууд байдаг ч хэрэгждэг эсэх нь дараах жишээнүүдээс тод харагдана.

 

Жишээ 1:

Дүүргийн эмнэлэг оров. Үүдэнд суугаад цаг бичиж суусан эмэгтэй “За регистрийн дугаараа хэл. Алив хурдал” гэж шавдуулна. Эмнэлгийн цаг авах нь эмнэлэгт үзүүлэхээсээ ч асуудалтай болсон өнөө цагт бушуухан регистрээ олны нүдэн дээр дуржигнуулж орхиод дараагийн эмчийн хаалгыг татна. “Би регистрийн дугаараа хэлэхгүй, бичээд өгчихье” гэж хэлэх “бөх зүрхтэн” тэнд байхгүй.


Жишээ 2:

Иргэн Б өрхийн эмнэлэгтээ ч үзүүлж амжаагүй байхад “Та дүүргийн эрүүл мэндийн төвөөс  үйлчилгээ авлаа” гэсэн мэссэж утсанд нь иржээ. Энэ тухайгаа цахим сүлжээнд нийтлэсэн байна. Яг энэ постны дор сэтгэгдэл бичсэн хүмүүст ч мөн ижил тохиолдол таарч байсан гэх.

Нэг хүнд андуурч мэссэж ирсэн байлаа гэхэд яг ижилхэн утгатай ийм мэссэжийг тэр олон хүн авч байсан гэхээр яав ч эндүүрэл биш.

Мэдээж хурууны хээгээр баталгаажуулдаг учир боломжгүй гэж бодмоор байв ч хурууны хээгээр баталгааждаг гэж найдаад байхад үзүүлээгүй эмнэлгээс тань үзүүлсэн гэсэн мэссэж ирээд байгааг яг юу гэж ойлгох вэ.

Ингэхэд бидний төлдөг ЭМД-аар өөр хэн хэн нэгэн өөртөө үйлчилгээ үзүүлээд яваа юм биш биз гэсэн хардлага эрхгүй төрж байгаа биз. Ийм хардлага төрөхгүй байх нөхцөл ч алга.


Жишээ 3:

Саяхан даа. Манайдаа л томд орох эмнэлэг хамаг өвчтөнийхөө мэдээллийг өвчний түүхтэй тавиад туучихсан. Тэрийг нь улстөржүүлж нэр бүхий эмэгтэй гишүүдийг хүртэл чичлээд авсан. Улсдаа найдвартай гэж тооцогддог, ядаж л тийм итгэл үнэмшил төрүүлдэг өндөр төлбөртэй хувийн эмнэлэг нь ийм найдваргүй байхаар цаашаа хэнд найдаж итгэх вэ гэж хэсэг шуугиад намжсан. Хэн ч ямар ч хуулийн хариуцлага хүлээгээгүй.


Жишээ 4:

Өнгөрсөн жил хүүгээ аваад эмнэлэгт хэвтэв. Тасгийн эрхлэгч нь орж ирээд хажуу орны өвөөд хандан “Танай хүүхдийн шинжилгээний хариу гарсан. Тархины зүүн хэсэгт хавантай, унаж татдаг нь тэрнээсээ болдог юм байна” гээд л зарлачих жишээтэй. Тэр өвөөгийн хүү унаж татдагийг, тэр нь эмчлэгдэх боломжгүй, тархины хавантай юм байна гэсэн мэдээллийг таван ортой тэр палатны бүх хүн хүссэн ч хүсээгүй сонсчихож байна. Уг нь Хувь хүний нууцын тухай хуульд эрүүл мэндийн байдлыг нууцална гэсэн заалт бий. Гэвч тэр эмч энэ хуулиа мэддэг ч юм уу, мэддэг байсан ч хэрэгжүүлээгүйнхээ төлөө хэзээ ч хариуцлага хүлээж байгаагүй учраас тийм хайнга байгаа хэрэг. Энэ зөвхөн эрүүл мэндийн салбарын асуудал биш. Сүүлийн үед эрүүл мэндийн үйлчилгээнээс гадна банк бүр цахим хувилбартай, төрөл бүрийн зээлийн аппликэйшнүүд бий болчихсон. Гадагшаа явах гэж онлайн дугаар авахад хүртэл регистрийн дугаар асуудаг болчихож. Тэгвэл эсрэгээр нь тэд бидний мэдээллийн аюулгүй байдалд анхаарч баталгаажуулж байгааг бид хэрхэн мэдэх вэ.


Жишээ 5:

Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй эм авахаар аптек оров. Эмч зүйч настай эгч “Өө чиний захиалсан хоёр эм маргааш гэхэд ирчихнэ. Надад регистрийн дугаараа мэссэжээр явуулчих. Би эм ирэхээр нь чам руу залгаад хэльчихье” гээд хээв нэг хэлж байх юм. Мэдээж өнөөгийн цаг минутаар хэмжигддэг завгүй нийгэмд миний цагийг хэмнэж байгаад нь талархаж болох ч хувь хүний утас руу регистрийн дугаараа бичээд явуулах нь жив жирийн үйлдэл гэж яриад сууж байгаа нь манай иргэдийн дунд ч хувийн нууцаа хамгаалах тухай наад захын мэдээлэл байхгүй байгааг илтгэж байна.


Жишээ 6:

Монголын нэр бүхий томоохон банкинд теллер хийдэг нэгэн бүсгүйг үеийнх нь залуу болзоонд урьжээ. Өнөөх эмэгтэй залуугийн овог нэрээр системд орж дансыг нь шалгаад “Дансандаа тэдхэн төгрөгтэй өдий болтлоо хаагуур явж байсан юм бол гэж гайхаад өнгөрсөн” гэдгээ найздаа хуучилжээ.

Эдгээр нь манай улсад аливаа бичиг баримтыг бусдад дамжуулж болохгүй, хувийн мэдээллийг хамгаалах ёстой хууль нь хаана явааг харуулсан цөөн хэдхэн жишээ.

Төрийн байгууллага, эмнэлэг, үйлчилгээний газарт ажиллаж байгаа ч бусдын хувийн нууцад хүндэтгэлтэй хандах, ингэвэл хуулийн өмнө ийм хариуцлага хүлээнэ гэсэн ухамсар, соёл ямар төвшинд байгааг харж байна. Өвчтөнийхөө нууцыг улс даяар регистрийн дугаартай нь алдчихдаг үнэтэй эмнэлэгтэй, бусдын банкны хуулгыг дураараа ороод үзчихдэг банкны ажилтантай, өвчтөнийхөө мэдээллийг өрөө дүүрэн зарладаг эмчтэй байхад бид хувийн нууцаа яаж хамгаалах яах вэ.

Тэр тусмаа бүх зүйл цахимжсан өнөөгийн нөхцөлд хиймэл оюун ухаанаар бүхнийг хийж болж байгаа технологид автсан энэ үед хувийн мэдээллийн асуудал дэлхий дахины хамгийн том сорилт боллоо гэж хэлж бичиж байна. Саяхан болсон Давосын эдийн засгийн чуулганы гол сэдэв ч мөн адил хиймэл оюун ухаан технологийн сөрөг үр дагавар улс орнуудад тулгарч болох таван том эрсдлийн нэг гэдгийг хүлээн зөвшөөрчихлөө. Аливаа хүний мэдээллийг хулгайлах, дуурайлган хийх технологи, үнэн мэт итгүүлэн үнэмшүүлэх чадвар өдрөөс өдөрт хөгжсөөр байна. Гэтэл банкны аппликэйшн нь байтугай банкны ажилтнууд нь хүний дансыг хээвнэг шалгаад сууж байдаг тийм нийгэмд хэнээс яаж өөрсдийгөө хамгаалах вэ.

Үе үе хувийн мэдээлэл алдсан тухай томоохон компаниудын дуулиан ч олон улсад гарч байдаг.

Хуучнаар бол Хувь хүний нууцын тухай, шинэчилснээр бол Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийг 2021 оноос эхлэн дагаж мөрдөж байгаа. Гэвч өнөөдөр энэ хуулийг дагаж мөрдөх ёстой, адаглаад наад захын ёс зүй, ухамсар энэ байгууллагын ажилтнуудад ч жирийн иргэдэд ч аль аль нь алга. Адаглаад хүний хувийн мэдээллийг хуулиар хамгаалах ёстой. Хувийн мэдээлэлд нь дур мэдэн нэвтрэх нь хууль зөрчиж байгаа үйлдэл, үүнийхээ төлөө би хариуцлага хүлээнэ гэдгээ ойлгож ухамсарлах сэтгэл зүйг бид яаж суулгах вэ.

Мэдээж хувийн мэдээллийг хамгаална гэж гарын үсэг зурснаар алдахгүй гэсэн баталгаа 100 хувь хангагдахгүй. Гэхдээ л ядаж хувь хүний нууцыг хамгаалах эрмэлзлэлтэй, хамгаалахыг хичээж байгаагаа ухамсарладаг, ажилтнууд нь ч түүнийгээ дагаж мөрддөг соёлтой байхаа баталсан алга дарам цаастай болчихвол арай жаахан хамжааргатай болмоор санагдана.

Тийм учраас “айхгүй ч гэсэн аягүй” гэгчээр аливаа хувийн мэдээлэлтэй холбоотой асуудалд заавал гарын үсгийг нь зуруулж баталгаажуулж байя.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 6. ПҮРЭВ ГАРАГ. № 24 (7520)