“Зөвшөөрөгдөөгүй вакцинаар туршилт хийж байна”

4-р сарын 24, 2018 7:31 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 53
IMG_4098

 Г.Ундрам

Олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй эмнэлзүй, биологийн туршилтыг ЕБС-ийн сурагчдад хийсэн байж болзошгүй талаар “Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөл”-өөс “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд тус зөвлөлийн тэргүүн Б.Алтанжолоо, дэд тэргүүн Ц.Эрдэнэбаатар болон эцэг эхчүүдийн төлөөлөл оролцсон юм. Энэ үеэр 2015-2016 оны хичээлийн жилээс “Улаанбаатар хотын сургуулийн насны хүүхдийг Сүрьеэгийн халдвараас хамгаалах Д амин дэмийн нөлөө” төслийг хэрэгжүүлэн нийслэлийн 15 сургуулийн бага, дунд ангийн 8214 хүүхдэд хоёр удаагийн тунгаар албадан уулгажээ. Гэвч өнгөрсөн жилээс эхлэн эдгээр хүүхдийн биед өөрчлөлт орж, сөрөг үр дагавар гарч эхэлсэн тухай тэргүүн Б.Алтанжолоо ярив. Уг төслийг ЭМЯ зөвшөөрлийг нь олгож, БСШУЯ хамтран зохион байгуулсан нь баримтаар нотлогдсон. Энэ баримтыг үндэслэн ЭМЯ, БСШУЯ, ХНХЯ-нд хүсэлт тавьсан хэдий ч зөвхөн ХНХЯ хариу өгсөн гэдгийг тэрээр онцоллоо. Мөн “Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөл”-ийн дэд тэргүүн Ц.Эрдэнэбаатар “Манай дүү ч бас дээрх туршилтад хамрагдсан. Эрүүл байсан дүү минь одоо бие нь тааруу байгаа. Зүүн уушгиар нь хатгаж өвддөг,  нүд нь ойр ойрхон анивчдаг, ямарч дархлаагүй болсон. Энэ вакциныг долоо хоног бүрийн пүрэв гаригт хийдэг. Эрүүл байгаа хүүхдүүдийг сонгон вакцинд хамруулдаг юм бана. Тэгээд ядарч байна уу, сульдаж байна уу гээд байнга асуудаг тухай дүү минь ярьсан” гэлээ. Тэд хэвлэлийн бага хурлын төсгөлд энэ төслийг нэн даруй зогсоох, хүүхдүүдэд гарсан хохирлын хэмжээг тогтоох, гэм буруутай этгээдийг олж хариуцлага тооцохыг хүсч Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхэд албан бичиг хүргүүлэх болсоноо дуулгалаа. Хэрэв тэд хариу өгөхгүй удвал тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдсэн юм.

Эх сурвалж: polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *