Жагарын оронд зорчсон тэмдэглэл

5-р сарын 6, 2013 9:52 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тэд бидний тухай Уншсан: 612
Бум бужигнаж түм тү­чиг­нэсэн Энэтхэг орны юм бүхэн нь бидэнд сонин санагдах юм.

Түрүүч нь ¹112, 113-т

Д.ЦЭРЭННАДМИД

Бум бужигнаж түм тү­чиг­нэсэн Энэтхэг орны юм бүхэн нь бидэнд сонин санагдах юм. Сэтгүүлчид бидний зан элдвийг со­нирх­дог болоод л тэр биз. Бид Делигээс шөнөөр гарч өнгө өнгийн гэрэл дунд тэндхийн амьдралын алаг булаг өнгө төрхийг ажиг­лан, заримыг хачирхан ярилцаж явсаар Дарам­сала орох замдаа гарлаа.

Биднийг замчилж яваа хүн нь Ж.Батцэнгэл хэ­мээх залуу. Энэтхэг оронд 10-аад жил ном үзэж сан­ваартны эгнээнд орсон хэл ус сайтай, шашны но­мын хувьд бол нэлээд болов­сор­сон нэгэн юм. Тэр одоо “Дилова хутагт” сангийн гүйцэтгэх захирлаар ажил­ладаг. Сэт­гүүлчид оролцсон энэ удаагийн аяллыг зохион байгуулсан газар нь тэр. Гэхдээ зарим хүмүүсийн ойлголтоор бид тэдний зардлаар аялаагүй. Өөрс­дөө мөнгөө төлж эртний түүхт Энэтхэг орон, бурхан номын ариун дагшин өл­гий, ариусахуйн орон Дарам­салад очих, Дээрхийн гэ­гээнтэн Далай ламд ба­раал­хан ярилцлага авах туйлын зорилготой байлаа.

Тиймээс алжаалыг огт мартсан хэрэг л дээ. Өм­нөх өдөр нь тэнгэрт нисч өнгөрүүлээд амралтгүй­гээр унаа сэлгэж аяллаа үргэлжлүүлсэн. Зоргондоо яваа бол маргааш болтол амарна, хэвтэнэ гэхсэн. Дарамсала хүртэл 520 км. Улаанбаатараас Өмнө­говийн төв орохтой л адил юм даа. Гэхдээ зам гэдэг адармаатай. Ганц урсгал­тай замаар зорчих машин туйлын олон. Байнга өөдөөс цацрах гэрэлд гял­баж, дуут дохионд чих дөжирч явах юм.

Делигээс гараад Пен­жав мужийг дайрах юм. Өөр нэг мужийн нутагт орж байгаа тэмдэг нь за­мын түр зогсоол буюу бүртгэлийн газрууд. Тэр мужийн нутгийг өнгөрүүт дахиад л бүртгэх газар. Тэр нь Химаchai Pradey гэх Энэтхэгийн урд та­лын хамгийн том муж. Энэ мужид Дарамсала хэ­мээх уулын суурин буюу хот багтдаг аж.

Шөнийн зам хорох биш дээ. Яваад л байв. Жо­лоо­чоос одоо хэдэн км явах вэ л гэх. 100 км хү­рэхгүй бололтойг хэлэх. Гэтэл дахиад 2-3 цагийн явдал бий нь яаруудас хүргэх. Дарамсала дөхө­хөөр зам улам нарийсч байнга өгсөх янзтай. Арга­гүй юмаа. Цаст Хималайн салбар уулсыг хэгжиж байгаа нь тэр юм л даа.

Шөнөжин довтолгосон ч очих газрынхаа барааг харалгүй өглөө болгов. Дарамсалад ирлээ гэлээ. Гэтэл бас л давхиад бай­лаа. Уулын өндөр өөд ой мод, барилга байшинг чигжээд чихсэн юм шиг хотын төрх, зам улам нарийсч бас өөд болж яв­саар сэрүү татсан уулын тагтад гараад ирлээ. Аяны дөрөө мултлах газар тэр байлаа.

Зочид буудлын нэр Зам­бала. Улаанбаатарт ч ийм нэртэй дэлгүүр, цай­ны газар байдаг болохоор танил юм шиг. Биднийг монголжуу царай, аялаг­хан зантай төвд бүсгүй, хэдэн можгор энэтхэг за­луу угтаж авсан юм.

Хаашаа л харна битүү ногоон ой, өнгө бүрийн цэ­цэгс алаглаж амьсга­лахад агаар нь хоол болмоор сайхан юм. Монголчуу­дын цонхон дээрээ чимэг бол­гон ургуулж яддаг улаан, шар сарнай гу­дамж­наа хааяа­гүй алаглах юм.

Уулын хавцал шиг дав­чуу­хан гудамжаар ма­шин, мотоцикльтнууд яв­гаар яваа хүнтэйгээ цуг л урсах. Гудамж бүхэнд ху­дал­даа наймааны орчин үргэлжилнэ. Оршин суугч­дын дийлэнх нь энэтхэг­чүүд юм шиг. Тэр дунд төвдүүд олон дундаас арай содон. Монголчууд бидэнд илүү ойр нь тэд. Аль нэг тагтдуу газар гарч алсын барааг харвал нов но­гоон уулсын дээгүүр цаст Хималайн шовх оргил цайвалзан харагдана.

Дарамсалад өдөр бүр шахам бороотой байдаг аж. Бид ч тэнд борооноор буу­сан. Замбала зочид бууд­лын эзэн бололтой төвд эр “Хувьтай хүн хур борооноор” гэсэн монгол үгийг ерөөл адил хэлж дотносов.

Энд бяцхан түүх өгүүльюү. Одоогоос 50 гаруй жилийн өмнө Төв­дийн орноос дүрвэсэн 85 мянга орчим хүн энэ ну­тагт ирж Энэтхэгийн төр, зас­гийн газраас орогнол хүс­сэн цаг бараг саяхан мэт. Тэгээд л Хималайн их уул­сын салбар Дайладур уул­наа төвхнөсөн юм билээ л. 1900-гаад оны эхээр Анг­лийн цэргийн зуны лагерь байсан газар гэх юм билээ. Энэ газрын өнгө төрхийг өнгөрсөн жилүүдэд тэнд очсон төвдүүд эрс өөрчилж бүр орчин үеийн уулын хот болгож чадсан нь нэгэн гайхамшиг гэлтэй.

Тэнд дүрвэгсдийн Зас­гийн газар, хэд хэдэн яам­тайгаар төвд хүмүүсийн­хээ сайн сайхан амьдра­лын төлөө ажилладаг гэж бидэнтэй уулзсан төвд иргэд дуулгаж байна лээ. Сэтгүүлчид бидэнд улс төрийн асуудал огт сонин биш учир энэ тухай яриаг төдийлөн анзаарсангүй. Харин гадаад оронд байгаа төвдүүдээс эндхийнхэн илүү сайн амьдарч байдаг юм гэж хэлэхийг нэг биш хүнээс сонслоо.

Төвдүүд шашны өв соёлоо хадгалж үлдээх, хүүхэд багачуудынхаа бо­ловс­ролд сүрхий анхаар­даг юм байна. Сургуулиуд нь 12 жилийнх. Нэгээс зургадугаар ангидаа хи­чээ­лийг зөвхөн төвд хэл дээрээ үздэг, долдугаар ангиасаа энэтхэгийн дунд сургуулийн программыг мөрддөг гэж байна. Энд­хийн хамгийн ууган сур­гуу­лиар нь бид орлоо. 2000 хүүхэдтэй энэ сургууль төв­дийн гүн ухааны сур­галт­тай юм. Тус сургуу­лийн тамгын газрын дарга Түвдэндоржийн ярих нь,

-Манай сургууль ор­чин үеийн мэдлэг боловс­ролыг уламжлалт ша­ши­ны сургалттай хослуулан явуулдаг. Тэгснээр төв­дийн уламжлалт соёл, зан заншлыг хүүхэд бүр хад­галж, авч чаддаг. Энэ сургуулийг төгссөн хүүхэд Энэтхэгийн аль ч дээд сургуульд суралцах эрх, боломж байдаг. Одоо 1600 гаруй хүүхэд их, дээд сургуульд суралцаж бай­гаа гэлээ.

Бас Вангалорт төв­дийн анхны дээд сургууль байгуулагдаад байгаа юм билээ. Энэ мэтээр төвдүүд боловсрол мэдлэгийн хувьд бусдын жишигт хүр­сэн нь чухам юм юман дээрээс л анзаарагдах юм. Дунд сур­гуульд зөвхөн төвд, хинди биш англи, хятад хэл зааж байна. Мөн зурхай болон анагаах ухааны өв уламж­лалаа сайтар хадгалж чад­сныг нь “Мэнзийхан” эм зур­хайн салбарын ажлыг сонирхоход мэдэж болох аж.

Зурхайн ухаан хийгээд эм зүйн салбар хэдийд үүссэн, ямар үе шатны хөгжлийг дамжиж ирсэн тухай тэр газрын музейн танилцуулгаас түвэггүй­хэн ойлгогдох юм.

Дээрхийн гэгээнтэн Далай ламын айлдвараар байгуулагдсан уг байгуул­лага төвд төдийгүй гадаа­дын улс оронд нэрд гарч яваа гэх. Зурхайч Гүнгээ­дондовын хэлж байгаагаар бол хүн үүссэн цагаас л зурхайн ухаан бий болж одоо бусад шинжлэх ухаа­ны зэрэгтэйгээр өндөр төвшинд хөгжсөн гэж болох.

“Мэнзийхан” эм, зур­хайн салбар олон зуун төр­лийн эм тан үйлдвэр­лэдэг. Тэр эмийг бүтээхдээ хүний таван махбодид тулгуурлан хий, шар, бадгана гэсэн гурван онолыг биежүүлж буй юм байна.

Монголчууд, төвдүүд­тэй ямагт ойр дотно явж ирсэн түүх бий. Тэр нь зөвхөн Будда хэмээх нэгэн шашинтайдаа биш гарал үүсэл, түүнээс хойшхи холбоо харилцааны олон учир байх юм.

Бид тэр нутагт олон сайхан хүнтэй уулзсаан. Тэдний нэг нь Дилова хутагт хэмээх бурхан шаш­­­ны нэгэн том төлөөлөл. Энэ хүн одоо Халимаг дахь буддын шашны тэр­гүүний сэн­тий­тэй. Өөрөө монгол цус­тай нэгэн юм. Үүгээрээ бахархаж явдаг гэдгээ хэлж байв. Дилова хутагт Ха­лимагт бараг устах ша­хам байсан сүм, хийдийг сэр­гээжээ. Цөөхөн жилд 30-аад сүм, хийд бай­гуул­сан юм байна.

Ний нуугүй сайхан яриатай нь эрдэм номд боловсорсных нь шинж байх. Харин монгол хүн ат­лаа монгол хэл соёл мэдэхгүйгээ өөрийн буруу гэж байна билээ. Гэхдээ монгол хэлний 20-30 ху­вийг баримжаалж ойлго­дог цаашид суралцахыг мэрийж байгаа гэж байсан.

Энэ эрхэм хүн бага насныхаа тухай дур­сахдаа,

-Би АНУ-д төрсөн мон­гол хүн. Багадаа хүүх­дүүд элдэв тоглоомоор тоглож байхад би тэс өөр зан төрхийн юм бодож, үйл хөдөлгөөнөөрөө түү­нийгээ илэрхийлдэг бай­лаа. Ер нь бага байхад янз бүрийн зөн совин их мэд­рэгддэг байсан. Одоо 40 нас гараад ирэхээр төдий­лөн шинэ сонин юм алга болох юм гэж ярив.

Бид бас нэг төвд эмэг­тэйтэй танилцлаа. Тэндээ бас ч дээгүүр алба хашдаг юм билээ. Гэхдээ тэр нь биш энэ эмэгтэйн мон­голтой холбогдсон амьдрал нь сонин байлаа.

Нэр нь Дэжийлаа. Тэр бидэнтэй уулзсанаа аз завшаантай сайхан явдал болж байна гэх зуураа,

-Би монгол хүнийг Жамц гэдэг хүнээр тө­сөөлж ойлгодог. Энэ хүн төвдөд ирээд америкт оч­сон монгол хүн. Их сайхан хүн, тэр хүнд би туйлын хайртай байсан гээд сэт­гэл нь хөдөлж нулимсаа нуугаагүй юм. Яагаад гэхээр Дэжийлаа монгол хүнтэй ханилан сууж байж. Тэр хүнээсээ хүү­хэд­тэй болсон. Тэр уйлан хайлан дурсаад байгаа Жамц гэдэг хүн хадам аав нь юм байна л даа. Түү­нийг сонгодог монгол хэ­лээр их яруухан сайхан ярьдаг, үр хүүхэддээ эцэг хүний хайрыг зориулж чаддаг, тийм сайхан хүн байсан гэж дахин дахин дурсав.

Жамц хоёр хүүтэй. Түү­ний нэгтэй нь энэ эмэгтэй гэр бүл байж. Тэ­гэхээр монголтой мах цусны барилдлагатай хүн болж таарав. Бүр сонир­холтой нь Жамц Өм­нөговь аймгийн Гурвантэс сумын хүн гэдэг дээр хэн бүхний сэтгэл хөдөлгөсөн нэгэн тохиолдол болов. Ма­най аяллын нэг гишүүн “Соён гэгээрүүлэгч” телевизийн захирал Ш.Хишигсүрэн мөн тэр нутгийнх. Тэрний ярих нь,

-Жамц гэдэг хүн на­майг жаахан байхад аме­ри­каас хоёр хүүхэдтэйгээ нутагтаа ирж байсныг би тод санаж байна. Тэр хүн манай өвөөтэй садан бай­сан учир манайд ирж зол­гож байсан гээд дурсамж яриаг улам дэвэргэж өгөв. Дэжийлаагийн сэтгэл улам хөдөлсөн байх үе үе нулимсаа арчин Хишиг­сүрэнтэй нэг хэ­сэгхэн хууч хөөр­сөн дөө. Зайлуул.

Энэ тохиолдлоос ур­гуулан бодохуйд хэрвээ бид урьдын олон үеэ мэд­дэг, санадагсан бол хэч­нээн бээрийн холд ч ах дүүс, элгэн садан минь байж мэдэх юм байна даа гэсэн бодол төрж байлаа.

Тийм ээ. Нэгэн сэт­гүүл­чийн тэмдэглэлд бич­сэнээр “Монголоо эрсэн монгол” гэдэг санааг үргэлж­­лүүлж явах мэт са­нагдсан үе бий.

Бид тэндхийн Үндэс­ний дуу, бүжгийн театрт нь нэгэн тоглолт үзэв. Эндээс төвдүүд ардын урлагийн арвин сан хөм­рөгтэйг мэдэрсэн. Тоглолт төвдийн эртний “Далбаа” гэдэг дуугаар эхэлсэн. Тэр дууг тухайн газар нутагт дуулбал амар амгалангийн үүд нээгддэг гэж тайлбар хэлж байлаа. Жүжигч­дийнх нь хувьд их авьяас­лаг юм. Хүн бүр дуулна, бүжиглэнэ, хөг­жимдөнө. Энэ нь онцлог юм билээ.

Дуу, бүжиг бүхний хэмнэл нь ижилхэн юм шиг атлаа тэр бүхний гарал үүсэл, зохиогдсон хугацаа нь хэдэн арван жилээр биш зуунаар хэм­жигдэж байсан нь анхаарал татахгүй байхын аргагүй юм.

Ийнхүү бид богино хугацаатай аяллынхаа яв­цад төвд гэсэн хаягийн дагуу соёлтой нь, хүмүү­сийн зан төрх, амьдрал байдалтай гайгүй сайн танилцаж амжив. Төвдүүд төрөлх нутгаасаа холын холд амьдарч олон арван жил болсон ч эх нутгаа гэдэг чин санаа нь бас уламжилж ирж. Гэхдээ одоо буй бүс нутагтаа сүрхий ээнэгшиж бид энд “хоноц”-ууд юм шүү гэж боддоггүй бололтой. Ер нь төвдүүд монголчуудын сэт­гэл санаанд дэндүү ойр юм шиг. Яриа хөөрөө нь харцанд нь шүүлтүүр бага­тай хүмүүнүүд санагдсан шүү. Харин амьдрал нь өнөө­дөр сайхан байгаа ч нэг л юманд баригдмал аястай, болгоомжтой бай­дал нь ажиглагдсан. Да­рам­сала хэмээх уулын сайхан сууриныг цогц­лоон босгож соёл, зан заншлаа цэврээр нь тээж яваагаа алдар суу, амьд дом­гийн эзэн хэмээх Дээр­хийн гэгээнтэн Далай багшийнхаа ачлал, их буян хэмээн залбирч явдаг юм байна.

Тэнд очсон монголчууд ч Далай багшийн барааг харж залбиралд нь багт­ваас хэргээ бүтээлээ гэж уртаар амьсгаа авдаг гэ­дэг. Тэр л замаар сэтгүүл­чид бид аялсан даа.

Энэтхэг, Дарамсала. Дөрөвдүгээр сарын 27.

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *