Ж.Гомбожав: Тэд төр барихад дэндүү жулдаж байна

9-р сарын 23, 2014 9:01 am Нийтлэгч: Ангилал Улс төр Уншсан: 1214
“Ярилцах цаг” булангийн  зочноор  АИХ-ын тэргүүлэгчдийн дарга, УИХ-ын дэд даргын албыг хашиж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж явсан төр, нийгмийн зүтгэлтэн Ж.Гомбожавыг урилаа.

Ч.ҮЛ-ОЛДОХ

“Ярилцах цаг” булангийн  зочноор  АИХ-ын тэргүүлэгчдийн дарга, УИХ-ын дэд даргын албыг хашиж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж явсан төр, нийгмийн зүтгэлтэн Ж.Гомбожавыг урилаа. 

-Та  сайхан намаржиж байна уу. Ойрдоо ямар ажил амжуулж байна?

-Сайхаан сайхан. Гангын чуулганд явах гээд ганзагалаагаа бэлдэж сууна.

-Тэнд чухам юу болох юм бол?

-Дарьганга нутгийг  аялал жуулчлалын бүс болгохын тулд яавал зохистойг ярилцана. Дарьгангын есөн брэндийг тодруулж зарлана гэсэн.

-Тэр брэндэд нь юу, юу багтах бол?

-Миний бодож байгаагаар, Шилийн Богд, Талын агуй, Ганга нуур, Алтан-Овоо, Дагшин булаг, Торой банди, Дарьгангын хурд, мөнгөн урлал, уртын дуу, шимийн нэрмэл гээд л хөврөх байх даа.

-Тантай ярилцахыг зорьсон гол сэдэв рүүгээ орьё, хоёр жилийн өмнө  та УИХ-ын бүтцэд тун  сонирхолтой байдал үүслээ  гэж дүгнэж байсан. Тэгвэл өнөөдөр төр, засгийн ажилд ямар дүн тавьж байна вэ? 

-2012 оны сонгуулийн үр дүнгээр бүтэц, бүрэлдэхүүний хувьд тун сонирхолтой УИХ бий болсон. Харин одоо бол ямаршуу ажиллав гэдгийг  нь цаг хугацааны хувьд үнэлэх, дүгнэх боломжтой болж байна. Өмнөх практикаас үзэхэд, сүүлийн жил сонгууль гээд бараг юм хийж чаддаггүй. Их хурал шинэчлэлийн чанартай эрс өөрчлөлтийг хийх үү, үгүй юу гэдэг эхний  нэг, хоёр жилээс шалтгаалдаг.  Үлдэж буй хугацаанд сонгогчдын саналыг яаж авах вэ гэдэг рүү ажил нь  чиглэх болов уу.  Нэг үгээр хэлбэл, цалин тэтгэвэр нэмэх, массыг өөрсөд рүүгээ татах хувилбар руу тогтоол, шийдвэрүүд гаргах  байх. Уг нь эхний хоёр жилд улс орны эдийн засгийг дээшлүүлэхийн тулд бүтцийн томоохон өөрчлөлтүүд хийх ёстой байсан. Энэ тухай би УИХ-ын удирдлагуудад саналаа хэлж байсан. Жи­шээлбэл, орон нутгийн хувьд шинэчил­мээр зүйлүүд байдаг. 360 гаруй сум заавал байх шаардлагагүй. Аймгийн төвөөсөө холгүй хэдэн сум байдаг.

Тэднийг бүтцийн хувьд аймгийн төвтэй нийлүүлэх зэргээр цэгцэлж болох байсан. Нөгөө талаас, 365 сум, 21 аймгаа бүгдийг  зэрэг хөгжүүлэх   бололцоо  улс оронд  байхгүй. Тэгэхээр бусад аймаг, сумаа чирч явах төвүүдийг  эхний ээлжинд бий болгож, түүн рүү хөрөнгө мөнгөө төвлөрүүлэх шаардлага бий. Гэтэл тэр талаас өөрчлөлт хийсэнгүй. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сонгуулийн өмнө засаг, захиргааны бүтцийн өөрчлөлт эхлэх тухай хэвлэлээр бараг л хичээл заасан шүү дээ. Одоо түүнийгээ мартсан бололтой. Хуучин байдлаар бүх аймаг, сум, албан газрууд руу хөрөнгөө цацах маягаар явж байна. Эдийн засгийн том зах зээл рүү хүчээ төвлөрүүлж чадсангүй. Жишээ нь, бензин шатахуун, зам тээврийн асуудал байна. Дэд бүтэц дээр хөрөнгө гаргаж байгаа ч эхлээд ямар чиглэлийг нь санхүүжүүлэх вэ гэдэг эрэмбэ дарааллыг Их хурал сайн гаргаж чадсангүй. Оюутолгой, Тавантолгойн талаар олон жил ярьсан боловч оновчтой зөв шийдсэнгүй.  Одоо Их хурлын удирдлагад орчихсон, сайдын албан тушаалд очсон хүмүүс тухайн салбарт очихоосоо өмнө огт өөр зүйлүүд ярьж байсан шүү дээ. Түүнийг ард түмэн мэдэж байгаа. Оюутолгойн гэрээ Монголын ард түмний хүсэл сонирхолд нийцэхгүй байгаа тул өөрчлөх нь зүйтэй гэж байсан. Их хурал, Засгийн газрын удирдлагад байгаа хүмүүс тэр ажлаа хийсэнгүй, цаг алдсаар байна. Манайд арван хэдэн яам хэрэггүй. Өмнө нь есөн яамтай ажиллаад болоод байсан шүү дээ. Олон улсын жишгээс харахад ч  гэсэн гурван сая хүн амтай, жижиг эдийн засагтай манайх шиг улсад цөөхөн яам, чадварлаг боловсон хүчин байсан бол оновчтой байх байсан. Түүнийгээ хийж чадсангүй. Тэгээд өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэдэг шиг төгсгөл рүүгээ бүтцийн өөрчлөлт хийсэн болж, цаг хожихоор  ярьж эхэлж байх шиг. Уг нь  тэр байх ёстой асуудал. Яамдын тоог цөөлөх, шаардлагагүй агентлагуудыг татан буулгах, зарим салбарт дэд сайдын орон тоог цомхотгох ажлыг эрт хийх ёстой байсан ч цаг алдсан. Одоо 2015 оны эхний хагаст л жаахан зүтгүүлээд юм хийх бололцоо бий. Аливаа бүтцийн өөрчлөлт хийхэд бүрэлдэхүүнийг солих асуудал бүх нийтэд таалагдана гэж байдаггүй. Эрсдэл хүлээдэг. Тийм эрсдэлтэй зүйлүүдийг сонгуулийн дараах эхний хагаст, эрх барьж буй  хугацаандаа л  хийх ёстой. Тэр ажлаа хийж чадсангүй. Энэ үүднээс авч үзэх юм бол УИХ, Засгийн газрын  ажлыг  чамлаж  байна. Тэд төр барихад дэндүү жулдаж байна.

-Тэгвэл эдийн засгийн өнөөгийн байдлыг …?

-Бүгдийг харлуулаад байж  болохгүй. Аймгуудыг замтай болгож, дэд бүтцийн салбарт шинэчлэл хийж байна. Бидний төр барьж  байх үеийг бодвол мөнгө их байлаа. Чингис бонд, Самурай бонд болон жижиг сажиг зээл тусламж гэхчлэн мөнгө овоо орж ирлээ. Гэхдээ тэр их мөнгийг үнэндээ буруу зүйлд зарцуулчихлаа. Хамгийн жишээ гэвэл, Чингис бондын мөнгийг тодорхой юунд зарцуулсан тухай тайлан гаргахыг  Ерөнхийлөгч ч шаарддаггүй, Ерөнхий сайд нь ч хэлж чаддаггүй. Тэгэхээр асуудалтай байна, буруу зүйлд зарчихжээ гэж үзэхээс аргагүй. Тэр мөнгийг нефть боловсруулах үйлдвэр гэх мэт тодорхой   үйлдвэрлэл, үйлчилгээний салбар, дэд бүтэцэд зарцуулах хэрэгтэй байсан. Даанч тийм юм болсонгүй. 

-Ингээд ярихаар бид хариуцлагатай, тогтвортой төр, засгийн тухай их ярьдаг. Энэ чиглэлд ямар өөрчлөлт хийх хэрэгтэй вэ?

-УИХ, Засгийн газарт   өнөөдөр хариуцлага нэлээд сул байна. Монголын ард түмэн, нийт сонгогчдын дийлэнх нь тийм дүн тавьж байна шүү дээ, хөдөө, гадаагүй. Одоо бол УИХ-ын 76 гишүүн хязгааргүй эрх мэдэлтэй, юу ч хийж байсан түүнийг нь хянадаг, хязгаарладаг юм байхгүй. “Бид юу ч хийж болно” гээд  Үндсэн хуульд долоон өөрчлөлт оруулж хязгааргүй эрх мэдэлтэй болчихсон 76 гишүүний ердөө 39 нь цуглаж, 20 хувь нь шийдвэр гаргадаг явдал байж таарахгүй. Уг нь 76 гишүүний дийлэнх олонх буюу 51-ээс дээш нь сууж байж л шийдвэр гарах ёстой.  Байнгын хороонд бол таван гишүүн л шийд гаргадаг болчихлоо. Өнгөрсөн 20 гаруй жилийн практикаас үзэхэд дан УИХ-тай байх нь зохимжгүй. Дээд, доод танхимтай болгож,түүнийгээ юу гэж нэрлэхээ тухайн үед нь шийдээд явж болно. Эсвэл Улсын Их хурал, Улсын Бага хурал гээд нэрлээд явсан ч болох юм. Төсөл төлөвлөгөөнөөс эхлээд дээд танхим нь доод танхимдаа хяналт тавьж байдаг. Ерөнхийлөгч, прокурор, шүүгч гээд гол албан тушаалтнуудыг дээд танхимаасаа томилдог байдалд шилжинэ. Одоогийн манай нөхцөлд Ерөнхийлөгч нь ч, УИХ нь ч ард түмнээсээ сонгогддог. Хоёулаа ард түмний төлөөлөл гээд хариуцлага хүлээдэггүй. Дөрвөн жил болоод солигддог. Хийсэн, эс хийсэн нь хамаагүй болчихоод байна. “Би толгойгоо өгнө” гэж амлаад байсан Ерөнхий сайд ч байна. Толгой нь аль хэдийнэ “алга болчихсон”. Тэгэхээр нийгмийн байгуулалдаа  даруй өөрчлөлт хийх ёстой. Гэхдээ иргэний тэмцэл, хөдөлгөөн маягаар биш, жагсаал цуглаан болгож улстөржүүлэх хэлбэрээр  ч биш, хууль эрхзүйн хүрээнд Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж, жич хууль гарган тэр дагуугаа Их хурал, Бага хурлыг зохион байгуулах нь зүйтэй. Гэхдээ  Монголын ард түмний дунд  ийм юм хийх нь зөв үү, буруу юу гэдэг талаар бүх нийтийн  санал асуулга хийсэн ч болох юм. Санал асуулга авахад  бараг дэмжигдэх болов уу гэж бодож байна. Манайх шиг жижиг эдийн засагтай, хүн ам цөөнтэй оронд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэж хоёр хүн албан тушаал хашдаг байх хэрэггүй. Ерөнхийлөгч нь Их хурлаасаа томилогддог, тэгээд Засгийн газраа тэргүүлдэг байвал хариуцлага дээшилнэ. Өнөөдөр манайд Ерөнхийлөгч аж ахуйн ажил руу хутгалдаж орж байгаа жишээ олон. Ерөнхийлөгчийн засаглалтай орны засаглалын хэлбэрүүдийг ч нэлээд ашиглаж байна. Энэ бүхнээс үзэхэд хариуцлагыг нэг хүн үүрэх нь  илүү. Гэхдээ Ю.Цэдэнбал даргын үеийнх шиг биш л дээ. Өнөөдөр олон улсын болоод манай дотоодын нөхцөл байдал өөрчлөгдсөн.  Тиймээс нийгмийн байгууллыг нэн даруй өөрчлөхгүй бол хариуцлагагүй байдал олон жил үргэлжлэхээр байна. Үүнийг хоёр том нам нь голлон бүрдүүлсэн энэ УИХ-аас  2016 оноос өмнө шийдэх нь зүйтэй. Харин хууль эрхзүйн асуудлыг ул суурьтай шийдэх  чухал.

-Энэ жил  айлчлалын хур буусан он байлаа. Мөнхийн хоёр хөрш орны төрийн тэргүүн манай улсад ойрхон зайд айлчилсан. Үр дүн, ач холбогдлын талаар та юу хэлэх вэ?

-Маш сонин үйл явдал. Монгол  дандаа юм гуйдаг орон биш. Орос, Хятадтай харилцаж байсан уламжлалт харилцааг авч үзвэл, монголчуудын нөлөө хоёр хөрш оронд маш их байсан. Бүр сүүлийн, өөрсдийнхөө мэдэх үеийн  цаг хугацаанаас авч үзэхэд Халхын голын байлдаан, Эх орны дайны үед монголчууд оросуудад тусалж байсан. 1945 оны чөлөөлөх дайн, 1949 онд Хятадыг тусгаар улс болоход монголчууд тусалж дэмжиж байсан. Монголчууд биднийг энэ зэргийн улс орон болоход дэмжиж, тусалж байсан ийм гүрэн шүү гэдгийг саяын айлчлалын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч  ч, БНХАУ-ын дарга ч хүлээн зөвшөөрч, санан дурсч ярьж байна. Тэр маш чухал асуудал. Монгол дандаа юм гуйдаг жижигхэн, ядарсан орон байгаагүй. Бас биднийг ядарч зүдрэхэд тусалдаг орон байсан. Бид энэ улстай харилцаагаа сайжруулах ёстой гэдгийг зориуд албан ёсоор ирж уулзалтад хэлж ярьж байгаа нь олзуурхам дүгнэлт юм. Ер нь Монгол Улс хөгжье гэвэл Орос, Хятад хоёртойгоо харилцаа сайтай байхгүй бол болохгүй. Энэ хоёр гүрнийг алгасч гуравдахь хөрштэй харилцахад төвөгтэй. Манай ард түмний дотор, ялангуяа зарим сэтгүүлч Хятадыг өөлөх их дуртай байдаг. Гэтэл бид мөнхийн хоёр хөршөө жижиг, сажиг зүйл дээр өөлөх шаардлагагүй. Аль болох эв зүйгээ олж харилцах нь зүйтэй юм. Одоо харин  тэр чиглэл рүүгээ орж байх шиг. Ялангуяа сүүлийн үед ОХУ-тай манай харилцаа төр, засгийн хэмжээнд жаахан хөндийдүү байсан. Цаг хугацаа нэлээд  алдлаа. 1990 оноос хоёр хөрштэйгээ харилцаагаа адил тэнцүү авч ирсэн бол одоогийн байгаагаас илүү хөгжих боломж байсан. Энэ жил Орос, Хятадтай харилцаа одоогийн /хэлэлцээрийн/  төвшинд хүрэхэд гадаад байдал нэлээд нөлөөллөө. Өөрөөр хэлбэл, тэр нь Монголд эерэг нөлөө авчирсан. Ялангуяа Украин Оросын харилцаа, Европын холбоо ОХУ-ын харилцаа, АНУ, Оросын харилцаа гэх юм уу, дэлхийн улстөр, эдийн засгийн харилцааны одоогийн үүсээд буй нөхцөл байдал Монголд эерэг нөлөө, нөхцлийг бүрдүүлж байна. Иймд бид  хоёр хөрштэйгээ эв зүйгээ олох ёстой. Намайг  АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байхад манай нутгийн эрдэмтэн Г.Сүхбаатар гуай надтай уулзаад “Та нар Орос оронтой харилцах харилцааг хэзээ ч сулруулж болохгүй. Ямар ч үед түшиж явах ёстой. Бид олон жил харилцаж ирсэн. Яагаад манай өвгөд дээдэс эрт үеэс Хятадтай харилцах харилцаанд болгоомжилдог вэ. Түүхэн үүднээсээ авч үзвэл, бид Оросын талыг барьж явбал зүйтэй. Та нар үүнийг бодож яваарай” гэж байсан. Би Орост сургууль төгссөн,тэдэнтэй Дорноговь, Сүхбаатар аймгийн цэргийн хүрээнд хамтарч ажиллаж, зах зухыг нь гадарлах болсны   хувьд манай улс Оростой харилцах харилцаанд алдаа гаргасан гэж боддог. Оросын талаас өөрсдөөс нь болсон зүйлүүд ч бий. Оросууд манайхаас хөндийрөхөд нөлөөгүй мэт боловч байршлын хувьд Монгол Улс асар ашигтай. Нэг ёсны хаалт, хамгаалалт нь болсон орон шүү дээ, манайх. Тиймээс ОХУ манайтай харилцаагаа хөндийрүүлэхийг бодохгүй байгаа. Ер нь хоёр хөрштэйгээ эв зүйгээ олж харилцвал манай улс хөгжих ирээдүй бий. Ялангуяа,  сүүлийн үед ярьж байгаа таван асуудлыг би зөв чиглэл рүү явж байна гэж харж байгаа. Чин үнэнийг хэлэхэд, хоёр хөршийн хөгжилд Монгол Улсын ач холбогдол их болсноос тэд айлчилсан хэрэг шүү дээ.

-ОХУ-тай ярьж буй эдийн засгийн хамтын ажиллагаанаас  та чухам  юуг нь онцолж, ач холбогдол өгч байна вэ?

-Төмөр замын чиглэлээр ярьж байгаа асуудлууд маш зөв. Царигийн тухайд маргалдаж цаг алдах хэрэггүй. Оростой өргөн, Хятадтай нарийн царигаар харилцах бололцоотой. Энэ салбарт хоёр хөршийн тавьж байгаа саналыг дэмжих нь зүйтэй. Гэхдээ урд хөрштэй 7-8 чиглэлээр боомт нээе гэж байгааг бодууштай. Заавал 7-8 чиглэлээр зэрэг нээх шаардлагагүй. Аль чиглэл нь гол вэ гэдгийг тодорхойлж, эхний ээлжинд  Замын-Үүд, Бичигт, Нарийн Сухайтад боломжоо хэрэгжүүлвэл ямар вэ. Цаашид үр дүн ашгаа өгөх юм бол бусдыг нь нээлттэй үлдээж болно. Заавал энэ Их хурал, Засгийн газрын үед,  ойрын үед шийдэх ёстой асуудал биш. Тийм боломж ч харагдахгүй байна. Төмөр зам тавина гэдэг цаашдаа тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой. Олон гарц зэрэг нээнэ гэдэг Монголын түүхий эд тэр чигээрээ гарна гэсэн үг. Бүтээгдэхүүнээ боловсруулах хүчин чадал, бололцоо манайд ойрын хэдэн жилдээ харагдахгүй байна. Тиймээс эхлээд боловсруулах үйлдвэрүүд дээр бүтээгдэхүүнээ эхний ээлжинд түүхийгээр нь биш, бүрэн болон хагас боловсруулсан хэлбэрээр юмаа хийж чадаад, тээвэрлэх асуудал шийдэгдэж чадвал бусад боомтыг нээх нь зүйтэй. Мөн агаарын  зам, Ази-Европыг холбосон авто замууд чухал  ач холбогдолтой. Харин байгалийн хий дамжуулах хоолойн хувьд би нэг их итгэлгүй байгаа. Яагаад гэвэл, Орос, Хятад хоёр зүүн талаараа хийн хоолой дамжуулах юмаа шийдчихсэн. Тэгэхээр баруун талынх юу л бол.Ойрын үед хийх ажил ч биш байх. Хийн хоолой дамжуулахгүй байлаа гэхэд бусад салбараар хоёр хөрштэйгээ сайн байхад хөгжих ирээдүй, гурван сая хүнээ тэжээх боломж манай улсад бий.

-Монгол, Орос, Хятад гэсэн гурвалсан харилцаанд  хөндөгдөж буй нэг асуудал нь Шанхайн хамтын ажиллагааны нийгэмлэгт  манай улсыг гишүүнээр элсээч гэсэн хүсэлт, хүлээлт  ил далд байдаг нь сүүлийн үед  ойлгомжтой болж байгаа. Ажиглагчийн статустай байх, гишүүн болох хоёрын давуу болон сул  тал нь  юу бол?

-Ний нуугүй хэлэхэд, би Шанхайн хамтын ажиллагааны нийгэмлэгт гишүүн болохыг  нэн тэргүүний асуудал биш гэж үздэг. Манайх шиг жижиг орон ажиглагчийн статусаар явах нь зүйтэй. Эдийн засгийн чиглэлээр оролцох оролцоогоо идэвхжүүлээд гишүүн болохоо хэдэн жилдээ азнах нь зүйтэй. Учир нь биднийг сонирхож байгаа гуравдагч хөрш буюу бусад орнуудтай харилцахад хүрээ маань явцуурах байдалд хүрч болзошгүй юм. Гишүүн болно гэдэг нэг ороод, нэг гараад байдаг зүйл биш.

-Гуравдагч хөршийн харилцааг хадгалах болон идэвхжүүлэхэд  манай улс юуг анхаарах нь зүйтэй вэ?

-Үүний тулд Орос, Хятад хоёртой харилцаагаа сайжруулах ёстой. Яагаад гэвэл, хоёр хөршөө алгасч харилцах бололцоо бидэнд байхгүй. Жишээ нь, коксжсон нүүрсээ Япон руу гаргая гэдэг юм уу, бусад түүхий эдээ гадагш гаргахад заавал хоёр хөршийн нутаг дэвсгэрээр дамжуулна. Тиймээс хоёр  хөрштэй харилцаагаа сайжруулна гэдэг бол гуравдагч хөрштэйгээ харилцаагаа сайжруулна гэсэн үг. Гуравдагч хөрш орны зүгээс Монголыг сонирхож байгаагийн цаана Хятад, Оросын зах зээл дээр Монголоор дамжиж гарах бодлого баримталж байгаа болов уу. Ер нь  бол тийм сонирхлыг Монголд бий болгох хэрэгтэй юм. Монголд бий болгож байгаа үйлдвэрүүд  Мон­голын гурван сая иргэний хэрэгцээг хангахад биш хоёр хөршийн ард түмний хэрэгцээг хангахад чиглэсэн үйлдвэрүүд байгуулах талаар бодолцвол ашигтай. Тухайлбал, эрчим хүчний, нефтийн, нүүрсний, зэсийн, металлургийн гэхчлэн салбар бүрт хөгжүүлбэл  Оросын, ялангуяа Сибирийн хүйтэн сэрүүн бүс нутаг, Хятадын хойд тал, баруун хойд талд тэр хэрэгцээг хангах чиглэлд бодлого барьж хэрэгжүүлэх нь чухал. Тэр чиглэлээр Итал, Туркийн савхины технологи мэтийн  бусад орны  үйлдвэрийг оруулж ирж хөгжүүлбэл хэрэгтэй. Ингэж чадвал гуравдагч оронтой улс төрийн төдийгүй эдийн засгийн харилцаа сайжирна.

-УИХ-ын намрын чуул­ган удахгүй эхэл­нэ. Чуулганаар даруй хэлэлцвэл зохих, тулгам­даж байгаа ямар асуудлыг  онцолж харж байна?

-Хоёр хөршийн Ерөнхийлөгчтэй нэлээд олон гэрээ, хэлцэл хийлээ. Түүнийг хэрэгжүүлэх арга замыг түргэн хэлэлцэх хэрэгтэй. Манай талаас шийдвэрлэгдээгүй олон асуудал бий. Түүнийгээ  чадвал энэ онд багтаж эрхзүйн актуудыг гаргах хэрэгтэй. Тэгвэл өгөөжөө түргэн өгнө. Энэ асуудлыг хэлэлцэлгүй хойшлох тусам  улс орны  хөгжил хойшилно. Бүтцийн өөрчлөлт хийнэ гэж баахан бужигнаад, дараа нь шинэ томилгоо нь туршлагагүйдээд, дээрээс нь улстөржүүлээд цаг алдаж,хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлалын үед наашаа эргэсэн салхины чигийг өөрчилчих вий гэж эмээж байна. Цаана нь  өвөл хаяанд ирлээ. Хур тунадастай өвөл болж магадгүй  гэж малчид ярьж байна. Ер нь маш их овсгоо самбаа гаргаж, зөв бөгөөд түргэн шуурхай ажиллахгүй бол энэ засагт нэг л жилийн ажлын боломж үлдлээ шүү дээ. Тэгээд л сонгуулийн дуулиан эхэлчихнэ.

 

 

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 6

Feline Dose Amoxicillin Cephalexin Is A Strong Anti Biotic Cephalexin 500 Mg Picture buy generic cialis Levitra 20 Mg Prospecto Super Kamagra Deutschland

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *