“Жаст”-ын хэргээр “Магнай трейд”-ийн Р.Ганзоригийг баривчиллаа

10-р сарын 10, 2018 7:40 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Хууль эрхзүй Уншсан: 17
10-10-3

Б.ОЧИР

Монголын эдийн засгийн “саалийн үнээ” болсон “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьсан “Жаст” ком­па­нийн захирал Ш.Бат­хүүд холбогдох хэргийг хууль хяналтын байгуул­лагынхан нэлээд шар­гуу­хан шалгаж эхлэв бололтой.

Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газрынхан уг хэргийг хамтран шалгаж байгаа юм. Тэд энэ хэрэгтэй холбогдуулан хэд хоногийн өмнө “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг баривчилсан. Түүнийг хоёр хонуулаад сулласан ч, шүүх дахин нэг сар хорихоор шийдсэн тул үргэлжлүүлэн хориод шалгаж байна.

Тэгвэл уржигдар, 2018 оны аравдугаар сарын 8-ны үдэш “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэргийг шалгаж буй ажлын хэсгийнхэн “Магнай трейд” компанийн захирал Р.Ганзоригийг баривчилжээ. Өдгөө Р.Ганзоригийг ШШГЕГ-ын харьяа Хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа юм байна.

Р.Ганзоригийн хувьд “Магнай трейд” ХХК-ийн үүсгэн байгуулагч юм. Тэрээр “Магнай трейд” компаниа 1994 онд байгуулсан. Компани нь Н-80, Р-92, П-95, C-98 маркийн автобензин,  дизелийн өвөл, зуны түлш, онгоцны түлш, битум болон уул уурхай, барилга, газар тариалангийн тоног төхөөрөмжийн бүх төрлийн тос тосолгооны болон газрын тосны бүтээгдэхүүний импорт, хадгалалт, үндэсний хэмжээнд түгээх үйл ажиллагаагаа явуулдаг.

Үүнээс гадна үүрэн телефон, уул уурхай, газрын тосны бүтээгдэхүүний хайгуул судалгаа зэрэг чиглэлүүдээр бизнесээ өргөтгөөд байгаа юм. Харин тус компанийн ерөнхий захирлаар Р.Ганзоригийн хүү ажилладаг аж.

Тэрээр хэдэн жилийн өмнө Олон улсын санхүүгийн зөвлөх “Wealth-X” компаниас дэлхийн баячуудын “World Ultra Wealth Report”-д Монголоос багтсан 35 хүний нэг болж байлаа. Энэхүү чансааг 30 сая ам.доллараас дээш хөрөнгөтэй хүмүүсийн үл хөдлөх хөрөнгө, компани, хадгаламж, машин, онгоц, цуглуулган дахь урлагийн бүтээлийг үнэлэн гаргасан байдаг юм.

Харин Цагдаагийн ерөнхий газар, Авли­гатай тэмцэх газрынхан Р.Ганзоригийг барив­чилсан шалтгаан нь “Жаст” компанийг 2013 онд дампуурлаа зарласны дараа Ш.Батхүүгээс “Жаст ойл” компанийг нь 40 гаруй тэрбумаар худалдан авч хүүдээ бэлэглэсэн хэмээн тухайн үед хэвлэлүүд бичиж байсантай холбоотой бололтой. Тодруулбал, Түүнийг баривчилсан нь “Жаст ойл” компанийг худалдаж авсан процесстой холбоотой байж магадгүй байна.

Тухайн үед Р.Ганзоригийн “Жаст ойл” компанийг  худалдан авсан наймааны талаар  ШӨХТГ-аас хууль бус гэж үзсэн гэх мэдээлэл тухайн үед цацагдаж байлаа.

Ш.Батхүүгийн “Жаст ойл” компани нь Улаанбаатар хот, Сэлэнгэ, Орхон аймгуудад газрын тосны бүтээгдэхүүний агуулахтай, улс даяар ШТС-ын сүлжээтэй том компани байв. Харин Р.Ганзориг “Жаст ойл” компанийг худалдаж авахдаа ижил төрлийн бизнестэй өөр компанийг худалдаж авахдаа заавал авах ёстой тусгай зөвшөөрлийг аваагүй байна гэсэн дуулиан тэр үед гарч байсан юм. Өөрөөр хэлбэл, Р.Ганзориг нь хууль зөрчиж, зөвшөөрөл авалгүйгээр “Жаст ойл” компанийг хүүгийнхээ нэр дээр шилжүүлсэн гэж байв.

Ийн өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалсан “Жаст”-ын хэргээр Ч.Ганзориг, Р.Ганзориг гэдэг улстөрч, бизнесмэн хоёр хүн баривчлагдлаа. Эх сурвалжийн мэдээллээр, энэ хэргийн улмаас баривчлагдах хүмүүс үүгээр зогсоогүй гэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *