Д.ЦЭРЭННАДМИД

 

Эхлээд гашуун түүх гэмээр зарим жишээ хэлье. Төрд ажиллана тэр тусмаа сайд байна гэдэг асар их үүрэг, хариуцлага үүрдэг байх юм.

Сайдууд хийх хэрэгжүүлэх ажлаа зөв төлөвлөх түүнийгээ олон түмэнд ойлгомжтойгоор зөв хүргэх нь нэн чухал үзүүлэлт байдаг.

Өмнөх засгийн үед улстөрийн хүрээнд хэн хүний ой санамжид нөлөөлөхөөр үйл явц зөндөө л байсан даа.

Үүнээс заримыг эргэн сануулбал хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдоод сар гаруйхан болж байсан Д.Сарангэрэл иргэдийг “Улныхан” гэж хэлээд огцорч байсан. Бас Байгаль орчин, Аялал жуулчлалын сайд байсан Н.Уртнасан  “Утаа гаргаж байгаа айл өрхийг дроноор илрүүлнэ” гэж хэлснийхээ төлөө хариуцлага хүлээж байв. Мөн Цахим хөгжил, Харилцаа Холбооны дэд сайд асан Б.Болор- Эрдэнэ

-Хоцрогдсон ахмад үеийнхэн төрийн ажил явуулахад саад учруулдаг гэж попроод суудлаа орхисон жишээ бас бий.

Тэгвэл өнөөдөр шинэ цагийн улс төрийн соёлыг бий болгохоор зорилгоо тодорхойлсон 126 гишүүнтэй парламентийн хүндтэй суудалд заларсан эрхэм түшээдээс албандаа тогтох эсэх нь тодорхойгүй нөхөд байгаа л юм шигээ.

Өнгөрсөн зун болсон сонгуулийн дараа гурван нам нэгдэн Эвслийн засгийн газар гээчийг байгуулаад төрийн яамдаа тэдгээр намуудад хишиг тарааж буй мэт хувааж өгсөн. Тэгснээр янз бүрийн шинэ сайдууд тодорч ажилдаа ороод бараг дөрвөн сар болох гэж байна. Энэ богинохон хугацаанд тэдгээр сайд нарын хэн нь хэн бэ? гэдэг нь эхнээсээ танигдаад л байх шиг.

Монголд өнөөдөр өдөр тутмын амьдрал нь хамгийн их асуудал дагуулдаг газар нь нийслэл Улаанбаатар юм. Энэ хот маань хэт суурьшлаас болоод дөрвөн уулынхаа дунд багтаж ядаж байгаа. Тэр дотор агаарын бохирдол, утаа, авто замын түгжрэл гээд л өөдлөхөөсөө уруудах юмс их.  Хотынхоо замын түгжрэлийг сайжруулах гэж жилийн жилд  хэдэн зуун тэрбум төгрөг зараад ч үр дүн гараагүй. Тэгээд сүүлийн жилүүдэд энэ асуудлыг дагнан хариуцсан сайдтай хүртэл болоод байгаа юм л даа.

Энэ засгийн газрын хувьд Р.Эрдэнэбүрэн гэгчийг Төрийн сайд “20 минутын хот” Үндэсний хорооны даргаар тавьчхаад юу хийх бол гэж харж байна. Гэтэл энэ сайдын ажил урагштай биш шиг л. Харин хааяа амьдралд нийцэмгүй үг, өгүүлбэр хэлсэн төдий л байх юм. Уг нь залуу хүн шинэ соргог санаа гаргах биз гэж горьдоод сайдын суудлаар “шагнасан” байх.

Р.Эрдэнэбүрэн сайд түгжрэл бууруулахын тулд гээд

-Цаашдаа буруу талдаа жолооны хүрдтэй машиныг хориглоно гэсэн байх юм. Энэ үг амьдралд нийцэмгүй ээ.

Улаанбаатар хотод өдөрт 700 гаруй мянган машин хөдөлгөөнд оролцдог гэдэг. Тэгвэл түүний тал илүү хувь нь буруу талдаа жолоодлоготой машин байна.

Иргэдийн хамгийн түгээмэл хэрэглэж байгаа “хөл залгадаг” унаа “Приус” маркийн машиныг буруу талдаа жолооны хүрдтэй гээд хоригловол юу болох вэ. Маш олон мянган хүн явгарна биз ээ.

Бас оны эхний 10 сард 104 мянга гаруй машин импортоор оруулж ирсэн гэсэн мэдээ бий.  Тэд зөв талдаа жолоодлоготой юу. Үгүй биз. Ингэхлээр түгжрэл хариуцсан сайдын хэлсэн үг биеллээ олох байтугай сонсоход ч чихэнд наалдахгүй байна.

Бас саяхнаас импортоор оруулж ирж байгаа машинд Улаанбаатарын серитэй дугаар өгөхийг зогсоосон. Тэр шорвог шийдвэр хотын даргаар хаягласан байсан ч түгжрэл хариуцсан сайдын оролцоо байж л таараа.

Уг шийдвэр машин импортлогчдын шал дургүйг хүргээд зогсохгүй “УБ” гэсэн дугаарын үнийг тэнгэрт хадааж бас нэг дамын наймааны төрлийг нэмэв. Машин импортлогчид дээрх шийдвэрийг иргэдийн өмчлөх эрхэд халдаж байна гээд Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаад байгаа юм.

Сураг нь 500 мянгаас наана үнэтэй “УБ”-ын дугаар гэж байхгүй болжээ. Дээд тал нь 2-3 саяд хүрэв. Ингэлээ гээд хотын авто замын түгжрэл багасах уу гэвэл ёстой гонжийнжоо гээч болох л болов уу. Гэтэл нийслэлийн удирдлага энэ муйхар шийдвэрээ түгжрэл бууруулах “түлхүүр” гэж үздэг бололтой.

Бас нэг сайдын үг анхаарал татлаа. Эрүүл мэндийн сайд Д.Мөнхсайхан

-Эрүүл мэндийн хариуцлагыг хуульчилж сэргийлж болох өвчнөөр өвчилсөн хүмүүсээс эмчилгээний төлбөрийг гаргуулдаг болно гэж хэлсэн шиг байх юм.

Өвчин хэлж ирдэггүй хийсэж ирдэг гэсэн үг бий. Тэгэхээр хэн нэгэн яаж ч сэргийлээд өвчин тусах эрсдэлтэй.

Дэнзэн гуай хэлж байна аа “Би байнга маск зүүдэг, урьдчилан сэргийлэх вакцин хийлгэсэн. Ханиадтай хүнтэй ч ойртож ярилцаагүй. Тиймээс шүүхдэнэ гэж заргалдана. Шүүх нь асуудал шийдэх гэсээр байтал өвгөний ханиад хүндрээд хэвтэрт орж ч магадгүй.  Ийм л уршигтай нь сайдын бодлогогүй хэлсэн үгнээс харагдана биш үү. Харин иргэдээ эрт илрүүлэг үзлэгт бүтэн хамарч байж хэлэх үгээ бодох нь чухал юм. Бас саяхан Д.Мөнхсайхан сайд УИХ-аар төсөв хэлэлцэх явц дунд

-Хавдрын эмнэлэг барилаа гээд өвчлөл буурна гэж үү гэсэн утгатай үг унагаж салбарынхаа ядуухан төлөөлөл нь би юм шүү гэж түмнээ гайхшируулсан.

Цаана чинь Монгол улс хавдрын өвчнөөр нас баралтаар дэлхийд тэргүүлж байгаа гэдэг. Өнөөдөр хавдрын ганц эмнэлэг нь зүйрлэвэл барааны хар зах шиг л болчихсон дүр зураг харагддаг нь үнэн. Тэгэхэд сайд нь тийм үг хэлж суух гэж.

Бас Боловсролын сайд Х.Наранбаяр гэж бодлогогүй юм ярьж буруугаас бултахыг хичээдэг нэг сайд байна.

Өмнө нь нэг удаа мэдээлэл хийхдээ өндгөөр  шидүүлж хэвлэлийн төлөөлөгчөө тулаанд дуудаж байхад нь түүнийг нэг их буруутгаагүй л дээ.

Харин саяхан Сонгинохайрхан дүүрэгт байдаг хүүхэд өнжүүлэх байранд нялх балчирхан хүүхэд амь нас нь эндэхэд мань сайд арай л амиа хоохойлсон буруу үг хэлэв.

-Тэр хүүхэд эндсэн өдөр өнжүүлэх газар чинь улсын бүртгэлгүй юм гэнэ. Иймд манай яаманд хамааралгүй гэсэн үг хэлж мунхрав. Энэ нь хариуцлагаас зайлсхийх гэсэн явуургүй санаа юм.

Тэгээд бүр ийм улсын бүртгэлгүй газрууд олон байдаг бол шалгаж илрүүлээд хаах арга хэмжээ авах ёстой гэж дөвчигнөсөн гэнэлээ.

Цэцэрлэг хүрэлцээгүйгээс олон зуун хүүхэд гэртээ цоожлогдон осол эндэлд ороход бэлэн байгааг тэр сайд тунгаасангүй л дээ.

Боловсроогүй сайд нарын болчимгүй үгс ийм л уршигтай байна даа.  Цаашлаад зөвхөн нэг, хоёр ч бай сайдын хэлсэн үгнээс болж Засгийн газрын нэр хүнд хөндөгдөх нь бас хэцүү хэрэг. Хөндөгдөж ч байна.

Энд нэг дурсамжийг хэлмээр санагдлаа. Тэр чинь юу вэ? гэвэл өмнөх Засгийн газрын хот хариуцсан сайд “Хүмүүсийг автобусанд сууж сургана” гэж хэллээ гээд зарим нь автобусанд сууж чадахгүй хэн байдаг юм гэж дургүйцэж байсныг санаж байна.

Тэгвэл асуудал хариуцсан сайдын тэр үг тун чухал үг байжээ. Нийтийн тээврээр үйлчлүүлэх соёлд монголчууд сураагүй байна шүү гэдгийг л хэлсэн байна.

Нийслэлийнхэн автобусаар хэрхэн зорчиж байгааг хар л даа. Соёл гэж алга. Чанга чанга ярина, хараал хэлж  замбараагүйтнэ. Жаахан шахцалдахаар чи, би дээ хүрээд хэрүүл хийнэ. Бүр зодолдох ч бас энүүхэнд.

Хамгийн наад зах нь цүнх, сав, үүргэвчээ зөв авч явдаггүй. Түнтийсэн үүргэвчээ нуруундаа үүрсэн хэвээр буруу хараад зогсчихсон хоёр залуу утсаа ухаад ухаангүй. Араар нь өнгөрье гэтэл үүргэвчүүд нь тулчихсан зайгүй.

Уг нь нийтийн тээврийн журам, дүрмээр бол зорчигч овортой ачаа үүргэвчээ нуруундаа биш гартаа авч бусдад саад болгохгүй явах ёстой юм л даа. Ийм соёлд манайхан даана ч суралцаагүй хэвээр байна.

Хятадын Хөх хотод л гэхэд автобус, метрогоор явж байгаа зорчигч үүргэвчээ үүрсэн яваа харагдахаа байсан л байналээ. Тэндхийнхэн сүрхий соёлжсон байна. Гэтэл манайхан яг хуучнаараа.

Хот орон хөгжөөд сайхан болж байна гэх. Хүн нь нийтийн унаанд зорчихоос эхлээд хөгжихгүй бол юуных нь дэвшил байхав дээ.

Төгсгөлд нь хэлэхэд төрийн гал цогтой түшээ байсан нэрт яруу найрагч О.Дашбалбар өнөөгөөс 20 гаруй жилийн өмнө улс орныхоо ирээдүйг зөгнөн хэлэхдээ:

-Монгол улс дааж давшгүй өрөнд орно. Ард түмний амьдрал доройтно. Нийгэмд шударга бус байдал хэзээ ч үзэгдээгүй хэмжээнд хүрнэ гээд Монголын төр төрхгүй багачуулын тоглоом болно гэжээ.

Өнөөгийн Монголын дүр төрхийг харах юм бол яг л өнөөг хэлж дээ. Тэр хүн гэж бодном.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 15. БААСАН ГАРАГ. № 222 (7466)