Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.  Хуулийн төсөлтэй холбоотойгоор Төсвийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн суурь АМНАТ таван хувь байгааг дөрвөн хувиар нэмэгдүүлж ес болгох санал гаргасан ч гишүүдийн олонх дэмжсэнгүй. Мөн Цөмийн энергийн тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор Компанийн тухай хуульд өөрчлөлт орж байгаа бөгөөд энэхүү өөрчлөлтийг мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн юм.  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг тоймлон хүргэж байна.

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-27 жилийн туршид ярьсан ураны төслийг урагшлуулах зорилгоор Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа. АМНАТ, давуу эрхийн хувьцаа, татвар хураамжаараа ашигт малтмалын дийлэнх хувь Монголын ард түмэнд ногдох ёстой гэдэг заалт бүрэн биелж байгаа. Манай хуулиар суурь АМНАТ таван хувь, тусгай АМНАТ таван хувь, өсөн нэмэгдэх АМНАТ нь есөн хувь гээд нийт 19 хувь. ААНОАТ зургаан тэрбумаас дээш бол 25 хувь байгаа. Дээрээс нь 10 хувийн давуу эрхийн хувьцаа эзэмшинэ. Ингэхээр нийт дүнгээрээ 51 хувиас дээш гарна. Мөн 13 төрлийн татвар болон төлбөр хураамж авах ёстой. Ингэснээр хангалттай хэмжээнд ашиг авах боломжтой. Ц.Даваасүрэн гишүүний гаргасан санал бол  төслийг зогсоох гэсэн зорилго агуулж байна.

 

Б.Пүрэвдорж VS Б.Энхбаяр, Х.Тэмүүжин, Д.Цогтбаатар

 

Компанийн тухай хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин зарчмын зөрүүтэй санал гаргажээ.  Энэ нь хуульд гэсний өмнө Цөмийн энергийн гэж нэмэхээр болсон гэв.  УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Пүрэвдорж энэхүү саналтай холбоотойгоор байр сууриа илэрхийлэв.  Тэрээр “Д.Энхтүвшин гишүүн ээ. Та олон санал гаргаснаас зарим найруулгын шинжтэй өөрчлөлтийг авсан. Таны гаргасан “хуульд гэсний өмнө Цөмийн энергийн гэж тодорхойлж өгөх” саналыг дэмжсэн байгаа шүү. Ганцхан Цөмийн энергийн тухай хуульд энэ заалт оруулж байгаа байхгүй юу. Өөр бусад хэрэглээн дээр хэрэглэхэд Цөмийн энергийн тухай хуулиа гаргаж ирээд татаад авч болох юм. Гэтэл та заавал “Цөмийн энергийн хууль” гэж оруулсан учраас санал хураалт явуулаад дэмжсэн. Гэтэл энэ УИХ хог новш, энэ УИХ-ын гишүүд л муу муухай гэж хэлж байгаа чинь ямар увайгүй юм бэ. Саналыг нь дэмжсэн УИХ, ажлын хэсэг муухай гэдэг чинь болохгүй байхгүй юу. Хэлье гэж бодсон юм” гэлээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Ажлын хэсгийн ахлагч тэгж үймүүлэхгүй шүү. Засгийн газраас оруулж ирсэн төсөл өөрөө асуудалтай шүү. Компанийн хуулийн суурь харилцааг яагаад Цөмийн энергийн тухай хуульд агуулж өөрчилж байгаа юм. Бүх компанид хамаатай, бүх энгийн хувьцааг давуу эрхийн хувьцаа болгох боломжийг зүгээр нэг хуулийн ард ямар ч тооцоо судалгаагүй, ямар ч үндэслэлгүй оруулж ирсэн. Энэ Оюутолгойн гэрээнд  ч хамааралтай. Тийм учраас энэ Оюутолгойд хамаарахгүй, бусад 15 стратегийн ордод хамаарахгүй гэдгийг хашиж, Цөмийн энергийн хуульд л үйлчилнэ шүү гэдгийг Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо хашиж өгсөн. Д.Энхтүвшин гишүүний гаргасан санал зөв. Хэрэв буруутгах гэж байгаа бол энэ төслийг бүр буцаах ёстой.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

-Б.Энхбаяр гишүүний хэлж байгаа үнэн. Яагаад хорьж өгч байгаа вэ гэвэл хэрэв энгийн хувьцааны ард байгаа санхүүгийн хариуцлага гэх мэтчилэн олон ойлголтыг хувьцааны төрлийг өөрчлөөд шийдчихдэг бол компани чинь залилангийн гэмт хэрэг болно. Компани байгуулж бизнес эрхлэх хэн нэгэнд сайн дураараа дээрэмдүүлэх тонуулах үйл ажиллагаа болж хувирна. Энэ бол Засгийн газрын хариуцлагагүй байдлын хамгийн том ноцтой асуудал.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:

-Энэ их чухал асуудал гарч ирж байгаа шүү. УИХ -ын даргын томилсон ажлын хэсгүүдээс Хууль тогтоомжийн тухай хуулийн ажлын хэсгийг би даргалж байгаа. Энэ хуулийг өөрчлөх болж байгаа нэг гол зорилго нь хууль дагуулж орж ирж хууль өөрчилдөг асуудлыг зохицуулахгүй бол болохгүй байна гээд Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт хийх гээд судалгаа хийгээд явж байна. Удахгүй өргөн мэдүүлнэ.

Ийнхүү дээрх хуулийн төслүүдтэй холбоотой гарсан саналын томьёоллоор санал хураалгаж дууссанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.  Дараа нь Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн, батлав.

Мөн Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоол, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлж, батлагдсан хууль, УИХ-ын тогтоолууд, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулиуд, УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай УИХ-ын тогтоолын эцсийн найруулгыг сонсож, баталлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 18. ДАВАА ГАРАГ. № 223 (7467)