Ж.Хичээнгүй: Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх схемийг нэвтрүүлнэ

11-р сарын 6, 2017 10:44 am Нийтлэгч: Ангилал Зочин , Ярилцах цаг Уншсан: 37
23377344_151548652257365_487818980_o

С.УЯНГА

Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл санаануудыг уншигчдадаа хүргэж байгаа билээ. Энэ удаагийн зочноор “Төрийн орон сууц корпораци” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Ж.Хичээнгүйг урилаа.

БЛИЦ

Овог нэр:

-Жанцангийн Хичээнгүй

Боловсрол:

-2006-2010 онд Монгол Улсын Олон улсын их сургуулийг Хими, Био инженер  /Бакалавр/

-2011-2013 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч /Бакалавр/

-2014-2016 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч /Магистр/

-2017 оноос МУИС-ийн Шинжлэх ухааны сургуульд Улс төр судлал доктрантур

Ажлын туршлага:

-2011-2014 онд“Орон сууцны санхүүжилтын корпораци”ХХК-ийн Гадаад харилцаа, мэдээлэл технологийн хэлтсийн дарга,  Дэд захирал,

-2014-2016 онд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газрын Эрх зүй, дотоод хяналтын газрын дарга.

-2017 оноос ТОСК ТӨҮГ-ын ерөнхий захирал.

БАРИЛГЫН САЛБАРЫГ ТЭЖЭЭДЭГ ГОЛ ЗҮЙЛ НЬ ИПОТЕКИЙН ЗЭЭЛ

-Төрийн орон сууцны корпораци гэдэг байгууллага байх ёстой юу, үгүй юу гэдэг асуудал яригддаг.  Нэгдүгээрт төр зорилтод бүлгийн иргэдээ  орхих ёсгүй. Хоёрдугаарт, зах зээл дээрх орон сууцнаас зорилтот бүлгийн иргэд худалдаж авах боломж нь хэр билээ. Энэ дагуу хямд өртөгтэй чанартай орон сууцыг санхүүжүүлсээр ирсэн. Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ нь орон сууц бариулахдаа хөрөнгө санхүүжилтийг нь шийдэж, дотоодын барилгын компаниудаар захиалан  бариулдаг учраас үндэсний компани, дотоодынхоо үйлдвэрлэл, монгол ажилчдыг дэмждэг. Хямд өртөгтэй чанартай орон сууцаар зорилтот бүлгийн иргэдийг хангах, агаарын бохирдлыг бууруулах, дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх барилгын компаниудыг дэмжиж ажиллаж байна. Эндээс харахад Төрийн орон сууцны корпораци гэдэг байгууллага яалт ч үгүй байх ёстой. Жишээлбэл, Сингапур, БНСУ, Турк зэрэг оронд манайх шиг байгууллагуудаар дамжуулан иргэдийнхээ орон сууцны асуудлыг амжилттай шийдвэрлэсэн байдаг.

Мөн 2016 оноос ТОСК ТӨҮГ нь “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн. Ипотекийн зээлд урьдчилгаа 30 хувийг төлөх боломжгүй хуримтлал үүсгээгүй иргэдэд зориулагдаж байгаа энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, төрийн албан хаагч, байгалийн гамшигт нэрвэгдсэн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэд зэрэг нийгмийн бүх л давхаргыг хамруулах зорилттой байдаг. Өнөөдрийн байдлаар Түрээсийн орон сууц хөтөлбөрт 1500 гаруй иргэд хамрагдаад байна.  2007-2009 оны үед Монгол Улсад арилжааны банкны орон сууцны зээл 20 гаруй  хувийн хүүтэй байхад ТОСК ТӨҮГ нь (ОССК) “Дөчин мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэн аймаг сум сууринд орон сууц захиалан бариулж, орон сууцны 11 хувийн хүүтэй зээлийг олгож байсан. 2008-2009 онуудад дэлхийн эдийн засгийн хямрал манайд ч бас нөлөөлж  барилгын салбар уналтад орж хүндэрсэн. Энэ үед ТОСК ТӨҮГ нь “Төрийн албан хаагчдын “4000 орон сууц” хөтөлбөрийг Засгийн газраар батлуулан амжилттай хэрэгжүүлж Улаанбаатар, орон нутгийн төрийн албан хаагчдад найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг олгох замаар  царцаад байсан барилгын салбарыг уналтаас гаргаж байсан.Барилгын салбар иргэдийн худалдан авах чадвараас шууд хамаардаг. Эдийн засаг унах үзүүлэлт ажиглагдаж эхлэхэд хамгийн эхэнд барилгын салбар өртдөг. Тиймээс иргэдийг ажлын байраар хангаж, орлогыг нэмэгдүүлж байж энэ салбар хөгжинө. Дээрээс нь барилгын салбарыг тэжээдэг гол зүйл нь ипотекийн зээл байдаг. Тиймээс банкууд ипотекийн зээл олгохгүй л бол энэ салбарын борлуулалт  зогсонги байдалд орж байна.

ТӨР ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВАХ ХӨРӨНГӨӨ ГАДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ШИЙДЭХ БОЛОМЖТОЙ

-Түрээсийн орон сууц хөтөлбөр олон улсад түгээмэл байдаг. Засгийн газрын хөтөлбөрт орсон Түрээсийн орон сууцны хөтөлбөр одоогийн байдлаар зөвхөн Төрийн орон сууцны корпорацийн санхүүжүүлсэн төслүүд дээр хэрэгжиж байна. Зах зээл дээр борлогдохгүй байгаа орон сууцыг хөдөлгөх гол хүч бол түрээсийн орон сууц. Зах зээл дээр илүүдээд байгаа тэдгээр орон сууцыг төр худалдан аваад иргэдэд түрээсийн хэлбэрээр эзэмшүүлж, цаашид өмчлүүлэх хэрэгтэй. Ингэж байж иргэдийг орон сууцжуулна, барилгын салбарыг хөдөлгөнө. Мэдээж төр орон сууцнуудыг худалдан авахад эх үүсвэрийн асуудал яригдана.Эх үүсвэрийг дотоодоос шийдвэрлэх боломж хомс. Ялангуяа эдийн засаг хямарсан үед хүндрэлтэй байгаа. Тиймээс төр орон сууц худалдан авах хөрөнгөө улсын төсөвт ачаалал үүрүүлэхгүйгээр бага хүүтэй, буцалтгүй тусламжаар гадны хөрөнгө оруулалтаар шийдэх боломжтой гэж харж байгаа. Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байгаа учраас барилгын салбарт гадны хөрөнгө оруулалтыг эрэлхийлэх хэрэгтэй. Орон сууц барьцаалсан эрх үүргийн харилцаа харьцангуй баталгаатай байдаг. Түрээсийн орон сууцны хөтөлбөр үүнтэй адил.

Банкнаас ипотекийн зээл авах иргэд ханаж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлт, банкны шалгуур шаардлагыг хангаж чадахгүй, байрны урьдчилгаанаас хуримтлал үүсгэх боломжгүй иргэд гацаж байна. Эдгээр зорилтот бүлгийн иргэдэд зориулсан төрийн бодлого бол түрээсийн хөтөлбөр юм. Үнэ ханшийн хувьд ч боломжтой. Нэг ёсондоо бага өртгөөр түрээсэлж хуримтлал үүсгэх байдлаар урьдчилгаа 30 хувийг бүрдүүлж болж байна. Барилгын компанитайгаа тохиролцоод график төлөлт хийж байгаа иргэд ч байна. Үүн дээр нэмээд шинэ схемийг зах зээлд нэвтрүүлэх хэрэгтэй. Энэ бол 20 жил тогтвортой түрээсэлснийхээ үр дүнд орон сууцаа өөрийн болгох буюу эзэмшилд шилжүүлэх боломж бүрдэнэ. Түрээсийн орон сууцыг өмчлөх асуудалд бид хоёр гарцыг олж харсан. Нэг нь орон сууцны урьдчилгаа төлбөрийг бүрдүүлээд ипотекийн зээлд хамрагдах, нөгөө боломж нь урт хугацаат эх үүсвэр олсон нөхцөлд эх үүсвэрийн хугацаагаар түрээсээ төлж өөрийн эзэмшилд шилжүүлж болно. Энэ хоёр гарцыг нээлттэй болгоно. Ингэснээр ипотекийн одоогийн найман хувийн зээлийн хүү аажимдаа буурах боломжтой.

20 ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ БАГА ХҮҮТЭЙ ЗЭЭЛИЙН ЭХ ҮҮСВЭРИЙГ ОЛСОН

Төрөөс барилгын үнийг бууруулахад хэд хэдэн гарц бий гэж хардаг. Барилгын материалын импортыг гаалийн татварыг хөнгөлөх, Монголд үйлдвэрлэж буй барилгын материалыг импортоор оруулахгүй байх гэх мэт.  Мөн дотоодын төмөрлөгийн болон цементийн үйлдвэрлэлийг дэмжиж, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг  илүү хурдтай болгох шаардлагатай. Монгол Улсын хувьд барилгын салбарын ажиллах хүчний зардал дэлхийн жишгээс доогуур байдаг. Ипотекийн зээл олгож эхэлсэн үе буюу 2008 оноос барилгын үнэ эрчимтэй нэмэгдэж эхэлсэн. Барилгын салбар уналтад орсон одоогийнх шиг цаг үед барилгын компаниуд ашиг харахаас илүү алдагдалгүй ажиллахыг зорьж байгаа учраас бодит өртөгт ойртож байна гэж болно.Ер нь орон сууцны үнэ буурах гол хүчин зүйл бол барилгын материал. Гааль дээр болон дотоодын үйлдвэрлэлийн үнэ буурсан тохиолдолд орон сууцны үнэ дагаад буурдаг. Нөгөө талаас барилга чанартай байх ёстой. Үйлдвэрлэл хөгжсөн орнууд бараа материалаа дотооддоо үйлдвэрлэдэг учраас орон сууцны үнэ харьцангуй хямд байдаг ч эргээд барилга барих газрын үнэ их өндөр байх жишээний. Харин манай улсад хот суурин газар тэлэх боломж, зай талбай хангалттай учраас газрын үнэ боломжийн.Гэхдээ бараа материал үнэ өндөр.

Эдийн засгийн байдал хүндрэлтэй энэ үед бид заавал төрийн дэмжлэг гэхгүйгээр гадны хөрөнгө оруулагчдыг татах нь улсын төсөвт ачаалал үүсгэхгүй улс оронд хэрэгтэй зөв гарц гэж харж байгаа. 20 жилийн хугацаатай бага хүүтэй зээлийн эх үүсвэрийг олсон. Баригдах төслийн судалгаа, гэрээнүүд дээр ажиллаж байна. Гадаад хөрөнгө оруулалтыг яаж Монгол руу оруулж ирэх үү гэдэг хэлэлцээрүүд хийгдэж, олон уулзалтуудыг хийж байна. Хөрөнгө оруулагчдын итгэлийг алдахгүйн тулд нямбай, харилцан ашигтай, тогтвортой ажиллах нь чухал.

Түрээсийн орон сууцны хөтөлбөрийг зөвхөн ТОСК-ийн барьсан барилга биш. Бусад барилгын компаниудтай хамтрах талаар ажиллаж байна. Хэрэгжих боломжтой гэж харж байгаа. Мөн нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд СХД-т нам давхрын, дотоодын үйлдвэрлэлийг бүрэн дэмжсэн ТОСК 999 буюу мкв сая төгрөгөөр баригдах төсөл дээр ажиллаж байна. Өмнө нь зөвхөн байшин барьдаг байсан бол нийгмийн дэд бүтэц сургууль, цэцэрлэгийг цогцоор нь шийдэж өгч байна. Зөвхөн нийслэл биш 21 аймаг, цаашлаад суманд төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлж байна.

ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ИРГЭДЭД ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ ОЛГОХ БОЛОМЖ, ТУРШЛАГА БИДЭНД БИЙ

Манай байгууллага Орон сууцны санхүүжилтийн корпораци байхдаа арилжааны банкуудаар дамжуулахгүйгээр төрийн албан хаагчдад найман хувийн хүүтэй зээл олгож байсан. Найман хувийн зээлийг анхлан нэвтрүүлсний хувьд туршлага, судалгаа, боловсон хүчин хангалттай бий. Тухайн үед бид  4600 гаруй төрийн албан хаагчид зээл олгож байсан. Хэрэв Засгийн газраас дэмжлэг үзүүлвэл  бид иргэдэд түргэн шуурхай ипотекийн зээлийг олгох бүрэн боломжтой. Ялангуяа зорилтот бүлгийн иргэдэд арилжааны банкны зээлд хамрагдах боломжгүй  байгаа тул  төр ТОСК ТӨҮГ-аар дамжуулан энэхүү бүлгийн иргэддээ анхаарах ёстой.

Миний хувьд Төрийн орон сууцны байгууллагад тав дахь жилдээ ажиллаж байна. Дунд нь хоёр жил завсарлахдаа ашигтай ажилладаг байсан байгууллагыг үлдээгээд явсан. Эргээд ирэхдээ хуримтлагдсан зээл, зээлийн хүү гээд 350 гаруй тэрбум төгрөгийн өртэй хүлээж авсан. Өрний асуудлаас болж тодорхой хэмжээгээр бүтээн байгуулалтын ажил удааширсан. Манай хамт олон богино хугацаанд хүчин чармайлттай ажилласны үр дүнд 100 гаруй тэрбум төгрөгийг барагдуулсан. Цаашид үлдсэн өр төлбөрийг дарах,төсөл хөтөлбөрөө эрчимтэй хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *