“Зүүн хойд Азийн уул уурхайн төв болно”

9-р сарын 7, 2018 9:49 am Нийтлэгч: Ангилал Уул уурхай , Эдийн засаг Уншсан: 14
9-7-4

Д.ОЮУНЧИМЭГ

Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын “Дисковер Монголиа” бизнесийн чуулга уулзалт өчигдөр эхэллээ. Чуулган хоёр өдрийн турш үргэлжлэх бөгөөд “Лайон менежер лимитед” компанийн гүйцэтгэх захирал Хэдли Виддап илтгэл тавьсан юм. Тэрээр “Өнгөрсөн хугацаанд 50 гаруй оронд уул уурхайн салбар хэрхэн хөгжиж буйг харж, судалж ирсэн. Уул уурхайг хөгжүүлэхийн тулд нөлөөлөх хүчин зүйлсийг анхаарах учиртай. Монгол Улсын хувьд нинжа хэлбэрээр ашигт малтмал олборлож байна. Энэ нь уул уурхайн бизнес амар хялбар аргаар ашигтай ажиллах боломжтой гэх ташаа ойлголтоос үүдэлтэй. Ийнхүү албан бусаар ажиллах нь улсын төсөвт орох орлого буурдаг юм. Тэгэхээр хөдөлмөр эрхлэлтийн оновчтой бодлого хэрэгжүүлэхийн тулд дээрх байдлыг зохицуулах зайлшгүй шаардлага бий. Цаашилбал, уул уурхайн салбарын мөчлөгийн хандлагыг ажвал геологийн чиглэлээр хийж байгаа ажлууд бий боловч хөрөнгө оруулалтыг татаж, газрын доорх баялгийг илрүүлэхэд хэчнээн зардал гарах вэ гэдгийг тооцоолох учиртай. Ер нь энэ салбарыг тогтвортой бодлогоор удирдах нь ажлын байрыг хадгалахаас гадна төсөвт оруулах хөрөнгө өсдөг. Тиймээс гадны хөрөнгө оруулалтыг оруулж ирэхийн тулд тухайн төсөл үр дүнтэй гэдгийг олон нийтэд таниулах нь чухал” хэмээн онцолсон юм. Энэ мэтчилэн гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид чуулж буй “Дисковер Монголиа-2018”-д албаны төлөөлөгчид оролцон төрийн бодлого, шийдвэр, хууль эрх зүйн орчны талаарх мэдээллийг хүргэлээ.Энэ удаагийн чуулганд 800 гаруй төлөөлөгч оролцож буй. Манай улсад хэрэгжиж буй төслүүдэд хөрөнгө оруулалт хийсэн гадны төлөөлөгчдөөс гадна ирээдүйд хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлэн оролцож байгаа хөрөнгө оруулагчдад макро, микро орчны мэдээллийг хүргэхээр зорьсон гэдгээ зохион байгуулагчид онцолж байна. Түүнчлэн санхүүжилтийн асуудлыг ч хөндөж, хэрхэн шийдвэрлэх боломжийг бүрдүүлэх талаар ч харилцан ярилцах юм байна. Чуулган үргэлжилж байна.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар:

ЭДИЙН ЗАСГИЙН ДЭВШИЛ УУЛ УУРХАЙН САЛБАР ГОЛЛОХ НӨЛӨӨТЭЙ

-Зүүн хойд Азийн хэмжээнд зохион байгуулалтад орж Монгол Улс уул уурхайн бүс нутгийн хаалт байх ёстой гэж үздэг. Бид энэ тал дээр хамтарч ажиллахад бэлэн байна. Уул уурхайд хариуцлага хамгийн чухал. Энэ салбар зөв голдрилоор явуулж, хөрөнгө оруулалтын өгөөжийг хуваалцсаны үр дүнд цаашид дэлхийн зах зээл дээр хүчтэй гарч ирэх боломж бүрдэнэ. Оюутолгой, “Степ голд” төслүүд Монголынх. Бид шударга байж, хөгжлийн зөв өнцгөөс нь харж богино хугацаанд эдийн засгийн дэвшлийг бий болгох учиртай. Үүнд нөлөөг үзүүлнэ. Тиймээс төрийн бодлогоо хөрөнгө оруулагчдад зөвөөр танилцуулах нь ирээдүйн хөгжилд тэргүүлэх салбар болох юм.

“Монголын бизнесийн зөвлөл”-ийн ТУЗ-ийн дарга Б.Бямбасайхан:

АМЛАЛТАА БИЕЛҮҮЛДЭГ ГЭДГЭЭ ХАРУУЛАХ ЁСТОЙ

-Манай улсад дэл­хийн хэмжээний төс­лүүд хэрэгжиж байгаа. Цаашид хэрхэн тэлэх вэ гэдгээс хамаарч хөрөн­гө оруулалтыг татах боломжийг бүрдүүлнэ. Манай улс Зүүн хойд Азийн уул уурхайн төв болох зорилго тавих учиртай. Үүний тулд дэд бүтцийнхээ асуудлыг шийд­вэрлэх хөрөнгө оруулалтыг шийдснээр эдийн засгийн өсөлтийг дэмжих боломж бүрдэнэ. Эдгээр асуудлыг салбар бүрийн төлөөлөгчдөөс гадна гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид хэлэл­цэж байгаа нь сайшаалтай. Хамгийн гол нь Монгол Улс амлалт болон харилцан тохиролцсон гэрээний үүргээ ягштал биелүүлдэг гэдгээ гадаад зах зээлд, хөрөнгө оруулагчдад харуулах ёстой.

“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүү:

ЭРДЭС БАЯЛГИЙН БАЙГУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА

-Эхний ээлжинд стра­те­гийн ордын төрийн эзэмш­лийн хувь хэмжээг тог­тоол­гож, ордуудыг эдийн зас­гийн эргэлтэд оруул­на. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиг­лалтын тусгай зөв­шөөрөл эзэмшигч “Эрдэнэт үйлд­вэр” компани, “Бага­нуур”, “Шивээ-Овоо” компа­нийн төрийн эзэмш­лийн хувь­цааг манай ком­па­нид шилжүүлэх Засгийн газ­рын тогтоол бий. Түүнч­­­лэн хөрөнгийн удирд­­лагын компаниар дам­жуу­­лан хөрөнгө оруу­лал­тын санг бий болгох, охин компаниудын хувь­цааг нэ­мэл­тээр гаргаж, гадаад, дотоодын биржээр арилжаалах зорилт тавьсан. “Эрдэнэс Монгол” компа­нийг тү­шиг­­лэн “Эрдэс баял­­гийн бирж” байгуулах стра­­тегийн зорилт тавьж байгаа.

Монгол дахь Америкийн худалдааны танхимын гүйцэтгэх захирал О.Адъяа:

ДҮРМЭЭ ТОДОРХОЙ ТАНИЛЦУУЛАХ ХЭРЭГТЭЙ

-Орон нутгийн засаг захиргааны байгууллага хэрхэн ажиллах талаарх мэдээллийг хөрөнгө оруулагчдад өгөх хэрэгтэй. Зарим талдаа салбарын яам, төрийн томоохон байгууллагаас давсан эрх мэдэл гаргах нь хөрөнгө оруулагчдад таатай сэтгэгдэл төрүүлэхгүй. Нөгөөтэйгүүр лиценз олголтын асуудал тогтвортой, нээлттэй явагдах учиртай. Мэдээж том төслүүдээ танилцуулах хэрэгтэй боловч хөрөнгө оруулагчдад өдөр тутмын ажилд нь ямар асуудал тулгарч болох вэ гэдэг мэдээлэл чухал байдаг. Тиймээс ямар дүрмээр тоглох вэ гэдгийг нь тодорхой болгох үүднээс жижиг мэт санагдах асуудлын талаар ч танил­цуулах нь зүйтэй юм.

“Делоитт Онч аудит” компанийн захирал Ш.Норжинбат:

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ИТГЭЛ СЭРГЭЖ БАЙНА

-Бизнесийн салба­рынхан энэ чуулганаас ирэх жилийн өнгө ямар байгааг харахыг зорьдог. Энэ удаагийн чуулганд оролцогчид эрс нэмэгдсэн харагдаж байгаа нь манай улсыг зорих хөрөнгө оруу­лагчдын итгэл сэргэж байгаагийн илрэл болов уу. Ер нь хөрөнгө оруулагчид аливаа уулзалтад оролцохдоо тухайн улсын бодлого, шийдвэр нь ямар байгааг илүү анхаардаг. Мөн төрийн болоод бизнесийн орчны бодлогынхоо талаар бодитой мэдээл­лийг хүргэх нь зүйтэй. Энэ нь эдийн засгийн өсөлтийг бий болгох, улсын хөгжилд тодор­хой хувь нэмрээ оруулах хөшүүрэг болох юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *