Ж.Чулуунбат амжилтаар “Өлссөөр”…

7-р сарын 24, 2012 10:11 am Нийтлэгч: Ангилал Бөхийн мэдээ , Урлаг, спорт Уншсан: 895

Д.БААСАНДОРЖ

 

Ноднин жилийн намар даа.Монголын хөлбөмбөгийн холбоогоор орчихоод Монголын үндэсний олимпийн хорооны байрны хажуугаар өнгөрч явтал нэгэн том биетэй залуу зогсож байна. Нэг л таньдаг хүн. Нэлээн холоос харсан хэрэг л дээ. Ойртож очтол Баянхонгорын Ж.Чулуунбат. Мэнд мэдэнгээ дөрвөн тэгш ой тохиосон наадмаар улсын начин болсонд нь баяр хүргэтэл “Ах минь наадмаар би санасандаа хүртэл барилдаж чадаагүй дээ. Уг нь дээгүүр барилдах эрмэлзэл байсан. Шинэ гарьд Бат-Эрдэнийн хөлд ороод хариу мэхэнд орчихлоо доо” гэсэн юм. Түүнээс Монголын үндэсний олимпийн хороонд ямар ажилтай явааг нь асуухад Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлээ базаангаа байрлаж байгаагаа өгүүллээ. Бид хоёрын цухас уулзалт ингээд л өндөрлөсөн. Удалгүй түүнийг Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн хүнд жин болох 120 кг-д  шагналт тавдугаар байранд орж олимпийн эрхээ авсан тухай мэдээлэл дуулсан. Аан саналаа. Дээр дурьдсан уулзалтын үеэр Ж.Чулуунбат олимпийн эрхээ ер нь авчихнаа гэж өгүүлж байсан юм. Хэлсэндээ тэр хүрсэн. Одоо хэдхэн хоногийн дараа Лондонг зорино.

Анх Ж.Чулуунбатыг “Замчин” клубт бэлтгэл хийж эхлэхэд  нь харж байлаа. 20 хүрээгүй байсан даа. Түүний анхны багш Арслан клубын Б. Баттулга тэр үед “Замчин” клубт ирж байсан цаг. 2005 оны өвөл. “Замчин” клубын бөхчүүд Хандгайтад бэлтгэлд гарахад нь очиж таарсан. З.Дүвчин заан бөхчүүдээ үндэсний бөхөөр барилдуулахад Ж.Чулуунбат нүдэнд тусч байсан ч чөлөөтийн 60-д барилддаг олон улсын хэмжээний мастер Х.Сүхбаатарт хэд хэдэн удаа уначихлаа. Би ч “Өө, болоогүй юм байна даа” гэж бодоод өнгөрсөн. Харин зун нь Ж.Чулуунбат төрөлх аймаг Баянхонго­рынхоо наадамд түрүүлж аймгийн арслан цолтой болсон. Тэгээд чөлөөтөөр сайн бэлтгэл хийж байна гэж дуулдана. Арга үгүй дээ, түүний багш нь манай чөлөөтийн шилдэг дасгалжуулагч нарын нэг Б.Баттулга. Тэгээд л шавиа ирээдүйг нь харж чөлөөтөөр бэлтгэл хийлгэдэг байж л дээ. Ж.Чулуунбат 2006 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд байх аа. Жингээ нэлээдгүй хасаж байгаад 84 кг-д барилдсан. Жин хассан болоод тэр үү, алтан медалийн төлөө тухайн үедээ жиндээ ааглаж байсан Ази тивийн аварга Ч.Ганзоригт нэг их юм бололгүй, ялагдсан. Тэгэхээр жин хасахад ихэд ядарч өөрийн боломжит амжилтаа үзүүлэх жин бол дунд болон хагас хүнд жин биш юм гэдгийг тэгэхэд л мэдэж авсан байх.

Ингээд багш нартайгаа ярьж байгаад хамгийн хүнд жинг сонгон барилдах болсон. Тэр хүртлээ -96 кг-д нэг, хоёр жил барилдаад авсан. Тэгээд 120 кг-ын бөх болсон доо, Ж.Чулуунбат. Ингэснээр тэр алдаагүй, харин хожсон. Монголынхоо нэрийг сүүлийн хэдэн жилд чөлөөт бөхийн хүнд жинд гаргаж явна.

Хэдэн жилийн өмнө манай улсад Оросын чөлөөт бөхийн шилдгүүд ирж халз уулзалт тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнд Ж.Чулуунбат дэлхийн аварга болоод удаагүй байсан Оросын Чечень үндэстэн Билял Маховтой барилдсан юм. Оросын бөх тэр үед чөлөөт бөхийн хүнд жинд дэлхийн нэг номерын бөх болоод удаагүй байсан цаг. Узбекстаны нэрийн өмнөөс барилддаг, олимп, дэлхийн олон удаагийн аварга  Артур Таймозовыг ялдаг болчихсон байсан юм. Ийм л бөхтэй Ж.Чулуунбат эх орондоо барилдан бөх сонирхогч олныхоо итгэлийг хүлээсэн. Уг нь бол дэлхийн аваргад ялагдсан ч тэр их хичээж тэнцүүхэн барилдсан. Түүнээс хойш ч өөртөө илүү итгэлтэй болсон нь харагдаад байдаг юм. Билял Махов ч “Танай энэ залуу бяртай юм. Бэлтгэлээ сайн хийвэл миний шилдэг өрсөлдөгчийн нэг болно доо” гэж хэлсэн гэдэг. Ж.Чулуунбат   Ази тивдээ бол эхний гуравт найдвартай орно. 2010 оны Ази тивийн олимпийг эргэн дурсъя. Энэ тэмцээнд тэрээр тивийнхээ олон шилдгийг ялж, шигшээ барилдаанд нөгөө Артур Таймозовтой барилдах болсон юм. Дэвжээнд Ж.Чулуунбат их зоригтой гарсан. Бас барилдаж чадсан. Харин аргагүй туршлага  дутсан даа. Яагаад гэхээр түүнд нэг зовлон байдаг.Энэ нь бэлтгэл хангагч бараг байхгүйтэй адил. Монголдоо нэг бол доод жингийн бөхчүүдтэйгээ бэлтгэл хангана, эс бөгөөс үндэсний бөхөөр голлон бэлтгэл хийдэг спортын мастеруудтай хүч үзнэ. Тэд нь ядаж байхад хөлд орно гэж байхгүй. Сонгомол барилдаан шиг тулсаар байгаад таардаг. Ийм бэлтгэл муугаар нөлөөлнө гэхээс сайн үр дүн авчрахгүй нь ойлгомжтой. Ямартай л Ж.Чулуунбат “Ядаж нэг хөл, гарт ордог бэлтгэл хангагч дутаад байгаа. Тиймээс аль болох гадаадад байх хугацаандаа хамтарсан бэлтгэлийг л сайн хийх шаардлагатай болоод байна”гэж байхав.

Ийм хүндрэл бэрхшээл манай их спортын бөхийн төрлүүдэд тулгараад байгаа юм. Залуу бөхчүүд багадаа чөлөөт бөх, жүдогоор бэлтгэл хийж байгаад бага зэрэг эвсэлтэй болж, ачаалал даагаад ирэхийн цагтаа үндэсний бөхийн бэлтгэлийг дагнан хийдэг болжээ. Гадаадын нэгэн дасгалжуулагч манай чөлөөт бөхийн шигшээ багийн зааланд орж ирээд танайд хүнд жингийн бөх байхгүй юм байна гэснээ орой нь Бөхийн өргөөнд заалны барилдаан үзсэнийхээ дараа ийм олон хүнд жингийн бөх бас байдаг аа хэмээн дуу алдсан гэдэг. Дээхнэ үед бол үндэсний бөх чөлөөт бөхийн барилдаанд их хэрэгтэй байдаг байсан бол одоо харин тийм биш болсон гэхэд нэг их хол зөрөхгүй байх. Мэдээж, босоо барилдаан, уламжлалт мэхүүд сайнаар нөлөөлөх боловч өнөөдөр үндэсний бөхийн бэлтгэл бараг мэргэжлийн түвшинд очсон болохоор бэлтгэлийн зөрүү гардаг гэнэ. Чөлөөт бөхөөр бэлтгэл хийж байгаад үндэсний бөхөөр барилдахаар их хөнгөхөн болсон мэт санагдаад байдаг, мэх хийхээр болж өгдөггүй тухай тэрээр өгүүлж байсан. Мөн үндэсний бөхийн бэлтгэлээ дагнан хийхээр чөлөөт бөхийн тэмцээнд орсон тохиолдолд бие зуураад байдаг гэсэн яриа ч бий. Харин Ж.Чулуунбат цаг үеийг тааруулаад энэ бөхийн хоёр төрлөөрөө хосолсон бэлтгэл хийж байвал зүгээр байдаг тухай хэлж байв.

 Ж.Чулуунбат чөлөөт бөхийн хүнд жинд барилдаж байгаа ч гадаадын бөхчүүдийн дэргэд нуруу намдах, жингийн зөрөөтэй байдал нь сөргөөр нөлөөлөх тал ажиглагдаад л байдаг юм. Тэр 184 см-ийн өндөр нуруутай бол түүний өрсөлдөгч бөхчүүд нь бараг хоёр метр дөхсөн нуруутай, манай бөх 110 кг-тай барилддаг бол нөгөө хэд нь 130 кг-аас жин хасаж орж ирдэг. Гэхдээ манай бөх зогсолт сайтай, босоо барилдаанд хувилбар мэх хийж чаддаг, бас тэгээд нэг их бярдуулаад байхгүй нь давуу тал болдог. Манай чөлөөт бөхийн хүнд жинд үе үеийн аварга,арслан, гарьд, заанууд барилдан өндөр амжилт үзүүлдэг. Гэхдээ чөлөөтийн нэмэх 100 дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль авч байсан тохиолдол үгүй. Харин шагналт байр олон бий. Ж.Чулуунбат Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болон Азийн тоглолтын медалиа нийлүүлбэл Монголын тамирчдаас чөлөөт бөхийн түүхэнд хүнд жинд тивдээ хамгийн олон медаль авсан тамирчнаар тодорч магадгүй. Гэхдээ тамирчин хүн медалиа тоолдоггүй гэдэг. Түүнд олон медаль цаашид авах нас боломж байна. Одоо түүнийг шигшээ багт хэн гэдэг багш гардан бэлтгэл сургуулилтыг нь хийлгэж байгааг нь мэдэхгүй юм. Харин анхны багш Б.Баттулга нь байнга зөвлөгөө өгдөг гэж байгаа. Алсын Тайваний шигшээ багийн дасгалжуулагчаар явахдаа өөрийн үүсгэн байгуулсан “Арслан” клубээ түүнд даатган үлдээсэн гэхээр хичнээн ойр дотно болох нь харагдана. Өнөөдөр Б.Баттулга багшийн нэг биш шавь нь Монголын чөлөөт бөхийн өнгийг тодорхойлж явна. Одоо түүний унаган хоёр шавь олимпийн наадамд оролцоно. Нэг нь Ж.Чулуунбат бол нөгөө нь Монгол улсын гавьяат тамирчин Б.Наранбаатар.

Өнөөдөр Монголын  чөлөөт бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Монгол улсын аварга Д.Сумьяабазар ажиллаж байгаа. Аварга маань 2000 оны Сиднейн олимпод чөлөөт бөхийн нэмэх зууд барилдсан. Хэдий өндөр амжилт үзүүлэх боломж байсан ч бэлтгэл хангагч байхгүйгээс үүдэн өөрийн үзүүлэх амжилтдаа хүрч чадаагүй хүн. Үүнээс үүдээд Д.Сумьяабазар аварга өөрийн залгамж халаа болох Ж.Чулуунбатын бэлтгэлд гойд анхаарч Болгарт хамтарсан бэлтгэл хийлгэхийн зэрэгцээ тус улсаас өндөр зэрэглэлийн хоёр бөх авчран Ж.Чулуунбатын бэлтгэлийг хангаж байна.

Ж.Чулуунбат нэгэнтээ “Одоо би чөлөөт бөхдөө илүү анхаарна. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шагналт байр, тивийн тэмцээний мөнгөн медаль миний үзүүлэх дээд амжилт биш гэж бодож байна. Олимп, дэлхийгээс медаль авч үндэсний бөхөөр өндөр цол хүртэх зорилго тээж явна” хэмээн хэлсэн удаатай. Энэ тухай нь монголын үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн Д.Данзан “Бөхчүүд ийм л зорилго тээн барилдах хэрэгтэй.Манай зарим бөх нэг юманд хүрэхээрээ ханачихдаг тал бий. Харин Ж.Чулуунбат начин амжилтаар өлсөж яваа юм байна. Түүнийхээ төлөө мэрийж явна. Нэг өдөр л зорилго нь биелэх болно” хэмээсэн. Их спортын төрлөөр олимпийн наадамд зодоглох түүнийг ноднин жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд үзүүлсэн амжилтаа давуулан биелүүнэ гэдэгт итгэж сууна.

1 Сэтгэгдэлтэй

Janaye
2016 оны 12-р сарын 1

Hey hey hey, take a gaednr at what’ you’ve done

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *