Ж.Батзандан: Бүлэг ардчиллын эсрэг шийдвэр гаргасан

10-р сарын 12, 2015 11:11 am Нийтлэгч: Ангилал Зочин , Ярилцах цаг Уншсан: 80
10-12-7h

М.ГАНЦЭЦЭГ

УИХын гишүүн Ж.Батзандантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Та Хууль зүйн байн­гын хорооны даргад нэр дэвшсэн. Танай бүлгийн гишүүдийн олонх яагаад таныг дэмжээгүй юм бэ?

Бүлгийн шийдвэр Хууль  зүйн байнгын хорооны дарга Д.Ганбатыг үргэлжлүүлэн ажиллуулах нь зүйтэй гэж гарсан. Тэрээр байнгын хороог өнгөрсөн хугацаанд маш сайн удирдсан, сайн хуульч гэдэг шийдвэр гаргасан. Харин миний санал өөр байгаа. Хууль зүйн байнгын хорооны ажил явахгүй байна.

10-12-7Д.Ганбат дарга маань санаанд хүртэл сайн ажиллаж чадахгүй байгаа. Гэхдээ  олонхынхоо шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байна.

Ш.Түвдэндорж гишүүн өөрийнхөө нэрийг Байнгын хорооны даргад дэвшүүлсэн. Гэвч эцсийн томилгоог чуулганаар хийх гэтэл танай бүлэг завсарлага авсан нь ямар учиртай юм бэ. Танай намын бүлэг дотор ямар асуудал байна вэ?

Ш.Түвдэндорж гишүүн байнгын хорооны даргад өрсөлдсөн. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх түүнийг  дэмжиж, Д.Ганбат унасан. Гэтэл намын бүлэг Ш.Түвдэндоржийг  нэрээ татахгүй бол хариуцлага тооцно гэсэн бичиг хүргүүлсэн. Нэрээ татаж, Д.Ганбатыг дэмжихгүй бол бүлгийн дэд даргын албан тушаалаас чөлөөлнө гэсэн шийдвэрийг бүлгээс гаргасан. Энэ бол буруу. Ардчиллын эсрэг шийдвэр гэж үзэж байгаа. Байнгын хорооны даргад тус байнгын хорооны дурын гишүүн нэрээ дэвшүүлэх эрх нь хуулиар нээлттэй байгаа. Ш.Түвдэндорж хуулийн дагуу нэрээ дэвшүүлж, олонх нь дэмжсэн. Бүлгээс гаргасан шийдвэрийг байнгын хороо, УИХ дагана гэсэн хууль Монгол Улсад байхгүй.

Сүүлийн үед УИХаар Цэцийн дүгнэлтийг олноор хэлэлцдэг боллоо. Та хуульч гишүүний хувьд Цэцийн асуудлыг юу гэж харж байна вэ?

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтүүдийг УИХаар ойрын үед хэлэлцсэн. Цэцийн шийдвэрүүд Үндсэн хуулийн эсрэг чиглэсэн, улстөржсөн, захиалгын шинжтэй байна. Үүнийг ганцхан би биш олон хүн, хуульч, иргэн, олон нийт ярьж байна. Өрийн босгыг гишүүдийн гуравны хоёроор өөрчилдөг хуультай байсныг Цэц Үндсэн хууль зөрчсөн гээд хүчингүй болгосон. Үүнээс болоод Монголын өр, зээлжих асуудал хууль эрх зүйн хязгаарлалтгүй болсон. Цэц саяхан хэд хэдэн шийдвэр гаргасан. Тухайлбал, УИХын гишүүн Засгийн газрын гишүүнийг огцруулж болохгүй, огцруулах санал гаргаж буй нь Үндсэн хууль зөрчиж байна гэсэн шийдвэр гаргажээ. Энэ бол УИХын гишүүний онцгой бүрэн эрх, хууль санаачлах эрхэд халдсан хэрэг. Тиймээс Цэцийн асуудлыг бид эргэн ярихаас өөр аргагүйд хүрсэн.

Болохгүй байгааг нь олон гишүүн хэлж байгаа. Энэ асуудлыг яаж шийдэх хэрэгтэй вэ?

Цэцийг бид анхнаасаа зөв байгуулсан эсэх нь эргэлзээтэй. Үндсэн хуулийн цэцийн гишүүн нь өндөр мэргэшилтэй хуульч хүн байна гэж Үндсэн хуульд заасан байдаг. Энэ заалтын дагуу Цэцэд хуульч мэргэжилтэй гэхээс илүүтэй улс төрийн өндөр мэргэшилтэй хүн цөөнгүй суух болсон. Улс төрийн өндөр мэргэшил гэдэг ойлголт дэлхийд хаана ч үгүйУлс төрийн өндөр мэргэшилтэй гэж өөрийгөө боддог, ихээхэн улстөрждөг  хэсэг хүн Цэцийн нэр  хүндийг баллаж хаялаа. Цэц гэдэг байгууллагыг үндсэндээ утга учиргүй болгож дуусгалаа. Нарийн яривал Цэц шүүхийн байгууллага биш улс төрийн байгууллага болж хувирсан байна. Иймд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар Цэцийг татан буулгаж Дээд шүүхтэй нэгтгэе гэсэн саналыг би гаргаж байгаа. Цэцийг улс төрийн байгууллага биш шүүхийн байгууллага болгож хувиргах хэрэгтэй.

Цэцийн гишүүдийг парламентаас томилдог учраас эргүүлэн татах хууль, эрх зүйн боломж бий юу. Улстөржөөд байгаа гишүүдийг нь шүү дээ?

Тийм бололцоо бий. Гэхдээ Цэцийн гишүүн есөн жилийн хугацаатай томилогддогтэдний хараат бус, бие даасан байдал хуулиар хамгаалагдсан учраас тийм ч амархан эргүүлэн  татах боломж байхгүй. Хууль эрх  зүйн хамгаалалттай байгууллага гэж ойлгож болно. Гагцхүү Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар Цэцийг шинэчлэн зохион байгуулах  боломж УИХд байгаа.

Гишүүн нь сайдыг огцруулах тогтоол санаачлах, мөн улс төрийн албан тушаалтнууд сонгуульд нэр дэвшихээр бол сонгуулиас зургаан сарын өмнө  ажлаа өгөх ёстой гэсэн хуулийн заалтууд өмнө нь хэрэгжсээр ирсэн. Яагаад Цэц эдгээрийг гэнэт олж харав. Иргэн өргөдөл гаргахаас нааш өөрөө санаачилж хэлэлцдэггүй юм уу?

Цэц өөрийн санаачлагаар  асуудлыг хэлэлцдэггүй. Иргэдийн өргөдөл, гомдол, мэдээллийн дагуу асуудлыг авч хэлэлцдэг. Ямар нэг хуулийг авч хэлэлцсэн нь Цэцийн буруу биш. Харин ямар шийдвэр гаргаж байна вэ гэдэг нь ихээхэн хар дагуулж байгаа юм. Зарим үед Цэц иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу биш улс төрийн захиалгын дагуу ажиллаж байгаа нь олон хүний дургүйцлийг хүргэж байна. Үндсэн хуулийн манаачийн үүрэг гүйцэтгэж байгаа Цэц өнөөдөр хулгайчийн үүрэг гүйцэтгэж буй нь үнэхээр  харамсалтай. Хуулийн зүйл заалтуудыг хулгайлж, Үндсэн хуулийн агуулгыг эвдэх үүргийг гүйцэтгэж байгаа нь аюултай.

Цэцэд хэн захиалга өгч, шийдвэрт нь нөлөөлөөд байна вэ. Сөрөг хүчнийнхэн засгийн эрхийг барьж буй олон гишүүнтэй нам гэсэн. Тэгэхээр танай намынхан, та бүхэн захиалаад байна уу?

Хэн нөлөөлсөн эсэхийг хууль, хяналтын байгууллага тогтооно. Нөлөөнд автаж байна гэж иргэд, бид ч хардаж байгаа. Нөлөөнд автсан шинжтэй олон шийдвэрийг гаргаж байгааг харж байна. Нэг биш, олон шийдвэрийг  ингэж гаргасан.

Ийм шийдвэрээс нэрлэж болох уу?

Тухайлбал, Цагаан суваргын ордын асуудалд Цэц Монголын ард түмний эсрэг  шийдвэр гаргасан. Үндэсний хэмжээний том ордыг хувийн  компанид 100 хувь бэлэглэх шийдвэрийг гаргасан гэх мэт. Сая гэхэд Засгийн газрын захиалгаар хэд хэдэн шийдвэр гаргаж байна. Ингээд яривал Цэцтэй холбоотой олон юм бий.

Парламент энэ оны төсвийн тодотголыг хэлэлцэж эхэллээ. Эдийн засгийн байдал эгзэгтэй үед Сангийн шинэ сайд нь ихээхэн өөрчлөлт хийж байгаа гэх юм?

Төсвийн  тодотголыг хоёр хэлбэрээр хийдэг. Зарлагаа хасах, эсвэл эдийн засгийн  өсөлттэй үед илүүдэл орлогоо хуваарилах байдлаар тодотгол хийж болдог. Өнөөдөр эдийн засгийн байдал хүнд байгаа учраас зарлагаас 900 тэрбум төгрөгийг танаж төсвийн тэнцлийг хангахаар хэлэлцэж байна. Уул уурхайн бараа бүтээгдэхүүний үнэ унасан, экспорт, импортоос олох орлого тасарсан, хувьчлалын орлого орж ирээгүй гэх мэт шалтгаан байна. Би шинээр томилогдсон Сангийн сайдыг хөрсөн дээр буусан төсвийн бодлого явуулж байна гэж үзэж байгаа. Б.Болор сайд залуу хүн учраас эрүүлээр харж байна. Сүүлийн таван жилд манай улсын төсөв эрс нэмэгдсэн. Уул уурхайн  халуурал нь Монголын төсвийг хэт тэлсэн. Одоо бид хөрсөн дээр буух хэрэгтэй. Энэ шинэчлэлийг Сангийн сайд хийж чадна гэж итгэж байна.

Олон нийтийн сонирхож буй зүйл хэмнэлт, цомхотгол. Яамдыг цөөлөх, захиргааны зардлыг тодотголд хийж болохгүй юу?

-2016 оны төсвөөр захиргааны шинэтгэлээ оруулж ирнэ гэсэн. Тэр нь зөв байх. Төсвийн зарлагын 50 орчим хувийг захиргааны зардал эзэлдэг. Энэ зардлыг бууруулах замаар ирэх оны төсвийг оновчтой зөв батлах бололцоо бий. Энэ  чиглэлээр шинэ сайд зоригтой ажиллаж байна. Хэрэв бид ирэх оны төсвөө зөв баталж чадвал эрхтэн, дархтан, төрийн өндөр албан тушаалтан, төрийн өмчит компанийн захирлуудын илүүдэл, үрэлгэн зардлыг хэмнэнэ. Ингэвэл зөв бодлого хэрэгжиж, 2016-2017 оноос төсөв эрүүлжих болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *