Базарбямбын НЯМСҮРЭН
Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин Монгол Улсаас гадаадын орнуудад суугаа болон манай улсад суугаа Элчин сайдын яамд, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааны хүрээнд “Харилцаа, хамтын ажиллагаа” буланг тогтмол явуулж байгаа билээ. Энэ удаа гадаад орнуудаас манай улсад суугаа зарим Элчин сайдын яамд болон олон улсын байгууллагуудын мэдээллийг тоймлон хүргэж байна.
НҮБ: “Ирээдүйгээ сонсъё”
Жил бүрийн арваннэгдүгээр сарын 20-ныг НҮБ-аас Дэлхийн хүүхдийн өдөр болгон тэмдэглэдэг. 1989 оны энэ өдөр НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц батлагдсан байдаг. Дэлхийн улс орнуудад Хүүхдийн өдрийг өөр өөр саруудад тэмдэглэдэг ч НҮБ-ын Хүүхдийн Сангаас уриалснаар 2017 оноос эхлэн олон улсад нэг өдөр тэмдэглэх болжээ. Одоогоор энэхүү уриалгад дэлхийн 130 гаруй орон нэгдээд байна.
Энэ өдөр хүүхдүүд өөрсдөд нь тулгамдсан асуудлаар томчуудад дуу хоолойгоо өргөж, томчууд хүүхдүүдээ сонсох ёстой өдөр гэж болно. Тиймээс энэ өдөр дэлхийн улс орнууд хүүхдийн төлөө томоохон арга хэмжээ, санал санаачилгуудыг өрнүүлдэг.
Энэ жилийн Дэлхийн Хүүхдийн өдрийг “Ирээдүйгээ сонсъё” уриан дор тэмдэглэж байна. Хүүхэд бүр бидний ирээдүй, тэдний хүсэл мөрөөдөл, тэмүүллийг өдөр бүр сонсож ирээдүйг нь итгэл найдвар, боломжоор гэрэлтүүлж байгаасай хэмээн энэхүү уриаг сонгожээ.
НҮБ-ын Хүүхдийн сангаас “YES4GREEN” уралдааны шилдгүүдийг өчигдөр тодруулж шагналыг гардууллаа. Ногоон хөгжил, сэргээгдэх эрчим хүч, хүрээлэн буй орчныг сайжруулах энэхүү уралдаанд нийслэл болон орон нутгаас олон өсвөр үеийнхэн, залуучууд оролцсоноос “Говьд усан үзэм ургуулах”, “Био бордоо” болон “Од тахь ном” төслүүд шалгарч нийт 90 сая төгрөгийн гарааны санхүүжилтийг гардан авчээ.
Мөн тус сангаас дэлхийн хүүхдийн өдөрт зориулсан хандивын гала арга хэмжээг маргааш зохион байгуулна. Монголын шилдэг уран бүтээлчдийн сэтгэл татам тоглолт, амтат оройн зоог, дуудлага худалдаа зэрэг олон сюрпризтэй энэхүү арга хэмжээний үеэр цугласан хандивыг 2-5 насны хүүхдийн хөгжлийг дэмжих “Сургалтын ухаалаг багц” төслийн санхүүжилтэд зориулах аж.
Европын холбооны тусламжаар 3.1 км дулааны шинэ төсөл ашиглалтад орлоо
“Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн төсөл”-ийн үр дүнд дулаан хангамжийн системийн найдвартай байдал сайжирч, хүчин чадал нэмэгдэж байна. Тухайлбал, энэ төслийн хүрээнд Баянгол дүүрэгт 1.3 км, Баянзүрх дүүрэгт 1.8 км дулааны шугамыг шинээр барьж ажиллагаанд оруулжээ. Нийслэлийн дулаан хангамжийн системийн найдвартай байдлыг сайжруулж, хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилготой тус төсөл нь Европын сэргээн босголт, хөгжлийн банкны 9.5 сая еврогийн хөнгөлөлттэй зээл, Европын холбооны 4.5 сая еврогийн буцалтгүй тусламж, Австри болон Япон улсын засгийн газрын 1.5 сая еврогийн техник туслалцааны санхүүжилтээр хэрэгжиж байна.
Эдгээр дулааны шугамуудыг ашиглалтад оруулснаар шинээр 12 давхар 150-200 орон сууцны барилга буюу 15000 орчим айл өрхийг төвлөрсөн дулаан хангамжид холбох боломжтой болсон төдийгүй айл өрх, аж ахуй нэгжүүдийг найдвартай дулаанаар хангаж байна. Мөн Улаанбаатар хотын шинэ төлөвлөлтийн бүсүүд рүү шинээр шугам татаж төвлөрсөн дулаан хангамжийн хамрах хүрээг тэлж, хүчин чадлыг нэмэгдүүлснээр агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулж байгаа юм.
АНУ, БНСУ-д хариуцлагатай аялахыг уриална
АНУ, БНСУ зэрэг улс орнуудад аялахаар төлөвлөж буй иргэдийн дунд визний цаг авахаас эхлээд, бичиг баримт бүрдүүлж өгнө гэсэн баталгаагүй хуурамч мэдээлэлд автах, мөн “Виз гаргахад тусална” зэргээр ашиг хонжоо хайсан залилангийн хохирогч болох магадлал өндөр байдаг. Тэгвэл Гадаад харилцааны яам, АНУ, БНСУ-ын Элчин сайдын яамтай хамтран “Хариуцлагатай аялцгаая”-II мэдээлэл сурталчилгааны аяныг эхлүүлэхээр болжээ. Энэхүү аян нь Монгол Улсын Засгийн газар иргэдийн гадаадад зорчих нөхцөлийг хөнгөвчлөх зорилтын хүрээнд аялагчдад визтэй холбоотой хууль, дүрмийг зөрчих нь тухайн иргэний гэр бүлийн гишүүд болон эх орон нэгтнүүдийнхээ ирээдүйд виз авах чадварт хэрхэн сөргөөр нөлөөлж болохыг анхаарч үзэхийг уриалах зорилготой. Мөн АНУ болон БНСУ-ын визийн мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авах, зөв мэдээлэл түгээхэд чиглэх юм. Тиймээс визийн мэдүүлэгт залилан мэхлэх, санаатайгаар төөрөгдүүлэх энэхүү гэмт үйлдлийг бууруулах, хууль бус виз зуучлагч, бичиг баримт хуурамчаар үйлдэгч нарын талаар мэдээллийг олон нийтэд ухуулах зорилгоор сэтгүүлч хэвлэл мэдээллийнхэнтэй хамтран ажиллах юм. Цаашид иргэд энэ төрлийн залиланд автахгүй байхын тулд олон нийтийн мэдээлллийн хэрэгслээр мэдээллийг нээлттэй түгээж, сэрэмжлүүлэх нь үр дүнтэй хэмээн үзэж байна.
Энэтхэгийн тусламжаар 600 гаруй иргэдэд хиймэл хөл суулгажээ
“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв”-д БНЭУ-ын Засгийн газрын санхүүжилттэй “Жайпурын фут” төсөл амжилттай хэрэгжиж өндөрлөлөө. 50 хоногийн турш хэрэгжсэн энэхүү төслийн хүрээнд өдөр бүр 15 орчим хүнд хиймэл хөлний протез хийхээс гадна протезийн арчилгаа, нөхөн сэргээх арга техник, хөдөлгөөний эмчилгээ, гэмтлийн дараах стрессийг удирдахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр сургалт явуулсан байна. Үүний үр дүнд Монгол Улсын өнцөг булан бүрээс ирсэн 581 иргэнд нийт 645 ширхэг хиймэл хөл, болон гарны үе суулгажээ.
Энэтхэгт нэр хүндтэйд тооцогддог Бхагван Махавир Викланг Сахаята Самити (BMVSS) байгууллага нь нийт 21 оронд Жайпурын хиймэл хөлийн төслийг амжилттай хэрэгжүүлж, хоёр сая гаруй хүнд хиймэл эрхтэн, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлж үр шимийг нь хүртээжээ. Ялангуяа протез хийх технологи нь хөнгөн, хэрэглэхэд хялбар, өмсөхөд эвтэйхэн бөгөөд голлон санал болгодог “Rapid Fit” арга нь хөтөлбөрийн үр ашгийг нэмэгдүүлдэг онцлогтой юм байна.
Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн протезийн хөгжлийн төв зэрэг орон нутгийн протез, ортопедийн салбарын мэргэжилтнүүд Энэтхэгийн мэргэжилтнүүдийн тусламжтайгаар шинэ ур чадвар, технологиос суралцсан амжилттай төсөл болсныг тус улсын Элчин сайдын яамнаас онцлон мэдээллээ.
Казахстаны ерөнхийлөгч К.Токаевын номыг монгол хэлнээ орчуулжээ
БНКУ-ын ерөнхийлөгч К.Токаевын “Әке туралы ой-толғау” (Эцгийн тухай дурсамж) ном монгол хэлнээ орчуулагджээ. Казахын нэрт зохиолч, тэр дундаа адал явдалт уран сайхны детектив жанрын үндсийг тавьсан Кемел Токаевын амьдралын замналаас сэдэвлэсэн “Эцгийн тухай дурсамж” ном нь түүний хүү К.Токаевын аавдаа зориулсан анхны ном юм. Одоогоор англи, хятад, чех, франц болон турк хэл рүү орчуулагдаад байгаа энэхүү номыг монгол судлаач, нийтлэлч Юрий Кручкин монгол хэлнээ орчуулсан байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 21. ПҮРЭВ ГАРАГ. № 226 (7470)