ЖДҮ-ийн сангийн зээлийг ажилчдын тоогоор олгох хуулийн заалтыг эсэргүүцэж байна гэв

10-р сарын 29, 2018 2:06 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 19
10-28-13

Ц.МЯГМАРБАЯР           

“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүд болох Б.Батдэлгэр, Ц.Бум-Цэнд, Ч.Мөнхтөр, С.Удвалцэцэг нар ЖДҮ-ийн сангийн зээлийг тэрбумын орлогоор нь эрэмбэлж сайд, дарга нарын эхнэрүүдэд олгодог байсан бол одоо хуульдаа бичил бизнес эрхлэгч гэдэг заалтыг хасч жижиг, дунд бизнес эрхлэгч үйлдвэрийн  ажилчдын тоогоор нь олгодог болгохоор хуульдаа тусгаж буй нь шударга бус үйлдэл хэмээн үзэж Ерөнхий сайдад албан шаардлага хүргүүлж байгаагаа өнөөдөр /10.29/ Үндэсний мэдээллийн төвд хийсэн хурлын үеэр мэдэгдлээ. Энэ жил ЖДҮ-ийн сангаас олгох хөнгөлөлттэй зээл олгох сонгон шалгаруулалтад 498 аж ахуйн  нэгж оролцож 134 нь шалгаруулалтад тэнцсэн. Сайд дарга нарын эхнэрүүдийн компани зээлээ 14 хоногийн дотор авдаг бол. Жирийн иргэд 45-90 хоног хөөцөлдөж байж авдаг. Тус санг Удирдах зөвлөлтэй болгох хэрэгтэй байна. Сайдын гарын үсэг, үзэмжээр зээлийг олгож байна. Үүнийг даруй өөрчлөх хэрэгтэй. Иймд холбооны зүгээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд дараах шаардлагыг хүргүүлж байна хэмээн тэд хэллээ. Уг шаардлагад ХХААХҮЯ-ны ЖДҮ-ийг хөгжүүлэх санд хөндлөнгийн аудит оруулж үр дүнг олон нийтэд мэдээлэх. Төсөл сонгон шалгаруулах хорооны гишүүдэд хариуцлага тооцох. Ашиг сонирхлоор зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудын зээлийг эргэн яаралтай төлүүлэх, хариуцлага тооцох / УИХ-ын гишүүн Н.Учралын жишгээр/  ЖДҮ-ийн зээл сонгон шалгаруулах 2017 оны А/76 тушаалаар баталсан журмыг яаралтай шинэчилж төсөл сонгон шалгаруулах хороонд салбарын ТББ, олон нийтийн хяналтыг түлхүү оролцуулахыг шаардлагад дурджээ.

“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр:

-“Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих”  тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнгөрсөн баасан гаригт УИХ-аар хэлэлцсэн. Гэтэл энэ хуулийн төслөөс маш чухал заалтыг аваад хаячихлаа. Энэ хуулийн 5.1 дэх заалт болох  “бичил” бизнес эрхлэгч гэдэг үгийг хассан нь энэ хэсэгт хамаарч байгаа жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 80 хувийг  нь хөгжих зээл авах боломж, амь амьдралаа залгуулах нөхцлийг хааж төр шоовдор хүүхэд мэтээр хандсан явдал боллоо. Өөрөөр хэлбэл, бичлээс дунд руу, дундаас жижиг, дунд бизнес эрхэлж өсөн дэвжих боломжийг алдагдуулж байна.

Ч.Мөнхтөр:

-ЖДҮ-ийн сангийн зээлтэй холбоотой ноцтой мэдээлэл нийгэмд дэлгэгдсэнээр жижиг, дунд бизнесээ дэмжихгүй байгаа нь нотлогдлоо. ЖДҮ-ийн санд байгаа мөнгийг жинхэнэ үйлдвэрлэдэг хүмүүс нь биш албан тушаал, эрх мэдлийн давуу талаа ашигласан сайд, дарга нарын эхнэрүүдийн компани авдаг нь тодорхой боллоо.

С.Удвалцэцэг: 

-Би жижиг, дунд бизнес эрхлэгч. ЖДҮ-ийн сангаас зээл авах гэж гурван удаа төсөл бичиж оролцсон. Хэзээ ч зээл авч байгаагүй. Зээлийн хурлаас сайхан магтаал сонссоор гарч ирдэг байсан. Шалгуур болон хуульдаа жилийн 1.5 тэрбумын борлуулалттай  ЖДҮ-ийн бизнес эрхлэгч зээлд хамрагдана гэсэн заалттай байсан. Гэтэл шинэчилсэн хуульдаа үүнийгээ үгүйсгээд ажилтнуудын тоог харгалзаж үзнэ гээд заачихлаа. 1-50, 51-200 хүртэл ажилтантай гэдэг. Сайд, дарга нарын компанийн борлуулалтын орлого өндөр учраас орлогоо дарах арга нь олдохгүй болохоор зөвхөн ажилтнуудын тоонд хамааруулан зээл олгоно гэж тэдэнд үйлчилсэн хуулийн заалт оруулж ирж байна. Эхнэрүүдийн компани нь 5-200 хүртэл ажилтантай. Тэгэхээр тэдэнд авах боломж нь улам илүү болж байна. Бичил бизнес эрхлэгч нар бол ямар ч боломжгүй болж байна. Биднийг зээлээ төлж чадах уу гэж асууж байна. Бид  жилийн нэг хувийн зээл олдохгүй болохоор Банк бус санхүүгийн байгууллагаас жилийн 4-5 хувийн хүүтэй зээл аваад ямар ч эрсдэлгүй төлсөөр явдаг. Тэгвэл улсаас өгч байгаа нэг хувийн хүүтэй зээлийг ямар ч саадгүй төлөөд явах боломж өндөр.

Эх сурвалж:www.polit.mn