Жагсаалтай өдрүүд

5-р сарын 16, 2018 9:21 am Нийтлэгч: Ангилал Боловсрол , Нийгэм Уншсан: 7
5-16-6

Б.ТӨГС

Эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнууд цалингаа нэмүүлэхээр Засгийн газарт шаардлага хүргүүлээд байгаа. Нийслэл, орон нутгаас нэгдсэн 8300 эмч, сувилагч энэ сарын 8-нд жагсаал зохион байгуулсан. Тэд шаардлагыг нь биелүүлэхгүй бол ажил хаялт зарлахаа мэдэгдсэн билээ. Тэгвэл тэд өнгөрсөн баасан гаригаас ажил хаялтын өмнөх суултыг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Жагсаал хийж, шаардлага хүргүүлснээс хойш өнөөдрийг хүртэл хэлэлцээрийн ширээнд суугаагүй байгаа учир тэд ажил хаях хүртлээ энэ суултыг үргэлжлүүлнэ гэв. Монгол Улсад 3244 эрүүл мэндийн байгууллага, 48173 ажилтан, үүнээс 10 мянган их эмч, 18913 сувилагч, мэргэжилтнүүд үйлчилгээ үзүүлж байгаа нь 10-55 хувь буюу 2000 гаруй орон тоогоор дутагдалтай үзүүлэлт аж.

Хүний нөөцийн хүртээмж хангалтгүй ийм нөхцөлд амьдралын наад захын хэрэгцээгээ хангах цалин хөлс авч чадахгүй байгаа нь тэмцэхээс аргагүйд хүргэж байгааг тэд хэлсээр байна. Тиймээс эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг энэ оны II улиралд багтаан 50-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх. Сувилагчийг төрөөс дэмжих, нийгмийн хам­гаалал, хүний нөөцийг тогтоон барих бодлого болон стандартын да­гуу орон тоо гаргаж ажил­луулахад шаардлагатай хөрөнгийг 2019 оны төсвийн төсөлд тусгаж хэрэгжүүлэх.  Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчийн албан тушаалын ангилалд хамрагдаагүй ажил мэргэжлүүдийг бүрэн хамруулж, энэ оны III улиралд багтаан батлуулж, шаардагдах хөрөнгийг шийдвэрлэж хэрэгжүүлэх, үр дүнгийн мөнгөн урамшууллыг 60 хувьд хүргэн нэмэгдүүлэх. Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, ажилтнуудын томуугийн дэгдэлтийн үед ажилласан илүү цагийн хөлсийг олгож, 2018 онд Эрүүл мэндийн даатгалын сан­гаас санхүүжих санхүү­жилтийн 3.2 тэрбум төгрөгөөр ажилчдын цалин хөлсийг нэмэгдүү­лэх боломжийг бүрдүүлэх гэсэн таван шаардлагыг биелүүлэхийг хүсч байгаа. Суулт хийж байгаа эмч, суви­лагчидтай уржиг­дар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга очиж уулзсан бол Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн төлөөллүүдийг хүлээн авч уулзжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *