“Зоос” банкны үйл ажиллагааг дуусгавар болгоогүй гэв

10-р сарын 26, 2015 9:50 am Нийтлэгч: Ангилал Ерөнхийлөгч , Улс төр Уншсан: 55
10-26-2

М.ЦЭЦЭГ

УИХын чуулганы баасан гаригийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг тоймлов. Энэ өдөр Хилийн тухай хуулийн өөрчлөлтийн талаар гишүүд нэлээд мэтгэлцлээ. Уг хуулийн төсөлд Монгол Улсын хилийн тухай хуульд хэрэглэж байгаа нэр томьёог нэг мөр ойлгож хэрэгжүүлэхийн тулд бусад хуульд заасан нэр томьёотой давхардсан, ижил төрлийн зохицуулалтыг агуулсан, эсвэл өөрөөр тодорхойлсон зэрэг зөрчлийг арилгаж, шинээр тусгасан. Мөн хилийн боомтоор зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа болон мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхтэй холбоотой чиг үүргийг иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний асуудал эрхэлсэн байгууллага гүйцэтгэж байгааг хил хамгаалах байгууллага хариуцдаг байх зэрэг зарчмын өөрчлөлтүүдийг тусгажээ. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан  Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийг боловсруулсан байна.

Хилийн хамгаалалт муудаж, зөрчил нэмэгдэж байгаа тул нөхцөл байдлыг судалж үзсэний үндсэн дээр амьдралд нийцүүлэх үүднээс хуулийн төслийг боловсруулж хэлэлцүүлж байгаа юм. Мөн хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээг хэрэгжүүлэх, улсын хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулах, хилийн зөрчил, хил дамнасан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хилийн зурвасын өргөнийг 10, хилийн бүсийг 50 километрээс илүүгүй байхаар тогтоохоор тусгасан. Одоогийн хуулиар хилийн хяналтын бүс 100 км, хилийн шалгах бүс 20 км байгаа. Түүнчлэн хил орчмын нутаг дэвсгэрт оршин суудаггүй иргэн, байрладаггүй байгууллага, аж ахуйн нэгж нь улсын хилийн бүсэд ажил эрхлэх, үйлдвэрлэл явуулах тохиолдолд Хил хамгаалах ерөнхий газраас хилийн бүсэд нэвтрэх зөвшөөрөл олгож байгааг өөрчилж, хилийн анги, салбарт мэдэгдэж, бүртгүүлснээр үйл ажиллагаа явуулах эрх нь үүсэхээр тусгасан байна.

Гишүүн Х.Тэмүүжин хил хамгаалах байгууллагын чиг үүрэг, иргэдийн гадагш дотогш зорчих хөдөлгөөн, гаалийн хяналтын асуудлыг цогцоор нь авч үзэж шийдэх шаардлагатай тул хуулийн төслийг шинэчилсэн найруулгаар оруулж ирж хэлэлцүүлэх хэрэгтэй гэсэн байр сууриа илэрхийлэв. Мөн гишүүн Н.АлтанхуягМанай Засгийн газрын үед хил, гааль, боомтын асуудлыг цогцоор нь авч үзэж нэлээд ярилцаж байж Хилийн боомтын тухай хуулийг баталсан. Гааль нь зөвхөн татвар хураах биш хилээр хууль бус зүйл нэвтрүүлэхийн эсрэг хяналт тавих үүрэгтэй байгууллага. Иймээс асуудалд бодитой, нухацтай хандаж цогцоор нь шийдэх үүднээс хуулийн төслийг түр буцаагаад дахин сайжруулж оруулж ирэх нь зүйтэйгэв.

Мөн үдээс хойшх хуралдаанаар гишүүн Г.УянгаасЗоос банк”-ийг татан буулгасан талаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалд тавьсан асуулгын хариуг сонслооЭнэ талаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан ийм хариу өгөв.

Б.Жавхлан:

Банкны хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах ямар ч боломжгүй. Банк 87.9 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан учраас ногдол ашиг хуваарилах ямар ч ойлголт байхгүй байсан. Европын сэргээн босголтын банк 3.7 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэтэй хувьцаа эзэмшдэг байсан. Энэ нь нийт хувьцааны 25 хувь байсан. Нийт бусад хувьцаа эзэмшигчийн адилаар санхүүгийн хариуцлага хүлээгээд энэ нь алдагдал болсон. Өөрөөр хэлбэл, энэ банкийг дампууралд хүргэсэн хувьцаа эзэмшигчдийн нэг учраас санхүүгийн хариуцлага хүлээгээд одоо ямар нэг хэл ам хийхгүй байгаа. Банкны 55 хувийг эзэмшдэг байсан Батбаяр гэдэг иргэн банкнаасаа тодорхой хэмжээний хөрөнгөө буцааж авсан. Энэ нь ганц Батбаяр ч биш бусад бүх иргэн, компани төлбөрөө авсан. Харин 14.7 тэрбум төгрөг буюу дүрмийн санд оруулсан хөрөнгөөрөө шууд санхүүгийн хариуцлага хүлээсэн. Эрх хүлээн авах үйл ажиллагаа зургаа дахь жилдээ үргэлжилж байгаа нь үнэн. Энэ хооронд Монголбанкны гурван удаагийн шийдвэрээр хугацааг нь сунгасан. Сүүлийн хэдэн жил буюу 2012 оноос эхлээдЗоосбанкны үйл ажиллагааг дуусгавар болгоод Сангийн яамнаас буюу төрөөс гаргасан бондны дүнтэй дүйцүүлэн эрх хүлээн авах ажиллагааг дуусгавар болгоё гэсэн саналыг удаа дараа хүргүүлдэг ч энэ асуудал шийдэгдэхгүй өнөөдрийг хүрсэн. Гэхдээ сүүлийн хоёр удаагийн санхүү удирдлагын зөвлөлөөс нааштай шийдвэр гаргаад хохирлыг дуусгавар болгоод Сангийн яам руу бондын төлбөрт үлдэгдэл актив хөрөнгийг шилжүүлэхээр хоёр талаасаа ажиллаж байна гэв.

Харин гишүүн Г.УянгаТухайн үеийн Сангийн дэд сайд байсан Ч.ГанхуягЗоосбанкны 86.6 тэрбум төгрөгийн хөрөнгөн дээр Төрийн банкны эх үүсвэр бий болсон гэсэн тов тодорхой ярилцлага өгсөн нь байж байна. Одоо дээрээс нь Төрийн банкийг хувьчилна гэж ярьж байгаа. Хэрвээ хувьцаа эзэмшигчид хариуцлага хүлээх ёстой юм бол жижгээсээ том руугаа дараалж хариуцлагаа хүлээх ёстой гэж бодож байна. Эхлээд ард иргэдийн хохирлыг барагдуулж байж дараа нь хувьцаа эзэмшигчид гэсэн дарааллаар байх нь зүйтэй юм. Хувьцаа эзэмшигчид бас мөнгөө авахдаа жижгээсээ том руугаа гэсэн дараалалтай байдаг байх. Та нар үүнийг хангаж ажиллаагүй юм байна. Одоо жижиг хувьцаа эзэмшигчид хохироод үлдсэн. Том хувьцаа эзэмшигчид нь үүнийг шахаж шаардах ёстой ч ингээгүй. Маш олон хуулийг тухайн үед зөрчиж энэ банкийг татан буулгасангэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *