Ж.Эрдэнэбат: АН-ын ам, ажил арай дэндүү зөрж байна

9-р сарын 14, 2012 9:46 am Нийтлэгч: Ангилал Улс төр Уншсан: 251

-Сэлэнгээрээ овоглох нь хамгийн том хүндлэл-

 

Д.БОЛОРМАА

 

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбаттай ярилцлаа.

 

-Монголчуудын хүнс­ний хэрэгцээг хангадаг Сэлэнгийн ард түмэн ургацаа хураагаад ажил ихтэй байна. Танай аймаг энэ жил ямар хэмжээний ургац хураах төлөвтэй байна вэ?

-Хавар, намрын ули­рал сэлэн­гэ­чүүдийн хувьд цаг нартай уралдаж ажилладаг цаг. Энэ үед амралтын өдрүүдийг тааруулан орон нутгийнхаа иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонсч байна. Ургац хураалт сайн эсвэл муу гэж хэлэхэд төвөгтэй. Энэ зун цаг агаар сайхан байсан ч нөгөө талдаа хур бороо элбэгтэй байлаа. Хур элбэг байснаар ургац арвин гэж ойлгож болохгүй. Хэтэрхий чийгтэй байснаас болж тарианы болц жаахан оройтож байна. Бороо элбэг байсан учраас үер усны аюул нүүрлэж, гол гольдролоосоо гарч олон айлын ургацыг сүйтгэсэн. Энэ байдал сум болгонд харилцан адилгүй. Зарим нь ургацаа бүрэн авах боломжтой байгаа бол үлд­сэн хэсэг нь цаг агаа­раас шалтгаалаад ургацаа алдсан байна.

-Таныг улс төрийн хүрээнийхэн “Сэлэнгийн” Ж.Эрдэнэбат гэж овогло­дог юм билээ. УИХ-ын гишүүн гэдгээр биш “Сэлэнгийн” хүү гэдгээр нь хүлээж авч байна уу?

-Хүмүүс “Сэлэнгийн” Ж.Эрдэнэбат гэхээр баяр­ладаг юм. Нутгаа­раа овоглоно гэдэг бол хамгийн том хүндлэл. Аймгийн Засаг дарга байхдаа ард иргэдийнхээ санал бодлыг сонсч байж хийх ажлаа төлөвлөдөг байсан. УИХ-ын гишүүн болсон ч сэлэнгэ­чүүдээ сонсдог зарчим өөрчлөг­дөх­гүй. Ард иргэд­тэйгээ уулзаагүй байж өөрийнхөө боддог хүсдэг зүйлийг ярьчихаад “Ард түмэн ийм зүйл хүсч, хүлээж байна” гэдэг улс төрчид бий. Би тийм биш. Ард түмэн юу хүсч байна түүнийг л нэн тэргүүнд ажил хэрэг бол­гохоор энэ биеэ дайчлан ажиллана.

-Та аймгийн Засаг дар­гаар ажиллахдаа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих тэр дундаа жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж ажилласан гэж хүмүүс ам сайтай байна. Үүний ачаар Сэлэнгэд ажлын байр нэмэгдэж, амьжиргааны төвшин нэмэгдсэн гэдэг?

-Манай зах зээл маш жижигхэн шүү дээ. Гадаад руу гаргах экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэхээр их хэмжээний хөрөнгө шаардлагатай болдог. Ийм  хэмжээний хөрөнгөтэй хүн орон нутагт  байхгүй. Жижиг зах зээлээ хангахын тулд том, том үйлдвэр яриад  хэрэггүй. Яг үнэн­­­дээ, том үйлдвэр барьж ажлын байр нэ­мнэ гэдэг хэцүү. Түүний оронд жижиг, дунд үйлдвэр­лэлийг дэмжихийн тулд хөдөлмөр эрхлэгч хувь хүн, аж ахуйн нэгжийн хөрөнгө санхүүд таарсан ажил эрхлэлтийг дэмжих ёстой. Тэгж байж жижиг, дунд үйлдвэрлэл хөгжинө. Иргэдтэй уулза­хаар “Амь­жиргааны төв­шингөө нэмэхийн тулд үйлдвэрлэл эрхлэх мөнгө  хэрэгтэй байна” гэдэг. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Сэлэн­гэ аймагт зээл хүссэн иргэдийн хүсэлтийг хангах хүүгүй зээлийн сан байгуулсан нь хүрэлцээ хан­гамж дутаг­далтай байгаа хэдий ч энэ сан маань эргэлтээрээ эх үүсвэр шаардлагатай бай­гаа хүнд хүрэх болол­цоотой болох юм.

Энэ бол дөрвөн жил­ийн хугацаанд миний хийсэн хамгийн том ажил. Цаашид энэ сангаа ар­вижуулж, хүүгүй зээлээс сэлэн­гэчүүд авч бизнес эрхлээ­сэй гэж бодож байна. Тэ­гэхгүй бол өндөр хүүтэй зээлээр хөдөлмөр эрхэлж бизнес хийнэ гэхэд хүнд байна. Дээрээс нь хэрэглэгч бага­тай зах зээлд бүтээг­дэхүүнээ бор­луулна гэдэг нь бас бэрх­шээл. 

Ногоочид яагаад ченжүүдийн амаар  ногооныхоо үнийг тог­тоолгож байна гэхээр нэг­дүгээрт бүтээгдэхүүн нь улирлын чанартай. Хоёр­дугаарт газар тариа­лан эрхлэгчдэд  ногоо тариагаа хадгалах байр сав байхгүй. Тэгвэл энэ бү­тээг­дэ­хүүнийг үйлд­вэр­лэдэг жижиг, дунд үйлдвэр байгуулагдвал  ногоо маань ченжүү­дийн гараар орохоо болино.

-Сэлэнгэ аймгийнхан газар тариаланд амжилт гар­гахаас гадна мал аж ахуйд анхаарлаа хандуулж буй нутгийн нэг. Өнгөрсөн жил аварга малчинтай болж, хоёр ч сум нь Монголын тэргүүний сумаар шалгарсан байсан?

-Манай аймгийн хувьд малчин, ногоочин гэж ялгалгүй цаг нартай уралдаж амьдардаг хөдөлмөрч ард түмэн.

Тиймээс улсын тэргүүний сумаар манай аймгийн хоёр ч сум жил дараалан шалгарлаа. Цаг агаар, байгаль цаг уурын ивээлтэй бүс учраас тариа ногоо сайтай, мал нь тарга  сайтай гэж ойлгож болохгүй. Сэлэнгэ нь том голуудын сав нутаг  учраас өвөлдөө хасах 50 хэм хүртэл хүйтэрдэг.

Манай аймагт дулаа­хан өвөл гэж хэзээ ч байхгүй. Хамгийн хүйтэн цэг үндсэндээ Сэлэнгэ байх.  Тэглээ гээд бид төр, засгаас тусламж дэмжлэг олгооч гэж гуйж явсангүй. Зуд турхан болохоор баруун, зүүн аймгуудад тусламж олгохоос сэлэн­гийнхэнд бараг олгодог­гүй.  Энэ нь манай нутгийн иргэд зуд турхан болсон ч малаа хоргодолгүй авч гардаг малч ухаантай холбоотой. 2010 оны хавар  ОБЕГ-ын дэд дарга манай аймагт очоод “Сэлэнгэд зуд үнэ­хээр гамшгийн хэмжээнд очсон байна” гэж дүгнэсэн.  Энэ юу хэлээд байна гэхээр бодит байдалд хүндрэл адилхан учирдаг юм байна. Гэхдээ хүндрэлийг даван туулах арга замаа олсон хүмүүс учраас хохиролгүй давсан гэдгээ харуулж чадсан.

-Аймгийг удирдаж байсан хүний хувьд орон нутгийн зовлон жаргалыг ойлгочихсон, хийх ёстой ажлын дараалал таны тархинд бий байх?

-Хийж бүтээх зайлшгүй шаардлагатай ажил их байна. Сэлэнгэ аймаг дэд бүтэц тодорхой хэмжээнд хөгжсөн, хилийн гарцтай. Нөгөө талаас Монголын хамгийн том гэж байгаа гурван зах зээл Сэлэнгэ аймагт хаяа залгаад оршиж байна. Дархан, Улаанбаатар, Эрдэнэт гэсэн зах зээл, хилийнхээ гарцыг ашиглаад хийх ажил их бий. Цаашид дандаа үйлдвэрлэлийг хөгжүүлэх ёстой. Бүтээн байгуулал­тын зарим аж­луудад зарим тохиолдолд ажиллах хүчин олдохгүй үе байна. Энэ нь Сэлэн­гийн иргэн бүр өөрийнхөө амьдралыг авч явах боломжийг бүрдүүлж чадсаны илрэл. Нөгөө талдаа иргэд илүү сайхан амьдрал бүрдүүлэхийн тулд тогтвортой найдвартай орлогын эх үүсвэртэй болох ёстой. Эх үүсвэртэй болох боломж нь зах зээлийг хангах үйлдвэрлэлтэй болох шаардлага учраас эхний ээлжинд Сэлэнгэ аймагт энэ үйлдвэрлэлийг бай­гуулна гэж бодож байна. Хоёрдугаарт, хот, хөдөөгийн ялгаа гэж бий. Сэлэнгийн хувьд энэ ялгаанд ороод байхааргүй аймаг. Тэнд сурч байгаа дунд сургуулийн сурагч нийслэлд байгаа хүүхдийн эдэлж хэрэглэж бас үзэж харж байгаа бүхнийг харах ёстой.

-Яриагаа улс төр рүү чиглүүлье. УИХ-д МАН бүлэггүй байна. Бүлэггүй байснаар аливаа зүйлд оролцох нь хаалттай болж байгаа. Үүнийг МАН-ынхан “АН дарангуйлж байна. Монголд ардчилал биш дарангуйлал тогтлоо” гэх болсон. Энэ үйл явдалд ямар дүгнэлт хийж байна?

-Болж байгаа үйл явцыг харж байгаа хүн бүр тэгж хэлнэ. Яагаад гэхээр МАН олонхи байхдаа хэзээ ч цөөнхийг орхиж байгаагүй. Цөөнхийн үзэл баримтлалыг бодлого шийдвэртээ тусгадаг  байсан. Олонхи болсон нам бодлого боловсруулах үед цөөнхи нэг асуудал ярихад хувилбарыг нь авч үздэг байсан. Энэ нь ардчиллын үнэт зарчим. Тэгвэл АН-аас сонгогдсон Ерөнхийлөгч, АН-аас байгуулагдсан Засгийн газар нь  ардчилал гэдэг үгээр өөрсдийгөө чимж байна. Тэд ардчиллын үнэт зүйл болох олонхи нь цөөнхийн санаа бодлыг сонсч бодитой шийдвэр гаргадаг байдлаас ухарч байгаад харамсч байна. Хоёрдугаарт, өнөөдөр Орон нутгийн тухай сонгуулийн хууль ярьж байна. Тэгвэл энэ хууль нь ардчиллын үнэт зарчмаас хазайж орон нутгийн сонгуульд иргэн бүр саналаа өгөх  үүрэгтэй гэж заалаа. Бид ардчилсан Үндсэн хуультай улс. Хуульд иргэд сонгох эрхтэй гэдэг болохоос  үүрэгтэй гэж байдаггүй. Гэтэл эрхийг үүрэг болгон оруулж ирж байгаа нь солиализмийн үе шиг захиргаадалтын шинжтэй болгож байна гэсэн үг. Мөн давхар хариуцлагын тогтолцоо оруулж ирлээ. Ийм байж болохгүй. Хүн өөрөө сонгох, сонгогдох эрхээ эдэлж байх ёстой. Орон нутгийн сонгуульд оролцоогүй тохиолдолд дараагийн дөрвөн жил болтол төрийн албанд ажиллуулахгүй гэдэг байж боломгүй зүйл. Амьдрал баян учраас хүн бүрт  янз бүрийн зүйл тохиолдоно. Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг батлахаар улайрч байгаа нөхөд нийслэл болоод Дархан, Эрдэнэтээр сэтгээд байх шиг байна. Юу гэхээр автобус унаагаар очоод саналаа өгчихөж болно гэж. Тэгвэл орон нутагт иргэд саналаа өгөхийн тулд дор хаяж 10-30 километр хүртэлх газар туулах болж байна. Магадгүй явж байхад нь унааных нь дугуй хагарч замд нь бэрхшээл тулгарвал яах юм. Түүнээс болж төрд ажиллах эрхгүй болох хэрэг үү. Хамгийн их бэрхшээл тулгарах хүмүүс бол төгсөх ангийн оюутнууд.Тэд орон нутагтаа очиж санал өгөхийн тулд автобус унаа,  хоол байрны зардал гээд  багагүй мөнгө зарцуулах болно. Сургалтын төлбөр гэсэн хүнд ачаа байхад дээрээс нь ийм төрлийн ачаа нэмэх хэрэггүй. Нөгөө талаас АН цөөнх байхдаа их сайхан ярьдаг байсан. Орон нутагт эрх мэдлийг нь өгөх ёстой гэж. Одоо болохоор ам ажил хоёр нь шууд зөрж байна. Зөрөх зөрөхдөө бүр дэлэм дэлмээр зөрлөө. Орон нутгийн зарим агентла­гийн даргыг дээрээс нь томилдог болгож байна. Орон нутгийн сонгуулийн тухай хуульд гэхэд тухайн шатны тэргүүлэгчийн хурлын тэргүүлэгчид нь тухайн тойргийнхоо сонгуулийн хороог байгуулдаг байсан бол одоо Сонгуулийн ерөнхий хороо томилохоор болж байх жишээтэй. Тэгвэл Сонгуулийн ерөнхий хороо орон нутгийн хүнийг сайн мууг нь дэнслэлж ялгаж томилох уу гэдэг нь эргэлзээтэй шүү. АН-ын зарим гишүүд эрх мэдлийг зөвхөн хөрөнгө мөнгө гэж ойлгодог шиг байгаа юм. Орон нутгийн удирдлагууд санаа нэгдэж нэг баг болж ажиллаж чадахгүй бол хэчнээн их хөрөнгө мөнгө байгаад ч ажил нь урагшлахгүй шүү дээ.

-Та шинэчлэлийн Засгийн газрыг хэр зэрэг эрх зүйн чадамжтай гэж дүгнэж байна вэ?

-Тодорхой шүү дээ. Монголын түүхэнд бай­гаа­гүй олон яам, сайдуудтай Засгийн газар боллоо. Үүнийг захын хүн шүүмжилж байхад би хэлэх нь илүүц биз.

-МАН-ынхан бүлэггүй гээд гомдоллоод байгаа. Яагаад хуулийн хугацаанд бүлгээ байгуулж болоогүй юм бэ?

-Хуулийн хугацаа мэ­дээгүйдээ эсвэл их занг гаргасандаа ингэж хандсан юм биш. Мэдэж байсан. Хамгийн гол нь цөөнхөө сонсдог зарчим алдагдсан. Юунаас болж алдагдав гэхээр УИХ-ын даргыг томилоход улс тө­рийн хүчнүүд зөвшилцсөн байх ёстой. Тэгвэл УИХ-ын дарга зөвшилцөөгүй томилогдсон. Дээрээс нь насаараа хамгийн ахмад гишүүн болох Д.Дэмбэрэл гуайг нэгдсэн хуралдаан зарлачихаад байхад өмнөх өдөр нь хурал хийсэн. Үүнийг ойлгохгүй байгаа юм. Юунд нь яараад хуралд­сан юм бэ. Дараа­гийн УИХ-ын гишүүд тангарагаа өргөснөөрөө Д.Дэмбэрэл гишүүн албан тушаалаа өгсөн байсан. Гэтэл “Энэ хүн албан тушаалтайгаа зууралдлаа” гэхчилэн худал мессеж нийгэмд тараасан. Гэхдээ үүнд нь МАН-ын зүгээс буулт хийгээд “За яах вэ, хуулиа  зөрчөөд явдаг юм байж. Тэгвэл Үндсэн хуульд заа­сан сонгуулийн үр дүнгээр нам, эвслийн бүлэг тус бүрээс дэд дарга сонгоно гэсэн заалтыг хэрэгжүү­лээч” гэж шаард­лага тавьсан. Үүнийг ч гэсэн хүлээж авсангүй.

-Танай намыг хэт дарангуйлал нүүрлэсэн гэх шүүмжлэл бий. Залуу түшээгийн хувьд тийм дарамт шахалт ирэх юм уу?

-Хар багаасаа энэ на­мын залуучуудын бай­гуул­лагад ажиллахаас эхлээд өнөөг хүрлээ. Энэ хугацаанд дарга нартаа дарамтлуулаад байснаа санадаггүй юм. Аливаа асуудалд шүүмжлэлтэй хандах дотоод ардчилал манай намд хамгийн их байдаг юм шүү.

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *