Ж.Бат-Эрдэнийг УИХ чөлөөлөхгүй гэвэл яах юм бэ, Г.Занданшатар дарга аа?

9-р сарын 13, 2018 7:30 am Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Улс төр Уншсан: 32
Юй

Б.ДАМДИН-ОЧИР

Засгийн газар 2018 оны наймдугаар сарын 12-ны ням гаригт ээлжит бусаар хуралдаж ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн байна хэмээн нэгэн иргэн Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ.

Угтаа Засгийн газрын дээрх шийдвэр Үндсэн хуулиас гадна Засгийн газрын тухай хууль зөрчиж, УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдсан болчихоод байгаа юм. Тэр бүү хэл, Хөдөлмөрийн тухай хууль, Засгийн газрын хуралдааны журмыг зөрчсөн асуудал ч нэмэгдсэн. Гэвч Засгийн газар, тэр дундаа ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар энэ бүхнээс бултах гэж оролдож байгаа.

Ингэх шалтгаан түүнд бий. Хэрэв Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулийг, шүүх бусад хууль тогтоомжийг зөрчсөн байна гэж үзвэл буруутан нь ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар болно. Яагаад гэвэл Г.Занданшатарын үндсэн ажил нь Засгийн газраас хуульд нийцсэн шийдвэр гаргуулж, хуулийн дагуу гүйцэтгэх засаглалыг ажиллуулах ёстой юм.

Гэвч Засгийн газар энэ удаад гаргасан шийдвэртээ бүдэрч магадгүй нөхцөл үүсээд байна. Энэ явсаар У.Хүрэлсүхийн Засгийн газарт томоохон дэгээ болж ч магадгүй болов.

Харин мань Г.Занданшатар энэ бүхнээ баллуурдах гэж ёстой холиож байна. Ж.Бат-Эрдэнэ сайдын 2018 оны наймдугаар сарын 12-нд Ерөнхий сайдад анх бичсэн өргөдөл нь өөрчлөгдчихсөн тууж явна лээ. Үүнийг Г.Занданшатар даргаас өөр “өөрчлөх” хүн байхгүй. Бас Засгийн газрын ээлжит бус хуралдаан болсон наймдугаар сарын 12-ны ням гаригийн мэдээллийг www.zasag.mn сайтаасаа устгасан байх жишээтэй. Бас сүүлд гаргасан элдвийн хийтэй мэдэгдлээ бас устгачихсан байгаа юм. Хэрэв устгаагүй бол Засгийн газрын албан мэдээллийн сайтыг хэн нэгэн хакердсан болж таарна.

Уг нь Засгийн газар бол Г.Занданшатарын хувийн компани биш. Учир нь олон нийт www.zasag.mn сайтаас 100 хувийн итгэл үнэмшилтэйгээр мэдээлэл авдаг. Гэтэл нэг тавиад, нэг авч хаяад байгаа нь төрөөр тоглож байгаатай дүйцэх хэрэг юм.

Яахав, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар иймэрхүү аргаар гэм зэмгүй өнгөрч болох юм. Засгийн газар нь ч донслохгүй байж болно.

Гэвч Ж.Бат-Эрдэнийг УИХ чөлөөлөхгүй бол яах вэ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар бодож үзсэн болов уу.

УИХ-ын 2017 оны намрын ээлжит чуулганы аравдугаар сарын 19-ний пүрэв гаригийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг ЗТХ-ийн сайдаар томилжээ. Тэр чуулган дээр сайдад нэр дэвшигч Ж.Бат-Эрдэнээс УИХ-ын гишүүд олон зүйл асууж, бас олон ч юм захиж байжээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Учрал “Бид зам, тээврийн салбарт инновацийг нэвтрүүлэх ёстой. Энэ бол ерөнхий зориулалтын нислэг. Өнөөдөр хуучин нисэхийн аэродромыг бүгдийг нь сэргээгээд энэ ерөнхий зориулалтын жижиг онгоцуудыг хөгжүүлэх ажлыг зохион байгуулъя”,  УИХ-ын гишүүн Лу.Болд “Өнөөдөр бид нар аялал жуулчлал хөгжихгүй байна л гээд байна. Нэг том шалтгаан бол энэ зам дээр л байгаа юм. Бас нэг асуулт байгаа нь Монгол Улс өөрөө хоёр том хөрштэй, далайн гарцгүй. Агаарын тээвэр бол Монголын ирээдүй, Монголын хувь заяа. Аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадныхныг нааш нь татах бололцоотой хүмүүсийг ирүүлэх бололцоо нөхцөл байна уу, үгүй юү”,  УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Цаашдаа анхаарахаар нэг чухал юм бол Чингис хаан олон улсын буудлыг түшиглүүлээд Англи улстай хамтарсан нисгэгч бэлтгэх ийм сургуулийг байгуулах энэ ажлыг цааш нь эрчимжүүлээд ажил болгох ийм шаардлага байна гэж үздэг юм. Энэ гадаад улс орнууд Европын улсуудад Америкийн Нэгдсэн Улсад нэг нисгэгч бэлдэхэд 160 мянган ам.доллар зарцуулна. Тэгвэл дотооддоо өөрсдийнхөө нисгэгчийг бэлдэх төдийгүй хөрш зэргэлдээ Япон, Солонгосын нисгэгч нарыг бэлтгэх хямд өртөг зардлаар бэлдэх ийм боломж гарах юм гэж ингэж ойлгож байгаа юм. Энийг анхаараарай”, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Өнөөдрийг хүртэл дөрвөн аймаг холбогдохгүй яваад байгаа юм. Өнгөрсөн Засгийн үед баригдаад дуусчих байсан юм. Шүүхийн маргаанаас болоод гацчихсан. Д.Ганбат сайд харин шүүхийн маргааныг нь тайлж өгөөд ажил нь эхлэх зүг чиг юм нь орчихсон байгаа. Одоо ингээд шүүхийн маргаан гараад явахад үүний өмч, тэрний өмч болоод маргаж эхлэх сурагтай байна. Ийм юман дээр яам яг бодлогоо зөв барьж явахгүй бол энд тэнд ашиг сонирхол их байдаг.Наад доогуур дээгүүр чинь элдэв нугалаа их хийдэг юм байна лээ шүү”, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Зам тээврийн сайдын хийх ёстой үндсэн гол ажлын нэг бол энэ “Нэг бүс нэг зам” хөтөлбөр манай улсад энд хамтарч оролцохоор тодорхой гэрээ хэлцлүүд нь оролцсон байж байгаа. Дараагийн асуудал нь, Монгол Улс авто зам, төмөр зам, агаарын тээвэр, усан замаас гадна хоолойн тээвэр гээд нэг юм орж ирж байгаа шүү дээ. Ж.Бат-Эрдэнэ сайд аа. Энийг Та ойлгож байгаа байх”, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Ж.Бат-Эрдэнэ сайдын энэ тавигдах гэж байгаа энэ салбар дээр сахилга хариуцлага гэдэг юмыг онцгой сайн дээшлүүлэх гэдэг юмыг онцгой сайн дээшлүүлэх шаардлага хэрэгцээ байгаа” гэж байв. Ж.Бат-Эрдэнэ ч бүгдийг нь бүтээнэ, амжуулна гэж хариулсан байдаг.

Ингээд УИХ-ын 67 гишүүн санал өгснөөс 88.1 хувийн саналаар Ж.Бат-Эрдэнийг ЗТХ-ийн сайдаар томилсон. Гэвч үүнээс 10 сарын дараа “Миний толгойлсон ЗТХЯ-ны Газрын дарга нар архидан согтуурч, улмаар нэгнийхээ амь насыг хохироосон ноцтой гэмт хэрэг гарсан тул миний бие цаашид тус яамыг удирдан ажиллах ёс зүйгүй хэмээн үзэж, ЗТХ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлж өгөхийг хүсч байна” гэж өргөдөл бичээд яваад өгсөн.

Уг нь Ж.Бат-Эрдэнэ сайд болох гэж аль хаалгаар яаж орж ирсэн, түүгээрээ гарч явах хууль номтой юм. Өөрөөр хэлбэл, УИХ-аар дараагийн сайд тодортол тэр үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байх ёстой. Тэр утгаараа бол Ж.Бат-Эрдэнэ бол өнөөдөр ч ЗТХ-ийн сайд хэвээрээ байгаа. Ж.Бат-Эрдэнэ ЗТХЯ дээрээ очоод, өрөөндөө ороод суух эрх нь нээлттэй хэвээрээ гэсэн үг.

Түүнчлэн Г.Зандан­шатар дарга яаж ч бултах гээд Ж.Бат-Эрдэнийг ЗТХ-ийн сайдын албан тушаалаас чөлөөлөх асуудлыг УИХ-аар хэлэлцэж таарна. Наймхан сарын өмнө асууснаа, хэлснээ эрхэм гишүүд сайн санаж байгаа. Тэгэхээр Ж.Бат-Эрдэнээс энэ тухай асууж таарна. Ж.Бат-Эрдэнэ ч тайлангаа тавина. Ингээд чөлөөлөх эсэх талаар гишүүдийн саналыг хураана. Ингэхэд нь түүнийг дэмжиж томилсон УИХ-ын нөгөөх 60 гаруй гишүүн Ж.Бат-Эрдэнийг сайдаас чөлөөлөхгүй гэсэн санал өгвөл яах вэ. Ийм жишээ бий. Өнгөрсөн парламентын үед Р.Амаржаргал УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байлаа. Гэвч УИХ-ын гишүүд түүнийг чөлөөлөхөөс татгалзсан. Маргааш нь Р.Амаржаргал чуулгандаа сууж л байсан. Ийм л юм.

Тиймээс л Г.Зандан­шатар дарга энэ та­лаар бодсон эсэх нь “сонир­холтой” байгаа юм. Ж.Бат-Эрдэнэ ажлаа “хаяж” явс­наас хойш яг сар болж байна. Чуулганаар хэлэл­цэх гэсээр байтал бараг хоёр сарын хугацаа өнгөрнө.

Хуулиараа бол албан ёсны сайд нь Ж.Бат-Эрдэнэ байгаад байдаг. Харин Засгийн газар үүрэг гүйцэтгэгчээр өөр хүн тавьчихсан. Тэгвэл энэ хооронд ямар нэг асуудал гарвал хариуцлагыг нь хэн хүлээх вэ.

Ж.Бат-Эрдэнэ үү, үүрэг гүйцэтгэгч үү, аль эсвэл бантан хутгасан Г.Занданшатар дарга уу.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *