Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж баталлаа. 

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч С.Энхбаатар 1977 онд Төв аймагт төрсөн, 47 настай. 1999 онд МУИС-ийн Хууль зүй зүйн сургуулийг эрх зүйчээр төгсөж, 2007 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд хууль зүйн магистрын зэрэг хамгаалж, 2015 онд Австралийн Сидней хотын Макьюри их сургуульд олон улсын харилцааны магистрын зэрэг хамгаалжээ.

1999-2002 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт хуулийн мэргэжилтэн, 2005-2008 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт мэргэжилтэн, Тамгын хэлтсийн дарга, 2008-2009 онд Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийн дэд дарга, 2009-2012 онд УБЕГ-ын орлогч дарга, 2012 онд ЗГХЭГ-т референт, 2012-2013 онд ШӨХТГ-т орон тооны гишүүн, Дэд дарга, 2015-2016 онд Соёмбо легал партнерс ХХН-ий зөвлөх, 2016-2018 онд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ний Хангах үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал, 2018-2019 онд Архивын ерөнхий газрын архив албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын ерөнхий байцаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад 2019 оны нэгдүгээр сарын 9-ний өдрөөс Архивын ерөнхий газрын даргаар ажиллажээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч С.Энхбаатар нэр дэвших болсон үндэслэл, эзэмшсэн боловсрол, ажлын туршлагаа танилцуулсан. Төрийн албанд 20 гаруй жил ажиллаж байгаа тэрбээр мэргэжилтнээс шатлан дэвших мерит зарчмаар дэвшиж, одоо агентлагийн даргаар ажиллаж байгаа аж.  Ажиллаж байх хугацаандаа төрийн албаны шинэтгэл, төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр төрийн албаны захиргааны чиглэлээр гол төлөв ажиллаж ирсэн. Нэр дэвшигчийн болзлыг хангах боломжтой хэмээн үзэж, хүсэлтээ зохих ёсоор бүртгүүлжээ.

Түүнийг томилох эсэх асуудлаар санал хураахад гишүүдийн олонх дэмжлээ. 

Эх сурвалж:www.polit.mn