П.ЛХАГВАЖАРГАЛ
“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Төрийн хишигтэн” буландаа Монгол Улсын гавьяат тамирчин, цагдаагийн дэд хурандаа М.Баттүшигийг урилаа.
-Шинэ оны босгон дээр Монгол Улсын гавьяат тамирчин гэсэн эрхэм хүндтэй шагналыг хүртлээ. Сэтгэлд тод үлдсэн торгон агшин байсан болов уу?
-Гавьяат тамирчин гэх эрхэм хүндтэй шагналыг ижий аавыгаа амьд сэрүүнд хүртэж, баярлуулсандаа баяртай байна. Өөрөөсөө илүү тэр хүмүүсийг баярлаж байгааг харах сайхан санагдсан. Ж.Нарантунгалаг, Б.Дамланпүрэв нарынхаа дараа гардан тулааны гурав дахь гавьяат тамирчин боллоо. Цол дагаж үүрэг, хариуцлага нэмэгдэж байгааг мэдэрлээ. Хамгийн түрүүнд аав ээж рүүгээ залгаж, баярт мөчөө хуваалцсан. Төрийн хүндэтгэл гэж сайхан зүйл байдаг юм байна гэж бодсон. Гэр бүл, ижий аав, ахан дүүс, найз нөхөд, ажлын хамт олон болон Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга Н.Мөнхзул төв талбай дээр ирж, баяр хүргэлээ. Баярт мөчийг минь хамтдаа хуваалцсан бүх хүнд баярлалаа.
-Таны ажлын онцлог спортын замналтай нь салшгүй холбоотой. Энэ спорт таны амьдралд амжилтаас гадна олон сайхан зүйлийг дагуулсан болов уу?
-Цагдаагийн академид сурч байхдаа 2001 онд Гантөмөр багшийнхаа дасгалжуулснаар “Сонсогчийн алдар” тэмцээнд орж, спортын замналаа эхлүүлж байлаа. Түүнээс хойш 24 жил өнгөрчээ. Тулааны спортоор хичээллэх нь сахилга бат, бие бялдар, эрүүл мэндийн хувьд сайн талтай. Үүнээс гадна цагдаагийн алба нь оюун санаа, бие бялдрын хөгжлийн бэлэн байдлыг шаарддаг. Ялангуяа, манай тусгай ажиллагааны газрын үндсэн чиг үүрэг иргэдийн амь нас, аюулгүй байдлыг хамгаалахын тул энэ чиглэлийн бэлтгэл сургуулилтыг тогтмол хийнэ. Түүнийгээ гүнзгийрүүлж, тэмцээн уралдаанд хүч сорьдог. Цаашид залуу үеэ бэлтгэн сургахад түлхүү ажиллах бодолтой байгаа.
-Спортын өөр төрлөөр хичээллэх сонголт байсан уу?
-Миний ээж Булган аймгийн Хутаг-Өндөр сумын хүн. Нагац эмээгийн маань аав улсын заан Сономцэрэн гээд ах дүү гурван зааны нэг юм. Тиймээс эмээ маань намайг үндэсний бөхөөр барилдуулах сонирхолтой байлаа. Харин авга талынхан маань төрд алба хашдаг хүмүүс байв. 1921 онд Цагдан сэргийлэх газрын анхны салаан даргаар томилогдсон Л.Дэмбэрэл гэх хүн аавын минь өвөө. Тэр ч утгаараа аавын талынхан цэрэг цагдаа, эрх зүйн чиглэлээр явахыг зөвлөдөг байв. 10 жилээ төгсөхдөө багшийн сургуулийн биеийн тамирын ангид шалгалт өгөхөөр бэлдэж байв. Гэтэл Булган аймгийн цагдаагийн дэд дарга н.Бавуудорж цагдаагийн сургуульд сурах хүүхэд сонгон шалгаруулахаар ирсэн юм. Тэгээд аав ээжтэйгээ ярилцаад шалгаруулалтдаа орж тэнцээд Цагдаагийн академийн хуваарь авч, энэ мэргэжлийг сонгосон.
-Дэлхийн аваргын хошой мөнгөн медаль, Монгол Улсын 13 удаагийн аварга болтлоо энэ спортод 24 жилээ зориулжээ. Туулсан замналаа эргээд дүгнэвэл?
-ЦЕГ-ын тусгай ажиллагааны газар ажилд ороод тэр тусмаа Ардын багш, боксын гавьяат дасгалжуулагч Б.Ганбат, киокушин каратегийн Монгол дахь салбарын дарга, хар бүс таван дантай шихан Чинзориг багшийнхаа удирдлага дор бэлтгэл хийж энэ амжилтуудыг гаргалаа. Киокушин карате, кикбокс, таеквондо, Монгол-Зо гэсэн тулааны спортын төрлөөр Монгол Улсынхаа хүнд жингийн аварга болжээ. Энэ дундаас киокушин каратегаар түлхүү хичээллэж, 13 удаа улсын аварга болсон.
