Т.САЙХАН
Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтад 97 гишүүн оролцсоноос 87 гишүүн дэмжиж, 82.5 хувиар санал дэмжигдлээ. Ийнхүү хуулийн төслийг эцэслэн батлав.
Эцсийн найруулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Дамдиням “Ардчилсан нам дотор даргын сунгаан өрнөчхөөд хэцүү байгаа бололтой. Энэ сунгаандаа эртхэн бэлтгээд, зодоглоцгоогоод ажлаа явуулахгүй биднийгээ ирж гөвөөд байх юм.
МАН-д Улстөрийн намын тухай хуулийг нэг жилээр сунгах ямар ч хэрэгцээ байхгүй шүү дээ. Та нарын гуйлтаар л хийж байгаа гэж ойлгож байна. Манай нам тулхтай, түшигтэй, алсын хараатай учраас хамтарсан Засгийн газрыг ажлаа хийг, ард түмэнд хэрэгцээтэй том төслүүдээ явуулаг гээд “За яах вэ дээ” гээд л байна.
Тэгэхээр бидэн рүүгээ багахан шиг дайрч үзээрэй дээ. Хамтарч байгаа бол хамтарсан шиг хамтраарай. Бид тэвчээр гаргаад дуугүй сууж байгаа шүү. Улстөрийн намын тухай хууль нэг жилийн хугацаатай суналаа. Энэ хугацаанд хурал, зөвлөгөөнөө аятайхан хийгээд, дотроо бага шиг алалцаад урагшлахаа бодоорой. Энэ хуулийг дахиж сунгахгүй шүү гэсэн байр суурьтай буйгаа илэрхийлье” гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn