Б.Нямсүрэн
Жил бүрийн эхэнд болдог “Алтан бөмбөрцөг” наадмын 82 дахь удаагийн ёслолын ажиллагаа Лос Анжелес хотноо өчигдөр боллоо. Телевиз болон кино урлагийн салбарын шилдэгүүдийг шалгаруулдаг энэхүү наадам Оскараас ялгаатай нь драмын болон мюзикл/инээдмийн төрөлд тус тусад нь шагнал олгодог.
Энэ жилийн хувьд “The Brutalist,” “Emilia Pérez,” “Hacks,” “Shogun”, “Baby Reindeer”, “The Substance” зэрэг киноны уран бүтээлчид энэ жилийн наадамд бусдаасаа илүү одтой байлаа. Тухайлбал жүжигчин Деми Мур “The Substance” киноны дүрээрээ мюзикл/инээдмийн төрөлд шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг хүртлээ. Тэрбээр энэхүү хүндтэй наадамд гурав дахь удаагаа нэр дэвшиж, анхныхаа “Алтан бөмбөрцөг”-ийг атгасан нь энэ. 62 настай жүжигчин тайзан дээрээс хэлсэн үгэндээ “Энэ “ертөнц” надад чи тайзнаас буух болоогүй байна гэж хэллээ” хэмээн онцлов.
Энэ жилийн наадамд жүжигчин Зои Салдана, дуучин Ариана Гранде нарын 26 уран бүтээлч анх удаа нэр дэвшин өрсөлдсөн. Жүжигчин Зои Салдана “Emilia Perez” кинонд бүтээсэн дүрээрээ туслах эмэгтэй дүрийн шагналыг хүртэв.
Баярт үдшийн томоохон дуулианы нэг нь Бразилийн жүжигчин Фернанда Торрес Холливудын алдарт жүжигчин Анжелина Жоли, Николь Кидман нартай өрсөлдөн "Би энд байна" киноны дүрээрээ шилдэг драмын жүжигчнээр шалгарав.
Мөн “Shōgun” цуврал шилдэг цувралаар шалгарсан төдийгүй жүжигчин Хироюки Санада гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин төрөлд, Анна Савай шилдэг эмэгтэй жүжигчин төрөлд “Алтан бөмбөрцөг” хүртлээ.