Азийн аваргаас хөлийн дотор талын судас хагарч ирээд, бэртлийн улмаас 10 жил дараалан аварга авсан тэмцээнээ өнжих шаардлага гарч билээ. Одоо шигшээ багийн бүрэлдэхүүнд харьяалагддаг. Киокушин карате нь тэсвэр тэвчээр их шаарддаг. Бэлтгэл сургуулилтаа тогтмол хангахгүй бол бэртэл гэмтэл авах эрсдэл өндөр. Гэхдээ ажлын онцлогоор өдөрт 3-4 цаг бэлтгэл хийх тогтсон хуваарьтай. Тэмцээний өмнө нэмэлт бэлтгэлд гардаг.
-Та өнгөрсөн онд киокушин каратегийн олон улсын тэмцээнээс аварга, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг дуудуулах бахдам сайхан байдаг болов уу?
-Өөрийн амжилтыг ахиулж, улс эх орныхоо нэрийг өндөрт өргөхийн тулд үргэлж ялахыг эрмэлздэг. Монгол Улсын тамирчин гэж дуудуулаад дэвжээнд гарах мэдрэмж сайхан ч түүнийг дагасан хариуцлага их. Тиймээс бэлтгэл, сургуулилтаа жигд сайн хангахыг хичээдэг. Тамирчин хүнд сэтгэл зүй чухал. Гэхдээ бэлтгэлээ бүрэн хангасан тохиолдолд сандрал бага байдаг. Аливаа спортод сахилга баттай, тууштай хичээллэснээр амжилт гарна.
-Тэмцээн бүр нь дурсамж, туршлага болон үлддэг байх. Гардан тулааны спортод хамгийн хүчирхэг тамирчидтай улс аль нь вэ?
-Москвад болдог 2013 оны дэлхийн аваргад мөнгөн медалийн төлөө Болгар улсын тамирчинтай тоглохдоо хүзүүндээ бэртэл авч, аваргын төлөө тоглож чадаагүй. Түүндээ багахан харамсдаг. Киокушин каратед Орос, Болгар, Бразил, Япон, Францын тамирчид хүчтэй өрсөлддөг. Финалд Оросын тамирчидтай тоглох нь элбэг. Тулааны спорт эрсдэл өндөртэй. Тэр дундаа хүнд жингийн тамирчдын цохилт их хүчтэй. Автомашины осолд орсонтой адил тархиндаа гэмтэл авах нь бий. Тиймээс эрсдэлээ тооцоолох хэрэгтэй.
Спорт гэдэг бие бялдар, оюун ухааны хослол. Тоглолтын эхний үе өрсөлдөгчөө сорьсон, ажиглалт анализ хэлбэрээр явна. Гүйлгээ ухаан зарж, хурдан сэтгэснээрээ ялалт байгуулна. Зарим хүн тулааны спортын тамирчин гэхээр бүдүүн баараг гэж буруугаар бодох нь бий. Миний хувьд Удирдлагын академийн магистр, Дотоод хэргийн их сургуулийн докторант. Боловсролдоо чамгүй анхаардаг.
-Тэгвэл монгол тамирчид ямар онцлог, давуу талаараа энэ спортод ялгардаг вэ. Манай улс тамирчдаа хэр дэмждэг вэ?
-Миний хувьд цагдаагийн албанд ажиллахын хажуугаар энэ спортоор хичээллэдэг. Магадгүй тамирчны замналаар, мэргэжлийн клубт харьяалагдаад явбал илүү амжилт гаргах боломжтой болов уу. Гэхдээ Монголд амьдралын шаардлагаар ажлынхаа хажуугаар боломжоороо энэ спортод хувь нэмрээ оруулж байна. Энэ спортод төрийн дэмжлэг дутмаг. Харин байгууллага, хамт олон минь их дэмждэг. Тусгай ажиллагааны газар болон Цагдаагийн ерөнхий газрын үе үеийн дарга, удирдлагууддаа баярлаж явдгаа хэлмээр байна. Тэмцээн уралдаанд оролцох бүрд чөлөө зөвшөөрөл өгч, бэлтгэл сургуулилтаа хийх боломжоор хангадаг нь талархууштай сайхан.
-Та тусгай ажиллагааны газарт хэзээнээс үүрэг гүйцэтгэв. Албаныхаа онцлог, чиг үүргээс хуваалцаж болох уу?
-Би Булган аймгийн эргүүлийн цагдаагаас ажлын гараагаа эхэлсэн. Сонсогч болсны дараа 2003 онд тодорхой шалтгаанаар тусгай ажиллагааны албанд орсон. Манай алба бие, сэтгэл зүйн бэлэн байдлыг шаарддаг тусгай чиг үүрэгтэй алба. Ажлын маань онцлог энэ спорттой их тохирсон гэж болно. Анх энэ албанд орохдоо их сүрдэж байсан. Гэхдээ дарга болон ах нараасаа үлгэр дуурайлал авч, өсөж хөгжин өдий хүрлээ. Манай алба өндөржүүлсэн бэлэн байдлыг хангаж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, онц ноцтой гэмт этгээдийг дайчлан баривчлах, зан үйлийг таслан зогсоох, барьцаанд авагдсан хүн, объект, тээврийн хэрэгслийг чөлөөлөх чиг үүрэгтэй. Бусад зүйлийг нарийн ярих боломжгүй. Албаны нууц гэж байдаг юм.
-Сонсогчоос дэд хурандаа болтлоо их замналыг туулжээ. Цэрэг, цагдаагийн хүнд цол ахина гэдэг хамгийн сайхан зүйлийн нэг болов уу?
-Тийм ээ, сайхан. Бид энэ салбарынхаа дээд цолонд хүрэхийг хүсэж, мөрөөддөг. 24 жил энэ албандаа хоёргүй сэтгэлээр зүтгэж явна. Буруу алхам, муу зуршлаас зайлсхийж, залуу үедээ зөв үлгэр дуурайлал үзүүлэхийг хичээдэг. Одоогоос долоон жилийн өмнө энэ цолоо хүртсэн. Мэдээж сайхан байлгүй яах вэ. Тэр тусмаа офицер цолонд хүрсэн тэр үе хамгийн сайхан санагддаг.
-Та ажил мэргэжил, хичээллэдэг спорт эр зориг шаарддаг санагдлаа. Харин хувь хүний хувьд амьдрал дээрээ хэр зоримог вэ?
-Ганцаараа шийдвэр гаргах нь ховор. Өмнө нь аав ээжтэйгээ ярьдаг байсан бол одоо эхнэртэйгээ зөвлөлдөж шийдвэр гаргана. Айлын ганц хүү болоод ч тэр юм уу аливаа зүйлд хүнлэг, эвтэй байхыг хичээдэг. Би төлөвлөсөн ажлынхаа ард гарч, зорьсондоо хүрэхийг хичээдэг төрлийн хүн.
-Танай салбарын хүмүүсийг ажлын онцлогоос шалтгаалан хатуу ширүүн, захирангуй болдог гэж ярьдаг. Та энэ тал дээр ямар бодолтой байна. Хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлдэг вэ?
-Хүн бүр адилгүй. Тухайн хүнээсээ л шалтгаалах байх. Дуугарах үедээ дуугарна. Гэхдээ аятай, эвтэй талаас нь хандахыг хичээдэг. Ажил үүргээ гүйцэтгэхээс бусад үед эр нөхөр, эцэг хүний үүргээ биелүүлнэ. Манай гэр бүл үргэлжийн завгүй цагийн хуваарьтай байдаг учир аль болох боломжоороо хүүхдүүдтэйгээ ярилцахыг хичээдэг. Орой ирэхээр нь өнөөдөр юу сурав, юу хийв, өдрийг хэрхэн өнгөрүүлсэн гээд ярилцдаг.
Би гурван хүүхэдтэй. Хүүхдүүд маань сагсан бөмбөгөөр хичээллэдэг. Эхнээсээ амжилт гаргаж байна. Бие бялдраас гадна боловсролд нь бас анхаарна. Цаг зав гарвал хичээл сургууль, дугуйланд нь хүргэж өгнө. Тэмцээн дээр нь очиж дэмжинэ. Сайн аав, сайн нөхөр байхыг хичээдэг.
-Та хэр нөхөрсөг хүн бэ?
-Анх танилцсан хүмүүс дуу цөөтэй, их зантай гэж харах нь цөөнгүй. Би сайн танихгүй хүнтэйгээ шууд яриа өрнүүлээд, нээлттэй байж чаддаггүй. Харин ойр дотно эсвэл санаа нийлсэн хүнтэйгээ сайхан яриа өрнүүлчихдэг. Цагдаагийн академийн он жавууд, энэ албанд хамт ажилласан найз нөхөдтэйгөө холбоотой байдаг.
Хүн ер нь хүнлэг хийгээд үнэн байх хэрэгтэй гэж боддог. Би сайн аав ээж, сайхан хань ижил, үр хүүхэд, ахан дүүс, түшигтэй хамт олон, багш нар, үнэн шударга найз нөхдөдөө баярлаж явдаг. Ялангуяа, ажил мэргэжлийг минь ойлгож, үргэлж надад итгэдэг халамжит ханьдаа баярлалаа.
-Таны дараагийн зорилго юу вэ?
-Ирээдүйд энэ спортоо хүүхэд, залууст түгээн дэлгэрүүлэх, мэдлэг туршлагаа хуваалцах бодолтой байна. Одоохондоо төрийн албанд ажиллаж байгаа болохоор цаг зав гарахгүй л байна. Ойрын зорилго гэвэл дөрөвдүгээр сард болох киокушин каратегийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. Мөн дангаа ахиулах зэргийн шалгалтдаа орох төлөвлөгөөтэй байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 31. БААСАН ГАРАГ. № 20 (7516)