Базарбямбын НЯМСҮРЭН
Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын талаар Германы Хэвлэлийн зөвлөлийн орлогч дарга Манфред Протцетэй ярилцлаа. Тэрээр өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Ёс зүйн хорооны гишүүдэд мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлж чадавхжуулахад томоохон үүрэг гүйцэтгэсэн. Энэ удаад мөн хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг нарийвчлан сайжруулах ажилд зөвлөлгөө өгөхөөр манай улсад ирээд байгаа юм.
-Та үе үе манай улсад ирж, Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын талаар сэтгүүлчидтэй уулзаж, санал зөвлөгөө харамгүй өгдөг. Энэ удаад Монголд ирсэн гол зорилго тань юу байв?
-Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт амжилттай ажиллахын тулд ямар алхмуудыг хийх ёстой вэ гэсэн эрэл хайгуулыг хийхээр ирсэн.
Энэ цаг үед ХМЗ-ийн гишүүд хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг цаг үеийн хөгжилтэй уялдуулан нэмэлт өөрчлөлт хийхээр ажиллаж байна. Үүнд нь зөвлөлгөө өгч, мэргэжлийн туршлагаасаа хуваалцахаар ирсэн. Мөн хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын тогтолцооны тогтвортой хөгжилд хамгийн чухал нөлөөтэй санхүүгийн олон талт бие даасан байдлын талаар санал солилцож байна. Санхүүжилтын боломжуудыг хайхдаа Хэвлэл мэдээллийн зөвлөлийн бие даасан байдлыг хадгалж үлдэх нь хамгийн чухал асуудал юм.
-Монголын нөхцөлд бие даасан хараат бус байдлыг хадгалж үлдэх боломж байна уу?
-Хэвлэл мэдээллийн зөвлөлийн үйл ажиллагааг дэмжигчдийн тоо их байх тусмаа ганцаарчилсан байдлаар хэвлэлийн зөвлөлд үзүүлэх бусад хандивлагчдын нөлөө багасч байдаг. Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гаргаж байгаа шийдвэр нь хэн нэгэн хандивлагч мөнгө өгсөн учраас хараат байж болохгүй. Тийм хардлагаас аль болох ангид байх нь чухал. Өөрийн зохицуулалтын гол шийдвэрийг гаргаж байгаа Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ёс зүйн хорооны гишүүд нэг талаар шүүгчийн үүргээр ажиллаж байгаа. Энэ “шүүгчид” хаанаас ямар хэмжээний санхүүжилт орж ирснийг мэддэх шаардлагагүй. Тэд бие даасан байдлаар ёс зүйн дүгнэлтээ гаргах ёстой. Үүгээрээ Хэвлэл мэдээллийн зөвлөл хараат бус байдлаа баталгаажуулж байгаа нэг хэлбэр юм.
-Хэвлэл мэдээллийн зөвлөл бол хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллага. Олон улсын жишгээс үзэхэд олон нийтийн санхүүжилт буюу төсвөөс дэмжих боломж нөхцөл байдаг уу?
- Хэвлэлийн зөвлөлийн гүйцэтгэж байгаа үүргээр нь авч үзэхэд төрөөс санхүүжүүлэх боломжтой. Гэхдээ энэ нь нийт санхүүжилтын 50-иас илүүгүй хувь байхад зохистой гэж үздэг. Тэр тусмаа ардчилсан нийгмээ хадгалахыг хүсч байгаа л бол аливаа улсын төр хэвлэл мэдээллийн бие даасан, хараат бус байдлыг зарчмын хувьд дэмжих ёстой. Яагаад гэвэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл хараат бол ардчилал оршин тогтнох боломжгүй. Германд олон арван жилийн өмнөөс Германы хэвлэлийн зөвлөлийг төрөөс дэмжиж ирсэн. Энд гэхдээ нэг чухал зүйл нь төр ингэж дэмжсэнээрээ өөрийн зохицуулалтын байгууллагад ямар ч нөхцөл тавих ёсгүй. Мэдээж төсвийн мөнгийг зарцуулж байгаа учир хуулийн зохицуулалт байх ёстой. Хэвлэлийн зөвлөлийг дэмжсэн хуулийн гол зорилго нь Хэвлэл мэдээллийн зөвлөлийн ёс зүйн хорооны бие даасан, хараат бус байдлыг дэмжих зорилготой. Өөрөөр хэлбэл, төсвийн мөнгөөр хэвлэлийн өөрийн зохицуулалтыг дэмжих нь ёс зүйн шүүгчдийн бие даасан хараат бус байдлыг дэмжих зорилготой гэж хэлж болно. Энэ боломжийг Монголд хэрэгжүүлээсэй гэж Монголын эрх баригчдад зөвлөмөөр байна. Гэхдээ энэ бол улс төрийн процесс учир цаг хугацаа шаардах үйл явц. Гэтэл нөгөө талд Хэвлэлийн зөвлөл хэзээ энэ асуудал шийдэгдэх бол гэж хүлээгээд сууж болохгүй. Яг энэ нөхцөлд жирийн иргэд, аж ахуйн нэгжийн бодит туслалцаа Хэвлэлийн өөрийн зохицуулалтад хамгийн чухал байдаг.
-Таны ирсэн байгаа энэ цаг үед бид Хэвлэл мэдээллийн ёс зүйн кодыг нэмэлт оруулж, сайжруулахаар хэлэлцэж байна. Одоогийн ёс зүйн кодыг анх боловсруулахад та зөвлөж байсан. Одоо ч тодорхой хэмжээнд санал зөвлөмжөө өгч байна. Таны бодлоор бид хамгийн гол нь юунд илүү анхаарах хэрэгтэй вэ?
-Хэвлэл мэдээллийн ёс зүйн кодыг агуулгын хувьд өөрчлөөгүй. Улам сайжруулж нарийвчлахаар хэлэлцэж байгааг онцолж хэлмээр байна. Өнөөдрийг хүртэл барьж ирсэн аливаа мэдээлэл үнэнд нийцсэн байна, хувь хүнийг хүндэлнэ, хамгаална гэсэн үндсэн зарчмууд байгаа. Шинээр өөрчилж байгаа биш өнгөрсөн 10 жилд гарсан туршлагуудаас гомдлоор орж ирж шийдвэрлэгдсэн асуудлуудыг илүү нарийвчилж, ялгааг нь гаргаж байгаа хэрэг.
Монголын хувьд далд реклам сурталчилгааг ёс зүйтэй гэж үзэхгүй гэдэг агуулгыг Ёс зүйн кодод нарийвчилж оруулж байгаа. Учир нь далд зар сурталчилгааг хүлээн зөвшөөрөх нь урт хугацаандаа хэвлэл мэдээллийн хэрэгсэлд асар хортой. Иргэдийн хэвлэл мэдээлэлд итгэх итгэлийг үгүй хийдэг аюултай. Мөн цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн технологийн нөлөөг харгалзаж үзэх шаардлага тулгарч байна. Жишээ нь, шууд дамжуулалт, хиймэл оюун ухаан гэсэн сэдвүүд хөндөгдөж байна.
-Германы хэвлэл мэдээллийн салбарт түгээмэл байгаа ёс зүйн алдаа юу вэ?
-Хамгийн эхний асуудал бол сэтгүүл зүйн нягт нямбай байдал. Хувь хүнийг хамгаалах, хүний нууцад халдах байдал том томруун илэрдэг алдаанууд. Үүний дараа ялгаварлан гадуурхах асуудал бас цөөнгүй гарч байна. Мөн далд реклам сурталчилгаа сүүлийн үед эрс нэмэгдсэн.
-Ёс зүйн энэ мэт алдааг гаргахгүйн тулд мэргэжлийн талаас хэн юу хийх ёстой юм бэ?
-Өнөө үед сошиал медиа ёс зүйгүй сэтгүүл зүйг өдөөж байгааг бид өдөр тутам харж байна. Эндээс бид ямар дүгнэлт хийх вэ гэхээр сошиал медиад худал хуурмаг, хуурамч мэдээлэл ихсэх тусам иргэн хаанаас бид найдвартай мэдээлэл авах вэ гэдэг нөгөө тал илүү тодорхой болж ирнэ. Үүнийг бид уламжлалт сэтгүүл зүйн амьдрах орон зай гэж харж байна. Өөрөөр хэлбэл, ёс зүйн кодоо дагаж мөрддөг мэргэжлийн редакц сэтгүүл зүйд цаашид оршин тогтнох боломжтой. Сошиал медиа техникийн боломжоор илүү байж болно. Нэг талаас харахад хүн бүр тийш хошуураад байгаа мэт боловч нөгөө талаар одоо “тоглоод ханачихлаа”. Эндээс ямар мэдээлэл хэрэгтэй, ямар нь хэрэггүй гэдэг нь хар цагаанаараа ялгараад эхэллээ. Товчхондоо бол, хүн төрөлхтөн үнэн бодит мэдээллийг хүсэх хүсэл эрмэлзлэлээ гээгээгүй. Тэгэхээр сошиал медиа өнгөрсөн хугацаанд олон хүний сонирхлыг татаж байсан ч уншигч хүлээн авагчид эргээд уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл илүү найдвартай, үнэн мэдээллийг хүргэдэг юм байна гэдгийг ойлгох хандлага руу орж эхэлж байна. Мөн бид худал мэдээлэлтэй тэмцэх хэрэгтэй гэж ярьдаг. Гэтэл тэр худал мэдээлэл гэдэг яг юу юм бэ гэдэгт тохирсон тодорхойлолтыг бид одоо ч олоогүй байна. Гэтэл төр энэ худал мэдээлэл гэж юу вэ гэдэг тодорхойлолтыг гаргаад хайрцаглаад эхлэх юм бол жинхэнэ аюул болно. Тиймээс иргэний нийгэм дотроо ардчилсан байдлаар асуудлаа хэлэлцдэг нийгмийг хүн бүр хүлээн зөвшөөрдөг.
-“Зууны мэдээ” сонин саяхан олон улсын JTI сертификатаа авсан анхны сонин болсон. Энэ нь манай уншигчид найдвартай эх сурвалжаас мэдээлэл авч байгааг баталгаажуулж байгаа нэг илрэл гэж бид ойлгож байгаа?
-Ямар мэдээлэл үнэн бодитой найдвартай вэ гэдгийг иргэд өөрсдөө аяндаа мэднэ. Мөн ирээдүйн уншигчдыг худал мэдээллээс ангид, найдвартай эх сурвалжаас мэдээлэл авдаг хэрсүү болгохын тулд бид одооноос, хүүхдүүдэд зааж өгөх ёстой. Уран зөгнөл гэж юу юм, бодит байдал гэж юу юм гэдгийг хүүхдүүдэд ойлгуулахаас эхлэх хэрэгтэй. Ямар арга замаар мэдээллийг олж авах вэ, олсон мэдээллээ үнэнд нийцсэн үү гэдгийг багаас нь, бүр цэцэрлэгээс нь зааж эхлэх ёстой. Үүнийг хийхэд зөвхөн нэг үе хангалтгүй, үе үеэрээ дамжиж байж зөв дадал хэвшил тогтоно.
Миний бодлоор уламжмлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ил тод, нээлттэй байх асуудал жаахан дутмаг юм шиг санагддаг. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл уншигчиддаа яагаад энэ асуудлыг ингэж мэдээлж байгаа талаараа тодорхой тайлбарладаггүй, орхичихдог. Ийм тайлбар дутагдаад байгаа учраас уншигчид зарим зүйлийг ойлгодоггүй. Жишээ нь ямар нэгэн гэмт хэргийн талаар мэдээлэхдээ тухайн хүний нэр, бусад хувийн мэдээллийг нууцалдаг. Гэхдээ үүнийгээ ямар учраас нууцалж байгаагаа нийтлэл дотроо тайлбарлалгүй орхичихдог. Гэтэл сошиал медиа тэр хүний талаар юу ч хамаагүй мэдээлээд эхэлдэг. Гэтэл уламжлалт мэдээллийн хэрэгсэл ёс зүйгээ баримтлаж байгаагаа уншигчдад хэлдэггүй учраас тэд төөрөлддөг. Ийм тохиолдолд та бүхэн ёс зүйн ийм дүрмийн дагуу бид энэ мэдээллийг ингэж өгч байгаа гэдэг жижиг тайлбарыг нийтлэл, нэвтрүүлгийнхээ аль нэг хэсэгт оруулж өгснөөрөө илүү ойлгомжтой бас найдвартай эх сурвалж гэдгээ баталгаажуулна.
-Таныг Германы Хэвлэлийн зөвлөлд 30 гаруй жил ажиллаж 30,000 гаруй өргөдөл шийдэхэд оролцсон. Хэвлэл мэдээллийн зөвлөлд орохоосоо өмнө сэтгүүлчээр ажиллаж байсан гэж сонссон. Таны сэтгүүлч болсон түүхийг сонирхож болох уу?
-Миний сэтгүүлч болохоор шийдсэн шалтгаан тодорхой түүхтэй холбоотой. Би 1946 онд төрсөн. Дэлхийн II дайн дөнгөж дуусаад байсан үе л дээ. Би хүүхэд байхдаа аав ээжээсээ германууд яагаад дайн болон хүн төрөлхтний түүхэнд бичигдсэн хар бараан түүхийг эхлүүлсэн юм бэ гэж асууж байсан юм. Тэр үеийн Германы Засгийн газрын хийсэн хэдэн зуун мянган еврей, цыгануудыг хоморголон устгасан энэ хар түүх бол төсөөлөхийн аргагүй гэмт хэрэг. Тэр үед аав ээж маань надад “Бид энэ талаар мэдээгүй юм” гэж үнэнээ л хэлсэн. Үнэхээр тэр үеийн жирийн иргэд мэдээгүй. Учир нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл 100 хувь төрийн мэдэлд байсан, тэд ямар мэдээлэл өгөхийг шийдэж байсан учир бүгдийг нууцаар хийсэн. Яг үүнээс болж би иргэдэд хэнээс ч хамааралгүйгээр мэдээлэлтэй байх боломж олгодог тийм ажлыг л хийх юмсан гэж хүссэн юм. Төрийн хяналтанд байдаг мэдээллийн хэрэгсэл биш өөрийн хүслээр мэдээлэл олж авдаг тийм нийгэм байгаасай гэж хүссэн учраас энэ мөрөөдлөө биелүүлэхийн тулд сэтгүүлч болсон.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 18. ЛХАГВА ГАРАГ. № 244 (7488)