П.Лхагважаргал
Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лиг өрсөлдөөнтэй, шийдвэрлэх тоглолтуудаар үргэлжилж байна. Тэгвэл лигийн хүрээнд зохион байгуулагддаг “Бүх Одод”-ын тоглолт энэ сарын 7-ны өдөр болно. Тоглолтод орох тамирчдыг үзэгчдийн санал асуулгаар тодруулсан бөгөөд “Team Tsogtoo & Ariuka” болон “Team Nandia & Azaa” гэсэн хоёр багт хуваагдан өрсөлдөх юм. Тэгвэл Монгол Улсын шигшээ болон “Хасын Хүлэгүүд” багийн тоглогч, ОУХМ Б.Билгүүн өөрийн цахим хуудсаараа дамжуулж “Бүх Одод”-ын тоглолтоос татгалзаж байгаагаа ийнхүү илэрхийллээ. Тэрээр “Сагсан бөмбөгийн дээд лигийн БҮХ ОДОД - 2025 намайг дэмжиж санал өгсөн та бүхэнд баярлалаа. Миний хувьд энэ жил бүх оддын тоглолтод сонгогдох хэмжээний тоглолтын үр дүнг хараахан үзүүлж чадаагүй. Мөн бага зэрэг бэртлийн асуудалтай байгаа тул өөрийн хүсэлтээр нэрээ татаж байна аа. МСБХ болон Лиг зохион байгуулагчид маань хүсэлтийг минь хүлээн авна гэж найдаж байна” хэмээсэн юм.
“Бүх Одод”-ын тоглолтоор гурван онооны шидэлт, цагариг дээрээс довтлох, холимог оддын тоглолт, залуучуудын тоглолт, эмэгтэй, эрэгтэй бүх оддын тоглолт мөн домгуудын тулаан зэрэг сонирхолтой тэмцээнийг зохион байгуулах ажээ. Тэмцээн бүрийн ялагч баг оноо цуглуулна. Нийт онооны нийлбэрээр тэргүүлсэн баг 30 сая төгрөгийн шагналыг “MBA Cares төслөөр” дамжуулан сагсан бөмбөгийн хөгжилд хандивлах болно.
Эх сурвалж:www.polit.mn