Зохиолчдын эвлэлийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

1-р сарын 10, 2019 8:30 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 6
1-10-7

Ч.ОЛДОХ

Монголын оюун санааг үеийн үед  баяжуулж,  эх хэлээ бататган  хөгжүүлж ирсэн Монголын зохиолчдын байгууллагын 90 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Түүхт ойг тохиолдуулж  Төрийн тэргүүн  зарлиг гаргаж МЗЭ-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан нь арвин түүхтэй, буурал байгууллагын  үйл хэрэг, хөдөлмөр зүтгэлийг Монголын төр үнэлж буйн илэрхийлэл боллоо.Мөн цаашид улс орны хөгжил, нийгмийн ухамсарт зохиолчдын оруулах  хувь нэмрийг тодорхойлж буй үйл явдал гэж болох юм.

С.Буяннэмэх, Д.Нацагдорж нарын  тулгын чулууг нь анх тавьснаас эхлэн  хувьсгалт өөрчлөлт, социализмын үеийн төлөвлөгөөт хөгжил, ардчилал шинэчлэлийн урт замд Монголын зохиолч, сэтгүүлчид  гал нэмж,  хурц дайчин зохиол бүтээлүүдээр эх орон, ард түмэндээ  хүч нэмж  ирсэн түүхтэй. Тэгвэл Монголын зохиолчид цаашид хэрхэх вэ гэдэг гарц, гаргалгааг  МЗЭ 90 жилийн ойгоороо  гаргаж тавьсан нь өмнө тэмдэглэж ирсэн түүхт ойнуудаас онцлог юм. Тухайлбал, цаашид ардчилал, чөлөөт байдал гэх асар их  нөөц боломжийг зохиол бүтээл болон ур чадвараа хөгжүүлэхэд хэрхэн ашиглах вэ. Нийгмээ урагшлуулахад, зөв төлөвшүүлэхэд уран зохиолын нөлөөг яавал дээшлүүлэх вэ. Төр, засгаас зохиолч, зохиолчдын байгууллагыг дэмжих дэмжлэгийг яаж бий болгох вэ гэдэгт юу шаардагдаж буйг МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн До.Цэнджав 90 жилийн ойн баярын хурлын нээлтэд хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэлээ. Мөн тэрээр түүхэн ойн үеэр  зохиолчдын хоёр байгууллага нэгдэж нийлэх тухай  яриа хэлэлцээ, эхний алхмууд хийгдэж байгаа  нааштай мэдээлэл байгааг хурлын индрээс баяртайгаар мэдэгдсэн юм.

Улс орны  оюун тархи болсон зохиолчдын байгууллагын түүхт ойгоор  Монголын төрөөс Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор М.Саруудалай, “Алтан гадас” одонгоор Н.Пүрэв,Х.Бүрэн­тогтох, Б.Төгсжаргал  нарын 16 зохиолч, яруу найрагчийг  шагналаа. Мөн Засгийн газрын тогтоолоор Д.Нацагдоржийн нэрэмжит шагналаар Т.Султан, Н.Сүхбаатар, А.Лхагва, Ж.Оюунцэцэг, А.Мөнх-Оргил нарыг, С.Буяннэмэхийн нэрэмжит шагна­лаар Т.Баасансүрэн, Л.Дашням, Р.Батжаргал, С.Энхбаяр нарыг тус, тус шагнасан юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс МЗЭ-ийн 90 жилийн ойн баярт ирүүлсэн  илгээлтдээ  монгол түмний оюун санааг хөгжүүлж, эх хэлээ дархлаажуулахад зохиолчид, зохиолчдын байгууллагын оруулж буй хувь нэмэр асар их байгааг онцлон тэмдэглээд цаашид бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор М.Саруудалай,“Алтан гадас” одонгоор Н.Пүрэв,Х.Бүрэн­тогтох, Б.Төгсжаргал нарын 16 зохиолч, яруу найрагчийг шагналаа.

Хурлын завсарлагаар.

Яруу найрагч Ц.Отгонжаргал, С.Буяннэмэхийн нэрэмжит шагнал хүртлээ.

“Зууны мэдээ” сонинд цувралаар хэвлэгдсэн МЗЭ-ийн шагналт, яруу найрагч, сэтгүүлч, цаасан урлаач Ц.Галбадрахын бүтээл шилдэг зохиолчдын цаасан хөрөг “Монголын зохиолчид-90” үзэсгэлэнд тавигдлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.1.10 № 7 (5974)