Ж.Гомбожав: Зөвлөлдөх санал асуулга бол гадны захиалгаар хийсэн хулгай

5-р сарын 17, 2017 8:58 am Нийтлэгч: Ангилал Зочин , Ярилцах цаг Уншсан: 22
5-17-2h

Ч.ҮЛОЛДОХ

АИХын дарга асан, төр, нийгмийн зүтгэлтэн  Ж.Гомбажавтай Үндсэн хууль тойрсон асуудлаар  ярилцлаа.

Үндсэн хуулийг өөрчлөх тухай сүүлийн үед хүчтэй яригдаж, олон талаас  хөдөлгөөн өрнүүлэх боллоо. Ингэвэл өнөөгийн улс төр, нийгэм, эдийн засгийн мухардлаас гарна гэцгээж байгааг та юу гэж үзэж байна?

Би Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагагүй. Одоо мөрдөж байгаа хууль маань боломжийн гэж боддог, тэгж ойлгодог байсан. Гэтэл сүүлийн үед Үндсэн хуульд зайлшгүй өөрчлөлт хийх шаардлагатай болжээ гэдэг тал руу боддог  болсон.

Учир нь  нэгдүгээрт,төрийн эрх барьж байгаа намуудын дээд удирдлагын түвшинд ажиллаж буй хүмүүс үйл ажиллагаатай холбоотой. Төрд ард түмний итгэх итгэл алдагдсан. Хоёрдугаарт, төрийн дээд эрх мэдлийг сүүлийн 20 гаруй жил хашиж байгаа хүмүүсийн дотор ёс суртахууны, хуулийн зөрчлүүд түгээмэл болсон.   Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар үүнээс  салахаас, ээлжит сонгуулиудаар шинэчлэлт, өөрчлөлт гарах бололцоогүй. Ялангуяа сүүлийн 3-4 удаагийн сонгуулийн үр дүнгээс би ийм дүгнэлт хийж байгаа. Яагаад сонгуулиар өөрчилж болохгүй байна вэ гэвэл, өнөөдөр ард түмэн Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй байна. Төрийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэж Үндсэн хуульдаа тунхагласан ч ард түмэн  энэ эрх мэдлээ намд алдчихсан. Тухайлбал, саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчид хэнийг нэр дэвшүүлэх вэ  гэдэг асуудлыг шийдлээ. Парламентад суудалтай гурван нам л нэр дэвшүүлэх эрхтэй. Түүнээс бие дааж дэвших эрхгүй. Хамт олон, иргэдийн төлөөлөл нэр дэвшүүлэх боломжгүй. Энэ байдал Үндсэн хуулиас эхтэй.

Үндсэн хуульд парламентад суудалтай намаас Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ гээд хатуу заачихсан. Бусад орны практикаас харахад, намууд нэр дэвшүүлэхээс гадна иргэд өөрсдөө ч нэрээ дэвшүүлэх боломжтой байдаг. Манайх ч ялгаагүй  ийм байх ёстой. Гэтэл ард түмний эрх мэдэл байхгүй болчихсон. Аймаг, дүүргийн ИТХын сонгууль ч ихэнхдээ намуудын сонгосон хүнд иргэд саналаа өгөх үүрэгтэй болчихсонНөгөө талаас, нам сонгосон тэр хүмүүсийг ард түмэн дэмжээд саналаа өгчихөж байгаа боловч дараа нь сонгогдсон тэр хүмүүс нь хуулийн дагуу ажил үүргээ гүйцэтгэж байна уу, үгүй юу. Ёс суртахууны алдаа гаргавал түүнд хяналт тавих энэ эрх мэдэл мөн байхгүй болчихсон. Биднийг төлөөлж байгаа 76 гишүүн ямар л шийдвэр гаргая гэвэл гаргадаг. Ард түмнийхээ хүсэн хүлээсэн дийлэнх олонхийн саналыг харгалзаж үздэггүй. Хууль зөрчсөн, эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон хүмүүсээ хүртэл шалгаж чадахгүй болсон байна.Ард түмэн нэгдүгээртсонгож чадахгүй. Хоёрдугаарт хяналт тавьж чадахгүй болсон. Энэ бол  засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэсэн заалт хэрэгжихгүй байгаагийн жишээ. Үүнийг засах механизм нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар хоёр танхимтай парламенттай болох юм. Ардын Их Хурал /АИХэнд хяналтын үүрэг гүйцэтгэнэ. Хууль тогтоох байгууллага буюу Улсын Бага Хурал байна. Монгол Улс түүхэндээ энэ аргыг хэд хэдэн удаа хэрэглэж байсан. Ийм замаар одоогийн улс төрийн, цаашдаа эдийн засгийн хямралаас гарах боломжтой. Өөр гарц байхгүй гэж бодож байна. Иймээс би бас хуулийн төсөл боловсруулчихсан байгаа.

Ямар зүйл, заалтуудыг голлож үзэв?

Үндсэн хуулийн гуравдугаар бүлэгт ийм өөрчлөлт хийвэл зүйтэй гэсэн төсөл боловсруулсан. МАНын бүлэгт болон  МАХНд  өгсөн. Энэ чиглэлээр ярьдаг, судалдаг хүмүүст ч өгсөн. Сүүлийн 27 жилийн дотор манайд  төрийн бодлогын залгамж чанар алдагдсан. Ерөөс дөрөв дөрвөн жилээр хөтөлбөр баталж, сонгуульд ялсан нам нь л бодлогоо явуулахаас биш түрүүчийн дөрвөн жилд ямар бодлого чиглэлээр ажиллав, Ерөнхийлөгч ямар бодлого явуулав, түүнийг нь залгамжилж авч хэрэгжүүлэхээ больсон. Өнгөрсөн 27 жилд улс орноо хөгжүүлэхээр гаргасан бодлого, шийдвэр зөндөө бий. Миний мэдэхээр 4-5 бодлого байна. Гэтэл тэрний үеийн бодлого, энэний үеийн бодлого, тэр намын бодлого гээд хаячихдаг. Иймээс Монгол Улс дунд хугацаанд  болон алс хэтдээ яаж хөгжих вэ гэсэн бодлогогүй болж ойд төөрсөн баавгай шиг болчихлоо. Тэгэхээр АИХ ерөнхийдөө Ерөнхий сайд, Дээд шүүх, ерөнхий прокурор гэх мэт голлох  албан тушаалтныг томилдог. Түүгээрээ дамжуулж хяналт тавих бүрэн бололцоотой. Намайг АИХын дарга байхад Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, дээд шүүхийн дарга, улсын прокурорыг томилдогтэд АИХ яах бол гэдгийг харж шийдвэрээ гаргадаг байсан. Энэ бол  шүүн таслах ажиллагаанд шууд оролцоно гэсэн үг биш.Гэхдээ өнөөдөр шүүх, прокурорын үйл ажиллагааг харахад төрийн хяналт зайлшгүй хэрэгтэйМонгол төр нэг л байх ёстой. Нэг л эзэн байх ёстой. Тэр нь Монголын ард түмэн. Төр эзэнгүй боллоо гэж манай иргэд, уншигчид хэлдэг. Тэр бол өөрийгөө үгүйсгэж байгаатай адил. Гурван сая иргэн цуглаж хуралдах боломжгүй учраас  өөрийн эрх мэдлийг төлөөллийн байгууллагаараа дамжуулж хэрэгжүүлдэг. Тэр нь баг хороонд Иргэд нийтийн хурал, сум, дүүрэг, нийслэлд ИТХ, улсад УИХ гээд шат дараатай байна. Зөвхөн УИХ, Засгийн газар ч биш иргэдэд хамгийн ойр, хамгийн шударга төр нь хороо, баг, багийн болон хорооны Засаг дарга, тэндхийн Иргэд нийтийн хурал юм. Төрийн энэ бүх үе шатыг цэвэршүүлэх, эдийн засгийн эндэгдлээс салгах зайлшгүй шаардлага Монгол Улсад тулгарсан. Ингэж чадахгүй бол бид гадны ямар нэг том  гүрний улс төр, эдийн засгийн хараат болно. Бид хэнийг ямар  албан тушаалд тавих вэ гэдгээ  өөрсдөө шийдэж чадахгүй гадны хөрөнгө оруулагч, гадаадын удирдах хүмүүсийн нөлөөгөөр шийддэг зам руу орж байгаа нь харамсалтай. Бид ядуу байж болно. Эдийн засгийн хямралтай байж болно. Гэхдээ Монгол орон байх ёстой. Түүний төлөө үе үеийн ахмад зүтгэлтнүүд зарим нь амь насаа ч зориулж байсан ийм улс. Өнөөдөр Монгол жижигхэн ч хүн төрөлхтний түүхэнд том үүрэг гүйцэтгэсэн улс. Иймээс би Үндсэн хуулийн гуравдугаар бүлэгт өөрчлөлт оруулах төсөлдөө төрийн залгамж чанарыг үргэлжүүлж авч явах бүтэц, зохион байгуулалтаар хийсэн. АИХ, Улсын Бага Хурал гэж яриад байгаа маань ийм л учиртай.

АИХ, Улсын Бага Хурлын бүтэц нь ямар байхаар төсөлд тусгав?

АИХ, Улсын Бага Хурлаас гадна төрийн зөвлөлийн есөн гишүүн байна. Түүний зургаа нь өөрчлөгддөггүй байх. Нас барах, өвчний учир чөлөөлөгдөж болно. Үлдсэн гурав нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, АИХын дарга гэсэн бүрэлдэхүүнтэй байх юм. Зургаан гишүүн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хэн байх вэ гэдэгт АИХд асуудал оруулдаг. Боловсон хүчин, мөнгө санхүүгийн талаас улс орны бодлогыг барьсан ийм зөвлөл байх юм. Бодлого, шийдвэр нь АИХаар баталгааждаг. Жилийн төсвийг нь Улсын Бага Хурал нь баталдаг байх юм. Өнгөрсөн 27 жилд Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ нь бие биеийнхээ ажилд хутгалдаад орчихсон, одоогийн Үндсэн хуулиар заагдаагүй чиг үүргийг гүйцэтгээд явж байгаа. Үүнээсээ болж бие биедээ хяналт тавьж чаддаггүй. Мөнгөнд орооцолдсон учраас түүнээсээ гарч чадахгүй  эргүүлэгт орчихоод байна. УИХ нэг ч төгрөг мэдэж зарах ёсгүй. Хөгжлийн ажилд зарцуулах мөнгөний тоог л батална. Түүн дээр нь Засгийн газар ажиллаж байх ёстой. Гэтэл ийм биш болчихсон. Энэ шаардлагын үүднээс Үндсэн хуульд дорвитой өөрчлөлт хийх ёстой. Нэмэлт биш, өөрчлөлт оруулах биш, ард түмнээс асууж өөрчлөлт хийх ёстой. Гэхдээ одоогийнх шиг жүжиг тавьж болохгүй. Эрдэмтэн судлаачид, төрийн зүтгэлтнүүд Үндсэн хуулийг ингэж өөрчилмөөр байна гэсэн санаа оноо гаргаж байна.Энэ бүгдийг УИХ  нэгтгэн нэг биш нэлээд хэдэн удаа хэлэлцүүлж, ард түмэндээ гаргаж тавих хэрэгтэй. Дор хаяж гурван сараас доошгүй хугацаанд ард түмэн хэлэлцэх ёстой. Түүнээс биш санамсаргүй түүврийн аргаар 1500 хүний нэр гаргачихаад түүний 700 гаруйг нь цуглуулж хоёр өдөр хичээл, семнар хийж байгаад түүнийхээ тал хувь буюу 400 хүний санал гэгчийг гаргаж, ингэж үзлээ гэж байгаа нь  жүжигБи үүнийг  Үндсэн  хуульд  хулгайн аргаар халдсан гэж  үзэж байгаа. Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль  өөрөө Үндсэн хуулийг зөрчсөн. Үүнийг өнгөрсөн хоёрдугаар сард одоогийн УИХ   гадны захилгаар хийсэн. Миний олж авсан мэдээллээр энд  их хэмжээний мөнгө өгсөн байна. Хэсэг бүлэг хүн тэр мөнгийг ашиглаж, Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг гаргасан байна. Тэр хуулийн 5-ын 5.3.3-т Үндсэн хуульд халдах оролдлогыг хууль бусаар хийжээ. Үндсэн хуулийн  68-ын 1, 2-т Үндсэн хуульд ямар тохиолдолд өөрчлөлт оруулахыг тодорхой заасан байгаа.

Тухайлбал?

Үндсэн хуулийн 68.1-т  зааснаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санаачилгыг хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтан гаргах бөгөөд, энэ саналыг Үндсэн хуулийн цэц, УИХд өргөн мэдүүлнэ гэж бий. Хууль санаачлагч Үндсэн хуульд ийм өөрчлөлт оруулъя гэсэн саналаа боловсруулж цэцэд өгөх ёстой. Манаачид нь мэдэгдэхгүйгээр хулгай хийж болохгүй.Гэтэл өнөөдөр манаач нь мэдсэн юм уу, үгүй юу. Цэцийн  оролцоо мэдэгдэхгүй, харагдахгүй байна. Тэгэхээр хууль санаачлагч  цэцэд саналаа өгч, тэндээс УИХд өргөн мэдүүлэх заалттай. Хоёрдугаарт, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах саналаар УИХын гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар ард нийтийн санал асуулга явуулж болно. Санал асуулгыг Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн 16-д заасан  үндэслэлийн дагуу явуулна. Тэгэхээр Үндсэн хуулийг өөрчлөх хуулийн төслөө боловсруулж бэлэн болгочихоод түүндээ санал авахаас биш ийм зургаан зүйл дээр өөрчлөлт оруулмаар байна гэсэн таамаг, харанхуй маягаар санал асуулга явуулах нь молигодох гэж байгаагийн илрэл. Нэгэнт санал асуулга явуулсан бол УИХ энэ заалтыг ингэж өөрчилнө, тэгж нэмнэ гэх эрх байхгүй. Санал асуулгаар шийдсэн асуудлыг шууд хэлэлцээд явах заалттай. Иймд Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль шууд Үндсэн хуулийг зөрчсөн хууль болсон. Бүхэлдээ гэж хэлмээргүй байна, ямар ч байсан 2017 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль гэдгийг санаачилж, хулгайн замаар 5-ын 5.3.3 гэдэг заалтыг хийчихсэн байна. Ер нь бол Үндсэн хуулийн өөрчлөлт гэдэг ойрын хэдэн жилийг харж хийдэг эд биш. Алс хэтээ харж, Монгол Улс ирээдүйд оршин тогтнох хугацааны юмыг бодож хийсэн тунхаглалын шинж чанартай баримт бичиг байх ёстой болохоос өнөөдрийн ирцээ бүрдүүлж, хурлаа хийж чадахгүй УИХын ая дан, үйл ажиллагаанд зориулж хийдэг зүйл  биш. Гэтэл маш гоомой зүйлийг Ерөнхийлөгчийн сонгуультай хольж хутган ард түмний санаа сэтгэлийг хоёрдуулж , далимдуулж Үндсэн хуульд халдах гэж байна. Бид 1992 оны Үндсэн хуулийг батлахдаа  төрийн дээр ард түмэн байна гэж хийсэн. Өнөөдөр төрийн дээр нам гарчихаад байна. Намын удирдах зөвлөл дээр нь ямар шийд гарна, бүлэг нь түүнийг үг дуугүй биелүүлдэг. Түүнээс зөрж үг хэлбэл хөөж  тууна, ална хядна, дараа нэр дэвшүүлэхгүй гэж айлгадаг ийм л болчихоод байна. 1992  онд бидний бодож хийсэн Үндсэн хуулийг одоо эсрэгээр нь хийх нь. 1990 онд бид нэг намын дарангуйллаас салсан бол одоо эсрэгээрээ олон намын дарангуйлалд орчихсон. Түүнээсээ гарч чадахгүй, тэр нь Үндсэн хуулиас болж байгаа мэтээр ярьдаг, бичдэг, ард түмний тархийг угаадаг болчихож. Энэ гажуудлыг арилгах ёстой болохоос Үндсэн хуулийг өөрчлөх уг нь бол шаардлагагүй юм. Гэтэл нам, улс төр, эдийн засгийн бүлэглэлээс салахын тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зам нь илүү тайван замын өөрчлөлт юм. Ард түмний нэлээд нь саяын зөвлөлдөх санал асуулгаар парламент хоёр танхимтай болоосой гэж хүссэнээс биш нөгөө хэдэд нь гар дүрээсэй гээгүй л болов уу. Би ТББ, олон нийттэй ойр ажиллаж ирсэн хүний хувьд тэдний байр суурь авлигачид, оффшорчид, улс төр, эдийн засгийн бүлэглэлээс салах нь зүйтэй. Ингэхдээ  нэг бол тэмцлийн хурц хэлбэрээр, эсвэл тайван замаар салъя гэж байгааг мэднэ. Миний хувьд тэмцлийн хурц хэлбэр хэрэггүй, бусдын идэш болно. Тайван замаар салъя, ингэхдээ Үндсэн хуулийн гуравдугаар бүлэгт өөрчлөлт оруулъя. Бусад бүлэгт байгаа өөрчлөлтийг шинээр Ардын Их хурал, Улсын Бага Хурал бүрдсэн нөхцөлд төслөө боловсруулж ард түмнээрээ хэлэлцүүлж хийе гэсэн байр суурийг дэвшүүлдэг.

МАХНаас Үндсэн хуулийн шинэ төсөл боловсруулснаа 21 аймаг, нийслэлийн иргэдэд танилцуулжсанал солилцож байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?

Би МАХНын удирдлагуудтай уулзсан. Надад төслөө өгснийг уншсан. Авах, гээх юм байна лээ. Ийм төсөл боловсруулсан хүмүүс байгаа. Тэдэн дотроос шүүж авах хэрэгтэй. Шүүж авах нь харин зөвлөлдөх санал асуулга нэртэй жүжиглэлийн хэлбэрээр биш санамсаргүй түүврийн аргаар хүн цуглуулж санал авах  ч бус, харин ч  санаатайгаар талуудыг цуглуулж төсөл дээр ажиллуулах хэрэгтэй. Тухайлбал, эрдэмтэн, судлаач, төр, нийгмийн зүтгэлтэн, хуульч, энэ чиглэлээр ажилладаг хүмүүсийг цуглуулж ажиллуулаад дараа нь ард нийтээр хэлэлцүүлэх хэрэгтэй. Сая сонсч байх нь ээ, зөвлөлдөх санал асуулга гээчийн санамсаргүй түүвэрт бичиг үсэг мэдэхгүй хүн гарч ирсэн гэсэн. Ийм хүн баймааргүй юм. Зарим нь үүний чинь хүчинд Төрийн ордныг нэг үзчихье гэхээс тэнд хэлэлцэж байгаа асуудлын утга, ач холбогдлыг төдийлөн мэдэхгүй хүн ч ороод ирсэн байгааИрсэн бүх төлөөлөл тийм гэж хэлэхгүй ч, зарим нь ийм л байна. Үндсэн хуулийг ингэж гурилдах биш Монгол улсын нэртэй хүмүүсийг зориуд цуглуулж төр хөрөнгө гаргаж ажиллуулах хэрэгтэй. Төр  хөрөнгө гаргахгүй байлаа ч улс орныхоо төлөө санаачилгаараа ажиллах хүмүүс бий.              Зөвлөлдөх санал асуулгын ажлын хэсгийн зарим бүрэлдэхүүн  надад таалагдахгүй байгаа. Үндсэн хуулийг дордуулах чиглэлийн бодлоготой хүмүүс ч орсон байж мэднэ.

Үндсэн хуулийн хамгаалагч гэгддэг иргэн Б.Ламжав гуай маань намын захиалгатчоноболчихсон зөвлөлдөх санал асуулгын зөвлөлийн дарга гээд тууж явсан. Ер нь нэг намын захиалга биелүүлэгчид гэж харагдаад байгаа?

Б.Ламжавыг  та  сая хэлчихлээ. Бас шашин, төр хоёр тусдаа байх ёстой атал Д.Чойжамц хамбыг тэр зөвлөлдөө оруулсан нь ч гэсэн тархи угаахад хамбын нэр төр, хашиж буй албыг ашиглах зорилго байгаагаас хууль зөрчиж байна шүү дээ. Н.Жанцанноровт  би хэлсэн. Уг нь тэр мундаг сэтгэлгээтэй, хөгжмийн том зохиолч. Гэхдээ хууль зүйн талаасаа Үндсэн хууль бариад явах хэмжээнд байна уу, үгүй юу. Н.Жанцанноров нададЗөвлөлдөх санал асуулга ард нийтээс санал авахын тулд хийж байгаа болохоос Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа юм биш шүү дээгэсэн. Гэтэл тэдний тэр сайхан сэтгэлийг наана нь хэдэн нөхөд ашиглаж, Үндсэн хуульд гар хүрэх гээд байна. Гай нь гар хүрэх боломжийг тэдэнд олгож өгөөд байна шүү дээ. Үндсэн хуулийн өөрчлөлт  хөгжмөөр бол  хэн нэг нот мэдэхгүй хүнээр тоглуулмааргүй байна. Ингэх аваас Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа тэмцлийн хурц хэлбэр рүү шилжинэ. Тэгэхээр төр галаар наадаж байгаа юм биш үү. Тиймээс эртхэн болих хэрэгтэй баймаар. Ажлын хэсэг гэж хөөрцөглөөд байгаа хүмүүс ард түмнийхээ үгийг сонсох учиртай. Монголын ард түмэн дотор Монголоо гэсэн хүн олон бий. Тэрийг мэдрээсэй. Мэдрэхгүй байгаагийн гол нь тойрон хүрээлэгч хэдэн хүнийхээ үгэнд итгэчихээд байна. Тэд нь ачир дээрээ бас нөгөө голд байгаа хүмүүсээрээ тоглох гээд байна. Үүнээс болж олноороо шорон руу явах явдал гарах вий. 1937, 1939 оны хэлмэгдүүлэлт давтагдах вий. Ийм аюул байна. Үндсэн хуулиар гоомой  юм хийж тоглож болохгүй. Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулиа хүчингүй болгох ёстойТөрийн эрхийг ард түмэн барих ёстой болохоос аль нэг архаг улстөрч, бизнесийн бүлэглэл барьдаггүй юм гэдгийг энэ дашрамд хатуу  хэлье.

Ерөнхийлөгчийн сонгуульд гурван нам нэр дэвшүүлсэн. Заримыг нь СЕХ бүртгэхээс татгалзлаа. Та ямар байр суурьтай байна?

-Засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт байна гэж Үндсэн хуульд заачихсан байгаа шүү дээ. Тэгэхээр хэнийг Ерөнхийлөгчөөр сонгохоо ард түмэн мэдэх ёстой. Хамт олон, байгууллагын хурлаараа хэлэлцээд нэгийгээ дэвшүүлж болно шүү дээ. Гэтэл парламентад суудалтай намаас дэвшүүлнэ гэж хязгаарласан нь Үндсэн хуулийн гажуудал гэдгийг би түрүүнд хэлсэн, одоо ч хэлье. Өнөөгийн  Ерөнхийлөгч Монголын ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч биш болчихоод байна, өнгөрснөөр нь дүгнэвэл. Ирээдүйд болох Ерөнхийлөгч ч эв нэгдлийг илэрхийлэгч болж чадахааргүй байна. Нэр дэвшсэн хүмүүс, тэднийг дэмжиж буй бүлэглэлүүд, санхүүжилт зэргийг харахад. Одоо нэр дэвшээд байгаа хүмүүсээс өөр хүн нэр дэвших эрхгүй байгаа нь туйлын харамсалтай. Бусад улс орны төрийн тэргүүний сонгуулийг харахад, аль нь ч  чөлөөтэй дэвшиж, чөлөөтэй өрсөлдөж  байгаа. Манайд ийм бололцоо алга. Үндсэн хуулийн энэ заалтыг өөрчлөх ёстой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 5 Сэтгэгдэл

Kelgrorge
2017 оны 6-р сарын 26

Cialis 20mg Online Apotheke online pharmacy Que Es El Viagra Femenino

Kelgrorge
2017 оны 6-р сарын 30

Levitra Commentaires online pharmacy Zithromax Tab

Kelgrorge
2017 оны 7-р сарын 3

How To Buy Cymbalta Cheap cialis Cialis Per Endometrio

Chasadvito
2017 оны 8-р сарын 2

Propecia Estructura online pharmacy Propecia Mercado Libre

Kelgrorge
2017 оны 8-р сарын 25

Zithromax Generic Side Effects viagra Amoxicillin Children’S Dosage

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *