Жилд 120 хүүхэд агаарын бохирдлын шалтгаанаар өвдөж, нас бардаг

1-р сарын 12, 2018 1:26 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Эрүүл мэнд Уншсан: 94
1-12-11

Р.ОЮУН

Агаарын чанарын шинжилгээний дүнгээр өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотын хэмжээнд агаарын бохирдол ихэнх өдөр дунд болон их, гэр хороолол орчимд маш их бохирдолтой төвшинд хүрчээ. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад агаар дахь тоосонцорын агууламж 2.8 хувиар их, хүхэрлэг хийн агууламж 4-35 хувиар бага, 24 цагийн дундаж агууламжийн хамгийн их нь агаарын чанарын стандартаас 2-16 дахин их гэж гарсан байна. Мөн Улаанбаатарын агаарын бохирдол ДЭМБ-аас тогтоосон аюултай хэмжээнээс дөрөв дахин их байна гэсэн юм.

Хүн өдөрт дунджаар 25 мянган удаа 10 мянган литр агаараар амьсгалдаг. Энэ нь 5000 ширхэг бөмбөлөг дүүргэхэд хүрэлцэх хэмжээний агаар аж. Агаарын бохирдолд насанд хүрэгчтэй харьцуулахад хүүхэд илүү өртөж байна. Учир нь бага насны хүүхдийн тархи мэдрэг байдаг тул багахан хэмжээний хорт бодис ч тархийг хордуулдаг. Мөн агаар бохирдуулагч бодисууд хүүхдийн уураг тархинд хүрч, мэдрэлийн эдийн үрэвсэл үүсгэдэг ажээ. Үүнээс гадна нүүрс, шатахуун, тос, хог, тамхийг шатаахад үүсдэг бодисууд нь хүүхдийн сурч, хөгжихийг дэмжсэн тархины эсийн холбоосыг гэмтээдэг байна.

АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн судалгааны баг АНУ-ын Калифорнийн их сургууль, БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуулийн судлаачидтай хамтран Улаанбаатар хотын агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгаа хийжээ. Судалгаагаар 0-5 насны хүүхдүүд утаа, тоосжилтод хамгийн их өртдөг болохыг тогтоожээ. Мөн жилд 120 хүүхэд агаарын бохирдлын шалтгаанаар өвдөж, нас бардаг. Хүүхэд халуурч, ханиалган, уушгины хатгалгаа тусч байвал агаарын бохирдол нөлөөлж эхэлсний дохио гэнэ. Харин томчууд Улаанбаатарын тоосжилт, агаарын бохирдлоос болж уушгины хавдар, зүрхний шигдээс, харвалтын аль нэгээр өвддөгийг судал­гаагаар баталсан байна.

Хэрэв Улаанбаатарын утаа, агаарын бохирдол цаашид одоо байгаа шигээ үргэлжилбэл өвчлөл, нас баралтын тоо нэмэгдэнэ гэдгийг судлаачид хэлж байлаа. ДЭМБ-аас 2009 онд Монгол Улсад жилд цаг бусаар нас барж буй 7000 хүний 10 хувьд нь агаарын бохирдол шууд нөлөөлснийг тогтоосон байна. Харин 2014 онд агаарын бохирдлоос болж нас барагсдын тоо 20 хувьд хүрсэн ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 2

Buy Xenical In Singapore Cheap Tadalis cialis 20mg price at walmart Einnahme Von Priligy Printable Propecia Coupons

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *