Б.ГАРЬД
Хятадын “Шеньхуа” групп, Хятадын хөгжлийн банк, Монгол-Хятадын хамтарсан “Гашуунсухайт төмөр зам” ХХК-ийн удирдлагууд 2014 оны наймдугаар сарын 21-нд Улаанбаатар хотноо Монгол, Хятадын Ерөнхийлөгч нарыг дэргэдээ зогсоож байгаад “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын төслийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-т гарын үсэг зурсан байдаг.
Энэ хэлэлцээрийн өмнө хойно, ил далд өрнөсөн үйл явдал өдгөө сөхөгдөж эхлээд байгаа юм. Эх сурвалжуудын хэлж, бичээд байгаагаар бол дээрх хэлэлцээр 2013 оны аравдугаар сарын 25-ны өдөр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал, нөгөө талаас гэрээнд “Консорциум” гэж томъёолсон, Хятадын “Шеньхуа групп корпораци”-ийн захирлуудын зөвлөлийн дарга, Монголын “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал, “Энержи ресурс” ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга, “Тавантолгой” ХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга нарын Бээжинд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичигт тулгуурлажээ
Санамж бичигт “Гашуунсухайт төмөр замын өртөө нь одоо барьж буй Ухаа худаг-Гашуунсухайт төмөр замын хамгийн өмнөд өртөө байна”, “…“Монголын төмөр зам”-ын зүгээс Боомтын төмөр замыг барьж ашиглалтад оруулахад шаардлагатай хууль эрх зүйн зохицуулалтын орчныг бүрдүүлэх, түүнчлэн Монголын төрийн болон орон нутгийн эрх бүхий байгууллагаас шаардлагатай лицензийг авахад дэмжлэг үзүүлнэ”, “Консорциум нь Боомтын төмөр замыг барих төслийн санхүүжилт, зураг төслийг боловсруулах, барилга угсралтыг гүйцэтгэх үүргийг дангаараа хариуцна”, “…Ухаа худаг-Гашуунсухайт төмөр зам баригдаж дууссаны дараа Боомтын төмөр замтай холбогдмогц Боомтын төмөр замын өмчлөл “Монголын төмөр зам”-д шилжинэ”, “Төслийн хөрөнгө оруулалтын зардлын төсвийг Консорциум боловсруулж, талууд харилцан тохиролцож батална”, ” …“Монголын төмөр зам” нь Консорциумын барьсан Боомтын төмөр замыг харилцан тохиролцсон шударга үнээр худалдан авч өөрийн өмчлөлд шилжүүлэн авна”, “Төлбөрийг шууд бэлэн мөнгөөр, эсвэл “Монголын төмөр зам”-ын барьж буй Ухаа худаг-Гашуунсухайт төмөр замыг өмчлөх хуулийн этгээдийн хувьцаанд хөрвүүлэх хэлбэрээр хийнэ”, “Консорциум нь Боомтын төмөр замыг “Монголын төмөр зам”-ын өмчлөлд шилжүүлэн авах хүртэлх хугацаанд Боомтын төмөр замын ашиглалт, тээвэрлэлт, засвар үйлчилгээг хариуцна. Боомтын төмөр замыг “Монголын төмөр зам”-ын өмчлөлд шилжүүлсний дараа цаашдын ашиглалтын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг Талууд хэлэлцэж тохиролцоно” гэсэн байдаг.
Тэгвэл өдгөө дээрх ерөнхий хэлэлцээрийг хууль хяналтынхан ч сонирхож эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Анхны гүйцэтгэх захирал Хөхөөгийн Ганболдыг шалгаж байгаа аж.
Юутай ч уг хэлэлцээрийн төслийг Засгийн газар буюу ЗТЯ, эсвэл “Гашуунсухайт төмөр зам” ХХК боловсруулаагүй бололтой. Учир нь “…Энэ хэлэлцээрийн төслийг “Энержи ресурс”-ийн нэг хүн “Гашуунсухайт төмөр зам” ХХК дээр барьж очсон. Тэр төслийг нь “Гашуунсухайт төмөр зам” ХХК-ийг гүйцэтгэх удирдлагууд авч яваад дэмжүүлсэн” гэх мэдээлэл яригдаж байна. Арван жилийн өмнөх энэ ерөнхий хэлэлцээрийн эргэн тойрныг “ухсан” үйл явдал нэлээд ширүүхэн үргэлжлэх бололтой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 12. ПҮРЭВ ГАРАГ. № 240 (7484)