Ж.Түвшинбаяр: 0-5 насны хүүхдүүд цочмог үрэвсэлд их өртдөг

10-р сарын 18, 2018 7:40 am Нийтлэгч: Ангилал Зочин , Нийгэм , Эрүүл мэнд , Ярилцах цаг Уншсан: 11
1й

Р.ОЮУН

Бриллиант хоспис” эмнэлгийн эмнэлэг эрхэлсэн захирал Ж.Түвшинбаяртай ярилцлаа.

Сүүлийн үед ямар өвчин их гарч байна вэ?

-Агаарын бохирдолтой холбоотой Монгол Улсад халдварт бус өвчний тэргүүлэх шалтгаан нь амьсгалын замын өвчлөл байна. Ялангуяа, 0-5 насны хүүхэд амьсгалын замын цочмог өвчин, хатгалгааны 80-90 хувийг эзэлдэг. Насанд хүрэгчдийн хувьд ч ялгаагүй амьсгалын замын цочмог вируст халдварууд, уушгины үрэвсэл, уушгины архаг бөглөрөлт байна. Халдварт бус өвчний тэргүүлэх шалтгаан нь уушгины өвчлөл. 2016 оноос хойш тэргүүлж байгаа. Өмнө нь зүрх судасны өвчлөл байсан. Хүн амын дунд нас баралтын шалтгааны IV байрт уушгины өвчин явж байгаа.

Эцэг эхчүүд манай хүүхэд архаг бронхиттой гэдэг. Үүнийг бүрэн эмчлэх боломжгүй юм уу?

-Бронхит гэж юуг хэлээд байгаа юм бэ гэдгээ сайн ойлгох хэрэгтэй. Бронхит гэдэг нь гуурсан хоолойн үрэвсэл. Өөрөөр хэлбэл, агаарыг юүлж оруулж байгаа гуурсан хоолойг оросоор бронх гэж байгаа юм. Манайд 0-5 насны хүүхдүүд цочмог үрэвсэлд их өртдөг. Яагаад гэвэл дөнгөж ээжээс төрсөн 1-3 сартай, 1-3 настай хүүхэд машин жолоодож, тамхи татахгүй нь тодорхой. Тэгэхээр архаг бронхит гэдэг нь ерөнхийдөө насанд хүрэгсдийн өвчин гэж ойлгож болно. Харин бага насны хүүхэд цочмог буюу ихэвчлэн амьсгалын замын халдварт өвчнөөр өвчилдөг. Бронхит гэдэг чинь өргөн ойлголт. Бид нүд улайхаар нүд үрэвслээ гэдэг. Энэ нь харшил, халууны гаралтай байж болно. Үүн шиг амьсгалын замын энэ үрэвслийг бронхит гэж яриад байгаа юм. Шалтгааны хувьд олон.

Энэ үрэвсэл нь рентген зургаар харагдах уу?

-Гуурсан хоолойд байгаа давхарга рентгенд харагдахгүй. Рентген зурагт хамгийн их харагдах боломжтой өвчин бол уушгины үрэвсэл, хатгалгаа. Би 10 гаруй жил уушгины эмчээр ажиллаж байна. Манайх жилийн дөрвөн улирал амьсгалын замын өвчинд нэрвэгддэг. Улирал улирлаар шалтгаан нь өөр байдаг болохоор эмчилгээ нь хүртэл өөр болоод явчихдаг.

Одоо утааны улирал эхэллээ. Үүнээс хүүхдүүдээ яаж хамгаалах вэ?

-Энэ чинь л хамгийн хэцүү. Утааны эсрэг тэмцэх хэрэгтэй. Энэ чинь нийгмийн асуудал. Ямар ч маск зүүгээд нэмэргүй. Бүгдээрээ тэмцэж байж утаагүй болно уу гэхээс бид хоёр эндээ яриад ямар ч нэмэр байхгүй. Үүнийг яах ёстой юм. Улаанбаатар хотоо барилгажуулж дуусах ёстой юм уу. Үгүй бол утаатай янданд шүүлтүүр тавиад байх ёстой юу гэдгийг мэдэхгүй. Шүүлтүүр тавилаа гэж бодъё. Яндангаар гарч байгаа утаа багасч болох ч зуухны амаар гарч байгаа утаа болон үнснээс гарч байгаа нарийн тоосонцрыг багасгахгүй. Манайд Д аминдэмийн дутагдал их байгаа учраас хүүхдүүддээ нөхөж өгөх, дулаан хувцаслах нь чухал. Дархлаа хүний бие дотор нийлэгжиж байгаа болохоор түүнийг нь дэмжих аминдэмүүдийг дутааж огт болохгүй. Яагаад гэвэл бие махбодид юугаар ч орлуулашгүй зүйл.

Манайхан хүүхдээ ханиалгалаа гээд эм өгөх дуртай байдаг. Ханиалганы үед ямар эм өгөх нь зүйтэй байдаг юм бол?

-Би сүүлийн үед Монфагийн оруулж ирж байгаа АЦЦ Рекүштэйнийг хэрэглэх дуртай. Энэ эм нь хамгийн сүүлийн үеийн цэр ховхлох эм бөгөөд нянгийн эсрэг, үрэвслийн эсрэг, антиоксидант, цэр шингэлэх үйлдэлтэйгээрээ бусад эмнээс давуу талтай. Шахмал болон сиропоор хэрэглэнэ. Амьсгалын замын цочмог ба архаг мөгөөрсөн хоолойн бөглөрөл, уушгины үрэвсэл, уушгины архаг бөглөрөлт, гуурсан хоолойн үрэвсэл, багтраа, дунд чихний архаг ба цочмог үрэвслийн үед нэг капсулаар өдөрт 2-3 удаа ууна. Уушгины архаг бөглөрлийн үед 12 долоо хоног хүртэл ууна. Харин хүүхэд 15-19 кг бол сиропны таван мл-ээр өдөрт хоёр 20-30 кг бол гурав, 30 кг-аас дээш болон насанд хүрэгсэд 10 мл-ээр өдөрт хоёр удаа ууна.

Энэ эмийг ууж болохгүй гэсэн тохиолдол байдаг уу?

-Бэлдмэлд хэт мэдрэг, элэгний хатууралтай, бөөрний дутмагшилтай өвчтөнд хэрэглэхгүй. Мөн жирэмсэн болон хөхүүл эх хэрэглэхгүй.

Танайхыг ямар өвчтөн их зорьж ирдэг юм бэ?

-Манайхыг хамгийн их зорьж ирдэг өвчтөнүүд гэвэл уушгины хавдар байна. “Бриллиант хоспис” эмнэлэг нь 2015 оноос уушги, цээжний хөндийн хавдрыг оношилж, илрүүлэх зорилгоор нэлээдгүй ажил хийсэн. Ихэвчлэн хавдар мөн эсэхийг таньж илрүүлэх, үүний дараа хортой юу, хоргүй юү, ямар эд эсээс гаралтай вэ. Ямар үе шатанд байгааг тодруулдаг. Мөн сүрьеэ, архаг үрэвслүүдийг оношилдог. Манайх дан уушги гэхгүй цээжний хөндий, цээжний хальсны эмгэгүүд, голтын эрхтэнүүдийн эмгэгүүд болон хөхний хавдрын илрүүлэг гэсэн нарийвчилсан шинжилгээг харьяа дүүрэг харгалзахгүй хийж байгаа. Манайх оношилгооноос гадна хөнгөвчлөх эмчилгээ хийдэг. Боломжоороо бусад хавдрыг авч байна. Манайд мэргэжлийн эмч, сувилагчаар хангагдсан. Мөн анагаах ухааны сургуулиудтай гэрээ хийж ирээдүйн мэргэжилтнүүдийг бэлдэж байна. “Ач” анагаах ухааны их сургуульд уушгины болон хөнгөвчлөх эмчилгээ, сувилахуйн талаар хичээл заадаг. Бидний зорьж байгаа чиглэл дан ганц эмнэлэг биш нийгмийн хариуцлага байх ёстой.

Хэдэн хүн хэвтэн эмчлүүлэх боломжтой вэ?

-Өдөрт 10 хүн хэвтэн эмчлүүлэх боломжтой. Хамгийн дээд тал нь хоёр сар хэвтсэн. Манайд орон нутгаас хүмүүс их ирж хэвтдэг. Манай эмнэлэг ХСҮТ-ийн хажууд байдаг болохоор манайд хэвтээд өдрийн цагаар орж хими, туяа эмчилгээгээ дуусгачихаад үдээс хойш ирээд өвдөлт намдаах эмчилгээ хийлгэдэг. Баруун, говийн аймгийн хүмүүс орох газар байхгүй, буудалд байх хэцүү. Тиймээс манайд өрөөгөө захиалчихаад өөрсдөө хоолоо хийж идээд, эм, тариагаа хийлгэх нь илүү тааламжтай байдаг. Хавдрын хөнгөвчлөх эмчилгээ хийлгэж байгаа хүмүүст юу хүссэнийг нь дуртай цагт нь өг гэдэг. Бид Америкийн киноноос хардаг шүү дээ. Хүний сэтгэл санааг яаж гоё байлгах, хавдартай гэдгийг нь мартуулах гэж юу эсийг хийдэг билээ. Бид үүн рүү ойртох гэж хичээж байгаа эмнэлэг.Бусад дотрын эмнэлэг сахиур нь ороод гараарай, хоолоо цагийн хуваарьтай өгөөрэй. Өглөө 08:00 цагт каш, 11:00 цагт бантан өгнө гэдэг. Тэгвэл манайд ийм зүйл байхгүй. 24 цаг сахиуртай, гал тогоотой гэдгээрээ бусад эмнэлгээс онцлогтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *