Дэлхий нийтээрээ уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд анхаарал хандуулж байна. Олон улс орны удирдагчид НҮБ-ын өмнө уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох үүрэг хүлээж,  зорилтдоо хүрэхээр хүчин чармайлт гаргаж байгаа. Монгол Улсын хувьд ч мөн адил энэ үйлсэд нэгдэж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төрийн бодлого хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ. Монгол Улс бол эрс тэс уур амьсгалтай дөрвөн улиралтай, байгаль цаг уурын хувьд өвөрмөц онцлогтой орон. Мөн монголчуудыг байгаль дэлхийтэйгээ ойр амьдарч ирсэн, хүйн холбоотой ч гэж ярьдаг. Тэгвэл дэлхий нийтийн асуудал болсон уур амьсгалын өөрчлөлт та бидний аж амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ. “Зууны мэдээ” сонин арванхоёрдугаар сарын “Үзэл бодлын чөлөөт талбар”  буландаа уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар 30 хүний байр суурийг хүргэж байна.

 

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг манлайлал үзүүлэхийг эрмэлздэг орон

Б.Батцэцэг

Гадаад харилцааны сайд

-Манай улс бэлчээрийн мал аж, ахуйтай, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтөд багагүй нэрвэгдэж байгаа орон. Ер нь хөгжиж байгаа орнуудын хувьд нэлээн сорилттой байдаг. Учир нь уур амьсгалын өөрчлөлтөд зарцуулах төсөв тун бага байдаг ба энэ хэрээр илүү хохирол амсаж байдаг. Тийм учраас хөгжсөн орнууд илүү төсөв тавьж, ингэснээр бэлчээрийн мал аж ахуйтай, уур амьсгалын өөрчлөлтөд ихээр нэрвэгдэж байгаа 100 гаруй орнуудын нийтлэг эрх ашигт нийцэх учиртай.  Бид “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал” зэрэг томоохон төслүүд дээр төсвөө нэмэгдүүлж байгаа.  “Тэрбум мод” төслийн хүрээнд бид 70 орчим сая мод тариад байна. Үүнд бид бас хөрөнгө зарж байгаа. Өөрөөр хэлбэл хөгжиж байгаа орнууд дунд бид харьцангуй өөрсдийн боломжоор зардлаа нэмэгдүүлж, хувь нэмрээ оруулж байгаа гэдгээ олон улсад илэрхийлсээр ирсэн. Дээрээс нь манай улс далайд гарцгүй хөгжиж буй орон. Ийм статустай 32 орон бий. Үүн дотроо бид харьцангуй манлайлалтай, санаачилгатай байхыг эрмэлздэг. Уур амьсгалын өөрчлөлтөд нэрвэгдээүй далайд гарцгүй орон гэж байхгүй. Мөн  Монгол Улс дэлхий нийтийн өмнө  уламжлалаараа байгаль дэлхийтэй зөв сайхан харьцдаг, мал амьтадтай харьцаж, хоршиж амьдарч сурсан нүүдэлчин ард түмэн гэдгээ үргэлж илэрхийлж, үүгээрээ дэлхий ертөнцөд байгаль эхтэйгээ зөв харьцахыг уриалж байдаг юм.

 

Зүүн Азийн улсууд Монголын экологийн доройтлын талаар гомдол саналаа ирүүлдэг болсон

Ч.Сумъяа

Монгол, Хятадын уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний технологи, инновацын төвийн үүсгэн байгуулагч

-Сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд агаарын температур 2°C -ээр нэмэгдсэн нь Монгол орныг уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж буй улс орны тоонд оруулж байна. Агаарын температур нэмэгдэхийн зэрэгцээ хур тунадасны хэмжээ буурч цөлжилт хуурайшилтыг нэмэгдүүлж, бэлчээр, усны нөөцийг багасган, байгалийн бүс бүслүүр шилжихэд хүргэлээ.

Нэг жишээ дурдахад, Зүүн Азийн эргэн тойрны улсуудаас сүүлийн жилүүдэд Монгол Улсын экологийн доройтлын талаар гомдол саналаа ирүүлдэг болсон. Тухайлбал, Хятадын хойд нутгийн Бээжин, Тяньжин хотуудад шар шороон шуурганы давтамж нэмэгдэж иргэдийн зүгээс төр засагтаа гомдол мэдүүлж Монгол Улсаас өмнөд говийн бүсээс гаралтай, мөн БНХАУ-ын ӨМӨЗО-ны цөлөрхөг нутгуудаас шар шороон шуурга ирлээ гэх болсон. Бид ч хамгийн эмзэг эко систем бүхий газар нутгаасаа уул уурхайн баялаг олборлож эко нөхцөл байдлыг хүндрүүлж байгаа. Мөн бусад нутгуудаар мал аж ахуй-д чанарын бус тооны өсөлтийг анхаарснаар ус бэлчээр эко системийн дарамтыг улам нэмэгдүүлж байна. Монгол Улсад яаж улс орны уул уурхай мал аж ахуйгаас хамаарсан эдийн засаг хөгжил дэвшил, түүнийг дагасан байгаль экологийн доройтлын балансыг хэрхэн зөв барих вэ гэдэг өөрөө ирэх жилүүдэд  тулгарч буй томоохон сорилт болохоор байна. Өнгөрсөн тавдугаар сард Өмнөд Солонгос, Хятад, Японы удирдагчид Сөүл хотод гурван талт дээд хэмжээний уулзалт болсон. Тус уулзалтын хамтарсан мэдэгдлийн 22 дугаар заалт дээр ““Өмнөд Солонгос, Хятад, Япон+Х” хамтын ажиллагааны хүрээнд Зүүн Азийн элсэн болон шороон шуургыг бууруулах чиглэлээр Монгол Улстай хамтран ажиллана” гэсэн байгаа бөгөөд бид бүс нутгийн орнуудтай хамтарч ажиллах боломжтой мөн чухлыг онцолсон байна. Цаашдаа бид Зүүн Азийн хүчирхэг эдийн засаг бүхий эдгээр орнуудтай өөрсдийн нөхцөл байдлаа сайтар ойлгуулж хамтарч ажиллах нь чухал байна.

 

Өнгөрсөн жилийн үер бол уур амьсгалын өөрчлөлтийн тод жишээ

Р.Болор

Байгаль орчны ажилтан

-Уур амьсгалын өөрчлөлт Улаанбаатар хотынхоны өдөр тутмын амьдралд бодитоор нөлөөлж байна. Тухайлбал, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд зун намираа бороо бус усархаг аадар бороо их орж үер болсон. Үүнээс үүдэж иргэд эд материал төдийгүй амь насаараа хохирсон. Хэт халууны улмаас эрүүл мэндийн асуудал ч үүсэх болсон. Мөн намрын улирал харьцангуй урт үргэлжилж байгаа нь ч үүний тод жишээ. Иргэд арван нэгдүгээр сар хүртэл хөнгөн нимгэн хувцастай явж байна шүү дээ. Тиймээс бид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй байна. Ямар боломж бололцоо байгааг судлах шаардлага үүссэн гэж боддог.

 

Ургамлын шим тэжээл муудсан байна

Б.Цоодол

Архангай аймгийн Хотонт сумын аварга малчин, уран уургач

-Уур амьсгалын өөрчлөлт малч түмэн бидний амьдралд хамгийн их нөлөөлж мэдрэгдэж байна.  Манайх Орхон голын хөндийгөөр нутагладаг.  Сэрүүхэн талдаа байдаг газар.   Ургамал нь их шим тэжээлтэй, ялангуяа адуунд их ээлтэй газар л даа.  Сүүлийн жилүүдэд манай нутаг хамгийн их халдаг болсон. Мөн нэг хүйтрэхээрээ маш их хүйтэрч байна.  Зун, намар өвс сайн ургаж байгаа ч шим тэжээл нь муудсан нь ажиглаж байгаа.  Мал тарга тэвээргэ сайн авах ч тухайн  жилдээ тамир тэнхээ их муу, жаахан хүйтрэхэд л цагийн салхи даахгүй байх жишээтэй.   Ер нь 10-аад жилийн өмнөх зүйлгүй, уур амьсгал маш их өөрчлөгдөж байна.

 

Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв байгуулна

Б.Жавхлан

Ерөнхийлөгчийн Төсөл, хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх

-Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, бэлчээрийн доройтол, ундны ус, ой, шугуйн хомсдолыг даван туулахын төлөө нэг улс дангаараа бус, дэлхий нийтээр хамтран ажиллах нь чухал. Тиймээс  Монгол, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын санаачилгаар “Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв” байгуулах ажил эрчимжиж байна.  Энэ төв байгуулагдсанаар хоёр улсын төдийгүй бүс нутгийн байгаль орчныг хамгаалах, ойн аж ахуйг сэргээхэд чухал хувь нэмэр оруулах юм. 2026 онд Улаанбаатар хотноо НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хурлыг зохион байгуулна.  Үүнийг улс орнууд төдийгүй иргэд маань дэмжин, идэвхтэй хамтран ажиллана гэж найдаж  байна.

 

Уур амьсгалын өөрчлөлтийг нухацтай авч үзэх шаардлагатай

Тапан Мишра

НҮБ-аас Монгол Улсад суугаа Суурин Зохицуулагч

-Уур амьсгалын өөрчлөлтийг бодит байдал гэдгийг хүлээн зөвшөөрч, илүү нухацтай авч үзэх шаардлагатай. Байгаль орчны асуудалтай холбогдуулж гурван асуудлыг чухалчилмаар байгаа юм. Эхнийх нь уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж буй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах. Монголд хүлэмжийн хийн ялгаруулалтад ихээр нөлөөлдөг хоёр том салбар байгаагийн нэг нь хөдөө аж ахуйн салбар. Нийт хүлэмжийн хийн ялгарлын 51 хувийг энэ салбар дангаараа ялгаруулж байна. Тэгэхээр малын тоо толгойг зохистой хэмжээнд байлгаж, малаас үүдэлтэй метаны хийг био түлш, био энерги болгож ашиглаж чадвал хүлэмжийн хийн ялгарлыг багасгах боломжтой. Хоёр дахь нь мэдээж мод тарьж, ойн нөөцийг нэмэгдүүлснээр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах боломжтой. Монгол орны нийт газар нутгийн дөнгөж есөн хувь нь л ойгоор бүрхэгдсэн. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хүн бүрийн оролцоо чухал. Гуравдугаарт, сэргээгдэх эрчим хүчийг ашигласнаар энэ амлалтад хүрэх боломжтой. Монгол орны нэг онцлог нь жилийн 260 гаруй хоног нартай. Нар болон салхины эрчим хүчийг ашиглах асар их нөөц боломж бий гэсэн үг. Гэтэл бид энэ их боломжийг алдаж, зөвхөн түүхий нүүрс, сайжруулсан түлш зэргээс хэтрэхгүй байгаа нь харамсалтай.

 

Мал маллахад хүндрэлтэй болж байна

Ч.Чулуунхүү

Архангай аймгийн Жаргалант сумын малчин

-Цаг агаарын хатуу ширүүн, тогтворгүй нөхцөлд байдлаас үүдэн олон эрсдэл бий болдог. Тухайлбал, сүүлийн хэдэн жилд цас их хэмжээгээр орж, зуд болж байна. Зун бороо хур орох нь багасч, өвс хадлан авахад хүндрэлтэй болсон. Сүүлийн үед хөдөөний хүмүүс хот руу нүүх нь нэмэгдэж байгаа. Учир нь уур амьсгалын өөрчлөлт, цаг агаарын тогтворгүй байдал нь малчдын амьдралд хүндээр тусаж, цаашид мал маллахад хэцүү байдлыг үүсгээд байгаа юм. Ган, зуданд малаа алдсан малчид орлогын эх үүсвэргүй болж буй тохиолдол ч бий. Цаашлаад бэлчээрийн даац хэтэрснээс үүдэж цөлжилт улам эрчимтэй явагдахад хүрч байна.

 

Байгалийн эрхийг хуульчлах хэрэгтэй

Г.Мэнд-Ооёо

“Чингис хаан” одонт, Соёлын гавьяат зүтгэлтэн

- Хүн төрөлхтөн өөрөө эх болсон байгалийн  зүй зохистой оршин байх эрхийг,  бизнесийн ашгийн зорилгоор байнга  зөрчсөөр байна.  Энэ нь дэлхий дахиныг хамарсан уур амьсгал,  цаг агаарын өөрчлөлт, хувьсалд хурдтай татан оруулж байна. Цөлжилт, салхи шуурга, ойр давтамжтай байгалийн гамшигт үзэгдлүүд бидний амьдрал, үр хүүхдийн ирээдүйг түгшүүртэй болгож байна. Эдийн засагт сөрөг үр дагавар авчирч байна. Хүн төрөлхтний тайван байх эрхийг байргүй болгож байна.  Дэлхий дахины даяарын хөдөлгөөн бий болгохгүйгээр байгаль дэлхийгээ аврахад  хэцүү боллоо. Иймээс өнөөдөр байгалийн эрхийн тухай дэлхий нийтийн тунхаглал гаргах цаг болсон. Байгаль бол заяагдсан өөрийн орших зүй тогтолтой. Тэр зүй тогтнолыг хүн төрөлхтөн хүндэтгэх үүрэгтэй.  Хүний эрхийн түгээмэл тунхаглал гэдэг шиг “Байгалийн  эрхийн түгээмэл тунхаглал “ хэмээх дэлхий дахины хуулийг  Монгол Улс  санаачлах боломжтой.  Монгол орны эрс тэс  дөрвөн цагийн уур амьсгал бол, орчлон ертөнцөөс бидэнд хайрласан дээд хишиг юм. Монгол  хүнд заяасан тэсвэр тэвчээр, дасан зохицох чадвар, авьяас, хүч тэнхээ, сэтгэх сэлгэх онцгой давуу талыг байгалийн энэхүү шалгарал буй болгосон.  Байгалиас хамааралгүй амь амьдрал гэж байхгүй учраас, энэ өөрчлөлтийн эсрэг сөрөн зогсоход хүн болгон үүрэгтэй. Ялангуяа байгальтайгаа зохицон амьдарч ирсэн Монгол  хүн дэлхийн цаг агаарын эeрэг өөрчлөлтийг буй болгох, бэрхшээлийг  сөрөн зогсоход юуны өмнө  дэлхийд  үлгэрлэх боломжтой. Уул ус, хад чулуу, өвс ургамал бүхэн амьтай сүнстэй, баярлах гомдох мэдрэмжтэй гэдэг ухаарлаар зохиогдсон өвөг дээдсийн сургасан үлгэр домог өнөөдөр хүн төрөлхтөнд сургамжтай юм. Уул овоогоо тахих, ус булгаа ариун байлгаж дээдлэх уламжлалаа утга зохиол урлаг соёлоороо дамжуулаад хүн төрөлхтний хүртээл болгох боломжтой.  Байгальтай шүтэн барилдсан, хүйн холбоотой манай ард түмний байгалийг хүнчлэн шүтэх уламжлал дээр суурилсан “Байгалийн эрхийн дэлхий дахины тунхаглал ”бий болгон хуульчлах замаар байгалийн эсрэг чиглэсэн сөрөг үр дагавар бүхнийг зогсоож байж л  дэлхий ээжээ авран хамгаалах болно.

 

Хур тунадасны хэмжээ 7.3 орчим хувиар буурсан

С.Баярцэцэг

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Цөлжилт, газрын доройтол хариуцсан ахлах шинжээч

-Монгол Улс нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд хамгийн их өртөж байгаа 10 орны нэг. Сүүлийн 80 гаруй жилд хур тунадасны хэмжээ 7.3 орчим хувиар буурсан. Хур тунадасны хэмжээ дулааны улиралд 20 гаруй хувиар буурч ган гачиг нэмэгдсэн бол өвлийн улиралд 10 орчим хувиар нэмэгдэж зудын давтамжийг ойртуулсаар байна. Хүний хүчин зүйл цөлжилтөд нөлөөлж байгаа шалтгааны тухайд манай улсын газар нутгийн 70.7 хувийг бэлчээрийн талбай эзэлж, 69 хувь нь доройтолд орсон тухай судалгааны дүн байна. Бэлчээрийн талбайн хэмжээ сүүлийн 50 гаруй жилд 20 орчим хувиар буурч, эсрэгээрээ малын тоо толгой сүүлийн 30 жилд гурав дахин өссөн. Монгол орон 80 сая хонин толгой малтай байсан бол  энэ тоо өнөөдөр нийт 110 саяд хүрээд байгаа нь бэлчээрийн даац хэтэрснийг шууд харуулж байна. Нөгөө талаар мал сүргийн 40 хувийг ямаа эзэлж байгаа нь бэлчээрийн доройтолд үзүүлэх сөрөг нөлөөллийг  нэмэгдүүлэх томоохон хүчин зүйл болж байна. Өнөөдрийн байдлаар 1.1 сая га талбайг газар тариалангийн зориулалтаар ашиглаж 62 хувь нь элэгдэл эвдрэлд орсон. Бэлчээрийн талхагдал, тариалангийн талбайн хөрсний доройтол нь цөлжилтийг үүсгэдэг гол шалтгаануудын нэг юм.  Үржил шимтэй 10 см хөрс бүрдэхэд 1000 жил шаардагдах тухай судлаачдын тооцоо дүгнэлт байдаг.Газрын доройтолд бэлчээрийн талхагдал, хөрсний  үржил шимийн бууралт, газрын зохисгүй ашиглалт, уул уурхайн ашиглалтын дараах нөхөн сэргээлтийг шаардлагын түвшинд хийхгүй байгаа, хөрсний бохирдол зэрэг хүний үйл ажиллагаатай хамааралтай хүчин зүйлүүд нөлөөлж байна. Монгол Улсад 2006-2020 хүртэлх хугацаанд таван жилийн зайтай хийгдсэн цөлжилтийн үнэлгээгээр нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь 72.0-76.9 хувь болон өсч, үүнд хүний буруутай үйлдэл 87 хувь, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн хүчин зүйлийн өөрчлөлт 13 хувийг эзэлж байна.

 

Бэлчээрийн даац хэтэрснээс болж цөлжилт эрчимтэй явагдаж байна

Д.Энхтайван

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын малчин

-Сүүлийн жилүүдэд бэлчээрийн даац хэтэрснээр газрын гарц муудаж, өвс ургамал ургах нь муудлаа. Мөн ямаа ихэссэнээр цөлжилт болох нь нэмэгдэж байна. Үүн дээр онцгой анхаарах хэрэгтэй. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн өвс ургамал тачир болж, ургац хураалт өмнө жилүүдээс бага ургасан. Цаашлаад мод хорхой идэж, хуучных шигээ сайхан ургахаа больсон. Энэ мэт уур амьсгалын өөрчлөлт нь байгальд сөргөөр нөлөөлж, мал маллахад хүндрэлтэй болж байна.

 

Мөнх цэвдэгт газрын талбай 34 хувиар буураад байна

С.Одонтуяа

УИХ-ын гишүүн, Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд

-Өнөөдөр хүний бураатай үйл ажиллагаанаас үүдэж уур амьсгалын өөрчлөлт явагдаж байна. Хүний буруутай үйл ажиллагаа нь бизнес, эдийн засгийн хөгжлийн  буруу загвартай шууд холбоотой. Сая Бакугийн  конвенцоос  дэлхийн дулаарал 1.5 хэмээс хэтэрвэл дэлхий нийтээрээ маш том эрсдэлд орно гэж анхааруулсан. Уур амьсгалын өөрчлөлт нийгэм эдийн засгийн салбаруудад мэдрэгдэж эхэлсэн  байна. Манай улс хүлэмжийн ялгаралтаар 0.1 хувийг эзэлж байна. Гэхдээ нэг хүнд оногдох хүлэмжийн хийн ялгаралтаар дэлхийн дунджаас 2.7 дахин их байна. Тэгэхээр манай улс хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулахад онцгой анхаарах асуудал тулгарч байна. Мөн уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлүүд болох ган, зуд, хэт халалт зэргээс шалтгаалсан гарз, хохирол их. 2021 онд цаг агаарын гаралтын аюултай үзэгдэл манай улсад 165 удаа болж 9.1 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан. Нэмээд шууд бус хохирол мөн их амссан. Энэ бүгд  гурван хүчин зүйлээр тодорхойлогдож байна. Үүнд сүүлийн үед бэлчээрийн мал аж ахуйн асуудал хурцаар яригдаж байна. Ингэхдээ Монгол Улс мал аж ахуйн бизнес /модель/ загвараа уламжлалт зүйлсээр сэргээж орчин үеийн ногоон шийдэл рүү шилжих шаардлагатай. Хоёрдугаарт, манай улсын  цөлжилт, газрын доройтол нийт газар нутгийн 76.9 хувьд хүрсэн нь  анхаарал татаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч хөрсний доройтол, цөлжилттэй тэмцэх тухай хуулийг санаачилж УИХ-д батлуулахаар бэлтгэж байна. Сүүлийн 20 жилд гамшигт үзэгдлийн давтамж хоёр дахин нэмэгдсэн. Нөгөөтээгүүр, дэлхийн мөстлөгийн талбайн хэмжээ буурсаар байна. Манай улсын мөнх цэвдэгт газрын талбай 34 хувиар буураад байна. Энэ нь байгалийн асар том эрсдэл болох үер, усны гамшгийн давтамж байнга тохиолдоно  гэсэн үг.

 

Манай улс уур амьсгалын өөрчлөлтөд маш хурдтай өртөж байна

Б.Оюунсанаа

Ойн газрын дарга

- Уур амьсгалын өөрчлөлтөөс болж байгаль орчин, хүний нийгэмд ямар сөрөг өөрчлөлт гарч байгааг улс орон бүр дүгнэж, цаашдын авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ тодорхойлдог. Монгол орны хувьд эх газрын онцлогоор, уур амьсгалын өөрчлөлтөд гурав дахин хурдтай өртөж байна.  Нийтдээ жилд 10 орчим сая га буюу БНСУ-ын нутаг дэвсгэртэй дүйцэх хэмжээний ой доройтож байна.   Бид үүний эсрэг олон талын оролдлого хийж буйн нэг нь мод тарих буюу “ногооруулах”. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачилсан. Пакистан 10 тэрбум, Европын холбоо гурван тэрбум, БНХАУ 70 гаруй тэрбум модыг тарьж, ургуулж байна. Дэлхийн улс орнууд олон алхам хийж буйн нэг нь мод тарих, үүнийг дагасан экосистемийг нөхөн сэргээх юм. Иймд манай “Тэрбум мод” хөдөлгөөн нь дэлхийн бусад улс орнуудын чиг хандлагатай нийцсэн. Багадаа тэрбум, цаашид тэрбум тэрбумаар тоологдох модыг ургуулах ёстой болж байгаа. Монгол орны хувьд сүүлийн 30 жилийн хугацаанд 1.6 сая га талбай хөнөөлт шавьж, түймрийн улмаас доройтсон. Эдгээрийг нэн тэргүүнд нөхөн сэргээх шаардлагатай. Байгальд суурилсан шийдэлд анхаарах буюу хэдэн мянган жил мод ургаагүй газар тарих биш, доройтсон хэсгийг нөхөн сэргээх нь оновчтой. Ингэж ойн экосистемийг тэлэх учиртай.

 

Өнгөрсөн өвөл 20 гаруй хоног 40 хэм хүйтэн байсан нь малчдыг туйлдуулсан 

Н.Янжинлхам

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын малчин

-Өнгөрсөн өвөл, хавар Завханы нутгаар 30 хоног -30 хэм, 20 гаруй хоногт нь -40 хэмд зарим үед хөрсөн дээр -48.9 хэм  хүрч цочир хүйтэрсэн нь цаг уурын мэдээнд тэмдэглэгдэн үлдсэн мэдээ уншсан. Хунгарласан их цас хайлмагтаж мөстсөн олон давхар хунгар гээд цагаан болон мөсөн зуд Их-Уул, Тосонцэнгэл сумд руу орох замыг хэдэн сар хааж, малын хөлийг таван сар шахуу тушсан. Урд өмнө үзэгдээгүй байгаль  цаг уурын онцгой гамшиг болох цагаан болон мөсөн зудыг манай Завхан аймгийн Их-Уул, Тосонцэнгэл сумын малчид отор нүүдлээр давсан даа. Зудтай хүнд цаг үед үлдсэн хэдэн малаа л аваад үлдчих юм сан гэж чармайсан. Энэ өвлийг зудын айдастай л байна.  Тухайн үед НҮБ-ын бэлэн мөнгөний тусламжаар гол төлөв малдаа өвс тэжээл авч байлаа. Энэ нь  цагаа олсон бодитой дэмжлэг байсан. Гэхдээ хувь малчны бэлтгэлээс их шалтгаална. Байгалийн давагдашгүй хүчний өмнө мөхөстөж хэн ч мөхөстөх юм билээ. Энэ жил малчид малаа ерөнхийд нь их нядалж байна. Энэ ч зөв байх. Үхүүлж байхаар хэдэн төгрөг болгосон нь дээр байх.

 

Бид уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд хамгийн их өртдөг орон

П.Батхишиг

Монгол Улсын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан тусгай элч

-Уур амьсгалын өөрчлөлт бол зайлшгүй дэлхий нийтийн асуудал. Харин тэмцэх ажилд төсвийн бөгөөд төслийн мөнгө хүрдэггүй. Уг энэ үйлс  ирээдүй хойч үедээ чиглэсэн бүх нийтийн үйлс юм. Сүүлийн үед бондуудыг дахин санхүүжүүлэх, ногоон бондоор солих, үүгээр гарсан нэмэгдэл эх үүсвэрийг байгаль орчинд зарцуулах асуудал шинээр яригдаж эхэллээ. Нөгөө талаас санхүүжилт үр дүнтэй зарцуулагдах, байгаа онох нь чухал. Зарим төсөлд сайн муу тал нь зэрэгцдэг. Мөнгө хэдий хязгаарлагдмал байгаа ч зарцуулалт ялгаагүй чухал юм. Мөн хувийн хэвшлийн салбарыг татан оролцуулах нь чухал гэж харж байгаа. Мөн үүнийг төр дангаараа хийж чадахгүйг бид ойлгож авсан. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтөд бүх улс орон жигд анхаарал хандуулдаг байх хэрэгтэй. Нэг хэсэг хөгжсөн орнуудыг чухалчилсан. Дараа нь буурай орнууд руу чиглэсэн. Одоо бүгдийнх нь, бүх нийтийн асуудал гэдэгт санал нэгдсэн байна. Монгол Улсын хувьд  уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөл багатай орон ч гэлээ нөлөөнд хамгийн их өртдөг улсын нэг. Зудын давтамж нэмэгдэж, ойн бүс багассаар байна. Үр нөлөө нь бидэнд илүү тусч байгаа.  Тэгэхээр бид энэ нөлөөнд яаж дасан зохицох вэ, хэрхэн бууруулах вэ гэдэг дээр бодлогын өөрчлөлтөө тодорхойлж явах нь зүйтэй.

 

Санхүүжилтээр дамжуулж хувьсал, өөрчлөлтийг хийдэг

С.Оюун

 “Уур амьсгалын ногоон сан”-гийн Гадаад харилцаа хариуцсан захирал

-Санхүүжүүлэгч байгууллагаар дамжуулж аливаа зүйлийн өөрчлөлт, хувьсгалыг хийдэг тухай ярьж эхэлсэн. Тиймээс ч Бакугийн СОР29 конвенц дээр “carbon market” зах зээл болон “finance”буюу   санхүүжилтийн системээр дамжуулж ногоон шилжилтийн тухай төвлөрч яригдсан. Өндөр хөгжилтэй орнууд өөрсдөө санхүүжилтээ шийдвэрлэж уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг амласан амлалтаа биелүүлэх ажлаа хийж байна. Тухайлбал, Англи улсын эдийн засаг 80 гаруй хувиар  өссөн хэдий ч хүлэмжийн хийн ялгаруулалтаа 60 орчим хувиар бууруулж чадсан. Европын ихэнх орнууд 1990 оны эхээр хамгийн их хүлэмжийн хийн ялгаруулагчид байсан бол одоо эдгээр орнууд нийлээд хүлэмжийн хийн ялгаруулалт наймаас доош хувийг эзэлж байна. Тэгэхээр бууруулж болдог гэдгийн нотолгоо энэ юм.  Харин Хятад, Энэтхэг одоогоор хамгийн их ялгаруулагч болоод байна.Тэгэхээр хөгжиж буй орнууд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд санхүүжилтийн эх үүсвэрийг хэрхэн босгох вэ гэдэг асуудал CОР29 дээр голчлон ярьсан. Ер нь дэлхийн дулаарал явагдаж байна уу, явагдахгүй байна уу гэдэг тухай асуухаа больж дулаарал явагдаж байна гэдэгт эргэлзэхгүй болсон. Тиймээс цаг алдалгүй ногоон шилжилтээ үсрэнгүйгээр хэрхэн хийх тухай ярих боллоо. Хоёрдугаарт санхүүжилтээс гадна “carbon market” зах зээлийн тухай их ярих болсон. Парисын гэрээний зургаадугаар зүйлд  “carbon market” механизм буюу зах зээлийн зарчмаар энэ асуудлыг хэрхэн урагшлуулах тухай заасан. Хэдийгээр энэ заалт 15 жилийн өмнө батлагдсан Парисын гэрээнд тусгасан ч гэсэн тодорхой  дүрэм, журам улс, орнууд хоорондоо тохирох зүйлүүдийг сая Бакуд болсон конвенц дээр тохирч чадсан нь  өндөр ач холбогдол өгсөн. Ингэснээр шилжилт хийхэд “carbon”-ны зах зээл том түлхэц болно. Хувийн хэвшил хил дамнасан “carbon”-ны зах зээл, механизм нээгдсэн гэсэн үг. Тэгэхээр Монгол Улс бэлтгэлээ сайн хангаж  хууль эрх зүйн орчноо сайжруулж “carbon”-ны зах зээлд бүртгүүлэх, нотлох зайлшгүй шаардлагатай болно.

 

Гурав дахин бага хадлан авдаг болсон

Л.Отгонтөгс

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын иргэн

-Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт явагдаж байгаа нь илт мэдрэгдэж байгаа. Манай Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум үржил шимт хөрстэй учир газар тариалангийн онцгой бүс, улсдаа дээгүүрт ордог газар тариалангийн бүс. Би сумандаа 16 жил хадлан хийж байна. Сүүлийн жилүүдэд цаг агаарын дулаарлаас шалтгаалаад ургамлын зүйл анги эрс багассан. Зэрлэг ургамал элбэгшиж, өвсний ургалт сийрэг, тачир болсон нь анзаарагдаж байгаа. Жилд хураадаг хадлангийн хэмжээ ч их буурсан. Жишээ нь энэ жил гэхэд 2010 оны үеийнхтэй харьцуулахад гурав дахин бага хадлан тэжээл авсан. Ганц энэ жил ч биш сүүлийн жилүүдэд ингэж бага хадлан авах нь хэвийн үзэгдэл шахуу боллоо. Зөвхөн хадлан, газар тариаланд гэлтгүй мал аж ахуйд ч сөргөөр нөлөөлж байгаа. Гэнэт дулаараад, огцом хүйтрэх зэргээр цаг уурын хувьд эрс өөрчлөгдөж байгаа нь мөсөн бүрхүүл тогтох, цаашлаад зуд болох гол шалтгаан ч болж байна. Тийм учраас цаг уурын өрчлөлтийг тоохгүй, биднээс хол юм гэж санаа амар байж болохгүй гэдэгтэй санал нэг байна.

 

Дэлгэрмөрөн гол нүдэн дээр ширгэж байгаа нь даанч харамсмаар

Д.Даваадулам

 “Амгалан дэлхий” ТББ-ын тэргүүн

- Уур амьсгалын нөлөөг өөрийнхөө энгийн амьдралаар жишээлж тайлбарлая. Манайх  Хөвсгөл аймгийн Мөрөн сумынх. Аймгийн төвийнхөө баруун талд Дэлгэрмөрөн голоо дагаж нутагладаг. 20 жилийн өмнө Дэлгэрмөрөн гол гурван салаа урсаж, эхний салаагаар үхэр тэрэгтэй туулаад гарахад үхрийн гэдэс, тэрэгний дугуй давдаг байсан. Өнөөдөр тэр салаа хайрга, намаг шалбааг болсон. Хоёр дахь салаа нь морины хондлой давдаг байлаа. Үертэй үед мориор л арай гэж гарна. Одоо бол хүүхдүүдийн сэлж наадаж тоглодог  жижиг гол болж ширгэж хувирч байна. Шувуу жиргэдэг битүү шугуй нь шингэрсэн. Шугуйн дундах ургамал, ногооны бүтэц өөрчлөгдсөн. Дэлгэрмөрөн мөрөн голын хойд хэсгээр тарна, мэхээр, сонгино ургадаг байсан. Эдгээр ургамлууд бүгд устсан. Оронд нь шарилж, хамхуул ургаж цөлжсөн.

20 жилийн өмнө Хөвсгөл аймгийн төвийн хойд тал Дулааны энгэрийн хормой олон төрлийн сайхан үнэртэй ургамал,  цэцэгтэй хөндий байсан бол өнөөдөр лууль, шарилж,  хамхуул гээд элсэнд ургадаг цөөхөн хэдэн ургамалтай, гарч суухын аргагүй хамар загатнуулж, хоолой хорсгодог болсон. Аймгийн төвийн баруун  захын гудамж, айлын хашаанууд байсхийгээд элсэнд даруулж, үерт ордог. Үнэндээ Хөвсгөл Монголын Швейцар гэж ярьдаг ч тэгж нэрлэх газар Хөвсгөлийн хойд цөөхөн сумын багахан нутагт л бий. Ихэнх сумын төв, аймгийн төв, газар Монголын тал хээрийн бүс нутгаас ялгарахааргүй цөлжиж байна.

Хөвсгөлд мод тарилаа гэхээр шоолох хүн бараг олон байх. Гэтэл та бүхний төсөөлж байгаа шиг халиурсан ногоо, ширэнгэлсэн ой маш цөөхөн газар л бий. Тиймээс Хөвсгөлийнхөн хашаа хороогоо зүлэгжүүлж, мод тариасай. Тарьснаа арчилж хамгаалж ургуулаасай.  

Би “Амгалан дэлхий” ТББ-ын хамт олонтойгоо  Хөвсгөлийн ялангуяа хүүхэд багачууд тоглож нааддаг, суралцдаг газар орчноо ногооруулахыг зорьж 2500 дахь модоо Мөрөн суманд тариад байна.

 

2030 он хүртэл хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулах амлалт өгсөн

Н.Батхүү

Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх

-Улс орон болгон уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлд үндэсний хэрэгцээ шаардлагыг тооцоолсон дүнгээ Уур амьсгалын конвенцын нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлдэг.  Санхүүжилтийн хэмжээг тооцоолбол тэрбумаар бус их наядаар тоологдох ам.доллар улс орнуудад хэрэгтэй юм байна.  Саяхан болсон COP-29-ын үр дүнд санхүүжилтийн шинэ зорилгыг баталлаа. Монгол Улсын хувьд хоёр жил тутам уур амьсгалын өөрчлөлтийн ил тод байдлын тайлан гаргадаг. Үүнийгээ өнгөрсөн онд албан ёсоор хүргүүлсэн. Монгол Улсын хувьд үндэсний тодорхойлсон хувь нэмрийнхээ хүрээнд 2030 он хүртэл хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулах амлалтыг авч ажиллаж байгаа. Улмаар 2050 он хүртэл дэлхийн хэмжээний нийтлэг хандлагын хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг тэглэх зорилтыг тавьж ажиллаж байна. Манай улсын хувьд хүлэмжийн хийн ялгарлыг тооцох, хэмжих, баталгаажуулах ажлаа тогтмол хийж байгаа. Хэдийгээр бидний хүлэмжийн хийн ялгарал бага ч хүн ам, эдийн засгийн багтаамжтайгаа харьцуулахад өндөр. Иймд ойн экосистемийг сэргээх, уур амьсгалын өөрчлөлтөд засан зохицох чадвартай болгох хийгээд газар ашиглалтын чиглэлд анхаарах хэрэгтэй байгаа. Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах амлалтын хүрээнд ХАА, эрчим хүчний салбарт голчлон анхаарах ёстой. Тийм ч учраас сэргээгдэх эрчим хүчний асуудлыг Засгийн газар идэвхийлэн дэмжиж байгаа. Харин газар ашиглалт, газар ашиглалтын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах боломж бидэнд бий.

 

Уур амьсгалын өөрчлөлтөд зөгийн аж ахуй эерэг нөлөөтэй

И.Энхчимэг

Хэнтий аймгийн Биндэр сумын зөгийчин

-Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт Монгол Улс нэмэгдэж, дэлхийн хамгийн эмзэг 10-н улсын нэг болоод байна. Монгол орны 70-аас дээш хувьд цөлжилт явагдаад эхэлжээ. Дэлхийн хүлэмжийн хий ялгаруулалт, уур амьсгалын өөрчлөлтөд бүхий л аж ахуй зохих хэмжээнд нөлөөлж байна. Харин зөгийн аж ахуй үүнд эерэг талтай. Байгаль орчныг нөхөн сэргээж, экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад ач тустай болно. Монголд хоёр сая бүл зөгий эрхлэх боломжтой. Уур амьсгалын өөрчлөлтийг эерэг тал руу нь өөрчилье гэвэл зөгийн аж ахуй эрхлэлтийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд гэнэтийн аадар бороо, үер усны аюул нэмэгдэж зөгийн аж ахуйд бас сөргөөр нөлөөлж байна.

 

Нийт нутгийн 70 гаруй хувь нь цөлжилтөд өртсөн

Ч.Галтайхүү

Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн

-Эсгий туургатан монголчууд бид байгалийн хуулийн дагуу зуу зуун жил амьдарч уул усаа шүтэж, идээ ундааныхаа дээжийг өргөж, үр удам хойч үедээ байгаль эх дэлхий, ан амьтантайгаа зохицон амьдрах ухааныг зааж сургаж ирсэн билээ. Тийм учир уур амьсгалын өөрчлөлт нүүдэлчин монголчууд бидэнд илүү хүчтэй мэдрэгдэж байна. Малчид цаг агаарыг сар мичдийн тохиолдол, ан амьтны байдал, мод ургамлын өөрчлөлтөөс урьдчилан харж аж амьдарлаа зохицуулж чаддаг байсан бол өнөө үед уур амьсгалын өөрчлөлтөөс болж байгалийн гамшигт үзэгдлүүд ган гачиг, зуд, үер усны давтамж ойрхон тохиож байгаа нь тэдний амьдралыг ярвигтай болгож байна. Сүүлийн үед мөнх цаст оргилууд хайлж гол ус үерлэн дэлхийн дулаарал огцом мэдэгдэх боллоо. Мөн монголын газар нутгийн 70 гаруй хувь нь цөлжилтөд нэрвэгдсэн байна. Үүнийг дагаад хүний болон амьтны амьдрах орчин багасаж мод ургамал гандан хатаж үгүй болсоор байна. Иймд хүн төрөлхтөн хүлэмжийн хийн ялгарлыг огцом бууруулан байгальд ээлтэй эдийн засаг болон хөгжлийг нэн тэргүүнд тавих шаардлагатай.

 

Хаврын улирал гэж байхгүй боллоо

Д.Цэцгээ

Увс аймгийн Тэс сумын  цаг уурын өртөөний дарга

-Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт манай улсад ч төдийгүй дэлхий дахинд тулгамдаж буй асуудал болсон. Тиймээс дэлхий нийтээрээ энэ асуудалд анхаарал хандуулж байна.

 Манай улсын хувьд байгаль цаг уурын өвөрмөц онцлогтой, жилийн дөрвөн улиралтай. Гэтэл сүүлийн үед дөрвөн улирал хүртэл солигдож хаврын улирал байхгүй боллоо. Жишээлбэл, Манай Увс аймгийн Хархираа түргэний мөнх цастай ууланд мөстлөгийн ажиглалт, хэмжилт хийхэд зарим шон дээрээ нэг метр хүрч хайлж байгаа судалгаа гарсан. Тиймээс дэлхийн дулаарал бидний эргэн тойронд явагдаж байна гэж бодож байна.

 

Ургамал амьтдад уур амьсгалын өөрчлөлт ихээхэн нөлөөлж байна

Ц.Батбуян

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын  зургийн багш

-Миний орчин тойрон буюу манай орон нутгийн хувьд цаг уурын өөрчлөлт бидний амьдралд илт мэдэгдэж эхэлсэн. Говь нутгаас харвал угаасаа эмзэг хөрстэй, ус ховор, ургамал амьтны хувьд өвөрмөц болохоор сөрөг өөрчлөлтөд нэлээд мэдрэг байна. Жил ирэх бүр бороо хур ховордож тэр хэмжээгээрээ малчдын амьдрах орчин хэцүү болсоор байгаа. Жишээлбэл бага байхад голын дэрс маш өндөр ургадаг байсан бол одоо ургамлын ургац нь багассан. Малчид төв орон нутаг руу шилжих нь ихсэж мал маллах хүн тэр дундаа эмэгтэйчүүд ховордох болсон. Элсний нүүдэл ихсэж ургамал ногоо элсэнд дарагдаж ургах нь багассанаар хөрс хэврэг болж хаврын хүчтэй шороон шуурга ихэссэн. Нанги тоосонцроос үүссэн шороон шуурга тавих нь элбэг болсон.

 

Хөрсөн дээр буусан арга хэмжээ аваасай гэж хүсэж байна

Т.Ариунаа

Говьсүмбэр аймгийн малчин

-Сүүлийн жилүүдэд уул уурхайн нөлөөнөөс болж бэлчээрийн олон төрлийн ургамал устаж үгүй болж байна. Байгаль цаг уурын нөхцөл байдал алдагдаж байна. Өнгөрсөн жил говьд сүүлийн 20 жил тохиогоогүй зуд боллоо. Энэ бол уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө. Тэгвэл энэ нөлөөлийг хэн илүү их мэдэрч байна вэ гэвэл малчид л мэдэрч байна. Учир нь зундаа хэт халалт үүсэж, ган гачигтай болж байна. Өвөлдөө зуд болж мал ихээр үхэх боллоо. Дэлхий гэдэг чинь өөрөө амьтай зүйл шүү дээ. Зөв зохистой уул уурхай эрхлэлтийг бий болгож, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хөрсөн дээрээ буусан арга хэмжээ авч хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна.

 

Уур амьсгалын өөрчлөлт орон нутгаас хот руу шилжихэд нөлөөлж байна

А.Норжинсүрэн

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Бодлого төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга

Бидний амьдралд маш ихээр нөлөөлж байгаа шүү. Монгол Улс маань дөрвөн улирал ээлжилдэг байсан бол одоо цаг агаарын байдал гурван улиралтай мэт болсон. Зун нь бороо хур бага орж, өвөлдөө цас их орж байна. Үүнээс болж цөлжилт ихээр үүсэж, элсний нүүдэл нэмэгдэж, бэлчээрийн аж ахуй эрхэлж байсан монголчууд эрчимжсэн мал аж ахуй сонирхож, малаа эрчимжүүлж үүлдэр угсаанд нь ихээхэн анхаардаг болж ирлээ.

Газрын гарц муудаж, малын өвс тэжээл хомс болсноор ургамлаас авах шим тэжээлээ авч чадахгүйгээс малын халдварт өвчин сүүлийн үед ихэссэн.

Энэ мэтчилэн уур амьсгалын өөрчлөлт Монгол Улсын хөдөө аж ахуй болон мал аж ахуйн салбарт хамгийн ихээр нөлөөлж байна. Үүнээс үүдэн хөдөөгөөс суурин газар руу, орон нутгаас хот руу шилжилт хөдөлгөөн ихсэж, хэт их төвлөрлийг бий болгоход хүргэж байна. Энэ бүхэн зөвхөн хөдөөгийн малчид, тариаланчдад хамаатай бус Улаанбаатар хотын уугуул иргэдийн эрх ашигт ч сөргөөр нөлөөлж байгаа юм.

 

Ойн модыг түймэр, хөнөөлт шавжаас хамгаалах, арчлах шаардлагатай

Б.Ганзориг

Ойн газрын Ойн нөхөн сэргээлтийн хэлтсийн дарга

-Монголчууд бид тэрбум мод тарихаас гадна одоо байгаа ойн модыг түймэр, хөнөөлт шавжаас хамгаалах, арчлах, зохистой ашиглах ойн аж ахуйн арга хэмжээ зайлшгүй шаардлагатай. Сүүлийн жилүүдэд тодорхой зүйлийн хөнөөлт шавжуудын идэвхжил явагдсаны улмаас нэлээдгүй га талбайд голомт үүссэн байдалтай байна. Энэ нь тухайн ойн хөнөөлт шавжийн идэвхжил өндөр байснаас гадна короновирус гарсан хоёр жил огт тэмцлийн ажил явуулаагүйтэй нэг талаараа холбоотой. Судалгаагаар 700 мянган га талбайд хөнөөлт шавжийн голомт үүссэн. Тиймээс энэ хэрээр тэмцлийн ажил явуулах шаардлагатай гэсэн дүн мэдээ гарсан. Өнгөрсөн жилүүдэд 275 мянга орчим га талбайд улсын болоод орон нутгийн төсөв хөрөнгөөр хамгаалах ажил хэрэгжүүллээ. Үүнд Рио Тинто компанитай хамтран “Эрүүл ой” төсөл хэрэгжүүлж байна. Энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 330 орчим мянган га талбайд тэмцлийн ажил хийнэ. Мөн Байгалийн нөөц ашигласны төлбөрийн хуулийн дагуу сумын удирдлагууд байгалийн нөөц ашигласны орлогоос зарцуулах, аймгийн төсөв зэргээс нийт хүлээлттэй байгаа дүн бол 400 мян.га талбай байна. Нийт 700 мян.га талбайн 270 мян.га талбайд тэмцлийн ажил  хийж, үлдсэн бүх талбайг хамарсан хөнөөлт шавжаас хамгаалах арга хэмжээ авна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

 

Агаарын хэм нэмэгдэж, хур тунадасны хэмжээ буурсан нь цөлжилт, хуурайшилтыг нэмэгдүүлж байна

З.Отгонбилэг

Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын цаг уурч

-Дэлхий нийтийн тулгамдаж буй асуудал болсон уур амьсгалын өөрчлөлт манай сумын хувьд асар их хэмжээгээр нөлөөлж байна. Баянхонгор аймгийн Гурванбулаг сум нь Хангайн нурууны ноён оргил болох Отгонтэнгэр уулын өмнө хэсэгт далайн түвшнээс дээш 2800 метрт өргөгдсөн Төв Азийн гүн цэвдгийн өмнөд хэсгийн төгсгөлд хөрснөөс тогтсон. Өвөлдөө -50С0, зундаа +38С0 хэм хүртэл хэлбэлздэг онцлог бүс нутагт.  Тиймээс үүнийг цаг уурчийн хувьд сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж байгаа гэж бодож байна.

Зуны улиралд агаарын температур 1-3 дахин нэмэгдэж, хур тунадасны хэмжээ буурсан нь цөлжилт, хуурайшилтыг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болж байна. Мөн хавар болон намартаа салхи, хүчтэй салхи, шороон болон цасан шуурга их хэмжээгээр ажиглагдах болсон. Өвөлдөө цас их хэмжээгээр орж, сибирийн хүйтэн агаарын урсгалын нөлөөнөөс шалтгаалан сүүлийн жилүүдэд эрс хүйтэн өвөлжих болсон тул малчид, ард иргэдэд хүндрэлтэй байна. Манай сумын хувьд нүүдлийн мал аж ахуй эрхэлж амьдрал ахуйгаа залгуулж ирсэн тул байгалийн эдгээр хүчин зүйлүүд нь асар их нөлөөлж байгаа. Өнгөрсөн жилийн хувьд их хэмжээгээр цас орж зуд болсны улмаас малын тоо толгой эрс буурч зарим малчид малгүй болсон.

 

Амжиргааны түвшин доогуур иргэдэд хүндээр тусч байна

Э.Дөлгөөн

Анлимитэд Спарк ХХК-ийн гүйцэтгэх захирал

-Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагавар нь малчид, тариаланчид, ногоочид болон дунджаас доогуур амжиргааны  түвшин бүхий иргэдэд хамгийн хүндээр тусч байна. Байгалийн гамшиг, зуд, ган, үер, цөлжилт, усны нөөцийн хомсдол зэрэг нь бүгд уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар юм. Уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэх болон ядуурал, тэгш бус байдал авлигыг арилгах нь нэг зоосны хоёр тал юм. Бид уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг багасгахгүйгээр тогтвортой хөгжлийг авчирч чадахгүй. Ядуурал, тэгш бус байдлыг зогсоож байж уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл багасна. Монгол улсад байгаль орчинтой холбоотой бодлого, хөтөлбөр их байдаг ч түүний хэрэгжилт, хэрэгжүүлж буй арга барил нь оновчгүй байна. Энэ бүхнээс үүдэж 70 сая малаа бэлчээр нь даахаа больж, дагаад мал маллах уламжлал нь тасалдаж Улаанбаатар хот руугаа нүүдэллэж улмаар нийслэл хот нь ачааллаа даахгүй, утаандаа угаартаж, ундны цэвэр уснаас нь савханцар илэрч эрүүл Монгол хүн гэдэг хөтөлбөр нь эсрэгээрээ яваад байгаад л их харамсдаг даа.

 

2000 оноос хойш уур амьсгал их өөрчлөгдөж байна

С.Батхуяг

 Завхан аймгийн Шилүүстэй сумын малчин

-Би 1990-ээд оноос хойш мал маллаж байна. 30 гаруй жил мал маллахдаа хур тунадас багассаны улмаас малын бэлчээр хэрхэн өөрчлөгдөж байгааг ажигласаар ирсэн. Ялангуяа 2000 оноос хойш өөрчлөлтүүд их хэмжээгээр анзаарагдах болсон. Хориод жилийн өмнө ургадаг байсан ургамлууд одоо харагдахаа больж, бараг 30 хувь нь ургахаа больсон. Зундаа бороо багасаж, шороогоор шуурах нь ихсэж, цаг агаар эрс тэс болсон.

 

Малчид цаг уурын өөрчлөлтөд захирагдаж амьдарч байна

Б.Баярмагнай

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын малчин

-Манай аймагт уул уурхайн нөлөөллөөр агаарын хуурайшил, тоосжилт хүн малд онцгой мэдрэгдэж байгаа.  Yep ус, салхи шуурганы аюул гэх мэтчилэн байгалийн үзэгдэл нэмэгдэх болсон. Ялангуяа Цогтцэций суманд тээврийн хөдөлгөөн эрчимтэй болсон. Уул уурхайн компанийн тээвэр, техник зэрэг нь тоосжилт үүсгэж, хүн малын өвчлөлд нөлөөлсөөр байна. Малчид бол малынхаа аясаар байгаль цаг уурын эрхшээлд захирагдаж амьдардаг учраас уур амьсгалын өөрчлөлт онцгой ажиглагдаж байгаа юм. Зуны сар гарчхаад байхад цас орох, гэнэт мөндөр буух жишээтэй. Байгалийн гамшигт үзэгдлээс болж хүн амьтны амь эрсдэх тохиолдол ч гарч байсан.

 

Малын тоо толгой хоргодоход нөлөөлж байна

А.Орломсүрэн

Ховд аймаг Дөргөн сумын Сээр багийн малчин

-Дэлхийн байгаль цаг уурын өөрчлөлтөөс болж ган гачиг, зуд болох нь ойрын жилүүдэд ихэссэн. Зуд болоход малчдын амьдралын гол эх үүсвэр болсон мал ихээр нэрвэгддэг учраас бидний амьдрал доройтож, ард иргэд болон хүүхэд багачуудад дэмжлэг туслалцаа их хэрэгтэй болдог. Мөн зам харгуй цасанд боогдож эрүүл мэнд, боловcрол нийгмийн үйлчилгээг хүнд хүргэхэд хүндрэл үүсдэг. Зудын өлсгөлөнгөөс болж олон тооны амьтад бэлчээрлэх чадваргүйд хүрч малчдын хотыг харлуулсан явдал энэ жил бидэнд тохиосон. Өвс тэжээл хомсдож, үнэ хөлс нь нэлээд үнэд хүрч зуд турхантай хатуу өвлийг хотоо харлуулахгүй давахын тулд малчид бид өр зээл тавин байж өвс тэжээл авсан ч хаанаа ч хүрэлгүй малын тоо толгой үй олноор хорогдож малчид хохирсон.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 4. ЛХАГВА ГАРАГ. № 234 (7478)