Ж.Энхбаяр: Эхлээд УИХ-аар хэлэлцээд, дараа нь ард түмнээсээ асуух нь зүйтэй

11-р сарын 11, 2015 8:54 am Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Улс төр Уншсан: 43
11-11-4h

 

Д.ГЭРЭЛЦЭЦЭГ

Энэ сарын 26-нд ард нийтийн санал асуулга явуулахаар ярилцаж байгаа ч УИХ дахь МАНын бүлэг дэмжихгүй гэдгээ мэдэгдээд буй. Энэ талаар УИХын гишүүн Ж.Энхбаяртай ярилцлаа.

Ард нийтийн санал асуулга явуулахыг УИХ дахь МАНын бүлэг дэмжихгүй байгаа. Ямар үндэслэлээр дэмжихгүй байна вэ?

Өнөөгийн нийгэмд УИХ буюу төрийн институц нэр хүндээ асар их алджээ. Дээр нь Их хурал, улстөрчдөд итгэж Үндсэн хуулийг өөрчлөх үү гэдэг асуудал гарч байгаа. Өөрөөр хэлбэл, нийгэмд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр дамжуулаад өөр зүйл явах вий гэсэн болгоомжлол үүссэн. Тиймээс санал асуулга явуулах нь алдаатай гэж үзэж байна. Юуны өмнө юуг, яаж өөрчлөхөө УИХ эхлээд хэлэлцэх ёстой. УИХын гишүүдийн гуравны хоёроос доош­гүй нь хэлэлцээд зайлш­гүй өөрчлөх ямар асуудал байгаагаа тодор­хойлж, нийгэмд мэдээлэх хэрэгтэй. Ту­хайл­бал, Үндсэн хуулийн өөрчлөлтийг улстөрчид, хөндлөнгийн шинжээчдийн оролцоо­той хэлэлцээд, зөв гэ­сэн хувилбараар шийд­вэр гаргах ёстой. Ингээд асуудлаа УИХын гишүү­дийн гуравны хоёроор шийд­сэний дараа ард түмнээсээ асуух хэрэгтэй. Процессын дараалал алдагдаж байна. Гэтэл өнөөдөр юу хийхээ тодорхой шийдээгүй байж цөөн хэдэн гишүүний өргөн барьсан хуулиар шууд бүх нийтийн санал асуулга явуулах нь эхнээ­сээ алдаа гаргаж байна гэсэн үг.

Үйл явцын дараалал нь алдаатай болохоос биш Үндсэн хуулийг өөрчлөх нь зөв гэж үү?

 –Эхлээд УИХаар хэлэлцээд, дараа нь ард түмнээсээ асуугаад явах нь зүйтэй. Үнэхээр энэ өөрчлөлтийг зайлшгүй хийх ёстой. Санал асуулгаа өнгөрсөн хавар хийх ёстой байсан. Хэтэрхий түүхий, дутуу асуудлыг яаран сандран алдаатай гаргах гээд байна. Одоо УИХаар хэлэлцэж эхлээд, хоёр парламентаар дамжаад явах нь зөв гэж гишүүнийхээ хувьд үзэж байна. Хамгийн гол нь энэ парламент хэлэлцэх шаардлагатай байна гэдгээ гаргаж тавиад, дараагийн парламентаар үргэлжлүүлж болно. Болж өгвөл 2017 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө энэ асуудалд цэг тавих нь зүйтэй. Харин одоо хэлэлцээд 26-нд санал асуулга явуулаад, ирэх сарын 31-ний дотор баталж дуусна гэдэг  туйлын болчимгүй зүйл болно. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөв. Гэхдээ энэ өөрчлөлтийг хийхийн тулд олон нийт ямар өөрчлөлт хийх гэж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах хангалттай хугацаа байхгүй байна.  

Тэгвэл Үндсэн хуульд оруулах өөрчлөлтүүдийг дэмжиж байна уу?

Үндсэн хуулийг өөрч­лөх нь зайлшгүй гэдэгтэй улс төрийн намууд санал нэгдээд байгаа. Монголын нийгэм нийтээрээ маш их итгэл алдарч байна. Хүн хүндээ, улс төрийн намууд бие биедээ итгэхээ байж. Баялгийн хуваарилалтад алдаа гарч, баян хоосны ялгаа хэт их болсон байна. Нийгэмд талцал бий болсон. Ийм цаг үед үнэхээр Үндсэн хуулиа өөрчлөөд, гурван тийшээ харсан Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ гэсэн гурван толгойг нэг тийш болгож, улс орны эдийн засаг, нийгмийн хүчин чадлыг нэг зорилгын төлөө зангидахын тулд Үндсэн хуулийг өөрчилж байж өнөөдөр гүн суучихсан намгаасаа гарахаас өөр арга бидэнд байхгүй.

Санал асуулгыгхар машин”-аар тоолно гэж байгаа. Үүн дээр ямар саналтай байна?

-Америк болон Европын холбоо дэлхий ертөнц бүхэлдээ хар ма­ши­наас татгалзсан. Тэрбум хүн амтай Энэтхэг хүртэл саналаа га­раар тоолж байна. Монгол хүний аливаа юмыг гараараа барьж, шүдээрээ мэдэрч үздэг сонин мөн чанар байдаг шүү дээ. Тиймээс бид аль болох барьж үзэж, гараар тоолох ёстой. Хүн амын тоо цөөн байгаа нь бидний давуу тал шүү дээ. Ер нь сонгууль өгөхдөө хүнээ харж өгөх нь зөв. Намын нэрийн ард нуугдсан хэсэг, эдийн засаг, улс төрийн бүлэглэл өөр ашиг сонирхолтой хүмүүс улс төрийн тогтворгүй байдлыг бий болгоход нөлөөлж байна. Тиймээс ард түмэн төлөөллөө шууд сонгох нь зүйтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *