З.БАТЦЭЦЭГ
 
2025 оны нэгдүгээр сарын 3-нд АНУ-ын 119 дүгээр конгрессын Төлөөлөгчдийн танхимын даргаар өмнөх хуралд энэ албыг хашиж байсан Бүгд найрамдах намын Майк Жонсон сонгогдсон.

Майк Жонсон (бүтэн нэр нь Жеймс Майкл Жонсон) 1972 оны нэгдүгээр сарын 30-нд АНУ-ын Луизиана мужийн Шревепорт хотод төрсөн. Итали, Франц, Ирланд үндэстэй. 

Тэрээр 1995 онд Луизиана мужийн их сургуулийг бизнесийн удирдлагын бакалавр, 1998 онд хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. Үндсэн хуулийн эрх зүйн чиглэлээр мэргэшсэн хэд хэдэн хуулийн фирмд ажиллаж, амьд явах эрх, шашин шүтэх эрх чөлөө, зэвсэг эзэмших эрх чөлөөтэй холбоотой хэргийг удирдаж байсан. 2004-2012 онд Өмнөд баптистуудын конвенцийн (АНУ-ын хамгийн том протестант байгууллага) Ёс зүй, шашны эрх чөлөөний комисст ажиллаж байсан.

Майк Жонсон 2015 оны 2-р сараас 2017 оны 1-р сар хүртэл Бүгд найрамдах намаас сонгогдсон Луизиана мужийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн байсан бөгөөд Шүүхийн хороонд ажиллаж байжээ. Тэрээр 2015 онд “Гэрлэлт эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд байна гэсэн итгэл үнэмшилтэй хувь хүнийг” ялгаварлан гадуурхахаас хамгаалах зорилготой “Гэрлэлт ба ухамсрын тухай” хуулийн төслийг өргөн барьсан. Уг баримт бичгийг Ардчилсан нам, Бүгд найрамдах намынхан шүүмжилж, хэлэлцүүлэхээр өргөн бариагүй. Гэсэн хэдий ч удалгүй захирагч Бобби Жиндл хуулийн төслийн нэр, заалтыг давтан захирамж гаргажээ. 

2016 онд Жонсон анх АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимд (доод танхим) сонгогдсон бөгөөд 2018, 2020, 2022, 2024 онд дахин сонгогдсон. Тэрээр Шүүхийн асуудал эрхэлсэн хороо, Зэвсэгт хүчний хороодын гишүүн байсан. 2023 оны 10-р сарын 25-нд тэрээр Төлөөлөгчдийн танхимын даргаар сонгогдов. Америкийн парламентын доод танхимын дарга нь АНУ-ын ерөнхийлөгчийн бүрэн эрхийг залгамжлах жагсаалтад дэд ерөнхийлөгчийн дараа байрыг эзэлдэг муж улсын гурав дахь хүн юм. Танхимын даргын хувьд тэрээр зохион байгуулалтын болон захиргааны-процессын чиг үүргийг гүйцэтгэдэг бөгөөд хамгийн чухал нь танхимын хурлаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоох явдал юм (ямар хуулийн төслийг санал хураалтад оруулах нь түүнээс хамаарна). 

2024 оны тавдугаар сард намынх нь хоёр гишүүн түүнийг Бүгд найрамдах намын конгрессменүүдийн олонхи дэмжээгүй хуулийн төслийг санал хураалтад оруулсан хэмээн буруутгаж, импичментийн ажиллагаа эхлүүлсэн. Гэвч Төлөөлөгчдийн танхим түүнийг огцруулахын эсрэг санал өгсөн. 

2024 оны арванхоёрдугаар сард Америкийн “The Hill” сонинд Бүгд найрамдах намын хэд хэдэн гишүүд Жонсоныг шинэ чуулганаар дахин сонгогдохыг эсэргүүцсэн гэж мэдээлсэн. АНУ-ын Засгийн газрыг санхүүжүүлэх хуулийн төсөлд тусгагдсан өрийн босгыг нэмэгдүүлэх заалтыг авч чадаагүй зэрэг түүний үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа олон хүн илэрхийлжээ. Гэвч түүний нэр дэвших эрхийг шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп дэмжсэн юм. 
Эхнэр таван хүүхдийн хамт амьдардаг. 

Эх сурвалж: www.zms.mn