Журмаар халхавчилсан газрын тонуул

11-р сарын 7, 2017 8:20 am Нийтлэгч: Ангилал Банк, санхүү , Эдийн засаг Уншсан: 16
11-7-7

Ц.МЯГМАРБАЯР       

Төв аймгийн Заамар сумын нутагт 15.541.08 га талбай газарт ашигт малтмалын олборлолт хийхээр тусгай зөвшөөрөл авсан “Эрдэнэсийн эрэг” компани давуу эрхтэйгээр тендер авсан нь холбогдох хуулийг зөрчиж байгаа аж. Тус компанийн 66 хувийг эзэмших эрх бүхий  “Голд Хар Бор” компанийн  талаар тодорхой мэдээлэл байхгүй байгаа нь Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, ИТХ-ын дарга  Ц.Энхбат нарыг ашиг сонирхлын зөрчилтэй гэж хардах үндэслэл болж буйг өмнөх нийтлэлүүдээр хөндсөн билээ.Тусгай зөвшөөрлийг хязгаарлагдмал тендер нэрийн дор авсан нь ашигт малтмалын хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл бий. Учир нь Ашигт малтмалын тухайн хуульд хязгаарлагдмал тендертэй холбоотой асуудлыг тусгайлсан  журмаар зохицуулна гэсэн үг, өгүүлбэр байхгүй. Гэтэл  2017 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Ц.Дашдоржийн  гаргасан  журамд нэмэлт өөрчлөлт оруулах А/40 тушаал болон 2017 оны нэгдүгээр сарын 25-ны Засгийн газрын IV хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 1.6-д  “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авахад орон нутгийн тусгай хэрэгцээт газартай давхцсан тохиолдолд орон нутгийн өмчит компани байгуулж тендер зарлаж, хязгаарлагдмал сонгон шалгаруулалтаар олгоно” гэж нэмжээ. Энэ нь эрх мэдэлтнүүд өөрсдийн ашиг сонирхлыг хуулийн хүрээнд, журмаар баталгаажуулж өгч байгаагийн  тод илрэл болж байна. Нэг үгээр хэлбэл, “хуульчлагдсан тонуул” боллоо гэж иргэний нийгмийнхэн хэлж байна.

Орон нутагт ашигт малтмалын олборлолт явуулахыг иргэд эсэргүүцэхээр эрх мэдэлтнүүдийн арга нь улам нарийсч хуулийн хүрээнд “луйвар“ хийж эхэлжээ. Угтаа захиргааны хэргийн тухай хуулиар нийтийн эрх ашигт нөлөөлөхүйц шийдвэр гаргах бол тухайн иргэдийн саналыг үндэслэж  шийдвэр гаргах ёстой гэсэн зохицуулалт бий. Гэтэл хуульд байхгүй журам гаргаад, түүндээ үндэслэж Төв аймгийн Заамарт  газар нутгийг нь дээрэмдэх үйл ажиллагаа явагдсан байна. Заамарын малчдын эсэргүүцээд байгаа  Өвөрнаймганы 15.541.08 га газарт ашиг малтмалын хайгуул олборлолт хийхээр тусгай зөвшөөрөл авсан “Эрдэнэсийн эрэг”  компанийн 34 хувь нь орон нутгийн хөгжилд зарцуулагдана гэж дарга нар нь ярьсаар. Тэгвэл  34 хувь гэдэг компанийн хяналтын багц юм. 51 –ээс дээш хувьтай байж орон нутагтаа хэдийг нь ашиг болгож авч үлдэх тухай асуудал яригдана. Үүндээ нутгийн иргэдийг төөрөгдүүлж, итгүүлэхээр гүрийсээр байна. Малчид ийм үлгэрт итгэхээ больсон. Энэ бол бидний тархийг угааж байгаа явдал гэж нутгийн иргэд хэлсэн. Манай нөхцөлд орон нутгийн өмчит компани байтугай төрийн өмчит компаниудын засаглал ямар байгаа билээ. Хамгийн их шахаас,хамгийн их зардал гардаг талбар гэдгийг хэн хүнгүй мэднэ.

Заамарын тухайд хөгжил ярихаас илүү малчид нь  малаа бэлчээх газар нутаггүй болох  нөхцөл үүсчихээд  байна. Энэ үйл явцыг Заамар сумын иргэдийн үндсэн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж байгаа дээрмийн үйлдэл гэж шууд хэлнэ. Энэ зөвхөн Заамар суман дээр яригдаж байгаа асуудал биш. Томоохон уул уурхайн ордуудад ч ийм нөхцөл үүсч байна. Тухайлбал, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх багт байрлах Хармагтайн ордыг аймгийн удирдлагууд нь яг ийм жишгээр төрийн өмчит компани байгуулан авсныг нутгийн иргэд мэ­дээлж байна. Энэ мэтээр өөрсдийн эрх ашгийг хамгаалахын тулд журам өөрчилдөг  муу жишиг тогтож буй. Энэхүү журмын талаар эргэж харах хэрэгтэйг сануулж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт хандахад “Салбар яамнаас ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох явц болон бусад зөрчилтэй  асуудлыг  шалгуулахаар ажлын хэсэг гарган ажил­лаж байна. Энэ сарын 25-нд дүнгээ танилцуулна” гэв. Энэ журмаа яаралтай засахгүй бол хязгаарлагдмал тендер нэрээр малчдын малын  бэл­чээрийн газрыг нь дээ­рэм­дэх явдал олширох төлөвтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *